Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0329/З |
Дугаар | 221/МА2020/0021 |
Огноо | 2019-12-31 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2020/0021
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 724 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 724 дүгээр шийдвэрээр: “ ... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.3.5-д заасныг баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/255 дугаар захирамжийн хавсралтын 49 дэх буюу нэхэмжлэгч “Ш” ХХК-д холбогдох хэсгийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/255 дугаар захирамжийн хавсралтын 49 дэх хэсэгт заасан буюу нэхэмжлэгчид холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж” тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо: “... Тус шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалтыг шүүхээс буруу тайлбарлан хэрэглэсэн. Газрын тухай хуулийн тус заалтад зааснаар Газар зохион байгуулалтын алба нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах эрхтэй хэдий ч энэ заалт нь иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр өгсөн газраа шууд буцаан авах эрхийг олгохгүй юм. Төр бусдад эзэмшүүлэхээр өгсөн газраа буцааж авахад хуулийн зохицуулалттай байдаг. Газрын тухай хуулиас харахад газар эзэмшигч нь газар эзэмших эрхийг олж авсан бөгөөд бусдад шилжүүлээгүй, газар эзэмших эрх дуусгавар болоогүй, эрхийн гэрчилгээ хүчингүй болоогүй, улсын тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор аваагүй бол иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхэд халдах үндэслэлгүй. Тус газраар орц гарц гаргах шаардлагатай нийтийн эдэлбэр газар байсан бол зохих шийдвэрийг гаргаад “Ө ч б” ХХК, “Ш” ХХК-ийн газраас зэрэг хассан бол манайх маргахгүй. Гэтэл нэгдүгээрт, тус газар нь нийтийн эдэлбэр биш бөгөөд хашаан дотор байрладаг, машинаа орж гаргах, 2 компанийн ажилчид орж, гарах зориулалттай, хоёрдугаарт, Газар зохион байгуулалтын алба хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлж, газар зохион байгуулалтын ажлыг хийх гэж байгаа бол 2 компанийн эзэмшил газрын хэмжээнээс зэрэг хасах байтал, адил тэгш хандахгүйгээр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахдаа 62 мкв талбайг хассан нь үндэслэлгүй.
Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, хариуцагчид шинэ акт гаргах хугацаа олгосон ч хариуцагч уг хугацаандаа шинэ акт гаргахгүй бол Нийслэлийн Засаг даргын А/255 дугаар захирамжийн 49 дэх заалт буюу манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 390 мкв хэмжээгээр сунгасан заалт хүчингүй болно, энэ тохиолдолд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 887 дугаар “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн” шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга биелүүлээгүй болох ба энэхүү шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдана гэсэн үг юм. Энэ шийдвэрийг биелүүлэхдээ Нийслэлийн Засаг дарга дахиад сунга гэсэн шийдвэр гарсан, мкв заагаагүй гээд 452 мкв хэмжээгээр биш, 390 м.кв хэмжээгээр сунгавал энэхүү процесс дахин эхнээсээ эхэлж, манай компанид хохиролтой болох юм.
Иймд манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 724 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
“Ш” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжийн хавсралтын 49 дэх хэсэгт манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 390 м.кв талбайтайгаар сунгасан нь хууль бус болохыг тогтоолгож, 452 м.кв болгож залруулга хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Ш” ХХК-д холбогдох хэсгийг гурван сар хүртэл түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байна.
Үйл баримтын тухайд “Ш” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 401 дүгээр шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд нэгж талбарын 2/0065 дугаартай, 462 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон байна.
Урьд нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 887 дугаар шийдвэрээр “Ш” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байхад Нийслэлийн Засаг дарга “Ш” ХХК-ийн эзэмшлийн газраас 62 м.кв талбай хасаж газар эзэмших эрхийг сунгасан нь шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх зарчимыг зөрчсөн гэж маргаж байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвхөн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр л хянаж байгаа болно.
Давж заалдах гомдолд 1/ Манай газраас 62 мкв хассан нь үндэслэлгүй, Газар зохион байгуулалтын албанд ийм эрх хэмжээ байхгүй гэжээ.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эрх хэмжээг заасан бөгөөд 23.3.5-д зааснаар нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах эрхтэй тул орц гарц гаргах асуудлыг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй... Захиргааны акт ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг хариуцагч хэрэгжүүлээгүй нь маргаан үүсэх шалтгаан болжээ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тухайн газраар олон нийт явдаггүй, зөвхөн “Ш” ХХК, “Ө ч б ХХК-ийн ажилтнууд явдаг, орц гарц гаргах зайлшгүй шаардлагатай бол хоёр компанийг байлцуулж, ярилцаж байгаад хоёр талаасаа ижилхэн байдлаар эзэмшил газрынхаа хэмжээг яг хаанаас нь ямар хэмжээтэй багасгах талаар шийдвэрлүүлэхэд нэхэмжлэгчийн зүгээс татгалзах зүйлгүй гэх тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Анхан шатны шүүхээс 62 м.кв хэсгийг хассан гэдгийг зөвтгөсөн ямар нэгэн агуулгатай шийдвэр гаргаагүй, зөвхөн дахин шинэ захиргааны акт гартал түдгэлзүүлсэн агуулгаар хэргийг шийдвэрлэсэн байна.
Давж заалдах гомдлын 2 дахь үндэслэл нь шүүхийн шийдвэрийн дагуу хугацаандаа шинэ акт гаргахгүй, Нийслэлийн Засаг даргын А/255 дугаар захирамжийн 49 дэх заалт буюу манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 390 м.кв хэмжээгээр сунгасан заалт хүчингүй болно, энэ тохиолдолд 2017 оны 887 дугаар шийдвэр ... биелэгдээгүй болох бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дахин явагдана гэсэн үг ... гэж дурьджээ. Өөрөөр хэлбэл бүх процесс дахин явагдахаар болж байна гэжээ.
Нэхэмжлэгч талаас 452 м.кв хэмжээгээр өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахыг хүсэж байгаа бөгөөд А/255 дугаар захирамжид ийм агуулгатай залруулга хийхийг харицагчид даалгахыг хүссэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар анх Төрийн өмчийн хорооны 2011.03.17-ны өдрийн 108 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 255.72 м.кв талбай бүхий Төрийн өмчийн 23 дугаар байрны үнийг бүрэн төлсөн тул “М Т Э” ХХК-д өмчлөгчийн эрхийг шилжүүлсэн. Уг компани уг газраа /288 м.кв болгон/ 2011.04.14-ний өдрийн 102/11 тоот албан бичгээр “Ш” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасан, улмаар “Ш” ХХК уг /288 м.кв/ газраа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж нэмэгдүүлэн авсан болох нь тогтоогджээ. Уг газраар 2 компанийн ажилтнууд нэвтэрч байсан, одоо ч тэр зориулалтаар ашиглагдаж байгаа ажээ.
Иймд анхан шатны шүүхээс 452 м.кв буюу орц гарцыг оролцуулсан хэмжээгээр сунгахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэрлэлгүй, дахин судлаж үзээд шинэ захиргааны акт гаргахыг даалгасан нь үндэслэл бүхий болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,