Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01296

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02800 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, *******ны Гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/54 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажил үүрэг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******э, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******э нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр ******* ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Хуулийн хэлтсийн захирал албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан.

1.2. ******* Гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/69 дүгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан зөрчил болон тушаалын 1.1, 1.2, 1.3-т заасан зөрчлийг гаргаагүй. Надаас зөрчилтэй холбогдуулан тайлбар авч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шалгаж тогтоосон үйл баримт байхгүй, тушаалыг надад гардуулж өгөөгүй.

1.3. ******* Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 сарын 13-ны өдрийн Б/54 дугаар тушаалаар надад үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тус тушаалын үндэслэх хэсэгт *******ны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 123 дугаар зүйлийн 123.2.3. 123.3, ******* дүрмийн 9.2, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1, 5.2.3, 10.1, Захирлуудын зөвлөлийн 2023 оны 10 сарын 25-ны өдрийн хурлын 11 дүгээр тэмдэглэл, 2024 оны 05 сарын 09-ний өдрийн хурлын 10 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэжээ. Би хэн нэгний нэр хүндэд халдаж, гутаасан, дотоод уур амьсгалд турхирсан зүйл байхгүй.

1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т заасан ажлын байрны тодорхойлолтыг баталж, танилцуулах үүрэг нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болж байна. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй, ийм нөхцөлд ямар нэгэн байдлаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй. Тайлбар авч тал бүрээс шалгаж урьдчилж тогтоохгүйгээр хэн нэгэн ажилтны гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж болохгүй. Сахилгын зөрчил гаргагчийг шалгаж тогтоосон баримтыг танилцуулахыг Хөдөлмөрийн дотоод журмын 10.7-т заасан, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 гэсэн үг, банкны хөдөлмөрийн дотоод журмын 10.7, 10.6-д заасан энэ үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй. 2 тушаал 2-лаа хуульд нийцээгүй.

1.5. ******* ХХК нь Хөдөлмөрийн маргаан таслах комиссгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаанд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд 2024 оны 07 сарын 30-ны өдөр гомдлоо гарган 2024 оны 08 сарын 02-ны өдөр хуралдан, 2024 оны 08 сарын 07-ны өдөр тэмдэглэл гарч, гардан авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т зааснаар нэхэмжлэл гаргасан.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, *******ны Гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/54 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажил үүрэг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, сахилгын шийтгэл ногдуулсан болон ажлаас чөлөөлсөн тушаалыг хуульд нийцсэн. *******э Хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа ноцтой зөрчил болон сахилгын зөрчлийг давтан гаргасан. Гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/74 дугаар тушаалаар *******ийг ISO 9001:2015 ажлын хэсгийн дэд ахлагчаар томилж, ажлыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж дуусгах төлөвлөгөөг хавсралтаар баталсан. Тушаалаар өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул 2024 оны 01 сарын 23-ны өдрийн А/14 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж, ISO стандарт нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж 2024 оны 03 дугаар сард багтаан дуусгаж, тайланг гүйцэтгэх захиралд танилцуулахыг ажлын хэсэгт дахин үүрэг болгосон. Гэвч энэ хугацаанд мөн үүргээ биелүүлээгүй, өөрөөс шалтгаалах ажлыг гүйцэтгээгүй, ажлын хэсгийг зохион байгуулаагүй, ажлын үр дүн гаргаагүй тул Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/54 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн.

2.2. *******э нь сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дотоод аудитын газрын захирал, ажилтнууд болон Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал, газар, хэлтсийн захирлууд, албаны дарга нарын цахим хаягт Шударга ёс хаана байна. Нэгнийхээ ажлыг ойлгохгүй юмаа гэхэд хүндэтгэлтэй харьцах банкны соёл хаана байна. Ийм шударга бус байдалтай эвлэрч чадахгүй. Гүйцэтгэх удирдлага ярьж байгаа зүйлийнхээ эсрэг шийдвэр гаргаж, зориод байгаа зүйлсээ бүрэн гүйцэт ойлгоогүй тушаалууд гаргасаар байна гэсэн, 2024 оны 05 сарын 27-ны өдөр Хэвлэл, мэдээллийн албаны дарга *******ийн цахим хаягт Хууль, эрх зүй хэсгийг хуулийн мэдлэггүй хүн үлгэр зохиож бичсэн байна шүү. Бонд дуусчихаад байхад араас нь орж ажилласан юм уу. Чанаргүй актив дээр худалдан авалтын гэрээ байдаг юм уу. УИХ-аас чиглэл өгсөн байхад ЗГ-аас гээд оруулсан байна гэсэн цахим шуудан илгээсэн. Уг үйлдлээрээ хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж сахилгын зөрчил гаргасан.

2.3. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолттой танилцах хүсэлтэй бол саналаа тусгуулах боломж ажилтанд байсан. Хөдөлмөрийн гэрээг 2023 оны 4 дүгээр сард анх ажилдаа ороход нь, 2024 оны 01 дүгээр сард дахин шинэчилж байгуулсан, ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгчид гардуулж өгсөн баримт байдаг.

2.4. Хууль болон дотоод журамд сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтанд мэдэгдэж тайлбар авна гэсний дагуу *******ээс, мөн ажлыг шалгасан Бизнес, төлөвлөлт, гүйцэтгэлийн албаны захирал *******, ISO9001:2015 ажлын хэсгийн гишүүдээс тайлбар авч, танилцуулга бэлтгэж захирлуудын зөвлөлд хэлэлцүүлсний эцэст Гүйцэтгэх захирал өөрийн эрхийн хүрээнд бие даан шийдвэрлэж, сахилгын шийтгэл ногдуулсан. Ажлаас чөлөөлөх тушаалын хувьд сахилгын шийтгэл ногдуулсан өмнөх сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаа гэх нөхцөл байдал нөлөөлсөн, 3 сахилгын зөрчлийг энэ хугацаанд гаргасан гэдгийг гомдол хянан шалгах ажиллагааны дагуу тогтоож түүнд үндэслэж холбогдох хууль тогтоомжийн дагуу тушаал гаргасан.

2.5. Захиргаа удирдлагын газрын захирал ажлаа өгснөөр зохион байгуулалтын арга хэмжээ авах чиг үүргийн 3 болон 4 дэх хэсгийг Хуулийн хэлтсийн захиралд харьяалан ажиллуулах шийдвэр гарсан. Захиргаа удирдлагын газрын ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд энэ ажил нь Хуулийн хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолттой давхацдаг тул 3 дугаар чиг үүргийг хариуцах үүрэг даалгавар өгсөн. Өдөр тутамдаа хийдэг ажлыг энэ хүн хийсэн, өөрийнх нь үндсэн ажлын байрны тодорхойлолтод заасан ажилд ажил огтхон ч нэмэгдээгүй, илүү ажил гүйцэтгүүлсэн зүйл байхгүй тул нэмэгдэл хөлс шаардсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг ******* ХХК-ийн Захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 56,747,387 /тавин зургаан сая долоон зуун дөчин долоон мянга гурван зуун наян долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 56,747,387 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон цахим хэлбэрээр бичилт буюу бүртгэл хийлгэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 123 дугаар зүйлийн 123.2, 109 дүгээр зүйлийн 109.6-д заасныг баримтлан ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 сарын 13-ны өдрийн Б/54 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 441,686 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч *******э нь Дотоод аудитын газрын дарга, Дотоод аудитын газрын ажилтнууд болон гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал, газар, хэлтсийн захирлууд, албаны дарга нарын нийт 28 хүний цахим хаягт буюу тухайн харилцаанд хамааралгүй, цахим шууданг хүлээн авах шаардлагагүй хүмүүст Шударга ёс хаана байна?! Нэгнийхээ ажлыг ойлгохгүй юмаа гэхэд хүндэтгэлтэй харьцах Банкны соёл хаана байна. Ийм шударга бус байдалтай эвлэрч чадахгүй. Гүйцэтгэх удирдлага ярьж байгаа зүйлийнхээ эсрэг шийдвэр гаргаж, зориод байгаа зүйлсээ бүрэн гүйцэт ойлгоогүй тушаалууд гаргасаар байна, Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны хийх ажлыг биднээр хийлгэж байна гэсэн агуулга бүхий цахим шуудан илгээж гүйцэтгэх удирдлагын эсрэг ажилтнуудыг өдөөн хатгасан, турхирсан, ажилтнууд болон гүйцэтгэх удирдлагын хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гаргаж Хөдөлмөрийн дотоод журмын 10.13.8, Хөдөлмөрийн гэрээний 6.3.5-д тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Уг үйлдлээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.7-д ажилтан ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх үндсэн үүрэгтэй" гэж заасныг мөн зөрчсөн байхад анхан шатны шүүх уг заалтыг ноцтой зөрчилд тооцогдох нэг үйлдэл, тухайн үйлдэл нь нэрлэн заасан бүх шинжийг хангах ёстой мэтээр буруу тайлбарлаж, хэлбэрийн бүрэлдэхүүн бүхий зөрчлөөс үр дагавар шаардаж, мөн уг заалтад тусгагдсан бусад зөрчлүүдийн шинж чанарыг давхар хангахыг шаардаж цахим шуудан илгээсэн гэх үйлдлийн улмаас ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг хэрхэн гутаасан, худал мэдээлэл өгөх зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нөлөөлөх ямар үр дагаврыг бий болгосон болох тухайн цахим шуудангийн улмаас хамт олны эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн үйлдэл гаргасан гэдэг нь нотолсон баримтгүй байна" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Дээрх байдлаар ноцтой зөрчилд тооцогдох үйлдэл гаргасан болох нь *******ийн тайлбар, Бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга *******ий гаргасан гомдол, тайлбар, гэрчийн мэдүүлэг, цахим шуудан, шүүхээс цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогддог бөгөөд тус нотлох баримтуудыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг гэрээний талууд тохиролцон тодорхойлно. Гэтэл анхан шатны шүүх ямар зөрчил ноцтой зөрчилд хамаарах, ямар зөрчил ноцтой зөрчилд хамаарахгүй талаар дүгнэлт хийж хуулиар хөдөлмөрийн гэрээний талуудад олгогдсон эрх хэмжээнд халдаж, өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн.

4.2. *******ны жилийн тайлан хэвлүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн алба хуулийн хэлтсээс тухайн хэлтэст хамаарах мэдээллийг гаргуулан авсан байдаг. Хуулийн хэлтсээс гаргаж өгсөн мэдээлэлд өөрчлөлт оруулахгүйгээр буцаан илгээж орчуулж өгөхийг хүссэний хариуд Хуулийн хэлтсийн захирал *******э Хэвлэл мэдээллийн албаны дарга ******* болон Гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газар, хэлтсийн захирлууд, албаны дарга нарын цахим хаягт "Хууль, эрх зүй хэсгийг хуулийн мэдлэггүй хүн үлгэр зохиож бичсэн байна" гэсэн агуулга бүхий цахим шуудан илгээсэн.

Хэвлэл мэдээллийн албаны дарга ******* Дотоод үйл ажиллагааны хэлтэст "Хэвлэл мэдээллийн албыг хуулийн хэлтсийн мэдээллийг дур мэдэн зохиож бичсэн мэтээр цахим шуудан илгээсэнд гомдолтой байна. Хэвлэл мэдээллийн албаны хийсэн ажлыг юу ч хийгээгүй, өөрсдийн дураар зохиол бичсэн гэсэн буруу ташаа ойлголтыг байгууллагын удирдлагуудад өгч байна" гэсэн өргөдөл гаргасны дагуу шалгахад дээрх агуулга бүхий цахим шуудан нь үгийн сонголт, утга агуулгын хувьд доромж утгатай байсан ба *******э нь уг цахим шуудан илгээсэн үйлдлээрээ Хөдөлмөрийн гэрээний 3.2.3-д "банкны хамт олны дотоод уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлж болох аливаа үйлдэл гаргахгүй байх" гэж, 3.2.9-д "харилцааны өндөр соёл, ёс зүйн хэм хэмжээг байнга сахиж ажиллана" гэж заасан ажилтны хүлээх үүргийг тус тус зөрчиж сахилгын зөрчил гаргасан. Дээрх сахилгын зөрчил гаргасан нь Хэвлэл мэдээллийн албаны дарга *******ийн өргөдөл, *******ийн тайлбар, хуульч ын тайлбар, гэрчийн мэдүүлэг, Хуулийн хэлтэс болон Хэвлэл мэдээллийн албаны хооронд тайлангийн мэдээлэлтэй холбоотой ирсэн, явсан цахим шуудан, шүүхээс цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх Хэвлэл мэдээллийн албаны дарга *******ийг хэл амаар доромжилсон, түүний нэр төр, алдар хүндийг хэрхэн гутаасан болох нь баримтаар тогтоогдоогүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэсэн, үгүйсгэсэн зүйлгүй байна.

Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаартай тогтоолын 1.1-д "...нэр төр" гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшний талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлнэ" гэж, 1.2-д ""...алдар хүнд..." гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно" гэж зааснаар ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшний талаар бусдаас өгч буй үнэлэмж нь нэр төрд хамаарна. Бусдад Хэвлэл мэдээллийн албаны хийж гүйцэтгэсэн ажлыг буруу зөрүү, үлгэр зохиол бичсэн мэт ойлголт төрүүлж буй нь хэвлэл мэдээллийн албаны, тухайн албыг удирдаж буй албаны даргын ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшний талаар сөрөг ойлголт төрүүлж нэр төрд нь цаашлаад алдар хүндэд нь халдаж буй явдал юм.

4.3. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хүрээнд ажилтан тодорхой эрх эдлэхийн зэрэгцээ үүрэг хүлээх ба хөдөлмөрийн гэрээгээр банкны хамт олны дотоод уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлж болох аливаа үйлдэл гаргахгүй байх, харилцааны өндөр соёл, ёс зүйн хэм хэмжээг байнга сахиж ажиллах үүрэг хүлээсэн.

*******э өөрт нь сахилгын шийтгэл ногдуулах тухай Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/54 дугаартай тушаалын төслийг хууль зүйн хувьд хянасан түүний шууд удирдлагад ажиллаж байсан Хуулийн хэлтсийн хуульч , нарт хууль бус шаардлага тавьж, цаашид хамтран ажиллахгүй гэж дарамт, шахалт үзүүлсэн үйлдлээрээ Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ зөрчиж сахилгын зөрчил гаргасан. Уг сахилгын зөрчлийг гаргасан болох нь хуульч ийн гаргасан шүгэл үлээх тухай гомдол, гэрчийн мэдүүлэг, хуульч *******ын тайлбар, хуульч ын гэрчийн мэдүүлэг, шүүхээс цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тус тус нотлогддог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.3, 7.1, 7.1.3-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд сэтгэл зүйн дарамт үйлдэх замаар ажлын байрны аливаа төрлийн дарамт үзүүлэхийг хориглосон. Хуульч , нарын шууд удирдлага буюу тэдний ажлыг өдөр тутам удирдан чиглүүлдэг *******э тэдэнд цаашид та нар шиг хуульчидтай хамтран ажиллах боломжгүй гэж хэлэх нь сэтгэл зүйн дарамтад оруулж буй явдал юм. Иймд ажил олгогчоос Хөгжлийн банк Хөдөлмөрийн тухай хуулийн 7.4-д заасан үүргийн хүрээнд өөрийн эрх хэмжээг хэтрүүлж доод шатны ажилтнуудад дарамт шахалт үзүүлсэн *******эд сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэж дарамт, шахалт гэдгийг зөвхөн зодох, цохихоор хязгаарлаж хуульд тусгагдсан сэтгэл зүйн дарамтыг авч үзээгүй нь учир дутагдалтай.

******* нь Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/54 дугаартай тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд дээр дурдсан сахилгын 2 зөрчил болон ноцтой зөрчил гаргасан. Улсын дээд шүүхийн тогтоол, зөвлөмжид дурдсан зөрчил тус тусдаа тогтоогдсон байх шаардлага хангагдсан тул ажил олгогч ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчил давтан гаргасан шалтгаанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт нийцсэн, үндэслэлтэй шийдвэр юм.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хууль тогтоомжийг буруу, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэн, нотлох баримтыг зохих ёсоор үнэлэлгүй, ажил олгогчид хууль тогтоомжоос давсан шаардлага тавьж, ажилтны хууль тогтоомж, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг үгүйсгэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтан өөрийн дураар авирлах эрхтэй мэт буруу жишиг тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангах зорилгод үл нийцсэн шийдвэр гаргасан.

*******ээс дээрх сахилгын зөрчлүүдтэй холбогдуулан тайлбар авахаар Хүний нөөцийн асуудал хариуцсан хэлтсээс удаа дараа холбогдоход тайлбар өгнөө гэдэг боловч тухайлсан тайлбар өгөөгүй. *******э нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал, мөн 06 сарын 19, 24, 25 өдрүүдэд ажилласан ба тайлбар өгөх боломжит хугацаа олгосон.

Мөн анхан шатны шүүх дундаж цалин хөлс тодорхойлох журамд тухайн ажилтны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасныг ажилтны бүтэн ажилласан сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 12-т "*******ийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг эрхлэн явуулах чадвартай эсэх, эрхэлсэн албан тушаалдаа тэнцэх эсэхэд дүгнэлт хийж асуудлыг шийдвэрлэх нь байгууллага хамт олны эрх ашигт илүү нийцэхээр байжээ гэж дүгнэж Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсгийг 80.1.2 дахь хэсэгтэй хольж, зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хэн аль нь нотлох баримтаа судлуулах ажиллагаа хийлгэсэн. Нэхэмжлэгчийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болон давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан талаар тайлбарлахдаа анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/69 дүгээр тушаалд гаргасан 1.1, 1.2, 1.3 гэх зөрчлийг гаргаж байгаа нь давтан зөрчил гэж тайлбарласан болохоос 2024 оны 05 сарын зөрчил гэж тайлбарлаагүй. Анхан шатны шүүх нэг зөрчлийн актаар олон зөрчил гаргасан асуудлыг журамлаагүй гэх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Хөдөлмөрийн дотоод журмын 10.7, 10.8-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоосон байх бөгөөд энэ талаарх баримт, үндэслэлийг холбогдох ажилтанд буюу нэхэмжлэгчид танилцуулсан байхыг шаардсан байхад энэ ажиллагаа хийгдээгүй.

Түүнчлэн Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэлд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тайлбар авах хугацаа дууссан гэж тайлбарласан. Гэтэл хэргийн 39 дүгээр талд авагдсан баримтаар нэхэмжлэгч 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өвчтэй байсан нь тогтоогддог. Тушаалын гол үндэслэл болж буй 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд тухайн хурлын тэмдэглэлд огт зөрчлийг шалган тогтоогоогүй буюу ямар үндэслэлээр ажлаас халж байгаа болон сахилгын давтан зөрчлийн талаарх үндэслэл ч мөн тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид ямар шийтгэл ногдуулж байгаа, сахилгын давтан зөрчил гаргасан эсэхийг шийдвэрлэсэн гэх хэсэг байхгүй, зөвхөн асуулт асууснаар тухайн захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл дууссан.

5.2. Ажлын байрны дарамтыг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан нөхцөлөөр дүгнэсэн. Хэрэгт , гэх 2 хүний өргөдөл авагдсан бөгөөд тухайн өргөдлөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1-7.3 дахь хэсэгт заасан ажлын байрны дарамт гэх агуулга нотлогдоогүй. Нэхэмжлэгчид 3 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсны дараа нэхэмжлэгчийн зүгээс надад сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар хэлэхгүй яасан юм бэ гэж нэг удаа байгууллагын хуулийн мэргэжилтэнд хандсаныг ажлын байрны дарамт гэж үзсэн. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс эгчдээ энэ асуудлаар зөвлөгөө өгөөч гэж хэлэхэд нь тухайн тушаалыг би хянасан учир зөвлөгөө өгөх боломжгүй гэж хэлсэн байдаг. Миний бие анхан шатны шүүх хуралдааны үед гэрч нараас үүнээс өөр зүйл хэлж, дахин дарамталсан асуудал байгаа юу гэж асуухад , нар нь үгүй гэж хэлсэн. ыг зөвлөгөө өгөх боломжгүй гэж хэлэхэд нэхэмжлэгчийн зүгээс заавал үүнийг хийж өг шахсан уу гэхэд үгүй гэж хэлдэг. Иймд энэ нь ажлын байрны дарамт биш юм.

5.3. Ажил хэргийн харилцааны явцад ёс зүйн, үг хэллэгийн хувьд жишээ нь үлгэр зохиох гэдгийг харилцааны доголдол гэж үзэх ямар нэгэн стандартчилсан дүрэм, журам байхгүй. Мөн харилцааны доголдол болон сахилгын зөрчил гэж үзэх хэм хэмжээ тухайн байгууллагад байдаггүй үүнийг зөв шүүх тогтоосон. ийн өргөдлийн тухайд энэ хүн ажил мэргэжлийн хувьд тэнцэж байна уу гэдгийг дүгнэж өгнө үү гэх өргөдөл бөгөөд тухайн өргөдөл хэрэгт авагдсан. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт заасан агуулгаар өргөдөл гаргаж байна уу гэдгийг гэрчийн мэдүүлгээр тодруулсан ба бичгийн нотлох баримтад үндэслэж тухайн дүгнэлт гарсан.

5.4. Сахилгын шийтгэлийг давтаж гаргасан гэх агуулгыг зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгаагүй бөгөөд ноцтой зөрчил гэж дүгнэсэн дүгнэлт мөн байхгүй. Улсын Дээд шүүхээс сахилгын давтан зөрчил-ийг тус бүр тогтоосон байх ёстой гэдэг. 2024 оны 05 дугаар сарын сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх агуулга нь анхан шатны шүүх хуралдааны үед огт яригдаагүй. Дундаж цалин хөлс тодорхойлох журам болон ажил олгогчоос гаргасан цалин хөлсний баримтыг хэрэгт өгсөн. Тухайн баримтад сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотойгоор цалингийн 20 хувийг суутгасан гэх суутгал байдаггүй. Нэхэмжлэгчийн хувьд 2024 оны 04, 05, 06 дугаар сард бүтэн ажиллаагүй. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд хэрэв бүтэн өдөр ажиллаагүй бол нэг өдөрт ногдох дундаж цалинг гаргана эсвэл бүтэн ажилласан сарын дундаж цалин хөлснөөс тооцож дундаж цалин хөлсийг тооцно гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******э нь хариуцагч ******* ХХК-д нарт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, *******ны Гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/54 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажил үүрэг хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 14,874,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

3.1. *******ны гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн *******этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/69 дугаартай тушаалаар байгууллагын хамт олны дотоод уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлэх, эв нэгдлийг үймээн бутаргахад чиглэсэн, өдөөн хатгах, турхирах агуулга бүхий цахим шууданг Гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газар, хэлтсийн захирал, албаны дарга, дотоод аудит хариуцсан ажилтнууд руу явуулсан үйлдэл гаргаж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан,

бусдыг хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах агуулгатай албаны цахим шууданг байгууллагын Хэвлэл мэдээллийн албаны дарга руу явуулсан сахилгын зөрчил гаргасан,

өөрийн шууд удирдлага дахь ажилтнуудад дарамт шахалт үзүүлсэн сахилгын зөрчил гаргасан гэсэн 3 үндэслэлийг зааж, *******этэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалжээ.

3.2. Дээрх тушаалын 1 дэх заалтын үндэслэлийг Хуулийн хэлтсийн захирал *******ийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 19:32 цагт Дотоод аудитын газрын захирал , Дотоод аудитын газрын нийт ажилтнууд болон гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газар, хэлтсийн захирлууд, албаны дарга нарын байдаг цахим шуудангийн групп руу Шударга ёс хаана байна. Нэгнийхээ ажлыг ойлгохгүй юмаа гэхэд хүндэтгэлтэй харьцах банкны соёл хаана байна. Ийм шударга бус байдалтай эвлэрч чадахгүй. Гүйцэтгэх удирдлага ярьж байгаа зүйлийнхээ эсрэг шийдвэр гаргаж, зориод байгаа зүйлсээ бүрэн гүйцэт ойлгоогүй тушаалууд гаргасаар байна гэсэн цахим шуудан илгээсэн нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ.

3.3. Сахилгын шийтгэл ногдуулсан талаарх мэдээллийг удирдлагын цахим шуудангийн группт нийтэлсэнтэй холбогдуулан тухайн группт ажил олгогч байгууллагын хэдэн тооны, ямар албан тушаал хашдаг, тэдгээр нь нэхэмжлэгч *******эд ногдуулсан сахилгын шийтгэлийн талаар ажлын чиг үүргийн хүрээнд мэдээлэлтэй байх шаардлагатай этгээдүүд мөн эсэхийг тодорхойлох нь зүйтэй. Үүний дараа ажил олгогчийн гаргасан тушаалын үндэслэлд дүгнэлт өгөх учиртай.

 

4. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/02800 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Э.ЗОЛЗАЯА