Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/01299

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03235 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй

*******д холбогдох

 

Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******тэй 2018 оны 5 дугаар сард Бенз S350 маркийн автомашиныг худалдах, худалдан авах талаар ярилцаж тэрээр миний бие 50 хувийг эзэмшдэг ******* ХХК-ийн эзэмшлийн, Сонгинохайрхан дүүрэгт орших тусгай зөвшөөрөлтэй лицензийн талбайг ******* ХХК-руу шилжүүлж, *******д 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлж өгөх нөхцөлтэйгөөр ******* маркийн автомашиныг шилжүүлэн авч байгаа болно гэсэн бичгийг үйлдээд над руу вайбераар явуулсан бөгөөд тухайн автомашиныг түүнд шилжүүлж өгсөн

1.2. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *******гээс над руу залгаж ******* аманд газар байна. Та уг газрыг авах уу, компанийн нэр дээр байгаа, компанитай нь шилжүүлээд өгч болно гээд авахаар болж, газрыг шилжүүлж авах ажиллагаа явагдаж ******* яам болон уулын тусгай хамгаалалттай газраас очиж лавлахад тухайн газрын ойр орчмын газрын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа гэж надад хариу өгсөн бөгөөд 2021 оны 6 дугаар сард уулын тусгай хамгаалалттай газарт байрлаж байсан компаниудын газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан.

1.3. Тухайн компанийн газрын тусгай зөвшөөрлийг 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ******* сайдын тушаалаар цуцалчихсан байсан. Үүний дараа би *******д газрын гэрчилгээг цуцалсан байна гэж хэлсэн. Түүнээс хойш ******* нь надтай холбогдоогүй.

1.4. Иймд 2018 оны 5 дугаар сард ******* маркийн автомашины худалдсан үнэ болох 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******гийн дүү, манай найз н.Баатарбилэг нь 2015 онд надад хандан зарах 2 бенз маркийн автомашин байна. ах авахгүй байхдаа гэж асуухад нь тай уулзуулсан. *******гээс машин худалдаж авсан талаар сүүлд сонссон. Тиймээс ******* болон тай хийсэн авто машины наймаа нь надтай огт хамаагүй болно.

2.2. *******гээс авсан машины үнэд газраа шилжүүлье гэхэд татвар өндөр хэсэгтээ байж бай гэж хэлээд түүнээс хойш шилжүүлэн аваагүй, өнөөдрийг хүртэл газраа аваагүй нь надаас биш *******гээс шалтгаалж байгаа асуудал юм.

2.3. Мөн ******* би *******гээс худалдаж авсан 6705 улсын дугаартай ******* маркийн автомашины төлбөрт ******* байрлах 1.1 га газар, ХХК-ийн бүх бичиг баримтын хамт нийт 130,000,000 төгрөгөөр үнэлж, *******гийн хүсэлтээр 2020 оны хавар гэх ажилтнаар дамжуулан шилжүүлж өгсөн бөгөөд бид хоёрын хоорондын асуудал дууссан. Тухайн үед хугацаа нь дуусаагүй газрын гэрчилгээг өгсөн. Газрын төлбөрийн үлдэгдэлтэй талаар утсаар ярилцаж байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас 659,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай" гэж тодорхойлсон. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн, талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн... гэж дүгнэлээ" гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн нь логик алдаатай байна. Тодруулбал, шүүгч шийдвэрийн үндэслэлээ амаар танилцуулахдаа, мөн бичгээр гарсан шийдвэрт туссанаар ******* арилжааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул ******* гэрээнээс татгалзсан байна. Татгалзсаны үр дагавар болох 100,000,000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах нь зөв тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэж тайлбарласан.

Гэтэл нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, түүний үр дагаврыг огт шаардаагүй буюу худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу автомашинаа шилжүүлчихсэн одоо төлбөрийг нь төл (гэрээний анхдагч үүрэг) гэдэг шаардлага гаргаж байгаа тухайгаа шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд тодорхой илэрхийлсээр ирсэн. Гэтэл анхан шатны шүүх өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, тодорхойлж, гэрээ зөрчсөний улмаас татгалзсаны үр дагаварт 100,000,000 төгрөг гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

4.2. Бодит байдал дээр *******д шилжүүлэх  ХХК-ийн ашиглах эрхтэй газрыг шилжүүлэхэд тодорхой хэмжээний төлөгдөх ёстой татвар, газрын төлбөр зэрэг мөнгө шаардагдсан. Эдгээр татвар, газрын төлбөрийг ******* нь өөрөө хариуцан төлье тэгээд хоёулангийнх нь тооцоо дуусна гэсэн байдаг. Гэхдээ өөрөө энэ зардлуудыг төлөхгүй тулд Яаманд таньдаг хүнээрээ шийдвэрлүүлнэ гэж ярьж байсан.

Автомашиныг түрүүлж шилжүүлж өгсөн нь үнэн, гэхдээ газрын эрхийг шилжүүлээгүй үйлдэл нь ******* өөрөө газрын татвар өндөр үнэтэй байна гэж хүлээлгэснээс болсон. Энэ тухайгаа хариуцагч хариу тайлбартаа маш тодорхой дурддаг. *******д өнөөдрийн байдлаар  ХХК-ийн бүх улсын бүртгэлийн бичиг баримтын эх хувь, тамга тэмдэг, мөн газар ашиглах эрхтэй холбоотой гэрээ, гэрчилгээ, кадастр зэрэг бүхий л эх хувь бичиг баримтууд нь байгаа буюу 2020 оны хавар шилжүүлж авсан.

Бүх эх хувь бичиг баримтууд *******д байгаа учраас улсын бүртгэлд мэдээлэл өөрчлүүлэх хүсэлт гаргах боломжгүй болохыг анхан шатны шүүх дүгнэж үзээгүй. Үнэхээр *******гийн ярьж буй шиг газрын эрхийг албан ёсоор шилжүүлэх үүргээ ******* биелүүлээгүй юм бол яагаад шүүхэд хандах хүртлээ *******д өөрт нь хандаж, газраа шилжүүлэх шаардлага тавьж байгаагүй. 2020 онд бичиг баримтыг шилжүүлж өгөөд энэ бүх асуудал дууслаа гэж ойлгосон. Гэтэл 4,5 жилийн дараа үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна.

4.3. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс гэрчээр  ХХК-ийг хариуцдаг байсан группийн ажилтан гэх эмэгтэйг гэрчээр асуух хүсэлт гаргасан. Тус гэрч нь тухайн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, бусад баримт бичгийг *******д хүлээлгэж өгсөн хүн бөгөөд ******* тухайн үед бичиг баримтыг хүлээн аваад юу гэж тайлбар гаргаж байсан болохыг нотлох юм.  ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө *******д бичиг баримтыг өгсөн. Тухайн үед имэйлээр бүх бичиг баримтыг урьдчилан хүргүүлээд өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас нэхэмжлэгчид эх хувиар нь хүргүүлж байсан.

4.4. Талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан. Энэ нь хоёр талаас харилцан хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээдэг. Нэг талаас газрын бичиг баримт, нөгөө талаас автомашин шилжүүлэх үүргийг хүлээсэн үйл баримттай талууд маргадаггүй. Хэрэв нэхэмжлэгч нь арилжааны гэрээнээс татгалзаж, түүний үр дагаврыг нэхэмжлэл гаргаж, шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу өгсөн авсан зүйлээ буцаах, боломжгүй тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээдэг. Автомашин нь өнөөдрийн байдлаар гуравдагч этгээдэд шилжсэн байгаа учраас мөнгөөр нөхөн төлөх шаардлага үүсч байна. Хэрэв дээрх шаардлагыг нэхэмжлэгч шүүхэд гаргасан бол хариуцагчийн зүгээс автомашинд хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргах байсан. Учир нь тухайн автомашин нь зах зээл дээрх үнэ 100,000,000 төгрөг хүрэхгүй бөгөөд хариуцагчийн зүгээс бусдад худалдахдаа хоёр дахин доогуур үнээр худалдсан.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт автомашины үнэтэй холбоотой гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар нотлогдож байна гэх боловч, мөрдөгчийн асуусан асуултууд нь хөтөлж асуусан буюу "та *******гээс 100,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг..." гэх зэргээр тулгаж асуусан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрөө машинаа 100,000,000 төгрөгт үнэлсэн бөгөөд харин хариуцагчийн зүгээс 100,000,000 төгрөгт үнэлээгүй гагцхүү автомашин гэдэг утгаар нь шилжүүлж авч, эрх зүйн харилцаанд орсон байдаг. Мөн хариуцагч хариу тайлбартаа өөрийн газрын эрхийг 135,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаар дурдсан байхад автомашины үнийг 135,000,000 төгрөг гэж шууд дүгнэж үзсэн нь хэтэрхий өрөөсгөл, хэргийн зохигчийн хүсэл зоригийн илэрхийллийг шүүх өөрөө тодорхойлж байгаа нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үүргээ үл хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. S350 гэх автомашинтай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс лавлагаа авахад *******гээс ******* рүү шилжсэн гэдэг нь тогтоогддог. Талууд автомашиныг аваагүй гэж огт маргаагүй, автомашинаа авсан, харин төлбөрийг төлөхдөө ХХК-ийг шилжүүлж өгснөөр автомашиныхаа үнийг төлсөн гэж маргадаг. Хүний автомашиныг авсан атлаа төлбөрөө хэрхэн яаж төлсөн талаар нотолж чадаагүй. Автомашины төлбөрийг 4 сарын дараа өгнө гэж хэлсэн боловч мөнгөө өгч чадахгүй боллоо, ашиглалт малтмалын орд түгээмэл тархацтай газрын тусгай зөвшөөрөл өгнө гэж хэлсэн. Гэтэл тухайн газрыг өөр хүнтэй хамтран эзэмшдэг бөгөөд өндөр үнийн дүнтэй байсан тул ХХК-ийн тусгай хамгаалалтад байдаг газрыг өгнө гээд янз бүрийн байдлаар аргалаад яваад байдаг.

Хариуцагч нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хариу тайлбар гаргахдаа ХХК-ийг баримт бичгийн хамт нийт 30,000,000 төгрөгөөр үнэлж байгаа болохоо дурдсан байдаг. Хэргийн 11, 12 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үедээ 2 удаа тайлбар мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн тайлбарт хариуцагчаас асуулт асуухдаа тулгаж асуусан гэх агуулгыг ярьдаг. Жишээлбэл, 100,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг ямар нөхцөлөөр, ямар зорилгоор авсан бэ гэж асуухад хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаар ******* өөрийн автомашинаа 100,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд бид хамт авто тээврийн газар очиж шууд шилжүүлэн өгсөн гэж автомашиныг авсан болохоо хүлээн зөвшөөрдөг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу анхан шатны шүүх хуралдааны үед автомашины үнийн дүн зөрүүтэй байгаа талаар огт яриагүй атлаа төлбөр төлөгдөх болохоор гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нь өөрийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, талуудын тайлбар болон хууль зүйн үндэслэлийг тодруулан шийдвэрлэх бүрэн эрхтэй. Энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгч *******г гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэсэн нь зөв боловч эрх зүйн зарим дүгнэлт буруу хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Иймд хариуцагчийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлсон гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

4. Нэхэмжлэгч ******* нь улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр импортлогдсон, ******* маркын суудлын автомашиныг *******д шилжүүлж өгөх, харин хариуцагч ******* нь автомашины үнэд ******* ХХК-ийн эзэмшиж байсан Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэхээр тохиролцсныг анхан шатны шүүх зөв тогтоож, талууд харилцах хөрөнгө солилцох талаар хийсэн тохиролцоог Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа гэж дүгнэж, уг гэрээг талууд байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

5.1. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээхээр зохицуулсан байх ба нэхэмжлэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр импортлогдсон, Benz S350 маркын суудлын автомашиныг *******д шилжүүлж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлжээ.

5.2. Хариуцагч ******* нь автомашины үнэд шилжүүлэхээр харилцан тохиролцсон ашиглалтын тусгай зөвшөөрлөөс өөр буюу уулын Түргэний аманд 1,1 га газар ашиглах эрх бүхий ХХК-ийн бичиг баримтыг, нийт 130,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгч *******д шилжүүлж өгсөн гэж маргаж байх боловч ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар Э.Эрдэмтөгс томилогдсон нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

5.3. Компанийн хувьцаа эзэмшигчийг өөрчлөх, компанийн эрхийг шилжүүлэх ажиллагаа нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хэрэгжих бөгөөд үүнийг үндэслэн компанийн өмчлөгч өөрчлөгдсөнд тооцно. Өөрөөр хэлбэл компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга нь компанийн дотоод үйл ажиллагаанд ашиглагдах хэрэгсэл болохоос хувьцаа эзэмшигчийн эрхийг тодорхойлох баримт биш юм.

5.4. Иймд хариуцагч ******* нь автомашины үнэд ХХК-ийн уулын ******* аманд 1,1 га газар ашиглах эрх бүхий тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх бөгөөд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх үндсэн үүргийн хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон нь алдаатай болжээ. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

5.5. Нэхэмжлэгч ******* нь арилжааны гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хэн алинаасаа шилжүүлж авсан зүйлийг харилцан буцааж өгөх үүргийн хүрээнд хариуцагч ******* автомашиныг өөр хүнд худалдсан, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тул үнийг *******д шилжүүлэх үүрэгтэй.

6. Хариуцагч ******* нь тухайн автомашины үнэ 100,000,000 төгрөгт хүрэхгүй гэж маргаж байх боловч тэрээр эрүүгийн хэрэгт гэрчээр ...******* нь улсын дугаартай, Бенз машинаа 100 сая төгрөгөөр бодсон бөгөөд би машины бичиг баримтаа шилжүүлэн авсан юм, ингээд наймааны зөрөө зарах гэж байсан газраа ******* ахад шилжүүлэн өгөх гэхэд татвар өндөр хэсэгтэй байж бай гэсэн түүнээс хойш шилжүүлэн аваагүй. ... гэсэн мэдүүлэг өгсөн байх ба тэрээр автомашины үнийг 100,000,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч байжээ. Хариуцагч тал нь уг автомашины үнэ өөрөөр тогтоогдох байсан гэх байдлаа нотлоогүй. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, бусад баримт бичгийг *******д хүлээлгэж өгсөн эсэхийг тодруулахаар тухайн компанийг хариуцдаг байсан группийн ажилтан г гэрчээр асуулгах хүсэлтийг хангахаас татгалзсаныг буруутгахгүй. Учир нь нэхэмжлэгч уг үйл баримтын талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хэрэгт хийгээгүй алдаа гаргажээ. Гэвч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Түүнээс гадна анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт 3 гэсэн дугаарлалтыг алгасч дугаарлалтын алдаа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэж буруу бичсэн тус тус залруулах нь зүйтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 274 дүгээр зүйлийн 274.1 гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.2.1 гэсэн заалт нэмж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

 

Э.ЗОЛЗАЯА