Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 583

 

                                                                                                                         

Л.Т, Б.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн

тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Батсүх, хохирогч Р.Б, түүний өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн, иргэний хариуцагчийн төлөөлөгч С.Гантогтох, Д.Наран, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 844 дугаар магадлалтай, Л.Т, Б.Г нарт холбогдох 1809000000423 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Тэмүүлэл, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, С.Батболд, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Батсүх, иргэний хариуцагчийн төлөөлөгч С.Гантогтох нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

            1. Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, С овогт Л-ын Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

            2. Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Т-ийг хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            Шүүгдэгч Б.Г-г Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасан “Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталж, бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхэд ноцтой, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-ийг 5,000,000 төгрөгөөр торгох ял,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т, Б.Г нарын цалин, орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

            Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар “Хаан Банк” нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Хаан банкин дахь валютын 5007968354 тоот харилцах дансанд 312,600 төгрөгийн ам доллар, төгрөгийн 5007623466 тоот дансанд 1,440,931,950 төгрөгийг байршуулахыг иргэний хариуцагч Хаан банкинд даалгасугай...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Т гаргасан гомдолдоо “..Татварын хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан иргэн Б.Б нас барснаар прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт хураагдаж битүүмжлэгдсэн хөрөнгийг хэрхэхийг шийдвэрлэсэн байдаг. Нас барсан хүний хөрөнгийн өмчлөлийн асуудал шийдэгдсэн тохиолдолд дансны битүүмжлэлийг чөлөөлөхийг даалгасан прокурорын дээрх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасны дагуу битүүмжилсэн хөрөнгийг шийдвэрлэж байгаа тогтоол мөн байна гэж миний бие үзээд Х банкны хууль эрх зүйн газрын хуулийн мэргэжилтэн М-т амаар зөвлөгөө өгсөн. Нас барсан хүний өвийн асуудал буюу түүний эд хөрөнгийн өмчлөлийг Иргэний хуульд заасан журмаар шийддэг ба нотариатын зүгээс талийгаач Б.Б-ны эхнэрт олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь Б.Б-ы дансны өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн байгааг гэрчилсэн баримт бичиг юм. Прокурор Н.М-н мэдүүлэгт "...мөнгө, эд хөрөнгийн битүүмжлэлийг хэвээр үлдээж ар гэрээс нь хэн нь өв залгамжилж, өмчлөхөөр болж өмчлөхөөр болж шүүхээр тогтоогдож ирсэн хойно нь шийдвэрлэнэ гэж үзэж оруулсан юм..“ мөн “..өмчлөлийн асуудал“ гэдэг нь хуульд заасан өвлөгчдийн хэн нь уг өвийг залгамжлахаа шийдвэрлэх үйл явдлыг л багтаасан болохыг ойлгоно гэж мэдүүлсэн байдгаар нотлогддог. Эдгээр мэдүүлэг үйл баримтыг шүүх үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Хэрэв талийгаач Б.Б-ы дансны битүүмжлэлийг цуцлахыг хойшлуулах, эсхүл тодорхой нөхцөл бүрэлдсэн тохиолдолд битүүмжлэлийг цуцлах шаардлагатай байсан бол энэ талаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд тодорхой зааж тусад нь шийдвэрлэх ёстой байтал өнөөдрийг хүртэл энэ талаар тогтоол шийдвэр гараагүй байна. Өөрөөр хэлбэл хяналтын прокурор дээрх тогтоолыг үйлдэхдээ алдаа гаргаж албан тушаалдаа хайнга хандсан байж болзошгүй байхад прокуророос зөвхөн гэрчийн мэдүүлэг аваад өнгөрсөн ба тогтоолд заасан даалгаврыг биелүүлэх талаар амаар зөвлөгөө өгсөн намайг 5 жил шалгаж, үндэслэлгүйгээр яллаж байгаад гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйл нь 2002 оны Эрүүгийн хуульд хуульчлагдаагүй байсан. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчин намайг ялласан. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан гэж үзсэн нь үнэнд нийцээгүй дүгнэлт болсон. Учир нь Б.Б-ы дансны битүүмжлэлийг цуцалж гүйлгээ хийх шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн үйлдлийг хэн хэн хийсэн, хэн нь ямар хэмжээнд оролцсон, энэ үйлдлийг хийж ашиг хонжоо олох сэдэл байсан эсэх, энэ үйлдэл нь хэнд ямар хэмжээний хохирол учруулсан, ямар шалтгаан, нөхцөлийн улмаас энэ үйлдлийг хийх болсныг нарийвчлан тогтоож, нотлох баримтаар баталгаажуулаагүй. Миний бие Э, Б, М, Б нарыг огт танихгүй бөгөөд энэ хэрэгт холбогдохоос өмнө эдгээр хүмүүстэй уулзаж байгаагүй. Мөн прокурорын үзэж байгаагаар Э-д давуу байдал олгосныхоо хариуд нэг ч төгрөгийн шан харамж ашиг хонжоо авч байгаагүй. Үүнийг Авилгатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагаас хангалттай шалгаж тогтоосон байтал энэ хэрэгт холбогдуулан намайг яллаж байгаад харамсаж, гайхаж байна. Шүүх дүгнэлт хийхдээ зөвхөн гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримт гэж үзсэн боловч шинжээчийн дүгнэлтийг авч үзээгүй. Шүүх эдгээр баримтуудын аль хэсэг мөн ямар үйл баримтууд дээр үндэслэн намайг эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 болон 2.3 дахь хэсэгт заасан зүйлүүд бүрэн тусгагдаагүй. Гэтэл миний үйлдэл нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл биш болохыг хавтаст хэрэгт авагдсан Монголбанкны хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.Тайвангийн 2018 онд гаргасан шинжээчийн дүгнэлт, Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч О.Л, Б.Х, Э.Г нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн багийн 2019 онд гаргасан дүгнэлт, Х банкны үйл ажиллагааны дотоод журмууд, ХААН банкны ажилтан Г.А, Д.О, Д.М, Ц.З, Э.Х нарын гэрчийн мэдүүлгүүд бусад нотлох баримтуудаар нотлогдсоор байтал намайг яллаж байгаад гомдолтой байна.

Энэ хэргийн жинхэнэ хохирогч хэн болох, хохирлын хэмжээг шалгаж тогтоогоогүй. Б.Б нь онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогдсон боловч Р.Б-г хохироосон гэж тогтоогдоогүй байсан. Б.Б-ыг нас барж, хэрэг нь хаагдсаны дараа Р.Б нь Б.Б-д залилан мэхлэгдсэн болох нь тогтоогдсон эсэх, Б.Б-ы эзэмшилд байсан ашигт малтмалын лицензүүдийг Р.Б, түүний хамааралтай компаниуд ашиглаж үр шимээс нь хүртсэн эсэх, хүртсэн бол Б.Б-д залилан мэхлэгдсэнээс болж хүлээсэн гэж үзэх хохирлын хэмжээ өөрчлөгдсөн эсэх зэрэг олон асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад ял оноож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 1.15 дугаар зүйлүүдэд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруугүйд тооцох тухай тодорхой заалтууд, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмыг үл хэрэгссэн явдал юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү” гэсэн байна.

            Шүүгдэгч Г.Тэмүүлэлийн өмгөөлөгч Б.Батбаяр шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотлох баримт хавтаст хэргийн аль ч талд авагдаагүйг хариуцлагатайгаар хэлье. 2015 оны 04 дүгээр сард 2002 оны Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар үүссэн хэрэг 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр холбогдогч нас барснаар хэрэгсэхгүй болсон байдаг. Холбогдогч Б.Б нас барсны дараа эхнэр Б.Э нь хууль ёсны өв залгамжлагч болохоо гэрчилсэн баримт буюу өвлөх эрхийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагын шийдвэр буюу Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол зэргийг Х банканд авч ирснийг банкны хуулийн хэлтсийн ажилтан Д.М хянан шалгаад дансны барилтыг нээх талаар банкны харьяа нэгжид и-мэйл явуулсан байна. Д.М дансны барилтыг зогсоох талаар и-мэйл явуулахдаа ахлах хуулийн зөвлөх Ц.Т-с хууль зүйн зөвлөгөө авахад тэрээр ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийнхээ дагуу бүхий л баримтыг нь судлан үзсэний үндсэн дээр зөвлөгөө өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй. Дан ганц Л.Т биш хариуцсан ажилтан Д.М тухайн асуудлыг судлан үзсэн бөгөөд Л.Т, Д.М нар захирал Д.Ц-той уулзаж хэрхэх талаар зөвлөгөө авч, мөн хуулийн хэлтсийн захирал Э.Х-тай утсаар холбогдон тухайн асуудлыг тодруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хэрвээ бусадтай бүлэглэж хүний дансанд дахь мөнгийг хууль бусаар чөлөөлөх зорилго байсан бол салбарын захирал болон бусад хүмүүстэй зөвлөлдөх шаардлагагүй байсан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжүүдэд тодорхойлсон ашиг хонжоо, давуу байдлыг Л.Т хэрхэн, яаж ашигласан эсэхийг тогтоогоогүй учир гэмт хэргийн шинжгүй. Хууль ёсны өв залгамжлагч нь бүх бичиг баримтаа бүрдүүлж банканд хандсан тохиолдолд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй бөгөөд тус зохицуулалтын дагуу шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 107 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд эд мөрийн баримт, таслан сэргийлэх арга хэмжээ, битүүмжилсэн эд хөрөнгө хэрхэхийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу прокурор хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг шийдвэрлэсэн. Мөн тус тогтоолыг гаргасан прокурор Н.М-г 2 удаа гэрчээр асуухад өмчлөлийн асуудлыг хөрөнгийг хэн өвлөж авах хүртэл хэвээр үлдээж, шийдвэрлэгдсэн тохиолдолд цуцлагдах гэсэн агуулгаар бичсэн буюу хууль ёсны өвлөгчөөс өөр хүн нас барсан хүний дансан дахь мөнгийг авах үндэслэл байхгүй гэдгийг хэлсэн. Нас барсан хүний өмчлөлийн асуудлыг өвөөс өөрөөр шийддэг хууль байхгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр орхигдуулсан. Иргэний хуулийн 535 дугаар зүйлд заасны дагуу талийгаач Б.Б-ы хөрөнгийг хууль ёсны өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан Б.Э-с иргэний журмаар нэхэмжлэх, гомдол гаргах эрх хохирогчид нээлттэй байгаа бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхгүй явна. Б.Э 2 тэрбум гаруй төгрөгийг авч явсан байхад Р.Б хохирогчоор тогтоогдож мөнгийг нэхэмжилж буй нь ойлгомжгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Тэрээр анхан шатны шүүх хуралдаанд мөнгийг түүнийх гэдгийг нотолсон баримт байхгүй гэдгээ хэлсэн. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1925 дугаар захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаахдаа “Л.Т-ийг яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал тогтоогдоогүй” гэж захирамжийн үндэслэх хэсэгт тусгасан байдаг. Гэтэл өмнөх шинжээчийн дүгнэлтээ бататгасан шинжээчийн дүгнэлтээс өөр ажиллагаа хийгдээгүй, нотлох баримт шинээр бүрдүүлэхгүйгээр хэргийг шүүхэд дахин шилжүүлсэн. Шинжээчийн дүгнэлтүүд Б.Т хууль зөрчөөгүй болохыг тогтоосон. Гэтэл урьд нотлогдоогүй үндэслэлээр прокурорт буцаасан атлаа дахин шийдвэрлэхдээ гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт “гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан” гэж заасны дагуу энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “энэ хуулийн 24.1.3-т заасан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл хэрэгсэхгүй болсон хэргийг хэний гомдлоор, хэрхэн сэргээсэн тогтоол байдаггүй. Р.Б-г татвар төлөхөөс зайлсхийх хэрэгт хохирогчоор тогтоосон тогтоолоос өөр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан хэрэгт хохирогчоор тогтоогдсон баримт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хохирлыг хэрхэн хариуцуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Талийгаач Б.Б-аас лиценз худалдаж авсан хэлцэл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд “Ш” ХХК хоёр тусгай зөвшөөрлөө ашиглаж алт олборлож байгаа буюу 2017 оны байдлаар 5 килограмм алт олборлосон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Л.Т Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний нэг ч заалтыг зөрчөөгүй байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутгагдсан нь ойлгомжгүй. Дээрх бүх асуудлуудад дүгнэлт хийж, миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч С.Батболд гаргасан гомдолдоо “...прокурорын тогтоолд “...хориг зэргийг өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хэвээр үлдээж, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцалсугай” гэж болзол зааж шийдвэрлэсэн. Иргэн Б.Э нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгч юм. Дээрх тогтоолтой танилцахад сэжигтэн Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд Б.Э нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасны дагуу “гэр бүлийн гишүүн” бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасныг удирдлага болгон түүнийг иргэний эрх зүйн харилцааны явцад өмчлөх, өв залгамжлах эрхтэй гэж үзнэ. Эрүүгийн хэргийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хохирол, нэхэмжлэлтэй холбоотой үүргийн харилцаа Иргэний хуульд заасны дагуу явагдах бөгөөд бусдын өмнө хүлээх үүрэг, хууль ёсны өвлөгчид шилжих ёстой. Хохирогч гэх Р.Б-д ямар хохирол хэрхэн учруулсан, шүүхээс хохирлыг хэн хариуцах талаар шийдвэрлэсэн эсэх талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Талуудын хооронд хийгдсэн гэрээтэй холбоотой маргаанд яллагдагч Л.Т ямар оролцоотой учраас бусдын өмнө үүрэг хүлээх болсон эсэх талаар тодорхой нотлох баримт авагдаагүй, хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т зааснаар өвлүүлэгчийн зүгээс гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх ёстой атал Л.Тийн ямар сэдэл, зорилго, гэм буруутай үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээх болсон шалтгаан нөхцөлийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна. Л.Т болон Д.М нар нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр харилцагч Б.Э гэгчтэй цайны цагийн өмнө уулзсан тухай мэдүүлдэг. Л.Т мэдүүлэхдээ “Б.Э гэгчтэй М-ийн дамжуулснаар уулзсан, хуулийн хүрээнд судлах шаардлагатай гэдгийг хэлсэн, ахиж эдгээр хүмүүстэй уулзаагүй, Д.М-т үүрэг өгөөгүй, үүрэг өгөх эрх мэдэл байгаагүй, харин хожим дансыг нь чөлөөлсөн тухай мэдсэн” гэж мэдүүлдэг. Иймд Л.Т-ийн үйлдэл нь гэмт гэмт хэргийн шинжгүй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгоно уу” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Мөн шүүгдэгч Б.Г гаргасан гомдолдоо “...магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие иргэн Б.Б 2015.06.21 өдөр нас барсан гэрчилгээг үндэслэн Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлүүлэгчийн хууль ёсны өвлөгч Б.Б-ы эхнэр Б.Э-д 007 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Б.Б-ы өмчилж байсан буюу эзэмшиж байсан хөрөнгийг өвлөн авах түүний хүсэлтийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан 1 дүгээр шатны өвлөгчид болох өвлүүлэгчийн эх С.Б, хүү Б.Г, хүү Б.Т нар өвлөх эрхээсээ татгалзаж, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 582.5-д заасны дагуу өвлөгч нар өвлөбөл зохих этгээд болох Б.Б-ы эхнэр Б.Э-д шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан. Намайг Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх буруутгах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийн гэрчилсэн бол эрүүгийн хариуцлага тооцохоор заасан. Гэтэл илт хууль бус хэлцэл гэх зохицуулалт Иргэний хууль тогтоомжид байдаггүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн хуулийн 39-60 дугаар зүйлд хэлцлийн талаар дэлгэрэнгүй заасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд тусгагдаагүй ойлголтыг Эрүүгийн хуульд заасан. Хуулийн зохицуулалтын хувьд энэ хэсэг эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн тул хоёр хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэхдээ Эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлах ёстой байсан.

Миний гэрчилсэн үйлдэл бол өвлүүлэгч Б.Б-ы өвлөгдөх эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч Б.Э-д өвлүүлэх тухай “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ” олгосон үйлдэл юм. Гэтэл энэ үйлдлийг маань “илт хууль бус хэлцэл” гэж үзэж намайг буруутгасан нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй, илт үндэслэлгүй яллах дүгнэлтийг прокурор үйлдсэнийг шүүх бодитоор хянаж үзэж чадаагүй. Өвлөх эрх, хэлцэл нь хууль зүйн хувьд өөр өөр үр дагаврыг бий болгодог. Иргэний эрх зүйн харилцаа болохыг шүүх зөв тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл, шүүхүүд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хэлцэл хэмээн ойлгож, хуулийг буруу ойлгож хэрэглэсэн нь тодорхой харагдана. Шүүх Б.Эд өвлүүлсэн хөрөнгө нь хэний өмчлөлд байсан, хэний хөрөнгийг хэнд шилжүүлсэн нь хууль бус болж байгаа талаар огт дүгнэлгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан судлалгүйгээр шийдвэр гаргасан. Хэрэгт авагдсан 007 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ болон түүнд хавсаргасан баримтуудад өвлөгдсөн эд хөрөнгүүд өвлүүлэгч Б.Б-ы өмчлөл, эзэмшилд байсан нь нотлогдоно.

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон миний үйлдэл Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан өвлөгч болон хэн нэгэн этгээдийн эрхийг зөрчиж, хэн нэгэн этгээдийн эд хөрөнгөнд хохирол учруулсан байгааг шүүх тогтоогүй атлаа гэмт хэрэг үйлдсэн гэж ял оногдуулж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ гэмт хэргийн хохирогч хэн болох, хэний эрх ашиг хохирсон эсэх нь ойлгомжгүй хэвээр үлдсэн. Б.Э-ийн өвлөн авсан хөрөнгүүдийг битүүмжлэгдсэн гэх нөхцөл нь тухайн үед тогтоогдоогүй тул Б.Э-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ авах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл байгаагүй. Миний бие Иргэний хууль, Нотариатын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд Б.Эд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох зарчмуудыг ноцтой зөрчсөнөөс гадна Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Нотариатаас олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь өвлүүлэгчийн өвлөвөл зохих хөрөнгийг өвлөгч нь өвлөх эрхтэй гэдгийг тогтоосон үйл явдал болохоос битүүмжлэгдсэн байгаа хөрөнгийн битүүмжлэлийг шууд цуцлах, эд хөрөнгийг шилжүүлэх хууль зүйн үр дагаврыг шууд үүсгэсэн баримт бичиг биш юм. Харин битүүмжлэгдсэн тогтоол хаана, ямар газарт хүргэгдсэн, мэдэгдсэн байгууллага, мөрдөн байцаагч, прокуророос даалгасан үүргийг биелүүлэх үүрэгтэй. Хууль ёсны өвлөгч өвлөх эрхийн гэрчилгээг банкинд аваачсан ч гэсэн битүүмжилсэн хөрөнгийг уг хүнд олгож болох эсэхийг банкны ажилтнууд цагдаа, прокурорын байгууллагаас лавлаж олгох эсэхээ тэд шийдвэрлэх ёстой. Үүнд нотариатын ямар нэг үүрэг, оролцоо байхгүй болохыг шүүх бодитоор үнэлж, дүгнэж чадаагүй. Хохирогч гэх Р.Б-гийн эд хөрөнгө болохыг тогтоосон ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй. Давж заалдах шатны шүүхээс Р.Б-г хохирогч гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн нь миний үйлдсэн өвлөх эрхийн гэрчилгээгээр иргэн Б.Б-ы хөрөнгийг хууль ёсны өвлөгчид өвлүүлсэн гэдгийг нотолж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Д.Батсүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Г нь Б.Б-ы эхнэр Б.Э болон бусад өв залгамжлагч нарын гаргасан хүсэлтийг үндэслэн түүнд 007 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгох үйлдлийг 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хийсэн нь хэрхэн Иргэний хуулийн холбогдох зүйл хэсэгт нийцсэн. Талийгаач Б.Б-ы өвийг бүхэлд нь түүний эхнэр Б.Э-д өвлүүлэхээр “Өвлөх эрхийг гэрчилгээ” олгосон нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт мөн нийцсэн. Тийм учраас хугацаанаас өмнө “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон гэж буруутгах үндэслэлгүй. Анхан шатны шүүх Б.Г-ийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Б.Э гэх хүнд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэмт хэрэг гэж үзэж, түүнийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгчийг буруутгаж буй үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед хамаарч байгаа. Б.Г-г буруутгаж буйнотариатч өмчлөгчийн эрхийг зөрчих” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг 2002 оны Эрүүгийн хуулийн 1551 зүйлд өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдад хохирол учирсан байхаар тодорхойлсон. Энэ төрлийн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд өмнөх хуулийн зохицуулалттай ижил агуулгаар тодорхойлсон. Иргэний хуульд заасан зохицуулалтын дагуу нэг этгээд хэлцэл хийх хүсэл зоригоо илэрхийлж нөгөө тал уг хүсэл зоригийг хүлээн авсны үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүсдэг. Харин хууль ёсны өвлөгч өвийг хүлээн авах харилцаа нь хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр бус харин хуульд заасан эрх, үүргийн үндсэн дээр үүсэх харилцаа болохыг Иргэний хуулийн 520, 527, 528 дугаар зүйлд тодорхой зохицуулсан. Нэг талаас өвийг хүлээн авах эрх бий ч өвлүүлэгчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг мөн адил хүлээх хууль зүйн зохицуулалттай. Тийм учраас Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг илт бус хэлцлийг гэрчилсэн гэж дүгнэх нь хуульд нийцэхгүй байна. Нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчих гэмт хэрэгт заавал байх бас нэгэн шинж бол өмчлөгч этгээдийн эрхийг зөрчсөн байх юм. Энэ хэргийн хохирогч гэх Р.Б нь Өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад заасан эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг нотолсон нэг ч баримт байхгүй. Улсын яллагч болон анхан шатны шүүх Г.Г нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасныг зөрчсөний улмаас хохирогч гэх Р.Б-гийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж буруутгасан нь үндэслэлгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Г-гийн олгосон Өвлөх эрхийн гэрчилгээний хавсралтад заасан эд хөрөнгийг битүүмжилсэн талаар Нотариатын танхимд болон нотариатч Б.Г-д мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Иймээс Б.Г-г Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсгийг зөрчсөн гэж буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ. 2002 болон 2015 оны Эрүүгийн хуульд нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчих гэмт хэргийн шинжид “нотириатч Нотариатын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын өмчлөх эрх зөрчигдөх” гэсэн шинж тусгагдаагүй. Хэрэв Б.Г нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхэд гэмт хэргийн шинжгүй юм. Нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчих гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүнтэй байхаар тодорхойлсон бөгөөд Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж Б.Э-гийн дансанд мөнгө шилжүүлсэн банкны үйл ажиллагаа, Б.Г Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоо байхгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ нь банк мөнгөн гүйлгээг хийх олон шалгуурын нэг бөгөөд мөнгөн гүйлгээг хийсэн үйлдэл нь Хаан банканд мөрдөгддөг холбогдох журмын хүрээнд эрх бүхий албан тушаалтны хяналт, зөвшөөрлийн үндсэн дээр хийгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхээс бидний гомдолд дурдсан хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн талаар ямар нэгэн дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх “..Энэхүү битүүмжлэгдсэн нэр бүхий дансанд дахь мөнгөн хөрөнгийн өвлөгч нь эсхүл өмчлөгч нь хэрэгт хохирогчоор тогтоогдсон Р.Б гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт байхгүй, шийдвэрлэгдээгүй…” гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, үндэслэл бүхий болсон. Тиймээс материаллаг бүрэлдэхүүнтэй хэргийн хувьд хэрэгсэхгүй болох үндэслэл байна. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсгийг хэрэгжүүлэх нарийвчилсан зохицуулалт байхгүй бөгөөд эд хөрөнгө битүүмжилсэн эрх бүхий этгээдийн зүгээс эд хөрөнгийг битүүмжилсэн талаар нотариатын байгууллагад огт мэдэгдээгүй байхад хуулийн энэ зохицуулалтыг зөрчсөн гэж буруутгах нь үндэслэлгүй юм. Дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 844 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Б.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд иргэний хариуцагчийн төлөөлөгч С.Гантогтох гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Б.Б, Б.Э нарын эзэмшдэг дансны зарлагын гүйлгээг битүүмжилсэн, чөлөөлсөн үйл ажиллагаа нь харилцагч нэгэнт өмчлөх эрхээ хуулиар хамгаалуулж өв тогтоолгон өмчлөлийн асуудлаа шийдвэрлэн ирүүлсний дагуу дансыг ахлах хуулийн зөвлөх Л.Т-ийн хувьд “Х” Банкны албан бичгийн стандарт тогтоох журам, Х Банкны Харилцагчийн нууцлалтай холбоотой мэдээ, мэдээллийг эрх бүхий байгууллагад гаргаж өгөх, данс битүүмжлэх, зарлагын гүйлгээ хийх тухай журмын дагуу өөрийн албан тушаал, албан тушаалаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд чөлөөлж шийдвэрлэсэн нь өөрөө хууль зөрчөөгүй бөгөөд уг данс нь иргэн Б.Б, Б.Э нарын өөрсдийнх нь тус банкинд эзэмшдэг хууль ёсны данс мөн байсан ба банкны хувьд дээрх этгээдүүдийнх бус, эсвэл тэдгээр данс эзэмшигч нарын хууль ёсны эзэмшлийн өмч, өмчлөх эрхэнд халдсан, зөрчсөн ямар нэгэн үйлдэл, үйл ажиллагааг явуулаагүй, энэ асуудлаар уг дансны эзэмшигч нараас ямар нэгэн гомдол, санал өнөөдрийг хүртэл огт гараагүй.

Прокурорын тогтоолд “өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хэвээр үлдээж, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцлах”-аар заасан байгаагаас үзэхэд уг тогтоолд өмчлөлийн асуудлыг прокурор нээлттэй орхисон, дахин хэзээ, хэрхэн, аль байгууллага, хэн гэдэг албан тушаалтан уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар тогтоолд тодорхой дурдаагүй нь өөрөө тухайн дансны эзэмшигчийн хувьд өв залгамжлалын гэрчилгээгээр өөрийн өвлөх эрхээ нээлгэсэн, ийнхүү нээлгэсэн өв залгамжлалын дагуу хууль ёсны өмч болох банкин дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж чөлөөлүүлж авч байгаа үйлдэл нь өмчлөлийн эрхээ баталгаажуулсан хувь иргэний хувьд буруутгах хууль зүйн үндэслэлгүй ба уг мөнгөн хөрөнгийг чөлөөлж өгсөн банкны хувьд ч өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцлах талаарх прокурорын тогтоолд заасан заалтын хүрээнд дансыг чөлөөлсөн нь буруу биш, хуулийн хүрээнд хийгдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа болно. Хэрэв Л.Т-ийн данс битүүмжилсэн хоригийг цуцалсан арга хэмжээг шүүх буруу гэж үзэж байгаа бол өмчлөлийн асуудлыг нь шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцлах шийдвэрийг гаргасан прокурорын үйлдэл нэгэн адил буруудах ёстой байтал зөвхөн банк, банкны ажилтныг буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Нэгэнт өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд нотариатч нь хууль ёсны дагуу өмчлөгчийн өвийг тогтоогоод өмчлөлийн асуудлыг шийдвэрлээд ирүүлсэн байхад банк өвлөгч, өмчлөгч Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг нь эдлүүлэхгүй байх, түүний хууль ёсны эрх, эрх ашгийг нь зөрчих, хохироох үйлдэл гаргах, банк харилцагчдаа санхүүгийн үйлчилгээг үзүүлэхгүй байх нь өөрөө хууль бус үйлдэл болно. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг зөвхөн шүүхээс эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн үндсэн зарчим атал Б.Б-ы гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар түүний эд хөрөнгийг хууль ёсны өвлөгчөөс нь өөр аливаа гуравдагч этгээдэд албадан гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Харин Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1- д “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж, уг хуулийн 535.2-т “Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ” гэж тус тус заасны дагуу талийгаач Б.Б-ы хөрөнгийг хууль ёсны өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан Б.Эгаас иргэний журмаар нэхэмжлэх, гомдол гаргах эрх хохирогчид нээлттэй хэвээр байгаа. Энэ хэрэгт Р.Б хохирогч биш бөгөөд талийгаач Батчулуунтай мөнгө төгрөг өгсөн, авсан болон худалдах, худалдан авах гэрээ хийсэн талаарх нотлох баримт огт байхгүй. Монгол банкны хяналт улсын байцаагчийн гаргасан шинжээчийн дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Х банк болон Л.Т нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болох нь хөдөлбөргүй тогтоогдож, Б.Эд банк ямар нэгэн байдлаар давуу байдал олгоогүй болох нь баримтаар нотлогдоно. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлдог. Харин гэмт хэргийн бүрэлдэхүүнийг эрүүгийн хуульд заасан обьектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Тодруулбал энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог. Иймд Л.Тийн үйлдэл, санаа зорилго нь энэхүү гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнийг хангахгүй байгаа тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, иргэний хариуцагчаар Х банк ХХК-ийг татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байна. 

            Иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Наран шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч Л.Т, Б.Г нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Талийгаач Б.Б-д холбогдох хэрэгт Р.Б хохирогчоор тогтоогдсон байсан бөгөөд Б.Б нь хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөөр тохирсон байсан. Өнөөдрийн байдлаар “Ш” ХХК нь ямар ч үйл ажиллагаа эрхэлдэггүй буюу алтны олборлолт явуулдаггүй. Талийгаач Б.Б 2015 оны 06 дугаар сарын 21-ний нас барснаас хойш 2 сар орчмын дараа битүүмжлэлтэй данснаас нь их хэмжээний гарсан нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжийг агуулж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Г нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр битүүмжилсэн эд хөрөнгөд Өвлөх эрхийн гэрчилгээ олгож Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлд заасан заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Л.Т нь бусдад давуу байдал бий болгож дансыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх чиглэл, зөвлөгөө өгч буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Дээрх хууль бус ажиллагааны улмаас Р.Б-гийн эрх ашиг хөндөгдсөн учир түүнийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй. Б.Г, Л.Т нарын үйлдэлд хамтран оролцсон үндэслэлээр талийгаачийн эхнэр Б.Эд холбогдох хэрэг тусгаарлагдан шалгагдаж байгааг анхаарах нь зүйтэй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, С.Батболд, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Батсүх, иргэний хариуцагчийн төлөөлөгч С.Гантогтох нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Т, Б.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

Шүүх хэргийн үйл баримтыг бүрэн бодитой дүгнэсэн атлаа тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой ямар гэмт хэргийн шинжийг агуулсан болохыг хууль зүйн үндэслэлтэй зөв тогтоож, хэргийг зүйлчилж чадаагүй байна.

Тухайлбал, Хаан банкны битүүмжлэгдсэн данс дахь мөнгөн хөрөнгө хууль ёсоор хэнд харьяалагдах ёстойг шийдвэрлээгүй байж иргэний өмчлөх эрхийг хамгаалсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдээр Л.Т, Б.Г нарын үйлдлийг зүйлчилж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан мэтээр дүгнэсэн нь алдаа болжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгийн эх үүсвэр, өмчлөл-эзэмшил, энэ хэргийн хохирогч хэн болох, Л.Т, Б.Г нар нь хадгаламж эзэмшигч Б.Б, түүний эхнэр Б.Э эсвэл татвараас зайлсхийсэн гэх өөр хэргийн хохирогч Р.Б-гийн өмчлөх эрхийг албан тушаалын байдал, эрхэлж буй ажлын байдлаа ашиглан зөрчиж хохирол учруулаагүй талаар тайлбарласныг анхаарах нь зүйтэй.

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хуульд заасан үндэслэлийн дагуу мөрдөн байцаалтын шатанд чөлөөлөх эрх хэмжээ нь зөвхөн прокурорт байх ба энэ талаарх хууль ёсны үндэслэлийг тусгасан албан ёсны шийдвэрийг чөлөөлөх тухай албан бичгийн хамт битүүмжлэлийг гүйцэтгэсэн газарт хүргүүлэх байдлаар хэрэгждэг болно.

Энэхүү журмыг зөрчиж битүүмжлэгдсэн эд хөрөнгийг шилжүүлэх, хөдөлгөх, захиран зарцуулах нь эд хөрөнгийн өмчлөлөөс үл хамааран  бүх этгээдийн хувьд гэмт хэрэг тул Л.Т, Б.Г нарын хувьд битүүмжлэгдсэн эд хөрөнгийн хувьд хүлээх үүргээ зөрчсөн эсэх,  ийм хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар оролцсон эсэх талаар дүгнэлт өгөх нь энэ хэргийг шийдвэрлэвэл зохих асуудал болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн шийдвэрээр эд хөрөнгийг битүүмжлэх нь хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн  өмчлөх, ашиглах, эзэмших эрхийг мөн хязгаарлан хөнддөг тул битүүмжлэгдсэн дансан дахь мөнгөн хөрөнгө Б.Б, Б.Э, Р.Б нар болон өөр бусдын алиных нь өмч байсан нь шүүн таслах ажиллагааны эсрэг уг гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар дүгнэлт хийхэд  саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судалбал, сэжигтэн Б.Б нь эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тул прокуророос Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан үндэслэлээр 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаар тогтоолоор С.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний Х банкны валют, төгрөгийн данс дахь эд хөрөнгийг /ам доллар, төгрөг/ битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, өмчлөлийн асуудал шийдвэрлэгдсэн тохиолдолд хоригийг цуцлахаар шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү мөнгөн хөрөнгө битүүмжлэлээс журмын дагуу чөлөөлөгдсөн эсэх, үүнд дээрх хоёр шүүгдэгчийн гэм буруу бий эсэх тал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин нэгдүгээр бүлэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй харьцуулан дүгнэлт хийсний эцэст хэргийн талаар шийдвэр гаргах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Л.Т, Б.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Д.Батсүх, С.Батболд, шүүгдэгч Б.Г, иргэний хариуцагчийн төлөөлөгч С.Гантогтох нарын гаргасан гомдлуудад эцэслэн хариу өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 844 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Л.Т, Б.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, С.Батболд, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Батсүх, иргэний хариуцагчийн төлөөлөгч С.Гантогтох нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                                                          Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

                 Б.БАТЦЭРЭН

                                                                                             Ч.ХОСБАЯР

                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН