Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2025/0078

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч, танхимын тэрүүн:  Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                        Г.Банзрагч

                                   Х.Батсүрэн

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2025/0021 дүгээр шийдвэртэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-ын гомдлыг үндэслэн давж заалдах журмаар хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан ““А” ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Хүйтэн нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын *** дугаар хайгуулын тусгай зөвшөөлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор олгох хүсэлтийг шийвэрлэхгүй байгаа Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг дахь Хүйтэн нэртэй 563.44 гектар талбай бүхий *** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “А” ХХК-аас “Ж” ХХК-д шилжүүлсний дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 711 дүгээр шийдвэрээр бүртгэжээ. 

2.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 33 дугаар шийдвэрээр “Ж” ХХК-ийн дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан авсанд тооцжээ.

2.2.“Ж” ХХК нь оноосон нэрээ 2022 онд “А” ХХК болгож өөрчилсөн байна.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Монгол Улсын Засгийн газрын тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр олгох, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хуримтлал тогтоосон талбайгаас олгох хоёр боломжийн алийг нь ч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтуудыг зөрчсөн ба үүний улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж,

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “... Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу “Ж” ХХК өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан өгөх хүсэлт гаргасныг хүлээн аваад хуулийн 54.3-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан авч шийдвэрлэсэн. ... Тусгай зөвшөөрлийг бүхэлд нь буцаан өгсөн байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан зохицуулалтыг үндэслэн нөхөн олговор авах эрхгүй бөгөөд уг аж ахуйн нэгжид нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.  

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр:

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2025/0021 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “А” ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт “Хүйтэн” нэртэй газарт байрлах ашигт малтмалын *** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор олгохыг даалгаж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

6.“Ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр “компанийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт Хүйтэн нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг буцаан хүлээлгэн өгсүгэй” гэж шийдвэрлэсэн байсан. Уг хурлын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн К-13 дугаар маягтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг сайн дураар бүхэлд нь буцаан хүлээлгэн өгөхийг хүссэн өргөдлийг хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-д заасны дагуу буцаан авсан.

6.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь хүчин төгөлдөр эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн асуудлаар хууль ёсын ашиг, сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл төрийн захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Гэтэл “А” ХХК өөрийн хүсэлтээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгсөн тул тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “... нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр” гэж хуульчилсан.

6.2.Шүүхийн шийдвэрийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ХЭГ/3038 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/1410 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдтэй харилцан зөвшилцөлд хүрч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх, мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна.

6.3.Ажлын хэсэг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор тайлбарласан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаар шийдвэрийн дагуу ажиллаж байна.

6.4.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Татварын ерөнхий газрын төлөөллийг оролцуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны А/49 дүгээр тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллуулсан бөгөөд энэ хугацаанд ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийн ажил, албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан газрын даргын 2019 оны А/138, А/200, 2020 оны А/17, А/100 дугаар тушаалаар тус тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/62 дугаар тушаалаар ажлын хэсэг шинэчлэн байгуулан ажиллаж байхад буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй асуудлаар дахин маргах нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

6.5.Тухайн асуудал нь Засгийн газрын түвшинд яригдаж Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг өгч ажиллаж байгаа тул Засгийн газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

8.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутаг дахь Хүйтэн нэртэй 563.44 гектар талбай бүхий XҮ-013385 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “А” ХХК-аас “Ж” ХХК-д (хуулийн этгээдийн хуучин нэр) шилжүүлсний дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 711 дүгээр шийдвэрээр бүртгэсэн байна.

9.2022 онд “Ж” ХХК нь оноосон нэрээ “А” ХХК болгож өөрчилжээ.

10.Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Чигэртэйн голын ай сав нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан байна.

11.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж байсан *** дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь дээрх Монгол Улсын Их Хурлын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан талбайтай бүхэлдээ давхцалтай. Уг үйл баримт нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байна.

Энэхүү хэргийн хувьд шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Улсын тусгай хамгаалалтад авсан үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч талбайг буцаан өгсөн тохиолдолд нөхөх олговор шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэх тухай байна.

12.Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Засгийн газар газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгасны дотор улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох үүргийг 18.1.3-д хуульчилжээ.

13.Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болохоор зохицуулсан байна.

14.Тодруулбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөн олговор шаардах эрхтэй, нөгөө талаас нөхөн олговрыг зайлшгүй олгох үүргийг Засгийн газарт хуулиар хүлээлгэсэн. Харин нөхөн олговрыг олгохдоо дүйцүүлэн өөр талбай олгох, эсхүл мөнгөн дүнгээр олгож болохоор сонгох боломжийг Засгийн газарт олгожээ.

15.“А” ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 22/30 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт хандан “Дүйцүүлэн нөхөх олговор авах тухай” хүсэлтийг гаргасан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ХЭГ/2909 дүгээр албан бичгээр “А” ХХК-ийн дээрх хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэгэн хариуг өгөөгүй байна.

16.Үүнээс үзвэл Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчид нөхөх олговрыг олгоход чиглэсэн аливаа арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргаж, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх эрхгүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэхэмжлэгчийн хүсэлтийг шилжүүлж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хамгаалалтад авснаас хойш хэдийн 13 жилийн хугацаа өнгөрсөн байхад өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид нөхөх олговрыг олгоогүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан үүрэг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

17.Энэхүү маргаантай үйл баримтын хувьд төстэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг шаардсан Улсын дээд шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2024/0123 дугаар тогтоолд тусгай зөвшөөрлийг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд зайлшгүй нөхөх олговор олгох үүрэгтэй, гагцхүү дүйцүүлэн өөр талбай олгох уу, эсхүл мөнгөн дүнгээр олгох уу гэдэг Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах бөгөөд уг бүрэн эрхээ хэрэгжүүлж нөхөх олговрыг аливаа хэлбэрээр олгохгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэх агуулгаар дүгнэсэн нь энэхүү маргааны хувьд нэгэн адил хамааралтай.

18.Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10/8283 дугаар албан бичгээр “... тусгай зөвшөөрлийн талбай Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад авагдаж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. ... Төрийн захиргааны байгууллагын ажлын хэсгээс гаргасан тусгай зөвшөөрлийн талбайг нөхөн олговроор хэлэлцэн тохиролцож олгох аргачлал, жишиг болгох шалгуур үзүүлэлтүүдийн дагуу хүсэлтээ бэлтгэн ирүүлэхийг мэдэгдье” гэсний дагуу нэхэмжлэгч нөхөх олговор авах хүсэлт, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан хүлээлгэн өгөх өргөдөл гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 33 дугаар шийдвэрээр дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан авсанд тооцсон.

19.Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу өргөдөл үйлдэж тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг өөрийн хүсэлтээр бүхэлд нь буцаан өгч болно” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрийн хүсэлтээр, сайн дурын үндсэн дээр талбайг буцаан өгч болохоор зохицуулсан, гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас талбайг буцаан хүлээлгэн өгснийг Ашигт малтмалын тухай хуулийн 54 зүйлд заасан талбайг өөрийн хүсэлтээр, сайн дурын үндсэн дээр буцаан өгөх харилцаа үүссэн гэж тайлбарлах нь үндэслэлгүй.

20.Өөрөөр хэлбэл, нэгэнт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авсан үндэслэлээр буцааж өгснийг нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч биш болсон, нэхэмжлэгч нөхөх олговор шаардах эрхээ алдсан гэж үзэхгүй. Энэ талаар өмнөх шүүхийн шийдвэрээр дүгнэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн хүсэлтээр тусгай зөвшөөрлийн талбайгаа буцаан өгсөн” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

21.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч хуулийн этгээд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нөхөх олговор шаардах эрхтэй, хариуцагчийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 221/ШШ2025/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                             Х.БАТСҮРЭН

                                                                                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                             Ц.ЦОГТ