| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2025/00305/И |
| Дугаар | 210/МА2025/01268 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01268
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03314 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох
82,324,331 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
56,416,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
1.1. *******тэй 2021 оны сараас 2024 оны ******* сар хүртэл 3 жилийн хугацаанд хамтын амьдралтай байсан ба ******* намайг өөрийнхөө байрыг түрээсэлчих, тэгээд хамтдаа манайд амьдаръя гэснээр би байраа хүнд хөлслүүлээд тэднийд амьдрах болсон. *******гийн амьдардаг Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* байрны ******* орон сууц нь Нийслэлийн орон сууцны корпорацийн зээлтэй байр байсан бөгөөд сар бүр 1,200,000 төгрөгийн зээл төлдөг, мөн ******* нь цалингийн зээлтэй цалин мөнгө нь хүрэлцдэггүй байсан тул би байрны зээл болоод цалингийн зээлийг нь төлдөг байсан.
1.2. Тэднийд амьдархаар очиход байр нь ямар ч тавилгагүй байсан тул би өөрийнхөө мөнгөөр тавилга авч тохижуулсан, салахдаа авч явах боломжтой буйдан гэх мэт тавилгуудаа авсан, харин хананд нь суурилуулсан ханын шүүгээ, стинк, телевизийн суурь зэрэг 4,807,000 төгрөгийн тавилгынхаа үнэ болон байрных нь зээлэнд төлсөн 11,632,658 төгрөг, цалингийн зээлэнд төлсөн 630,000 төгрөг, түүний эмчилгээнд 4,334,000 төгрөгийг, ээжид нь авч өгсөн ээмэгний үнэ 700,000 төгрөг, надаас зээлсэн 900 ам.доллар буюу 3,205,000 төгрөг, хадгаламж барьцаалсан зээлийн хүүд 38,005,673 төгрөг, ******* ХК-иас авсан 30,000,000 төгрөгийн зээлийн хүүд 19,710,000 төгрөг, нийт 82,324,331 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. *******тай 2022 оны 6 дугаар сард танилцсан, улмаар хамтран амьдарч байгаад 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. *******тай танилцах үе болон гэрлэлт бүртгүүлэхээс өмнө Баянзүрх дүүрэг, ******* хороонд байрлах ******* хотхоны ******* байрны ******* (50.4 м.кв талбайтай) орон сууцанд 2 жил гаруй хугацаанд амьдарсан. Мөн тухайн үед миний өөрийн өмчлөлийн Приус-20 маркийн автомашинтай байсан.
2.2. Бид гэр бүлийн баталгаатай, дээр дурдсан орон сууцанд хамт амьдарч байхдаа сугалаанаас Ландкруйзер Прадо-150 маркийн 2022 онд үйлдвэрлэгдсэн, 2024 оны мөн өдөр Монгол Улсад орж ирсэн автомашиныг хожсон болно. Гэтэл ******* тухайн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлсний дараа гэрлэлтээ цуцлуулна гэсээр гэрлэлтийн бүртгэлээ захиргааны журмаар дуусгавар болгуулсан.
2.3. Бидний хамтран амьдарч байх хугацаанд ******* нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* хотхон дахь орон сууцаа бусдад хөлслүүлж байсан ч гэр бүлийн дундын хэрэгцээнд огт зарцуулж байгаагүй. Мөн энэ хугацаанд миний бие дээр дурдсан приус-20 маркийн машинаа зарсан бөгөөд түүнээс орж ирсэн мөнгийг бүхэлд нь *******гийн хувиараа эрхэлж байсан гар утас худалдах бизнес, наймаанд нь оруулсан. Үүнээс ямар ч ашиг, хүртээгүй бөгөөд эцэст нь одоо унах унаачгүй болсон байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.4. Приус-20 маркийн автомашиныг бусдад зарсан төлбөрөөс нэхэмжлэгчид шууд шилжүүлж өгсөн мөнгө болох 8,250,000 төгрөг, тухайн машиныг худалдан авсан үнэ буюу зах зээлийн үнэлгээ нь 14,500,000 төгрөг байснаас өөрт ногдох хэсэг болох 4,833,000 төгрөг, хамтран амьдарч байхдаа сугалаанаас хожсон Ландкруйзер Прадо-150 маркийн автомашиныг бусдад 130,000,000 төгрөгөөр зарснаас өөрт ногдох хувь болох 43,333,000 төгрөг, нийт 56,416,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гөөс 15,966,658 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 66,357,673 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гаас 8,250,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 48,166,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 727,522 төгрөг, хариуцагчаас төлсөн 440,032 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 237,783 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 146,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч, хариуцагч талууд (хамтын амьдралтай, гэрлэлтээ бүртгүүлсэн байхдаа) нь аль аль нь 2022 онд үйлдвэрлэгдсэн, "Ландкруйзер прадо-150" маркийн автомашиныг сугалаагаар хожиж авсантай маргадаггүй бөгөөд үүнийгээ 118,000,00 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан болохоо нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг, үүнийгээ ч шүүх хуралдааны явцад тайлбар, мэдүүлэг өгөхдөө хэлж байсан. Мөн хамтын амьдралтай байхдаа дундын хөрөнгө байдлаар Акуа маркийн автомашиныг бусдаас 14,500,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд *******гийн нэр дээр Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь гаргуулсан, одоо ч бүртгэл нь хэвээрээ байгаа.
Гэтэл шүүхээс энэ баримт, нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг, тайлбар, зохигч талуудын өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа зүйлийг илт буруугаар, мушгин гуйвуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалтууд бүхэлдээ зөрчигдсөн. Мөн уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч талууд нь гэрлэлтээ батлуулан, зохих ёсоор гэр бүл болж хамтран амьдарч байсныг огт үгүйсгээгүй бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 04-ны өдөр захиргааны журмаар гэрлэлтийн харилцаагаа дуусгавар болгосон.
Нэхэмжлэгч тал нь бид хамтран амьдарч эхлэхээс өмнө Сүхбаатар дүүрэг, ******* хороо, хороолол, ******* хотхоны ******* байрны од өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцтай байсан бөгөөд бид танилцсанаас хойш, өөрөө салж явах хүртлээ хариуцагч миний дээр дурдсан байранд амьдарч, ******* хотхон дахь уг байраа бусдад хөлслөн, түрээсийн мөнгө, төгрөг олдог байсан. Үүнээсээ нэг ч төгрөгийг гэр бүлийн хамтын хэрэгцээндээ зарцуулж байгаагүй болно. Мөн хариуцагч нь хамтын амьдралтай байхдаа өөрийн өмчлөлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдсан, түүнээс орсон мөнгийг бүхэлд нь нэхэмжлэгчид шилжүүлсэн, хамтран амьдарч байхдаа сугалаагаар хожсон Ланд круйзер-150 маркийн шинэ тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч тал нь өөрийн нэр дээр гэрчилгээг нь гаргуулж, бусдад худалдсанаас хамтын амьдрал, хамтын хэрэгцээндээ нэг ч төгрөг өгөөгүй.
4.2. Сөрөг нэхэмжлэлийн хувьд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.3-т "Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг дундын өмч болох Ландкруйзер прадо-150, Акуа маркийн автомашинуудыг худалдан борлуулсан гэж уг хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардсан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь хэргийн оролцогчдын зүгээс шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, тайлбараас болон хэрэгт авагдсан баримтаас илт зөрүүтэй, худал ташаа бичигдсэн зүйл бөгөөд ингэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 48,166,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 82,324,331 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 56,416,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Уг эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж 88,324,331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ, хариуцагч ******* нь *******д холбогдуулж 56,416,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ харилцан татгалзаж, зохигч эвлэрчээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03314 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******д холбогдох 88,324,331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* нь, *******д холбогдох 56,416,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч ******* нь тус тус татгалзсныг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 519,867 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ