| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/10128/И |
| Дугаар | 210/МА2025/01298 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/01298
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03725 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй
*******, ******* нарт холбогдох
219,821,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч бөгөөд хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Талууд оюутан ангийн найзууд байсан бөгөөд 2016 онд төгсөгч нарын ойн уулзалтаар ******* болон түүний эхнэр ******* нартай уулзахад машины сэлбэг оруулах бизнес эрхэлдэг, мөнгөө хүүтэй зээлдүүлээд сар болгон хүүгээ авч болно гэх санал тавьсаны дагуу 60,000,000 төгрөгийг зээлж, уг мөнгийг 2017 онд төлснөөр эхний зээлийн харилцаа дууссан.
1.2. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 40,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 9,300,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10,400,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус өгсөн.
1.3. Талууд 2016 оноос хойших зээл, эргэн төлөлтийг дүгнэсэн ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд 100,000,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн гэсэн албан бичиг хийж өгсөн.
1.4. Ийнхүү тохиролцсоны дагуу сар болгоны 10-ны өдөр 2,500,000 төгрөгийн хүүг ******* нь өөрийнхөө данснаас төлдөг байснаа 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хүүг сар болгон төлж чадахгүй болоод, байнга тасалдаж, эсхүл өнжих болсон бөгөөд цар тахал гарч, нөхцөл байдал муудсан учраас түүнээс 100,000,000 төгрөгөө буцаан шаардахад тэрээр найдвартай 5 сарын дотор өгье, тооцоо нийлээд зээлийн гэрээ байгуулъя гээд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дээр дурдсан өмнөх зээл дээр нөхөж 4 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,1 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан.
1.5. Гэтэл хариуцагч өнөөдрийг хүртэл үндсэн зээл 100,000,000 төгрөг болон хүү, алдангийг төлөөгүй.
1.6. Иймд үндсэн зээл 100,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 31 сарын хүү 46,500,000 төгрөг, алданги 73,250,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан тэмдэгтийн хураамжид 71,400 төгрөг, нийт 219,821,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие 2016 оноос эхлэн *******гаас мөнгө зээлж, буцааж өгдөг байсан. Тэрээр 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хэдийгээр гэрээ байгуулсан боловч гэрээний зүйл болох 100,000,000 төгрөгийг ******* миний эзэмшлийн, ******* ХК-ийн ******* тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч огт мөнгө өгөөгүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох хууль зүйн зохицуулалттай нийцэхгүй юм.
2.2. Анх зээл өгч авсанаас хойш зээлсэн мөнгөө цаг тухайд нь өгч ирсэн болно.
2.3. Түүнээс гадна нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардсан гэх боловч 2018 он, 2019 онд тус тус шилжүүлсэн мөнгөн дүнг, хүү, алдангийн хамт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд эдгээр нь тусдаа асуудал, өмнөх зээлд зээлийн гэрээ байгуулагдаагүй.
2.4. 2016 онд 10,000,000 төгрөг, нэмж 30,000,000 төгрөгийг зээлж аваад буцаагаад өөрийн данснаас 300,000 төгрөгөөр 5 удаа, 2017 онд 300,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 1,440,000 төгрөг, 400,000 төгрөгөөр гээд 2016 онд 10,196,000 төгрөг, 2018 онд 8,240,000 төгрөг, бас өөр дансаар 60,012,000 төгрөгийг, дахиад 19,958,000 төгрөгийг, нийт 143,047,000 төгрөгийг 2016-2018 оны хооронд буцааж төлсөн.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа боловч уг гэрээг *******-тай байгуулаагүй юм.
3.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг шаардсан мөртлөө 2018 оны 12 сард шилжүүлсэн гэх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Энэхүү 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу мөнгө шилжиж орж ирээгүй.
3.3. Түүнээс гадна уг гэрээнд ******* оролцоогүй бөгөөд, иргэн *******той байгуулсан байдаг. Уг гэрээгээр хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 үгээр сарын 10-ны өдөр хүртэл, сарын хүү 1,5 хувь байх, зээлийн хэмжээ 100,000,000 төгрөг, мөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* ХК-ийн ******* тоот буюу *******ын дансанд шилжүүлэхээр тусгасан.
3.4. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *******-ийн албан бичиг байдаг боловч үүгээр 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваагүй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд компанийн нэр ерөөсөө дурдагдаагүй, зээлийн гэрээний оролцогч нар зөвхөн иргэн хүн байгуулсан. Иймд *******-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******, *******-иас 219,821,400 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,257,057 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/08088, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/12517 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д 2021 оны 01-р сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 100 сая төгрөгийг хариуцагч *******ын өмчлөлд шилжүүлж өгсөн болох нь тогтоогдохгүй байна, 7а-д Талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно" гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдсон, бодитоор зээл олгосон тухай 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх нийт 108,238,000 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн юм.
Шүүх хуралдаанд нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлуулж 2018, 2019 онд бодитоор зээл олгосныг нотолсон. Хэрэв зээлийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 13-нд байгуулах үед ******* өмнө зээлсэн 100,000,000 төгрөгөө буцаан төлсөн бол бичгээр гэрээ байгуулагдсан өдөр нэхэмжлэгч ******* түүний гэрээнд тусгасан дансруу шилжүүлэх боломжтой байсан. ******* өөрт байгаа, буцаан төлөөгүй 100,000,000 төгрөгөө өөрийнхөө аль дансанд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байлгах нь түүний эрх, дурын асуудал юм.
4.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэлээ 2018, 2019 онд зээлсэн мөнгөний асуудал бол тусдаа асуудал гэрээ байгуулаагүй, сар бүр 300,000 төгрөг, 2,5 сая, 1,5 сая гээд янз бүрээр төлсөөр байгаад дуусгасан. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 100,000,000 төгрөг шилжүүлээгүй гэж маргадаг. Нэхэмжлэгчээс хариуцагчийн сар бүр шилжүүлж байсан төлбөрийг зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгт 2,5 хувийн хүү буюу 2,500,000 төгрөгийн хүү төлж байсан учраас үндсэлн зээлийн төлбөр төлсөнд тооцохгүй гэж үндсэн зээл, зээлийн хүү, алданги шаардсан.
Гэтэл шүүхээс гэрээг дүгнээгүй, дүгнэсэн баримт байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээг дүгнэсэн 2 баримт байгаа ба 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* ХХК-ийг 100 сая төгрөгийг 2.5%-н хүүтэй зээлсэн нь үнэн болно Ерөнхий захирал ******* гэсэн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр 2018 онд байгуулсан гэрээний үүргийг 5 сарын дотор төлөх, үүрэг гүйцэтгээгүй бол алданги төлөхөөр тохирсон бөгөөд ******* уг 2 баримтын талаар маргаагүй. Тухайн зээлийн гэрээнд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн төлөгдөөгүй хүүг оролцуулж гэрээний 3.1-д тохиролцсон.
4.3. Хариуцагч гэрээний төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцсон боловч тэрээр элэгний хорт хавдраар өвчилж, Солонгос улсад эмчлүүлэх болсон тул найз нөхдийн холбоо харилцааг эрхэмлэн *******ын утсаар ярьж, фэйсбүүк мессенжерээр учир байдлаа хэлж зээлийг, хүүгийн хамт төлөхөө илэрхийлж байсан, хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүү төлсөн зэргээс үндэслэн гэрээний хугацааг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгаж байсан.
Хариуцагч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 100,000,000 төгрөгийн 2,5 хувийн хүүг төлөх байсан. Энэд 2018 онд 3 сар, 2019 онд 12 сар, 2020 онд 10 сар нийт 25 сарын хүүнд 62,500,000 төгрөг төлөх байснаас энэ хугацааны хүүгээ бүрэн төлсөн нь түүний гаргаж өгсөн баримтаас харагдаж байна.
Харин 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр авсан 100,000,000 төгрөгөө төлөөгүй тул 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулсан. Бичгээр байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагад хүүг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг оролцуулан хүү төлөөгүй гэж үзэж нэхэмжилсэн.
Гэвч хариуцагчийн гаргаж өгсөн баримтаас 2020 оны 11 дүгээр сарын 11, 2021 оны 01 дүгээр сарын 20, 2021 оны 02 дугаар сарын 10, 2021 оны 06 дугаар сарын 14, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд хүүд нийт 14,250,000 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 31 сарын 1.5 хувийн хүү болох 46,500,000 төгрөгөөс төлсөн 14,250,000 төгрөгийг хасахад 32,250,000 төгрөгний хүү төлөгдөөгүй байна.
4.4. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д "Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ" гэж, 196 дугаар зүйлийн 196.1.2-т "гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдахаар Иргэний хуульд зохицуулсан. Иймээс Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хариуцагч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 100,000,000 төгрөгийг *******гаac сарын 2.5 хувийн хүүтэй зээлсэн болох нь үнэн гэх баримт болон бодитоор мөнгийг шилжүүлж өгсөн тул зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэхь хэсэгт зааснаар "Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр", Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн шаардлагыг нэхэмжлэгч ******* нь биелүүлсэн бөгөөд нийтдээ 108,238,000 төгрөгийг 98,238,000 төгрөг дансаар, 10,000,000 төгрөг бэлнээр *******од шилжүүлж өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ баримтыг хариуцагч няцаагаагүй.
4.5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь зөвхөн гэрээ байгуулснаас хойш шилжүүлсэн байх, өмнө шилжүүлсэн гүйлгээ тооцогдохгүй, гэрээнд тусгасан л дансанд заавал шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно, бусад тохиолдолд тооцогдохгүй гэсэн зохицуулалт биш юм. Энэ заалтыг анхан шатны шүүх болон хариуцагч талаас буруу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй. Мөн зээлийн гэрээг өмнө бодитоор шилжүүлж өгсөн дүн дээр нөхөж байгуулахыг хуулиар хориглоогүй.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино, 199.2 дахь хэсэгт Хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино гэж, 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ." гэж гэрээг хэрхэн тайлбарлах тухай тус тус заасан байна.
Иймээс талуудын хооронд нэгдмэл санаа байгаа буюу 2016 оноос 2,5 хувийн хүүтэй мөнгө зээлж, сар бүр хүү төлдөг байсан. 2018 оны 09 дүгээр сарын 10-нд гаргаж өгсөн "100 сая төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн болно" гэсэн албан бичиг, тогтсон практик буюу хариуцагчийн гаргаж өгсөн баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар сар бүр 2,500,000 төгрөг хүүд төлж байсан, "*******той харилцсан чатанд найз нь сар бүр төлдөг хүүгээ ч төлж чадахгүй байна, чиний мөнгийг өгнө" гэснээс талуудын хооронд 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан болох нь нотлогдож байгаа тул анхан шатны шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талаас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэрэг маргааныг үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа 5 сар, зээлийн хэмжээ 100,000,000 төгрөг, зээлийн хугацаанд зээлдэгч зээлийг хүлээн авсан үеэс эхлэн тооцогдоно гэж тохиролцсон бөгөөд гэрээний 3.4-т бэлэн бусаар ******* ХК-ийн ******* тоот дансанд мөнгийг шилжүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь энэ зээлийн гэрээний үүргийг шаардаж үндсэн зээл болох 100,000,000 төгрөг дээр алданги, хүүг нэмж нэхэмжилдэг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан хэдий ч мөнгө буюу төлбөрийн хэмжээг тодорхойлох эд хөрөнгө нь *******ын данс руу орсон эсвэл бэлэн бусаар *******од өгсөн үеэс эхэлж зээлийн гэрээний харилцаа үүсэх учиртай. Тухайн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч үүргээ хүлээж мөнгөө шилжүүлсэн тохиолдолд зээлдэгч буцаан төлөх үүргийг хүлээнэ. Нэхэмжлэгч талаас ******* болон ******* нарт 2021 оны гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг дансаар өгсөн зүйл байхгүй талаараа хүлээн зөвшөөрсөн нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Талуудын гаргаж өгсөн дансны хуулгыг харахад нэхэмжлэгч нь 2016-2018 он хүртэл 108,000,000 төгрөгийг *******од өгснийг хариуцагч 147,000,000 төгрөг болгон буцаан төлсөн. Тухайн хугацааны зээлийн асуудлыг тухай бүрд нь буюу жилийн хугацаагаар аваад тодорхой хэмжээний хувь нэмж буцаан төлсөн. 2021 оны гэрээний дагуу дансаар мөнгө орж ирсэн зүйл байхгүй талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл талууд гэрээний үнийн дүнг дүгнэсэн тооцоо нийлсэн акт огт үйлдээгүй. ******* энэ гэрээний дагуу 100,000,000 төгрөг зээлнэ гэж байсан боловч зээлээгүй атлаа огт хамааралгүй өмнө нь зээлж буцаан төлж байсан мөнгөнүүдийг нэмж надаас нэхээд байна, би хүнээс авсан мөнгөө өгөхгүй байгаа асуудал байхгүй, өмнө нь мөнгө авсан боловч буцаан өгч байсан гэж хэлдэг. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь үнэн, зөв шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч мөнгийг шилжүүлсэн байх ёстой. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээгээр 100,000,000 төгрөг огт шилжээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 219,821,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр 10,000,000 төгрөг, дансаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 40,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 9,300,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10,400,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 5,700,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,790,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 6,000,000 төгрөг, 2020 оны дугаар сарын 10-ны өдөр 810,000 төгрөг, 2,750,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1,340,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 2,750,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 2,750,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2,750,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2,750,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2,750,000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ,000,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ.
4. Хариуцагч ******* талаас гаргасан тайлбарт зээлсэн мөнгийг цаг тухайд нь өгч ирсэн болно гэх бөгөөд чатаар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл харилцсан байдал, уг чатаар хариуцагч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ...Одоогийн байдлаар найз нь 10-нд өгдөг хүүгээ өгч чадахгүй байна. ... гэх байдлуудыг харьцуулан дүгнэвэл тэрээр иргэнийхээ хувиар нэхэмжлэгч *******гаас 100,000,000 төгрөгийн зээлийг авч, хүү төлж байсан бөгөөд хүүгийн хэмжээг түүний сар бүр төлж байсан дүн болох 2,500,000 төгрөг байсан нь сарын 2,5 хувь гэж тодорхойлогдохоор байна. Иймд нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ 2018 онд байгуулагдсан гэж дүгнэнэ.
Харин ******* 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******гаас 100,000,000 төгрөгийг сарын 2,5 хүүтэй зээлсэн гэх албан бичгийг үйлдэж өгсөн боловч нэхэмжлэгч ******* уг компанид зээлийн мөнгөн хөрөнгө гэх агуулгаар шилжүүлэг хийгээгүй тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.
5.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлд хүү тогтоосон бол талууд гэрээг бичгээр байгуулах байтал нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар энэ талаарх тохиролцоог бичгээр үйлдээгүй байна.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэснийг үндэслэн хариуцагч *******оос 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 5,700,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,790,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 6,000,000 төгрөг, 2020 оны дугаар сарын 10-ны өдөр 810,000 төгрөг, 2,750,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1,340,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 2,750,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 2,750,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2,750,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2,750,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2,750,000 төгрөг буюу нийт 69,140,000 төгрөгөөс зээлийн хүүг тооцох нь зүйтэй.
6.Хариуцагч ******* нь 2018 оны 09 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 26 сарын зээлийн хүү төлсөн боловч нэхэмжлэгч нь түүнийг 25 сарын зээлийн хүү төлсөн гэж тайлбарласныг үндэслэл болгон тооцвол тэрээр зээлийн хүүд 62,500,000 төгрөг төлөх байжээ. Тэрээр 69,140,000 төгрөг төлснөөр илүү 6,640,000 төгрөг төлснийг үндсэн зээлээс хасч үндсэн зээлийн үүргийг 93,360,000 төгрөгөөр тодорхойлно.
7. Талууд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг хэмжээг 100,000,000 төгрөг, сарын хүүг 1,5 хувь, төлөх хугацааг 5 сар гэж тодорхойлжээ. Зээлийн мөнгөн хөрөнгийг заавал гэрээ байгуулсан өдөр төлсөн байхыг шаардахгүй. Талууд өмнөх зээлийн гэрээний нөхцлийг өөрчлөн шинээр тохиролцох эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх энэ зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж эрх зүйн харилцааг буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт, зээлийн хүүгийн тохиролцоо мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. Гагцхүү үндсэн зээлийг өмнө төлөгдөөгүй үлдсэн үнийн дүн болох 93,360,000 төгрөгөөр тодорхойлно.
8. Хариуцагч ******* 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг төлснийг тэрээр зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 7 хоногийн дотор төлсөн тул түүний зээлийн хүү төлөх үүргийг 326,760 төгрөг /93,360,000*1,5 хувь:30 хоног*7 хоног/ гэж тооцож, илүү төлсөн 1,672,240 /2,000,000-326,760/ төгрөгийг үндсэн зээлээс хасвал үндсэн зээлийн үлдэгдэл 91,686,760 төгрөг болж байна.
9. Хариуцагч ******* 2021 оны 2 дугаар сарын 00-ны өдөр 3,000,000 төгрөг төлснийг 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр төлснөөс хойш 20 хоногийн дотор төлсөн тул түүний зээлийн хүү төлөх үүргийг 916,860 төгрөг /91,686,760*1,5 хувь:30 хоног*20 хоног/ гэж тооцож, илүү төлсөн 2,083,140 /3,000,000-916,860/ төгрөгийг үндсэн зээлээс хасвал үндсэн зээлийн үлдэгдэл 89,603,620 төгрөг болж байна.
10. Хариуцагч ******* 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 4,000,000 төгрөг төлжээ. Энэ хүртэл хугацаанд тэрээр зээлийн хүүд 5,555,423 төгрөг төлөхөөс 4,000,000 төгрөгийг төлсөн тул зээлийн хүүд 1,555,423 төгрөг төлөөгүй байна.
11.Иймд хариуцагч *******ын зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээл 89,603,620 төгрөг, зээлийн хүү 1,555,423 төгрөг нийт 91,159,043 төгрөг болно.
12. Зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт талууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,1 хувийн алдангийн талаар тохиролцсон, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэх бөгөөд төлбөр зохих алдангийн хэмжээг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хязгаарлавал 45,579,522 төгрөг болж байна.
Хариуцагч ******* нь хүндээр өвдсөн нь баримтаар гаргаж өгсөн ******* эмнэлгийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжилгээний дүгнэлт, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр БНСУын эмнэлгийн мэс заслын тэмдэглэлд Hepatocellular carcinoma оноштойгоор мэс засал хийлгэсэн байдал, дээр дурдсан чатад эмнэлгээр эмчлүүлж байгаа гэснийг дурдсан зэргийг үндэслэн Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэснийг үндэслэн төлбөл зохих 45,579,522 төгрөгийн алдангийг 50 хувиар бууруулж 22,789,761 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
13. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******оос зээлийн гэрээний үүрэг 91,159,043 төгрөг, алдангид 22,789,761 төгрөг нийт 113,948,804 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 105,872,596 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
14. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШШ2025/03725 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******оос 113,948,804 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 105,872,596 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч *******-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,257,057 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 727,694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,150,182 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Э.ЗОЛЗАЯА