| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/05021/И |
| Дугаар | 210/МА2025/01265 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01265
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/03940 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
******* ХХК-д холбогдох
73,830,307 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манай тал гэрээний үүргээ биелүүлж газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн боловч хариуцагч тал 2022 оны 11, 12 дугаар сарын худалдан авсан түлшний /ГТБ/ төлбөрийн үлдэгдэл 56,792,544 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж хугацаа тогтоосон боловч төлбөр төлөөгүй тул гэрээний 3.3-т зааснаар торгуульд 17,037,763 төгрөг нэхэмжилж байна.
Иймд хариуцагчаас нийт 73,830,307 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 3.3-т төлбөрөө төлсний дараа нийлүүлэлт хийхээр тохиролцсон. Төлбөр төлөөгүй байхад нийлүүлэлт хийсэн учир торгууль 30 хувь төлөхийг зөвшөөрөхгүй.
2.2. Талууд нэмэлт гэрээ байгуулсан зүйл байхгүй. 1 литр түлшний үнэ нэмэгдсэн, өөрчлөгдсөн баримт байхгүй.
2.3. *******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл хариуцагчид байхгүй. Мөн гагнуур гэж түлш авсан байна. Нэхэмжилж байгаа түлшийг авсан эсэх нь эргэлзээтэй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 56,792,544 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 28,396,272 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 583,895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 441,913 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч компаниас гаргаж өгсөн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр олгосон бүртгэл гэх гараар бичсэн баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Энэхүү гараар бичсэн баримт нь хэдийд ч нөхөж үйлдэх боломжтой баримт тул энэхүү баримтыг эргэлзээгүй үнэн, зөв баримт гэж үзэх боломжгүй юм. Учир нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр олгосон бүртгэл гэх гараар бичсэн баримтуудад ******* ХХК-ийн эзэмшилд бүртгэлгүй тээврийн хэрэгслүүд газрын тосны бүтээгдэхүүн авсан мэтээр тусгагдсан болох нь Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулсан ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан болон одоо бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогддог.
Тодруулбал, *******, *******, , , , гэх зэрэг ******* ХХК-ийн эзэмшилд бүртгэлгүй тээврийн хэрэгслүүд тус гараар бичсэн бүртгэлд хэд хэдэн удаа тусгагдсан байсан.
Мөн гагнуур гэх нэрийдлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр газрын тосны бүтээгдэхүүн авсан мэтээр тусгагдсан байсан. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүн зээлээр олгосон бүртгэл гэх гараар бичсэн баримтыг үндэслэж хариуцагчаас газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт 56,772,544 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.2. Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт мөн адил үндэслэлгүй байна. Талуудын байгуулсан гэрээний 1.3-т дараах баримт бичгүүд нь гэрээний салшгүй хэсэг байна гээд 1.3.7-д үнийн тохиргооны жагсаалт байхаар тусгажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс үнийн тохиргооны жагсаалтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч нэхэмжлэгчийн зүгээс ийм баримт байхгүй гэх тайлбарыг өгсөн.
Мөн гэрээний 3.2-т зааснаар нэхэмжлэгч нь газрын тосны бүтээгдэхүүний үнийг гадаад ханш болон вальютын ханшийг үндэслэж тогтоох бөгөөд ийнхүү тогтоосныг худалдан авагч буюу хариуцагч зөвшөөрсөн тохиолдолд нэмэлт гэрээ байгуулахаар тохиролцсон. Талууд гэрээний үнэтэй холбоотойгоор нэмэлт гэрээ байгуулаагүйгээс үзэхэд гэрээний анхны үнэ хүчин төгөлдөр хэвээр байна.
Гэтэл анхан шатны шүүх талууд үнэ өөрчлөгдсөн талаар нэмэлт гэрээ байгуулаагүй боловч худалдан авагч үнэ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор татгалзал гаргаагүй, улмаар 50,000,000 төгрөг төлснөөр газрын тосны бүтээгдэхүүний үнийг тухай бүр хүлээн зөвшөөрч худалдан авалт хийсэн гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс газрын тосны бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн талаар анхнаасаа мэдэгдээгүй буюу худалдан авагчид газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзах боломж олголгүйгээр худалдсан. Хэрэв худалдан авагчид үнийн өөрчлөлтийн талаар мэдэгдсэн бол худалдан авагч гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх эсхүл гэрээнд заасны дагуу нэмэлт гэрээ байгуулах боломжтой болох байсан.
Тиймээс хожим 50,000,000 төгрөг төлснийг үнийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Мөн Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасан. Энэ нь талууд үнийн талаар тохиролцох агуулгыг илэрхийлж байгаа тул төлбөр төлснөөр шууд хүлээн зөвшөөрөх агуулга биш юм. Иймээс энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт мөн адил үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтад нийт 18 автомашины 10 нь ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан нь тогтоогдсон. Үлдсэн авто тээврийн хэрэгсэл буюу давж заалдах гомдолд дурдагдсан тээврийн хэрэгслүүд нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ын нэр дээр бүртгэгдсэн. Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр олгосон бүртгэл нь талуудын худалдан авалт хийсэн нийт 9-12 сарууд багтдаг бөгөөд 9, 10 саруудын төлбөрийг хариуцагч тал төлж барагдуулсан.
5.2. ******* ХХК-ийн газрын тосны үнийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, худалдан авалт хийж төлбөрийг төлж ирсэн. Талуудын хоорондын гэрээг талууд чөлөөт байдлаар илэрхийлэн байгуулсан бөгөөд худалдан авалт хийх хүсэл зоригийг үндэслэн, зах зээлийн үнэ ханшийг тохирч худалдан авагч тал манай аймагт байрлах салбар дээр ирж худалдан авалт хийдэг байсан бөгөөд үнийн өөрчлөлийн талаар мэдээгүй байх боломжгүй. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 73,830,307 төгрөг тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 09 сарын 21-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, хариуцагч ******* ХХК нь үнийг төлөхөөр тохиролцжээ.
Талууды хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
4. Гэрээний 3.3-т зааснаар төлбөрийн нөхцлийг үнийг урьдчилж төлснөөр нийлүүлэгч түлшийг олгохоор тохиролцсон бөгөөд уг тохиролцооны дагуу хариуцагч тал 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10,512,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,332,000 төгрөгийг тус тус төлснөөр 11,700,000 төгрөгийн түлш авсан байна.
Мөн уг баримтаар хариуцагч тал 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 48,549,600 төгрөг төлсөн боловч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 78,847,776 төгрөгийн түлш авснаар гэрээний 3.3-т зааснаар урьдчилж төлбөр төлснөөр нийлүүлэлт хийх тохиролцоо зөрчигдсөн эхэлсэн боловч талууд үйлдлээрээ түлш нийлүүлсний дараа төлбөр төлөхөөр тохиролцсон гэж дүгнэхээр байна.
Улмаар уг баримтад 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 105,445,268 төгрөгийн, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,492,500 төгрөгийн түлшийг нийлүүлсэн, төлөгдсөн төлбөр 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг гэж тэмдэглэгдсэн байна.
Хэдийгээр уг баримт нь нэхэмжлэгч талынх боловч хариуцагч тал дээр дурдсан төлбөрийг гүйцэтгээгүй гэж маргаагүй, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй болно.
Иймд гэрээнд зааснаар урьдчилж төлсөн төлбөрийн хэмжээнд түлш авсан гэх агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбар үндэслэлгүй болжээ.
5.1. Нэхэмжлэгч талаас нийлүүлсэн түлшний хэмжээг тодорхойлж Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр олгосон бүртгэл хөтөлж, уг бүртгэлээр 2022 оны 10, 11, 12 сард түлш авсан машины дугаар, жолоочийн нэрийг бичиж гарын үсгээр баталгаажуулсан баримтыг хариуцагч тал тайлбараараа *******, дугаартай тээврийн хэрэгсэл байхгүй гэж маргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар уг бүртгэлд бичигдсэн бусад тээврийн хэрэгслийн талаар маргаагүй гэж дүгнэнэ.
Иймд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа тус компанид *******, , , , дугаартай тээврийн хэрэгсэл байхгүй тул түлш төлөхгүй гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүйгээс гадна 2022 оны 9 дүгээр сард төлбөрийг төлж түлш хүлээж авсан тээврийн хэрэгслийн бүртгэлд , *******, ****** гэсэн тэмдэглэл хийгдсэн байна.
5.2. Хариуцагч тал 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 9,160,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1,151,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1,332,000 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн, нэхэмжлэгч талаас 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2,560 литр түлш, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 30 литр түлш, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 370 литр түлш хариуцагч талд шилжүүлэн өгсөн байдлаас дүгнэвэл 1 литр түлшийг 3,600 төгрөгөөр тооцжээ.
5.3. Хариуцагч тал 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар түлшний үнэд 48,549,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч тал 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 78,847,776 төгрөгийн түлш нийлүүлсэн гэж тайлбарлажээ.
Энэ хугацаанд 1 литр түлшний үнэд өөрчлөлт ороогүй байна. 21,902.16 литр түлшийг нийлүүлсэн гэх Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр олгосон гэх 2022 оны 10 дугаар сарын бүртгэлд хариуцагч талын маргасан , дугаарын тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байх бөгөөд 2022 оны 10 дугаар сард тээврийн хэрэгслэлээр шатахуун хүлээн авсан мөн 2022 оны 9 дүгээр сард энэ тээврийн хэрэгслийн дугаараар шатахуун хүлээн авч байсан байна.
5.4. Хариуцагч тал 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр түлшний үнэд 30,299,400 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч тал 2022 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 105,445,268 төгрөгийн түлш нийлүүлсэн гэж тайлбарлажээ. Энэ сард нийлүүлсэн түлшний 1 литр тутмын үнийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл хугацаанд 3,600 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 3,630 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 3,980 төгрөгөөр тооцжээ.
5.5. Хариуцагч тал 2022 оны 12 дугаар сард төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч тал 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,492,500 төгрөгийн түлш нийлүүлсэн гэж тайлбарлажээ. Энэ сард нийлүүлсэн түлшний 1 литр тутмын үнийг 3,980 төгрөгөөр тооцжээ.
5.6. Гэрээний 3.2-т үнийг нийлүүлэхдээ гадаад ханш болон валютын ханшийг үндэслэж тогтоох, уг үнийг худалдан авагч зөвшөөрсөн бол нэмэлт гэрээ байгуулахаар тохиролцсон боловч талууд энэ үйлдлийг хийгээгүй.
Харин хариуцагч тал нь төлбөрийг хожим төлөх нөхцлөөр түлш худалдаж авсан тул гэрээний 3.2-т заасныг зөрчсөн нь төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж дүгнэлээ. Учир нь гэрээний төлбөр төлөх гол нөхцөл нь үнийг урьдчилж төлснөөр түлшийг хүлээлгэж өгөх тохиролцоо байсан бөгөөд үнэ төлөхгүйгээр түлш урьдчилж авсан тохиолдолд энэ гэрээний 3.2 -т заасан тохиролцоо үйлчлэхгүй гэж дүгнэнэ.
Хариуцагч тал үнийн талаар эсэргүүцэл гаргалгүйгээр түлш хүлээн авсан тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.6-д зааснаар түлшний 1 литр тутамд төлөх үнэд орсон өөрчлөлтийг хүлээн авсан гэж дүгнэнэ.
5.7. Хариуцагч талын тайлбараас үзвэл тус компанийн хувьцаа эзэмшигч талд өөрчлөлт орсон гэх боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүйгээс гадна хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөх нь компанийн гадаад харилцаанд хамаарах бусадтай хийсэн хэлцэлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм.
5.8. Хариуцагч талаас Тээврийн хэрэгслийн лавлагаа-г баримтаар гаргаж холбогдох тээврийн хэрэгсэл хариуцагч талын эзэмшилд байхгүй гэж тайлбарлах боловч уг лавлагааг 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан байдлаас дүгнэвэл тухайн хугацаанд хамаарах тээврийн хэрэгслийн бүртгэл гэж дүгнэнэ. Энэ нь 2022 оны 09-12 сарын хугацаанд хамаарах тээврийн хэрэгслийн эзэмшигчийн тодорхойлох баримт биш болно.
6. Нэхэмжлэгч талын гаргасан баримтыг хариуцагч тал үгүйсгэж няцаагаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдаж авсан түлшний үнийг төлөх үүрэгтэй тул 56,792,544 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
7. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулах торгуульд 17,037,763 төгрөг гаргуулахыг шаарджээ. Гэрээний 9.1-д заасан торуулийн тохиролцоо хуульд нийцээгүй гэж анхан шатны шүүх дүгнэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэлд нэхэмжлэгч талд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимыг үндэслэн уг шийдлийг хэвээр үлдээж, харин хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийг баримтлаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн алдаа гаргасныг залруулна.
8. Харин нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг 73,830,307 төгрөг болгож багасгасан бол анхан шатны шүүх эн эхэмжээгээр хэргийг шийдвэрлэх нь мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцэх юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг 73,830,307 төгрөгөөр тодорхойлох байтал 85,188,846 төгрөгөөр тодорхойлж, шийдвэрийг тогтоох хэсэгт хэрэгсэхгүй болгох хэмжээг 28,396,272 төгрөгөөр тодорхойлсон алдааг залруулах нь зүйтэй.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/03940 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 56,792,544 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,037,763 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 441,913 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА