Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2016/04154/и |
Дугаар | 1692 |
Огноо | 2016-10-06 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 1692
Ц.**гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 0** сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00505 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ц.**гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулах, үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаягийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.**
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 509** захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шийдвэр гүйцэтгэх албанаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан, Ц.**, А.** нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, ** байр, ** хаягт байрлах орон сууц болон миний өмчлөлийн, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ** байр, ** тоот хаягт байрлах орон сууцыг тус тус битүүмжилж, хураан авсан. Улмаар дээрх хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах тул үнэлгээ өгөхийг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр надад мэдэгдсэн ба миний бие тухайн байрны үнэ ханшийг хэлж мэдэхгүй байсан тул ойролцоо байрнуудын үнэ ханшийг судалж байсан. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр буюу 2 хоногийн дараа шинжээч томилсон тогтоол гаргаж хөрөнгийн үнэлгээг “**” ХХК-иар хийлгүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Тухайн байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 13 дугаар хорооллын байрыг 119 200 000 төгрөгөөр, 6 дугаар бичил хорооллын байрыг 71 300 000 төгрөгөөр тус тус үнэлж, зөвхөн төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах зорилгоор эд хөрөнгийг үнэгүйдүүлж буйд гомдолтой байна. Миний бие үнэлгээ хийсэн тухай мэдэгдлийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан ба уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан боловч хүлээн авах боломжгүй тухай хариу ирүүлжээ.
Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 509** захирамжаар “***” ХХК-иас нийт 194 150 839 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр төлөгч “***” ХХК-ийн захирал Ц.**д шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, эд хөрөнгийн тухай мэдүүлэг авч, төлбөрийг сайн дураар төлөх хугацаатай мэдэгдлийг гардуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, ** байрны **, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн. 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ** байрны ** тоот, 33.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураасан. Төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй тул дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцнуудыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагчид үнийн саналаа харилцан тохиролцож, шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилсон. Үнэлгээчний тогтоосон 71 300 000 төгрөг болон 119 200 000 төгрөгийн 70 хувь буюу 49 910 000 төгрөг болон 83 440 000 төгрөгөөр тус тус тооцон 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэгч Ц.**гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, хөрөнгийн үнэлгээний “**” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон тогтоолыг хүчингүй болгуулах, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.**гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал өгөхийг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн. Тухайн үед нэхэмжлэгч ханшийг шууд тодорхойлох боломжгүй байсан тул ойролцоо байрнуудын үнэ ханшийг судалж байсан. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр буюу 2 хоногийн дараа шинжээч томилсон тогтоол гарган хөрөнгийн үнэлгээг "**" ХХК-иар хийлгүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл тухайн байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 13 дугаар хорооллын байрыг 119 200 000 төгрөгөөр, 6 дугаар бичил хорооллын байрыг 71 300 000 төгрөгөөр тус тус үнэлж, зөвхөн төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах зорилгоор эд хөрөнгийг үнэгүйдүүлж буйд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ц.** нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулах, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 509** захирамжаар “***” ХХК-иас 194 150 839 төгрөг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч “***” ХХК-ийн захирал Ц.**д төлбөрийг сайн дураар гүйцэтгэх тухай мэдэгдэл хүргүүлж, барьцаа хөрөнгө болох Ц.**гийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, ** байрны ** тоот, 33,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, мөн Ц.**, А.** нарын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, ** байрны **, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж, хураан авсан ажиллагааг явуулсан ба уг ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй, ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авахаар мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч тэдгээр нь саналаа ирүүлээгүй байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “**” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр дээрх барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцны үнэлгээг 119 200 000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцны үнэлгээг 71 300 000 төгрөгөөр тус тус тогтоосон ба үнэлгээ тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Ц.** 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарласан тул тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргах байтал 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж шүүх дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.
Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг үгүйсгэсэн баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3** зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0** сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Э.ЗОЛЗАЯА