Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/71

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-н Ч-т холбогдох эрүүгийн 1917001060067 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны 11 дүгээр сарын 12-нд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Д аймгийн Г сумын  дугаар баг, Ч гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 240 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзсан гэх Х овогт Б-н Ч /РД:ЗГ/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Ч нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сансарын 1-5 тоот хашааны урд талын шороон замд өөрийн өмчлөлийн 60-50 ДУЗ улсын дугаартай “Dayun” маркийн мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Т.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол, өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 60-50 ДУЗ улсын дугаартай “Dayun” маркийн мотоциклд 250 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Ч нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сансарын 1-5 тоот хашааны урд талын шороон замд өөрийн өмчлөлийн 60-50 ДУЗ улсын дугаартай “Dayun” маркийн мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу яварсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч буюу хохирогч Т.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1.2. Шүүгдэгч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянтал сумын 1-р баг,  Лүнгийн 2-5 тоотод найз П-н хамт байж байтал 12 цаг өнгөрч байхад Ш, Б нар орж ирсэн. Тэгтэл Ш архи уухуу гэж асуухаар нь П бид хоёр хоёулаа ууя гэж хэлсэн. Тэгээд Ш бид хоёр дэлгүүр явж сэрүүн нэртэй 2.5 литрийн том савтай пиво 2 ширхэгийг авсан. Тэгээд П, Б ах, Ш бид 4 Баянтал сумаас урагш байх цагаан худаг дээр очиж Ш бид 2-н авчирсан 2.5 литрийн том савалгаатай 1 ширхэг пивийг хувааж уусан. Ш бид хоёр Ш-н мотоциклтэй Баянтал сумын төв рүү дэлгүүр орж 0.5 граммын Соёрхол нэртэй архи 1 ширхэгийг, 2.5 литрийн савалгаатай том пиво 1 ширхэгийг авсан. Тэгээд П, Б ах, Ш бид 4 төмөр замын баруун талд гарч хувааж ууцгаасан. 18 цаг өнгөрч байхад би өөрийн 60-50 ДУЗ улсын дугаартай мотоциклийг жолоодоод миний ард талд Б ах суугаад Баянтал сум руу гэр лүүгээ явсан. Харин Ш өөрийнхөө мотоциклтэй үлдсэн. Тэгээд Баянтал сумын 1 дүгээр баг Сансарын 1-5 тоотоос урагш байх шороон замд явж байгаад бага зэргийн шовгор овоон дээгүүр гараад газраас хөндийрсөн. Тэгээд газарт буугаад Б бид хоёр мотоциклоосоо шидэгдэж унасан. Тухайн үед Болдбаатар ах бид хоёр хоёулахнаа л явсан. Пүрэв Шинэбаяр нар үлдсэн. Б бид хоёрыг зам тээврийн осолд орсон талаар сүүлд нь мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/

Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймаг, Баянтал сум 1-р баг, Сансарын 1-5 тоотоос урагш байх шороон замд явж байгаад зам тээврийн осолд орсон. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж 60-50 ДУЗ улсын дугаартай мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцсоноос болж осол гарсан.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгийг мэднэ. Өөрийн гаргасан үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна.

Т.Б бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Т.Б-т эмнэлэгт хэвтэх хугацаанд нь 160 000 төгрөг өгсөн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж яваад хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр хуудас/

 

1.3. Хохирогч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Ш бид хоёр Ч-д орсон. Тэгэхэд Ч П гэх найзын хамт байсан. Тэгээд Ш, Ч хоёр дэлгүүр орчихоод ирье гээд Ш-н мотоциклтэй явсан. Удалгүй Ш Ч хоёр сэрүүн нэртэй 2.5 литрийн савлагаатай том пиво авчирсан. Тэгээд Ш, Ч хоёрын мотоциклтэй П, Ш, Ч бид дөрөв Баянтал сумаас урагш цагаан худгийн хажууд очиж уулзсан. Тэгээд уг пивийг ууж дуусгаад Ш Ч хоёр төв рүү яваад дахиад 2.5 литрийн савтай пиво, Соёрхол нэртэй архи авчирсныг бид 4 хувааж уусан. Тэгээд нэг мэдсэн замын баруун талд бид дөрөв архи уугаад сууж байсан. Нэрийг нь санахгүй байна. Тэгээд 18 цагийн үед шиг санагдаж байна.  Би Ч-н мотоциклийн ард суугаад Баянтал сумын төв рүү харихаар явсан. Ш-н мотоциклтэй П, Ш хоёр төв орно гэж байсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй. Ч бид хоёр Даюун маркийн 60-50 ДУЗ улсын дугаартай мотоциклтэй Баянтал сумын 1-р баг, Сансарын 1-р эгнээнээс урагш байх шороон замаар манай гэр лүү явж байтал газраас хөндийрөх шиг болсон. Тэгээд мотоцикл унаад Ч мотоциклийн хажуу талд унасан. Харин би Ч-г даваад унасан. Тэгээд нэг сэрсэн Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн цагдаа нар ирсэн байсан.

Зам тээврийн осол болсноос 3 хоногийн дараа ГССҮТ-д тархины хагалгаанд орсон. Эмч толгойгоо доргиож болохгүй, дахин ирж үзүүлээрэй гэж хэлсэн. Манай эхнэр миний биед учирсан гэмтлүүдийг мэднэ. Би сайн хэлж мэдэхгүй байна. Толгойн хэсэг болон тархиндаа нилээд гэмтэл авсан юм шиг байна лээ. Толгой янгинаж өвдөж байгаа, мөн босж явахаар толгой эргэх зовиуртай байна.

Надад гомдол санал байхгүй. Намайг Улаанбаатар хотод эмчлэгдэж байх хугацаанд Ч нь эм тарианы мөнгийг гаргасан. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-27 дугаар хуудас/

Б.Ч нь зам тээврийн осол болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд мотоциклоо жолоодоод явж байгаад шороон замд байсан жижиг шовгор дээгүүр гартал мотоцикл газраас хөндийрөөд газарт буугаад л зам тээврийн осол гарсан. Би тухайн үед хамгаалах малгай өмсөөгүй.

Ч намайг Улаанбаатар хотод ГССҮД-д хэвтэн эмчлүүлэхэд 160 000 төгрөг өгсөн. Одоо Улаанбаатар хотод үзүүлэх замын зардал шаардлагатай эм тарианы мөнгийг төлнө гэсэн учир нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

1.4. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 18 цаг өнгөрч байхад Говьсүмбэр аймаг Баянтал сумын 1 дүгээр баг, ертөнцийн зүгээр урд байх хогийн цэг дээр төмөр ухаад сууж байтал хогийн цэгээс урд байх баруунаас зүүн тийш чиглэлтэй шороон замаар улаан өнгийн мотоциклтэй хоёр хүн ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш хурдтай явж байгаад онхолдсон. Тэгэхээр нь би гэр лүүгээ очиж ээж болох Д-y утсаар Баянтал сумын цагдаад мэдэгдсэн. Тэгээд зам тээврийн осол болсон газар очиход мотоцикл баруун урагш харж унасан, жолооч нь мотоциклийн зүүн хойд талд, толгой нь баруун тийш харсан доошоо хараад нүүрний зүүн хэсэг шалбарч цус гарсан байдалтай байсан. Харин ард талд нь сууж явсан Б Ч-н хойд талд хажуугаараа харсан, амнаас нь цус гарсан ухаангүй байдалтай байсан. Тэгээд удалгүй Баянтал сумын эмч ирээд Ч, Б нарыг авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Ц.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал суманд Ч-н гэрт Ч-тай цуг байж байхад гаднаас Ш, Б ах хоёр орж ирсэн. Тэгтэл Ш дэлгүүр ороод уут боорцог, ундаа аваад ирье хөдөө явлаа гэж хэлээд Ч-г мотоциклийнхоо ард суулгаад явсан. Тэгээд 10 минутын дараа Ч, Ш хоёр 2.5 литрийн савлагаатай Сэрүүн нэртэй пиво 1 савыг авчирсан. Тэгээд Ш мотоциклоо жолоодоод би ард нь суугаад Ч-н мотоциклийн ард Б ах суугаад Баянтал сумын урд талд байдаг цагаан худгийн ард очоод Ш, Ч хоёрын авчирсан 1 сав пивийг Б ахтай нийлээд 4-лээ хувааж уусан. Тэгээд пивоо ууж дууссаны дараа Ш, Ч хоёр дахиад дэлгүүр яваад 2.5 литрийн савалгаатай Сэрүүн нэртэй пиво 1 савыг, 0.5 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архи 1 шилийг авчирсан. Тэгээд тэр хоёрын авчирсан архи пивийг 4-лээ хувааж ууж дуусгаад Б ах Ч-н мотоциклийн ард суугаад би Ш-н мотоциклийн ард суугаад  Ч-н гэр лүү очсон. Тэгээд Ч мотоциклоо унаад Ш ардаа суулгаад Баянтал руу дэлгүүр ороод 2.5 литрийн савалгаатай Сэрүүн нэртэй пиво 1 сав, 0.5 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архи 1 шил архи авчирсан. Тэгтэл Шинээ Ч хоёр араас дагаад яв гэхээр гэж хэлэхээр нь Б ах Ш мотоциклийг унаад би ард нь суугаад төмөр замын баруун тал руу гараад өмхий ногоон нуурны урд очиж суугаад авчирсан архи пивийг нь  хувааж ууцгаасан. Тэгээд ууж дууссаны дараа Ч нилээн согтсон байсан болохоор би мотоциклийг нь жолоодоод явъя гэж хэлсэн чинь би өөрөө унаад явъя гэж хэлээд Б ах ард нь суугаад тэр хоёр түрүүлээд хөдөлсөн. Тэгээд Ш мотоциклоо жолоодоод би ард нь суугаад араас хөдлөөд явж байтал хол явалгүй Ш-н мотоциклийн гинж нь мултарсан. Тэгэхээр нь бид хоёр гинжийг нь хийх гээд 20 орчим минут болоод хөдөлсөн. Ш бид хоёр жижиг нүхэн гармаар гараад салаа төмөр замын урдуур шороон замаар яваад ноосны үйлдвэрийн хойгуур гараад Ч-н гэрт очсон. Тэгтэл Ш би гэр лүүгээ явлаа гээд явсан ба би Ч-н гэрт үлдсэн. Тэгээд би Ч-н гэрт байж байгаад хажуу талын Г эгчийн гэрт нь ороход охин нь Ч-р ах баруун урд талд мотоциклтэй явж байгаад уначихсан. Өөрөө ухаан алдчихсан байна гэж хэлэхээр нь би хоол идчихээд Ч-н гэрт нь ороод унтчихсан юм. Тэгээд би өглөө босоод Чойр луу явсан ба одоо болтол Ч, Б ах хоёртой уулзаагүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

1.6. Гэрч Х.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймгийн Баянтал сум 1 дүгээр баг Лүнгийн 2-5 тоотод манай эмээ Х-нх байдаг юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 05-нд мотоциклоо янзлахаар 3 хоносон. Тэгээд 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Ч-нд ороход Ц.П, Б.Ч нар байсан. Тэгээд Б ах, Ч, П бид 4 юм ярьж байгаад архи авч уухаар болсон. Ч бид хоёр дэлгүүр яваад Соёрхол нэртэй 0.5 граммын нэг шил архи, Сэрүүн нэртэй 2.5 литрийн том пиво 2 ширхэгийг авсан. Тэгээд замаараа П, Б ах нарыг аваад Баянтал сумаас урагш байх худгийн хажууд очиж уусан. Тэгээд Ч бид хоёр дахин дэлгүүр явж Сэрүүн нэртэй 2.5 граммын том пивоноос 2 ширхэгийг аваад төмөр замын баруун талд очиж бид 4 хувааж уусан. Тэгээд 17 цаг өнгөрч байхад Ч өөрийн 60-50 ДУЗ улсын дугаартай мотоциклийг жолоодоод ард талд нь Б ах суугаад Баянтал сум 1-р баг Лүнгийн 2-5 тоотод байх гэр лүүгээ харьлаа гээд түрүүлээд явсан. Харин би өөрийн Хайрхан маркийн улсын дугааргүй мотоциклоо унаад П миний ард суугаад явсан. Тэгтэл миний мотоциклийн гинж мултарчихсан. Тэрийг П бид 2 янзлаад П-г Ч-нд буулгачихаад би Сүмбэр сум 4-р баг, Хадад толгой гэх газар байх хөдөө гэр лүүгээ явсан. Тэгээд орой унтаж амарч байхад Ч-н эгч залгаад Б.Ч, Т.Б нар зам тээврийн осолд орсон, эмнэлэгт хэвтсэн ирэх боломж байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би боломжгүй байна гэж хэлсэн. Би тэрнээс хойш Б.Ч, Т.Б нартай уулзаагүй байна. Хэргийн талаар сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/

 

1.7. Гэрч С.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Баянтал сумын Лүнгийн 2-5 тоотод байж байтал Э гэх хүн дүү чинь Сансарын 1-5 тоотоос урагш байх шороон зам дээр өөрийн 60-50 ДУЗ улсын дугаартай мотоциклтэй зам тээврийн осолд орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би Баянтал сумын Сансарын 1-5 тоотоос урагш байх шороон зам дээр очтол эмнэлэг ирчихсэн Ч тариа хийгээд байж байсан. Тухайн үед Ч-н мотоцикл нь баруун талаараа газарт налж унасан Ч мотоциклийн зүүн хойд талд уначихсан дээшээ харчихсан баруун нүдний доод зовхи хэсгээс цус гарчихсан байдалтай хэвтэж байсан. Харин Б нь Ч-н хойд талд уначихсан хамраас нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

 

1.8. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын мэдүүлэхдээ:

Би 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн зам тээврийн ослын талаар сайн мэдэхгүй байна. Намайг Улаанбаатар хотод байхад С.Г эгч Б.Ч мотоциклтэйгээ явж байгаад зам тээврийн осолд орж гэмтсэн. Одоо ГССҮТ рүү авч явах гэж хэлсэн, тэгээд л мэдсэн. Манай дүү Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодоод Б ахтай хамт явж байгаад онхолдсон юм байна лээ. Ослын улмаас тархиндаа зүүн хацар хэсэгт хугаралтай, хагалгаанд орсон. Нарийн хэлж мэдэхгүй байна. Одоо толгой өвдөх зовиуртай байгаа. Б тархиндаа гэмтэл авсан. Манайхаас эмчилгээний зардал Улаанбаатар-Говьсүмбэр аймаг руу ирэх очих зардлыг төлсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

1.9. Гэрч Р.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байтал манай нөхөр Б гараад явсан. Удалгүй мотоциклийн дуу гарахаар нь би охиноо гараад аавыгаа хараад ир гэхэд Г эгчийнх рүү ороод аав байхгүй байна Ч ахтай мотоциклтэй явж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ц.П, Б.Ч, Ш , Б нар ирсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Би нөхөр болох Б-г гэртээ ор гэж хэлэхэд орохгүй гээд тэр 4 хоёр мотоциклтэй явсан. Би гэртээ байж байгаад 18 цаг өнгөрч байхад ээжийнхээ гэрийг нүүлгэхээр Чойрт ирсэн. Тэгээд байж байтал Б-г Баянталд зам тээврийн осолд орсон, аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан талаар Г-с сонссон. Тэгээд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд Ч, Б нар гэмтсэн байдалтай байж байсан.

Тархиндаа цус хуралттай, толгойн дотор талын зөөлөн эд цөмөрсөн, баруун талдаа харвалт өгсөн байна гэж эмч хэлсэн. Улаанбаатар хотод ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Одоо хэвтрийн дэглэмтэй байгаа. Эмнэлгээс гарснаас хойш 2 удаа ухаан алдаж унасан. Хүзүү нь өвдөх зовиуртай... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/

 

1.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7349 дугаартай дүгнэлтэд:

- Т.Б-н биед зүүн чамархай ясны хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний гадна хэсэг зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.     

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 31.2.-3.1.3-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.                                                                                                   

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч О.Болороо гэжээ. /хх-ийн 45 дугаар хуудас/

 

1.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7351 дугаартай дүгнэлтэд:

- Б.Ч-н биед хоншоор яс, зүүн хацар ясны нийлмэл хугарал, нүүрний шарх, зулгаралт, цус хуралт, зүүн тохой, шууд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.     

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч О.Болороо гэжээ. /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

1.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3530 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн “Ч” гэсэн хаягтай цуснаас 1.8 промилл спиртийн агууламж илэрч байна.

- Цусанд илэрсэн 1.8 промилл спиртийн агууламж нь согтолын дунд зэрэгт хамаарна.

Дүгнэлт гаргасан: Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.Золзаяа /хх-ийн 53 дугаар хуудас/

 

1.13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3531 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн Б.Ч-н гэх цус нь АВО системээр A/II/ бүлгийн харьяалалтай байна.

Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бямбадорж /хх-ийн 58 дугаар хуудас/

 

1.14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3533 дугаартай дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн “Б” гэсэн хаягтай цуснаас 2.2 промилл спиртийн агууламж илэрч байна.

- Цусанд илэрсэн 2.2 промилл спиртийн агууламж нь согтолын дунд зэрэгт хамаарна.

Дүгнэлт гаргасан: Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.Золзаяа /хх-ийн 62 дугаар хуудас/

 

1.15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3534 дугаартай дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн Т.Б-н гэх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.

Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бябадорж /хх-ийн 67 дугаар хуудас/

 

1.16. Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 41 дугаартай дүгнэлтэд:

1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17. “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасан байдаг ба Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгох тул дээрх үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

2. Жолооч Б овогтой Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ/ 3.4.в мотоцикль мопет жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 3 дугаар бүлэг /3.7-д Жолоочид дараах үүргийг хориглоно/ а/тухайн ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна

3. Жолооч Б.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг, /3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно/ а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.

Дүгнэлт гаргасан: Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Ууганбаяр гэжээ. /хх-ийн 72-73 дүгээр хуудас/

 

1.17. “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/

 

1.18. Хохирогч Т.Б-н өвчний түүх /хх-ийн 124-139 дүгээр хуудас/

 

1.19.  Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 дүгээр хуудас/,

 

1.20. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар хуудас/

 

1.21. Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Прокуророос шүүгдэгч Б.Ч-н үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Б.Ч нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас энэ гэмт хэрэг гарсан байна гэж шүүхээс дүгнэв.          

          Иймд шүүгдэгч Б.Ч-г согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Б.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Шүүгдэгч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 1993 оны 11 дугаар сарын 12-нд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн. Сургуульд сурч байгаагүй. Ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. 2015 онд Дорноговь аймгийн Улаан-Уул суманд байх 0129-р ангид 1 жилийн хугацаат цэргийн алба хаасан. Одоо Говьсүмбэр аймагт эхнэр Ягаанчимэгийн хамт түр оршин сууж байна. Хувийн зан байдал эелдэг, ичимхий зантай, хүнд тусархаг... гэх мэдүүлэг /ххийн 87 дугаар хуудас/

 

2.2. Гэрч С.Гмөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

1993 онд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн. Одоо Говьсүмбэр аймагт эхнэр Я-н хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Зан байдлын хувьд хүнд тусар хуу, ааш зан сайтай, эелдэг хүн  байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

2.3. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

1993 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн. Айлын дунд хүү нь байгаа юм. Бага наснаасаа мал маллаж өссөн. Ерөнхий боловсролын сургууль, коллежид огт суралцаж байгаагүй. Одоо Говьсүмбэр аймагт эхнэр Ягаанчимэгийн хамт түр оршин сууж байгаа. Эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Өмнө нь ажил хөдөлмөр огт эрхэлж байгаагүй. Зан байдлын хувьд хүнд тусар хуу, эелдэг, нөхөрсөг, төлөв даруу зантай, муу зуршилгүй, найз нөхөддөө нэр хүндтэй... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

2.4. Шүүгдэгч Б.Ч-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дүгээр хуудас/,

 

2.5. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 102-107 дугаар хуудас/

 

2.6. Шүүгдэгч Б.Ч-н өвчний түүх /хх-ийн 112-122 дугаар хуудас/

 

2.7. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 141 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Ч нь Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 240 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзаж байсан боловч /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан ялтайд тооцогдох хугацаа дууссан болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Ч нь уг гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, өөрийн эзэмшлийн 60-50 ДУЗ дугаартай “Dayun” маркийн мотоциклд 250 000 төгрөгний хохирол учирсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.  

Иймд шүүгдэгч Б.Ч нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ч-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдлээ.

Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч Б.Ч хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Дундговь аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-н Ч-г согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б-н Ч-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ч-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

         

6. Шүүгдэгч Б.Ч хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Дундговь аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАНДАХ