| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2019/0077/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/70 |
| Огноо | 2019-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/70
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч овогт Н-н Ц-д холбогдох эрүүгийн 1917001270070 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 04-нд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ч-н овогт Н-н Ц, /РД: ИБ
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний шөнийн 03 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1-р баг, 8 дугаар байрны 1-9 тоотод Д.Д-ой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний төмсөгийг базаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Н.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 01-ний шөнийн 03 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 8 дугаар байрны 1-9 тоотод хохирогч Д.Д-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний төмсөгийг базаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар 30-ны орой Д.Д-той гэртээ 2,5 литрийн пиво уусан. Гарч дэлгүүрээс лаазтай пиво авч гэртээ оруулж тавьчихаад бааранд орж пиво уусан. Баар хаахаар гарч гэрт очиж үлдсэн пиво уухдаа цалин хөлсний асуудлаас болж жаахан маргалдсан. Д.Д-н төмсөгнөөс нь базаж хуйхнагт нь гэмтэл учруулсан гэв.
1.2. Шүүгдэгч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2019 оны 07 дугаар сарын 01-ний шөнө Д.Д-н биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Би 2018 оны 07 дугаар сарын 23-наас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Шивээ-Овоогийн уурхайд гэрээгээр ковш түрээслүүлэн ажилласан. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ очиход уурхай түлш байхгүй гээд 09 цагт ажлаасаа буусан. Тэгээд буцаад байрандаа ирсэн. Тэгээд орой 16 цагийн үед Д бид хоёр пиво уухаар гараад дэлгүүрээс 2.5 литрийн Боргио нэртэй пиво 1 ширхэгийг аваад байрандаа ирээд Д бид хоёр хувааж уусан. Энэ пиво дуусаад 0.5 литрийн савлагаатай 6 лааз пиво авсан. Энэ пивоноос уулгүй Шивээговь сумын төвд байдаг бааранд ороод 0.5 литрийн савалгаатай 7 лааз пиво авч уусан. Баар 00 цаг өнгөрч байхад хаасан. Би хоёр ууж дуусгаагүй нэг нэг лаазтай пиво аваад гарсан. Тэгээд гэрийнхээ гадаа сууж байгаад нэг нэг лаазтай пиво уучихаад байрандаа орсон. Байранд ороход М гэдэг залуу байсан. Бид хоёрыг согтуу болохоор М байрнаас гараад явсан байх. Гэрээс гараад явсан байх. Би Шивээ-Овоо ХК-д түрээсийн ковш ажиллуулж байсан юм. Энэ ковшин дээр М, Д бид гурав ээлжлэн гарч ажилладаг байсан. Би өөрийгөө байхгүй үед Д ковшоо хариуцуулж үлдээгээд цалин дээр нь 100 000 төгрөг нэмж өгдөг байсан. Сүүлийн хэдэн сар би өөрөө ковшоо хариуцан ажилласан болохоор Д-н цалингаас 100 000 төгрөг хасаад өгсөн юм. Энэ асуудлаас болоод бид хоёр маргалдсан. Д элдэв юм яриад байхаар нь төмсөгний хуухнаг дээрээс нь гараараа базсан. Д миний хөл рүү хөлөөрөө жийсэн. Би төмсгийг нь тавьсан. Дараа нь жоохон байж байгаад Д надад миний хуухнаг урагдаад төмсөг нь цаанаас нь ил гарсан байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг явсан. Эмнэлгээс цагдаад мэдэгдсэн..
Би Д-н эмчилгээнд гарсан зардал 800 000 төгрөг өгсөн. Д надаас өөр мөнгө нэхэмжлээгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
1.3. Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2018 оны 07 дугаар сараас хойш Шивээ-Овоо ТӨХК-д найз Ц-н түрээслүүлж байсан ковшийг Ц, М нарын хамт ээлжээр жолоодож байсан. Шивээ-Овоогийн уурхай 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр түлшгүй гээд зогсолт хийгээд бид нар амарцгаасан. Тэр орой Цэрэндаш бид хоёр 2.5 литрийн савлагаатай нэг пиво авч уучихаад дахиж пиво авах гээд гэрээс гарсан чинь дэлгүүр хаасан байсан болохоор Шивээговь сумын төвд байдаг нэрийг нь мэдэхгүй баар луу ороод 0.5 литрийн савлагаатай 6 лааз пиво аваад гэр лүүгээ харих гээд гарах үед бааранд Шивээгийн уурхайн ажилчид нилээн олон хүн сууж байсан. Тэгэхээр нь би гэртээ ирээд Ц хандаад гарч бааранд сууя олон хүн байна гэж хэлээд нөгөө авч очсон пивоо уулгүй орхиод Ц-н хамт гараад бааранд ороод тэндээ хүний 2 лааз пиво хувааж уучихаад гэртээ шөнө баар хаалгаад ирсэн. Гэртээ ирээд өмнө нь авсан лаазтай пиво ууж байгаад би Ц бид хоёр нилээн согтоод өгч авч байгаа цалингаасаа болоод хоорондоо маргалдсан. Тэр үед гэрт байсан М Ц бид хоёрыг орхиод гараад явсан. Ц бид хоёр хоорондоо маргалдаж байхад Ц миний бэлэг эрхтэний хавиас базаад авахаар нь би гарыг нь тавиулах гээд хөлөөрөө мөр лүү нь жийсэн чинь шувт татаад надад учирсан гэмтэл миний биед үүссэн. Өөр зүйл болоогүй. Ц бид хоёр үүнээс өөр бие биенийгээ зодож цохисон асуудал байхгүй. Миний хувьд Ц-г цохисон зодсон асуудал гаргаагүй. Тухайн үед гэрт Ц бид хоёроос өөр хэн нэгэн хүн байгаагүй....
Ц надад сард 1 400 000 төгрөгийн цалин өгдөг байснаа энэ оны 02 дугаар сараас миний цалинг 1 300 000 болгож бууруулсан. Би цалин бууруулсныг согтуудаа буруу илэрхийлээд Ц-тай маргалдсан юм. Ер нь бол согтуу хүмүүс бие биенийхээ үгийг даалгүй хоорондоо маргалдсан юм. Би Улаанбаатар хотод Ачтан эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд цаад төмсөгөндөө ямар нэгэн нөлөө байхгүй байна. Урагдсан хуйхнагт 5 оёдол тавиулсан. Ариун цэвэр сахих үүднээс Ачтан эмнэлэгт 6 хоног хэвтээд боолт хийлгээд гарсан. Одоо миний биед учирсан шарх бүрэн эдгэрсэн. Эмчилгээний зардлыг Ц бүгдийг нь төлсөн. Миний хувьд хойшид Ц-д хандан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Асуудлыг түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Цэрэндашийн асуудлыг аль болох хуулийн дагуу хөнгөн шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/
Ц миний төмсгийг базчихаад тавихгүй өвдөөд байсан. Төмсөг өвдөөд байхаар нь тавиулах гээд хөлөөрөө мөр лүү нь өшиглөж тавиулсан. Базаж байхад нь миний төмсөгний хуйхнаг урагдсан байх, нилээн өвдсөн. Тэгээд төмсөг чинэрээд байхаар нь гаргаад хартал гадна хуйхнаг заадсаараа урагдсан цаанаас нь төмсөг нь ил харагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/
1.4. Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2019 оны 06 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчим Ц өнөөдөр ажиллахгүй амарна гээд гэрт ороод ирсэн. Ц, Д бид гурав хоорондоо юм ярьж сууж байгаад ам цангаад байна, ундаа авч ууя гэж ярьж байгаад Ц, Д нар пиво авч уухаар болоод Ц гараад нэг ширхэг 2.5 литрийн пиво авч ирээд Д, Ц нар хувааж уусан. Тэр пивийг ууж дуусаад Д дахиад пиво ууя гэж хэлээд дэлгүүр хаасан болохоор Д Ц-с мөнгө аваад байр луу явж 6 ширхэг лаазтай Касс нэртэй 0.5 литрийн пиво авч ирэхдээ бааранд таньдаг хүмүүс зөндөө сууж гээд байна. Би арай гэж гарч ирлээ, яах вэ гээд Ц-с асуугаад байсан. Би тэгэхээр нь хажуунаас нь баар луу орж яах гээд байгаа юм бэ, өглөө ажилтай байж энэ авчирсан пиво уучихаад унтаач гэж хэлсэн чинь Ц орноосоо босоод хувцасаа өмсөөд Д-н хамт бааранд орохоор гарсан. Гарахдаа Д ах нь даварч магадгүй маргааш өглөө миний ээлжин дээр гараарай гэж хэлээд гарсан. Би гэртээ унтаад үлдсэн. Шөнө 03 цаг өнгөрч байхад Д, Ц нар гаднаас согтуу орж ирээд хоорондоо цалин хөлснөөс болоод маргалдаад байсан. Маргалдаад байхаар нь миний нойр сэргээд гэрээс гарч яваад 06 цагийн орчим буцаад орсон чинь Д уйлчихсан энэ Ц миний төмсгийг базаад хаячихлаа гээд үглээд сууж байсан. Намайг гэрээс гарахад Д, Ц нараас өөр хүн байгаагүй. Би тэр хоёрыг гаднаас нь түгжээд түлхүүрээ аваад явчихсан байсан. Би Д-н төмсгийг нь харахад төмсөгний хувьд арьс нь урагдсан, цаанаас нь төмсөг нь гараад ирчихсэн байсан. Би ажилдаа гарах гээд хувцсаа өмсөөд Ц-г унт гээд оронд хэвтүүлээд Д-н хувцсыг өмсүүлээд эмнэлэг рүү авч ирж үзүүлээд байж байгаад би гэрт буцаж ирээд ажлын хувцсаа сольж өмсчихөөд эргээд эмнэлэг орсон чинь эмч нь цагдаа дуудсан гээд байж байсан. Тэгтэл удалгүй гаднаас цагдаа нар орж ирээд би цагдаа нарт гэрээ зааж өгөөд цагдаа нар Даваа-Очирыг аваад Чойр луу явсан. Д-н биед төмсөгний хальс урагдсанаас өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Ц-н биед хүзүү нь улайсан зураас гарсан байсан. Тэрийг Ц өөрөө хагарсан аягаар зурсан гэж байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
1.5. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 212 дугаартай дүгнэлтэд:
- Д.Д-н биед хуйхнагны урагдсан шарх гэмтэл учирчээ.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2019 оны 07 дугаар сарын 01-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Ц-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Н.Ц нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Н.Ц, хохирогч Д.Д нар нь согтууруулах ундааг зохистой хэрэглээгүйгээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Н.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Б.С-лд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Ц ахын хувьд дөлгөөхөн, томоотой, тайван зантай. Хүнтэй эвсэг харилцаатай. Ажилч хөдөлмөрч зантай. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Өөрийнхөө хувийн ковшоор энэ тэнд ажил хийж амьдрал ахуйгаа авч явдаг. Архи дарс бараг хэрэглээд байдаггүй. Ер нь хөндлөнгөөс харж байхад бусадтай их нийтэч хүн харагддаг. Элдэв янзын ааш зан байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
2.2. Гэрч Т.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Цэрэндаш ахын хувьд уур уцааргүй тайван зантай. Хүнтэй эвсэг харилцаатай. Шударга хөдөлмөрч зантай. Архи дарс бараг хэрэглэхгүй. Гэр бүл хамаатан садангийн хүмүүсийн дунд нэр хүнд сайтай. Гэр бүлдээ анхаарал халамж сайтай. Хүнтэй урд муудалцаж байсан гэж сонсож байгаагүй. Өөрөө хувьдаа ковш трактортой. Энэ тэнд түрээсээр ажиллаж гэр бүл амьдрал ахуйгаа авч явдаг. Хүний хувьд бол элдэв янзын ааш зан байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
2.3. Шүүгдэгч Н.Ц-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 20 дугаар хуудас/
2.4. Хохирогч Д.Д-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,
2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,
2.6. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 31 дүгээр хуудас/
2.7. Зөрчлийн лавлагааны хуулбар /40-44 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Прокуророос шүүгдэгч Н.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан байна.
Иймд шүүгдэгч Н.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Н.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч-н овогт Н-н Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ