Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01297

 

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03745 дугаар шийдвэртэй,

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

*******, *******, ******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 44,630,698.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндсэн,

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ1901/200 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, барааны тэмдэгтийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч *******, *******, ******* нартай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ1901/200 тоот зээлийн гэрээг байгуулж, 27,000,000 төгрөгийг жилийн 21,60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар зээлсэн.

1.2. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр *******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, хороо, хотхон, гудамж, байр, зоорийн давхрын байршилтай, 15 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, хороо, хотхон, гудамж, байр, зоорийн давхрын байршилтай, 15 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

1.3. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.

1.4. 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25,105,247.30 төгрөг, үндсэн хүү 17,313,235.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,192,213.11 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 44,630,695.71 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

1.5. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зээл авах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу банк (Одоогийн ******* ХК)-аас ******* ХХК-ийн зээлийн дансанд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 27,000,000 төгрөгийг олгосон нь нэхэмжлэгчээс шүүхэд хавсаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцооллоор нотлогдоно.

1.6. Зээлдэгч ******* ХХК, *******, ******* нар нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааын гэрээнд тус тус гарын үсгээ зурж, зээлд 10,044,511.51 төгрөгийг төлсөн тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нарыг сайн дураар хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг байгуулж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлсөн гэх үндэслэлээр зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэнэ гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн гэрээ Ковид-19 цар тахлын үед байгуулагдсан. Тухайн үед банкны зүгээс санаачилга гаргаж, мөн барьцаа хөрөнгөтэй болохын тулд 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 27,000,000 төгрөгийн зээл гаргасан бөгөөд тухайн өдрөө ******* ХХК-ийн дансанд хийгээд буцаагаад зээлийн хүү төлөв гэдэг утгаар нийт 11,702,367 төгрөгийн зарлага гаргасан. Өөрөөр хэлбэл анхнаасаа энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байсан.

2.2. Ковид цар тахлын үед Монгол банкнаас зээлийн үндсэн хүү болон торгууль алдангиас чөлөөлүүлэх, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хүүгийн болон бодлогын хүүг бууруулах арга хэмжээнүүдийг авч байх үед банк зээлдэгчээ хуурч мэхлээд, оюуны өмчөөр баталгаажсан барьцааны гэрээтэй байсан бол үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж байсан. Мөн ******* ХХК-ийн захирал *******гийнх биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

2.3. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр банкнаас 11,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан зээлдэгчийн зээлийг төлөх зорилгоор банкны зүгээс зээлийн үйл ажиллагааны журмаа зөрчиж, өөрөөр хэлбэл тухайн зээлдэгч маань төлбөрийн чадваргүй болсон, мөн ковид цар тахлын зээлийн хүү алданги зээлийн төлөлтийг хойшлуулсан цаг хугацаанд дуудаж авчраад 27,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. 27,000,000 төгрөгөөс өмнөх зээлийн төлбөрт нь хаагдсан юм бол барьцаанд тавьсан барааны тэмдгийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргадаг. Одоог хүртэл барьцаанд авсан барааны тэмдгийн гэрчилгээг буцааж өгөхгүй, хаана байгаа нь тодорхойгүй болсон.

Иймд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №3 1901/200 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ҮҮДЗБГ1901/190311 дугаартай зээлийн барьцааны гэрээнд барьцаалагдсан, барааны тэмдгийн 000000005 гэрчилгээний дугаартай улсын бүртгэлийн дугаар 40-0019425 дугаартай, Оюуны өмчийн газар бүртгэгдсэн, ******* ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй барааны тэмдгийг барьцаалбараас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг нийт 44 610 695 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, үлдэх 20 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч нар мөнгөн төлбөрийн үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч *******ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 хороо, хотхон гудамж байр зоорийн давхарт , хаягт байршилтай тус бүр 15м кв талбайтай автозогсоолын зориулалттай 2ширхэг үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******-ийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн №зг1901/200 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барааны тэмдгийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,103 төгрөг, 70,200 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451,351 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 381,003 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн 3 дахь хэсэгт хариуцагч нар зээл авсан, барьцаанд 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон гэх худал дүгнэлтийг хийсэн бөгөөд уг үйл баримтын талаар хариуцагч үргэлж маргаж ирсэн. Учир нь банк 27,000,000 төгрөгийн зээлийг олгох үед хариуцагч тал 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 13 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж, барьцаанд нь "барааны тэмдгийн гэрчилгээ" барьцаалсан байсан. Мөн цар тахлаас шалтгаалан зээлийн гэрээний үүрэг доголдож төлж чадахгүй байсан.

Энэ үед банк Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэхгүйгээр зээлийн эрсдэлийг хаах зорилгоор "барьцаа хөрөнгө"-тэй болох гэж зээлийн шалгуур хангахгүй хүнд зээл олгож, гарын үсгийг нь дуурайлган зурж зээлийн хүсэлт бичиж /шүүхийн шинжилгээний үндэсний төв хуурамч гарын үсэг зурсан гэдгийг нотолсон/, дансанд орсон зээлээс нь мэдэгдэлгүй шилжүүлэг хийж өмнөх зээлийг нь хаасан.

Нэхэмжлэгчийн данснаас таталт хийж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5 дахь хэсэгт "зээлдэгчийн дансанд мөнгө шилжүүлснээр мөнгө авсанд тооцно гэх заалтуудыг зөрчсөөр байхад "нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй. Мөн өмнөх зээлийг нь данснаас нь мөнгө татаж хаасан хэрнээ барьцаанд нь тавьсан байсан "барааны тэмдгийн гэрчилгээ"-г суллаж өгөхгүй, хаана байгааr нь мэдэхгүй гэж банк хариулж байгаа нь ойлгомжгүй юм. Банк *******ны бусдаас авах авлагыг нэхэмжлээд байгаа атлаа "бусдын өмнө хүлээсэн үүрэг"-ийг анхаарч үзэхгүй байгаад гомдолтой байна. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гаргаж байгаа атлаа өмчлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан, мөнгийг хэнээс, үл хөдлөх эд хөрөнгийг хэнээс шаардаж байгаа нь тодорхойгүй.

4.2. Хариуцагч нар нэхэмжлэгч банктай зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд тус банк нь ******* банкинд манай гэрээг шилжүүлэхдээ мэдэгдээгүй, гэрээний үүргээ зөрчсөн болохыг нь нотлуулахаар шүүхэд хандаж хүсэлт гаргаж тухайн үед мөрдөгдөж байсан холбогдох дүрэм, журмыг нь гаргуулсан боловч нэхэмжлэгчийн ирүүлсэн нотлох баримтыг хариуцагч нарт танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн. Тэгсэн хэрнээ илт ******* ХК-ийн талд дүгнэлт хийж "Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээлдүүлэгч банк ХХК байсан банк ХХК-ийн үйл ажиллагаа зогсож, түүний эрх, үүрэг хариуцлага ******* ХК-д шилжсэн, ******* ХК нэхэмжлэх эрхтэй талаар зохигчид маргаагүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, маргах гэж ирүүлсэн нотлох баримтыг танилцуулаагүй.

4.3. Банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Банк нь зээлийн хүсэлтийг судалж, зээлдэгчийн төлбөрийн чадвар, барьцаа хөрөнгө эрсдэл зэргийг үнэлсний үндсэн дээр зээл олгоно гэх заалтыг зөрчиж байгааг нотлохоор банкны зээл үнэлсэн аргачлал, үндэслэл, зээлийн хорооны шийдвэр, хурлын тогтоолоо гаргах өгөхгүй байсаар эцэстээ шүүх хуралдаа ирэхгүй "нэхэмжлэлийг буцаасан" гэтэл дахин 1 жилийн дараа нэхэмжлэл гаргаж нэхэмжлэл нь 44,630,698 төгрөг болж нэмэгдээд орж ирсэн, ингэснээр хариуцагч миний бие тухайн банкинд 11,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан атал 44,000,000 төгрөг болж, өмнөх 11,000,000 төгрөгийн зээлийн хүүг давхар төлөх нөхцөл байдалтай болсон нь "шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" гэх хуулийн шаардлагад нийцээгүй, хэргийн бодит үйл байдлыг шүүгч буруу ойлгож дүгнэсэн гэж үзэж байна.

Мөн сөрөг нэхэмжлэлийг "хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны ямар хэм хэмжээнд харшилсан хэлцэл байгуулсан, түүнд нэхэмжлэгчийн бурууг нотлох баримтаар нотлоогүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үр дагаврыг тодорхойлоогүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзнэ" гэж товч дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг дүгнэлт нь хариуцагч сүүлд ирсэн нотлох баримттай танилцаж, тайлбар гаргаж нотлох байсантай холбоотой бөгөөд Банкны тухай хууль болон дүрэм журмаа зөрчсөн, үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүй данснаас мөнгө татсан, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тохиолдолд "өгсөн авсан зүйлээ буцаана, хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй" гэх мэтээр хангалттай тайлбарласан болно.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч тал нь өмнөх зээл гэх асуудлын талаар ярьдаг. 2019 онд 1 жилийн хугацаатай зээл авсан боловч зээлдэгч Ти Би импайр ХХК-ийн зүгээс тухайн үеийн банк одоогоор ******* ХК-д зээлийн гэрээний хугацааг урт хугацаатай буюу 3 жилийн хугацаатай болгож, зээл авъя гэх хүсэлт гаргасны дагуу *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарч байсан. Үүний дагуу *******-ийн харилцах дансанд 27,000,000 төгрөгийн зээл олголт хийгдсэн байхад хариуцагчийн өмгөөлөгч 11,000,000 төгрөгийн зээл гэх зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед *******ын өмчлөлийн 2 ширхэг авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авч байсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс зээлийн эдийн засагч зээлийн гэрээг байгуулахдаа дарамт шахалт үзүүлсэн, хүчээр дуудан ирүүлж зээлийн гэрээ байгуулсан, энэ зээлийн гэрээ шалгуур хангаагүй байхад компанийн нэр дээр зээл олгосон гэж маргадаг боловч үүнтэй холбоотой ямар нэгэн баримт байдаггүй.

Мөн *******-ийн зээлийн асуудалд зөрчил үүссэн гэж тайлбарладаг. Зээлийн зөрчил үүссэн тохиолдолд зээл олголт хийгдэхгүй бөгөөд зөрчил үүссэнтэй холбоотой баримт байдаггүй. Харин ч эсрэгээрээ компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан тул зээлийн олголт хийгдсэн ба энэ талаарх баримт байгаа. Хариуцагч тал нь энэ зээлийн гэрээг анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэж маргадаг. Ийнхүү маргаж байгаа тохиолдолд тухайн зээлийн гэрээнд хариуцагч тал гарын үсэг зурахгүй байх боломжтой байсан. Иргэний хуулийн 40, 189 дүгээр зүйлүүдэд гэрээ 2 талын хүсэл зоригийн үндсэн дээр илэрхийлэгдэх талаар заасан. Зээлдэгч 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1,800,000 төгрөг, үндсэн хүүд 7,900,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 165,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг төлсөн. Үүгээр хариуцагч нь гэрээг хүлээн зөвшөөрч эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтөө хийж байсан нь нотлогдож байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасантай нийцэж байгаа юм.

5.2. Хариуцагчийн харилцах данснаас мөнгө татаж авсан гэж хариуцагчийн өмгөөлөгч хэлдэг, гэвч ийм эрх банкинд байхгүй. Харин харилцах данснаас нь 3 удаагийн гүйлгээгээр 11,000,000 төгрөгийн зээл хаагдсан баримт хэрэгт авагдсан байгаа. банк болон ******* ХК гэх нэршлийн тухайд техникийн алдаа гарсан. Шүүхийн шийдвэрт банк гэж бичигдсэн боловч тухайн 2 хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа нэгтгэснээр одоо нэг үйл ажиллагаа явуулж байгаа. Хариуцагч тал нь банк манай гэрээг шилжүүлэхдээ мэдэгдээгүй нь үндэслэлгүй гэх гомдол гаргасан. Гэтэл тухайн гэрээг анхнаасаа банктай байгуулсан. Мөн шинээр илэрсэн нотлох баримтыг хариуцагч нарт танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн гэх зүйлийг ярьдаг.

5.3. Хариуцагч талд хурлын тов болон нотлох баримт ирсэн талаар шүүгчийн туслах мэдэгдсэн. Гэтэл хариуцагч нарын зүгээс шүүх хуралдааны товыг буруу ойлгосон байсан. Харин хариуцагчийн өмгөөлөгч ирсэн байсан тул шүүх хуралдаан үргэлжилсэн. Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгчийн харилцах дансанд зээл олголт хийгдсэнийг зээлдэгч хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсгээ зурж, зээлийн төлөлтийг хийж явсан. Мөн хариуцагч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохоос *******ын өмчлөлтэй холбоотой асуудлаар ямар нэгэн гомдол, тайлбар гаргаагүй учир тухайн барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,630,698.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ1901/200 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, барааны тэмдэгтийг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. Үүнд: анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/11425 дугаартай захирамжаар нэхэмжлэгчээс банкны Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн журам /2019-2020 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан/, банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/181 тоот тушаалаар батлагдсан Зээлийн үйл ажиллагааны журам, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/112 тоот тушаалаар батлагдсан Зээлийн үйл ажиллагааны журам, банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам /2019-2020 онд үйлчилж байсан/, банкны 2020 оны 01 дүгээр сард хүчин төгөлдөр үйлчилж байсан Бизнесийн зээлийн үйл ажиллагааны журмуудыг нотлох баримтаар гаргуулах хариуцагч талын хүсэлтийг хүлээн авч, тухайн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулж ирүүлэхийг даалгасан захирамжийн заалт хуульд нийцэхгүй байна. Учир нь

Тухайн хэргийн оролцогчийн өөрийн хуулбар үнэн тэмдэг дарсан нь Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан "төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд" гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй гэснийг зөрчжээ.

3.2. Хариуцагч талаас ******* ХК-тай 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн зөрчил арилаагүй байхад дахин 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон нь банкийг зээл олгох үйл ажиллагааны журмыг зөрчсөн гэж маргаж байгаа тохиолдолд тухайн үед мөрдөгдөж байсан журмуудыг үнэлж, эрх зүйн дүгнэлт өгөх учиртай юм.

Гэтэл анхан шатны шүүх тухайн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг хүлээн авч, улмаар шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.

Ийнхүү хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул хариуцагчийн материаллаг эрх зүйн талаар гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

4. Дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03745 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 452,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Э.ЗОЛЗАЯА