Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 734

 

 

   2019        08          02                                  2019/ШЦТ/734

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

          Улсын яллагч П.Эрдэнэбаатар,

          Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн  хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт  , урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, Б.С,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Б.С нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн яамны автобусны буудлын орчим хохирогч Г.Анужингийн халааснаас “Самсунг галакси Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 324.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

          - үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Багшийн дээдийн автобусны буудал дээр хохирогч Т.Балжиннямын халааснаас “Самсунг галакси нөүт 5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван хулгайлж, хохирогч Т.Балжиннямд 360.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

          - үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх Ухааны Технологийн Их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны гадна хохирогч Ж.Мөнхтуулын халааснаас “Хуавэй мейт-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 936.000 төгрөгийн буюу нийт 3 удаагийн үйлдлээр бусдад 1.620.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.С-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.С нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн яамны автобусны буудлын орчим хохирогч Г.Анужингийн халааснаас “Самсунг галакси Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 324.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

          - үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Багшийн дээдийн автобусны буудал дээр хохирогч Т.Балжиннямын халааснаас “Самсунг галакси нөүт 5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван хулгайлж, хохирогч Т.Балжиннямд 360.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

          - үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны гадна хохирогч Ж.Мөнхтуулын халааснаас “Хуавэй мейт-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 936.000 төгрөгийн буюу нийт 3 удаагийн үйлдлээр бусдад 1.620.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: 

 

     Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, 

            Хохирогч Л.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Өргөө 2” кино театрын урд байрлах номын дэлгүүрээс 17 цаг 35 минутад ном худалдаж аваад тэндээсээ шууд Багшийн дээд сургуулийн автобусны буудал орсон. Би автобусны буудал дээр гар утсаа гаргаад хичээлийн цагийн хувиараа үзээд зогсож байтал 3-4 хороолол чиглэлийн автобус ирэхээр нь яараад гадуур хувцасныхаа баруун талын халаасанд хийгээд автобусанд ороод картаа уншуулах гээд дотор халааснаасаа автобусны картаа гаргаж уншуулчихаад гар утсаа үзтэл байхгүй байсан. Би шууд автобусны жолооч руу очоод автобуснаас буусан хүн байгаа юу? утсаа алдчихлаа гэсэн чинь автобусны хаалгаар ...танихгүй эрэгтэй дөнгөж орчихоод буцаад буусан, тэр нөхөр л чиний гар утсыг хулгайлсан байх гэхээр нь тэр ахын утсаар утасруугаа залгаж үзтэл холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд автобусанд суугаад гэртээ харисан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,       

          Гэрч Б.Бүрэнтэгшийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор үүрэг гүйцэтгэн ажиллаж байх хугацаанд Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн сэжигтэй этгээдүүдийн бүртгэл судалгаанд байдаг Б.С нь сэжиг бүхий байдалтай Багшийн дээдийн орчим эмийн сан руу яваад орохоор нь араас нь дагаж ороод шалгатал биеэс нь “Самсунг галакси нөүт-5” загварын гар утас гарч ирсэн ба уг гар утсыг иргэн Л.Балжинням нь Багшийн дээдийн автобусны буудал дээрээс автобусанд суухдаа алдсан болох нь тогтоогдсон. Б.С ч өөрөө Багшийн дээдийн автобусны буудал дээр автобусанд суух гэж байсан хүний халааснаас нь хулгайлж авсан гэдгээ ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

          Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

          “Дамно ХХК”-ийн хөрөнгийн үнэлгээний “...Самсунг галакси нөүт-5 гар утас 360.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн  26-27 дугаар хуудас/,

 

          Хохирогч Ж.Мөнхтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед Багшийн дээд дээр найз Отгонжаргалтай уулзахаар явж байсан. Тэгээд ШУТИС-ын 2 дугаар байрны дэргэд явж байгаад найзтайгаа утсаар ярьчихаад кармандаа утсаа хийчихээд доошоо эргээд Багшийн дээд рүү явж байгаад утсаа үзсэн чинь алга болсон байсан. Тэгээд гудамжинд явж байсан хүнээс гуйгаад өөрийнхөө утас руу залгатал холбогдох боломжгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

          Гэрч Ж.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн үдээс хойш “Тэди” төвийн 2 давхрын лангуунаас хар өнгийн “Мэйт 20 лайт” маркийн гар утсыг 700.000 төгрөгөөр худалдан авсан ба тус газраас анх авахад ямар нэгэн сав байхгүй, мөн кодгүй байсан. Би мөнгөө бэлнээр төлөөд баталгааны хуудас бичүүлэн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

          Гэрч Ш.Өгөөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие “Тэди” худалдааны төвийн 2 давхрын 13-7 тоот лангуунд худалдагчаар ажилладаг ба 2019 оны 02 дугаар сарын үеэр үл таних 20-25 орчим насны залуугаас хар өнгийн “Хуавэй П-20 лайт” маркийн гар утас худалдан авсан ба тухайн үед нөгөө хүний гар утасны дугаарыг 99653621 гэж тэмдэглэн авч байсан. Би тухайн хүнээс 500.000 төгрөгөөр авсан ба буцаагаад 700.000 төгрөгөөр зарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

          Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

          “Дамно ХХК”-ийн хөрөнгийн үнэлгээний ... Хуавэй П-20 лайт гар утас 936.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

          Яллагдагч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ганцаараа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо ШУТИС-ийн урдуур явж байгаад эмэгтэй хүний зүүн талынх нь халаасанд гар утас нь харагдаад байхаар нь хойноос нь дагаж байгаад гар утсыг нь суйлж аваад Спортын төв ордны харалдаа уулзвараар талбайн зүг рүү чиглээд явсан. ...Би тэр гар утсыг “Монтел”-ын тэр хавьд очоод гар утасны лангуунууд хаачихсан байсан болохоор гадна талд гар утас авна гэж байсан хүнд 280.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 дугаар хуудас/,

          Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

          Хохирлын мөнгө түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай “... яллагдагч Б.С-ын эгч Л.Мөнхгэрэлээс 500.000 төгрөг хураан авч иргэний нэхэмжлэгч Ш.Өгөөмөрт хүлээлгэн өгсөн...” тэмдэглэл /хх-ийн 73 дугаар хуудас/,

 

          Хохирогч Г.Анужингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2018 оны 10 сарын 09-ний өглөө сургууль руугаа явах гээд Баянзүрх дүүргийн 3 хороо 52-31 тоот гэрээсээ 09 цагийн үед гараад Баянзүрх дүүргийн 1 хороо Хөдөө аж ахуйн яам руу буюу Эдийн засгийн их сургууль руу явсан. Сургууль руу явахдаа гар утсаа гадуур хувцасныхаа зүүн халаасанд хийгээд /падаараа/ хөгжим сонсоод алхаж явтал Хөдөө аж ахуйн автобусны буудал орчим “Самсунг жи-7” загварын гар утсаа алдсан. Би гар утсаа АНУ-д байхдаа 200 доллараар худалдаж авч байсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

          Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

          Гэрч .Г.Даржаагийн мөрдөн байцаалтын шатандд өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үдийн үед 10 дугаар хороололд байх үед Жижгээ гэх нутгийн залуу над руу залгаад хаана байгаа юм гэж асуухаар нь “10 дугаар хороололд найзуудтайгаа архи ууж байна” гэж хэлсэн. Тэгээд над дээр ирж уулзаад Самсунгийн ягаан артай утас өгөөд энэ утсыг хадгалж бай, чамаас буцааж авна. Архи ууж байгаад хаячихна” гэж хэлчихээд Жижгээ яваад өгсөн. Би шөнө 1 цагийн үед гэртээ харьсан. Өглөө 10 цагийн үед Жижгээ над руу залгаад хаана байгаа юм гэхээр нь “хороололд байна” гэж хэлэхэд ирж надаас гар утсаа авсан. Миний хочийг "шумуул" гэдэг. Харин Жижгээгийн жинхэнэ нэрийг “Б.С” гэдэг ... Бид хоёр багын найзууд юм. Би өмнө нь халаасны хулгайн гэмт хэрэг хийдэг байсан. Сүүлийн 4 жил халаасны хулгай хийхгүй, Бөө мөргөлийн шашин шүтэж амьдарч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

          “Дамно ХХК”-ийн хөрөнгийн үнэлгээний ...хуучин хэрэглэж байсан ягаан өнгийн Самсунг Жи-7 гар утас 324.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

          Яллагдагч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би дээрх гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлуудаа барагдуулсан...”

гэх мэдүүлэг /хх-ийн 200-202 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгч Б.С-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 144 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 145 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

         

          Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож хохирлоо нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.С-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж, түүний цагдан хоригдсон 42 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон, 336 /гурван зуун гучин зургаан/ цагийг хасч, эдлэх ялыг 384 /гурван зуун наян дөрвөн/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтов.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, 42 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны

зардалгүй, эд мөрийн баримтаар сиди 1 ширхэг хураагдсан болохыг тус тус дурьдаж байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         

          1. Шүүгдэгч Б.С-г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Б.С-ыг 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.С-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялыг 384 /гурван зуун наян дөрвөн/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар  Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.С-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ОДОНЧИМЭГ