| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2022/04870/И |
| Дугаар | 210/МА2025/01266 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01266
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0******* сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03311 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
******* БСБ, ******* БСБ-д тус тус холбогдох
******* БСБ-аас 12,221,898.69 төгрөгийг, ******* БСБ-аас 29,910,439.65 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч нарын төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бөгөөд Монгол Улсад 1999 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь ОХУ-ын өмчийн байр болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* гудамж-17 хуучин цэцэрлэгийн байрыг гэрээний үндсэн дээр түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг.
1.2. Манай компани 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын ******* байгууллага болох ******* газар /товчилсон нэр *******/-тай түрээсийн гэрээг байгуулсан.
1.3. Түрээсийн гэрээний 3.3-т өмчийн түрээсэнд ашиглалтын төлбөр /дулаан, цахилгаан, эрчим хүч, усан хангамж, хог зайлуулах, нийтийн хэрэгцээний талбай цэвэрлэх, урсгал засвар, байрны байнгын комендантын орон тооны хөдөлмөрийн хөлс, утасны яриа, өмч ашиглахтай холбогдсон бусад төлбөр, татвар зэрэг ороогүй болно. Дээр дурдсан төлбөрүүдийг түрээслэгч өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд Улаанбаатар хотын ашиглалтын байгууллагуудын төлбөр төлөх маягтын дагуу хийж гүйцэтгэнэ гэж заасны дагуу ашиглалтын зардлыг тогтмол зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.
1.4. Хариуцагч байгууллагууд нь түрээсийн гэрээний дагуу өмчийн түрээсэнд багтаагүй ашиглалтын төлбөр болох дулаан, цахилгаан, эрчим хүч, усан хангамж, хог зайлуулах, нийтийн хэрэгцээний талбай цэвэрлэх, урсгал засвар, байрны байнгын комендантын орон тооны хөдөлмөрийн хөлс, утасны яриа, өмч ашиглахтай холбогдсон бусад төлбөр, татвар зэргийг өөрсдөө хариуцан төлөх үүрэг хүлээсэн.
1.5. Уг байрны зүүн жигүүрийг хариуцагч ******* БСБ, ******* БСБ эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг. ******* нь өмнө ОХУ-ын ******* нэрэмжит ******* цэцэрлэг байсан ба 2013 онд нэрээ өөрчилж ******* болсон юм. Хариуцагч нар нь тухайн объектод үйл ажиллагаа явуулдгийн хувьд ус, цахилгаан, дулаан, хог тээврийн зардлыг хариуцан төлөх үүрэгтэй боловч мөн үүргээ үл биелүүлсний улмаас бусдын буюу нэхэмжлэгчийн хууль ёсны, ашиг сонирхол зөрчигдсөөр өнөөг хүрсэн.
Учир нь хариуцагч нар , , , ******* газар зэрэг төрийн байгууллагуудтай холбогдох гэрээг байгуулж, төлбөр тооцоог барагдуулах үүргээ үл биелүүлсний улмаас манай компани нь хариуцагчийн төлөх ёстой төлбөрийг төлж эдийн засгийн хувьд хохирсон.
1.6. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх төлбөр тооцоог төлөхийг байнга буюу сар бүр шаардаж төлбөрийн нэхэмжлэлийг хариуцагч байгууллагад хүргүүлдэг ба хариуцагчийн зүгээс тодорхой төлбөрүүдийг төлдөг хэдий ч бүрэн гүйцэд төлж барагдуулалгүй их хэмжээний төлбөрийн хуримтлалыг үүсгээд байна.
1.7. Нэхэмжлэгч нь ОХУ-ны өмчийн байрны ашиглалт, үйлчилгээ, тэдгээрийн холбогдох төлбөртэй холбоотой асуудлыг хариуцан , ТӨХК, , , гэх хангамжийн үйлчилгээний төрийн байгууллагуудтай аж ахуйн гэрээ байгуулан ажиллаж байсан болно.
Хариуцагч нар нь 2020 онд усны гэрээгээ салгаж тусдаа гэрээг байгуулсан буюу тооцоогоо тусгаарласан. Дулаан хангамжийн гэрээг манай компани нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл байгуулан ажилласан ба хугацааны эцсээр тооцоо нийлсэн акт үйлдэж үлдэгдлээ 0 гэж баталгаажуулсан байгаа. Цахилгаан хангамжийн хувьд одоогийн байдлаар нийт байраар нь ТӨХК-тай нэгдсэн гэрээг шинэчлэн байгуулсан. Тус байрны анхны техникийн нөхцөл, ЦТП-ээс гарсан цахилгааны оролт, ерөнхий щит нь 1 тул байгууллагуудын цахилгаан хангамжийг салган хийх тохиолдолд шинээр техникийн нөхцөл авах, тус байрны шугамыг шинээр татаж цахилгааны оролт, щитийг салган хийх зэрэг шаардлагатай байгаа болно. Иймд цахилгаан түгээх байгууллагаас цахилгааны гэрээг салган тус тусад нь хийх боломжгүй байна гэсэн хариуг өгч байгаа болно.
1.8. Хариуцагч ******* БСБ-ын төлөгдөөгүй төлбөрийг он оноор дурдвал 2014 онд 1,608,639.80 төгрөг, 2015 онд 1,528,336.20 төгрөг, 2016 онд 6,959,291.80 төгрөг, 2017 онд 5,708,889.72 төгрөг, 2018 онд 8,539,365.12 төгрөг, 2019 онд 12,155,410.29 төгрөг, 2020 онд 12,221,898.69 төгрөгийн ус, цахилгаан, дулаан ашигласны болон хогны төлбөрийн үлдэгдэлтэй, 2014-2020 оны цахилгааны төлбөрт 1,516,014.84 төгрөг, дулааны төлбөрт 5,005,007.78 төгрөг, усны төлбөрт 4,595,164.79 төгрөг, хог тээврийн төлбөрт 830,711 төгрөг, бусад зардалд 275,000.30 төгрөг,
1.9. Хариуцагч ******* БСБ-ын төлөгдөөгүй төлбөрийг он оноор дурдвал 2013 онд 108,890 төгрөг, 2014 онд 7,936,224.7 төгрөг, 2015 онд 12,936,150.7 төгрөг, 2016 онд 14,305,932.97 төгрөг, 2017 онд 18,134,830.14 төгрөг, 2018 онд 21,788,527.34 төгрөг, 2019 онд 25,561,062.48 төгрөг, 2020 онд 29,910,439.65 төгрөгийн ус, цахилгаан, дулаан ашигласны болон хогны төлбөрийн үлдэгдэлтэй, 2013-2020 оны цахилгааны төлбөрт 5,429,418.56 төгрөг, дулааны төлбөрт 13,265,549.09 төгрөг, усны төлбөрт 7,841,423.26 төгрөг, хог тээврийн төлбөрт 1,699,653.84 төгрөг, бусад зардалд 1,674,394.9 төгрөг байна.
1.10. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс дээрх төлбөрүүдийг төлж барагдуулсан. Иймд хариуцагч ******* БСБ-аас 12,221,898.69 төгрөгийг, хариуцагч ******* БСБ-аас 29,910,439.65 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хилийн чанад дахь өмч хөрөнгийн асуудлыг зохицуулах газар түрээсийн гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, хороолол, хаягт байрлах хуучин цэцэрлэгийн байрны зарим талбайг ашигладаг. ******* ХХК нь түрээсийн гэрээгээр тухайн газар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг.
2.2. Тус барилгад манай 3 газраас өөр олон компани, ажиллаж байсан учир бусад газрууд ямар хэмжээний талбай түрээсэлж, ус, дулаан, цахилгаан, хогны төлбөрт хэдэн төгрөгийг аль тоолуурын заалтыг үндэслэн хэрхэн төлж байсан эсэхийг мэдэхгүй байна. 380w хэрэглэдэг том, том хөргүүр, хоногт хэдэн тонн усыг цэвэршүүлж гардаг усны үйлдвэр, банш, буузны үйлдвэр, оёдлын цех гэсэн томоохон үйлдвэрүүд тус байранд ажилладаг.
2.3. Барилгад буй тоолуурууд нь баталгаажилт байхгүй. Тоолуурыг баталгаажуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргахаар үндсэн эзнээс нь зөвшөөрөл авч гэрээг салгах, тухайн байран дээр техникийн нөхцөл шинээр хийгдэх замаар хэрэглээг тусгаарлах боломжтой гэдэг. Үүнийг түрээслэгч талд танилцуулж, хүсэлтүүдээ өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй.
2.4. Нэхэмжлээд байгаа төлбөр дээр бүх л тоолуур дээрээс задаргаа хийж байгууллагад хүргүүлдэг гэх боловч бодит амьдрал дээр зөрүүтэй, маш их хэмжээний төлбөр тооцогдсон, эцсийн байдлаар тооцоо нийлэх асуудал байдаггүй. Хариуцагч нарын зүгээс сар, сард нь хүлээн зөвшөөрсөн хэмжээгээрээ төлбөрөө төлөөд бусад илүү нэхэмжилсэн хэсгээс татгалзаж, төлдөггүй.
2.5. Өнөөдрийн байдлаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сард дулаан, ус, тогны асуудлаар гэрээ байгуулсан. Цахилгааны тоолуурыг шилжүүлж чадаагүй өнөөдрийг хүртэл явж байна. Цэцэрлэг дотор байгаа тоолуурын нэг нь ч баталгаажилт хийгдээгүй. Хариуцагч нараас эрх бүхий байгууллагад хүсэлт гаргахаар гэрээтэй байгууллага биш учраас баталгаажуулдаггүй. Баталгаагүй тоолуураас авсан нэхэмжлэлүүд орж ирсэн. Шүүхээс үзлэг хийхэд 10 гаруй тоолуурын асуудал байсан. Баталгаагүй тоолуурын заалтаар хэдэн төгрөг нэмж байгаа нь ойлгомжгүй. Задалж өгсөн баримт хэрэгт байхгүй. Цэцэрлэг хэдий хэмжээний ус хэрэглэдэг нь тодорхой харагддаг. Хүүхдийн цэцэрлэгийн гал тогоо нь 220w-р ажилладаг 4 ширэмтэй лисва, хөргөгч гэсэн тоног төхөөрөмжтэй ажиллаж байна.
2.6. Хажууд нь 380w хэрэглэж байгаа байгууллагуудын цахилгааны тооцоог тэнцүү хуваагаад, илүү эсхүл ямар үндэслэлээр гаргаж байгааг нь мэдэхгүй. Түрээсийн талбайн м.кв зөрүүтэй, нарийн хэмжилт хийлгэх хүсэлт гаргахаар хийж өгдөггүй. Гэрээ цуцлагдахад албан ёсоор м.кв зөрүүтэй байсан бөгөөд 244,04 м.кв талбайгаар хувааж тооцоо хийгээд явдаг.
2.7. Хог тээврийн гэрээгээр цэцэрлэгийн бүх байранд 1 сарын төлбөр нь 200,000 төгрөг гардаг. Өчнөөн олон жил аваад явчихсан. Хог тээврийн гэрээг шинэчлээд хийхэд 2 цэцэрлэгийг нийтдээ 100,000 төгрөг хүрэхгүй мөнгө төлөөд явж байна. Бүх хогны төлбөрийг хариуцагч байгууллагаас авдаг байсан. Цэцэрлэгийн үйл ажиллагаагаа явуулах зорилгоор жил жилд нь төлбөрөө хийгээд явж байсан. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус гэдэг нь дээрх байдлаас харагддаг.
2.8. Нэхэмжлэгч аль тоолуур дээр гарсан заалтуудаар хариуцагч нараас төлбөр нэхэмжилсэн нь тодорхойгүй. 2014-2020 оны хооронд 4,017,000 төгрөгийн хогийн төлбөрийн 50 хувийг буюу 2,000,000 гаруй төгрөгийг хариуцагч төлсөн. Гэвч хог гаргадаг 5, 6 байгууллага байдаг бөгөөд тэдгээрийн төлбөр төлсөн баримт энэ хэрэгт байхгүй байна. Яаж хуваарилаад байгаа нь тодорхойгүй байна.
2.9. Нэхэмжлэлийн шаардлага буюу 2018 он хүртэлх бүх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2018 оноос хойших хэсэгт нь тодорхой хэмжээгээр өөрт ногдох хэсгээ төлөөд явсан. Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь буруу гарсан. Шинжээч дүгнэлт хийхдээ хэрэгт байгаа бүх нэхэмжлэлүүдийн төлсөн, төлбөл зохих, суурь хураамж НӨАТ-ийг бүгдийг нь бодож тооцоог гаргах ёстой атал зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тоонуудыг л нэмээд тавьчихсан. Талбайн хэмжээг буруу тооцож, тооцоог зөвхөн 3 байгууллагад хуваасан.
2.10. Цэцэрлэг зун буюу 06 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл огт ажилладаггүй. Гэтэл зуны амралтаар маш олон тооцоо бодож гаргасан. Хариуцагч нар ашиглалтын зардлаа бүрэн төлсөн, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч ******* БСБ-аас 12,221,898.69 төгрөг, хариуцагч ******* БСБ-аас 29,910,439.65 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 537,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 19,918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч ******* БСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид 210,500 төгрөг, хариуцагч ******* БСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид 307,502 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, шинжээчийн ажлын хөлсөнд хариуцагч нараас 2,690,000 төгрөгийг гаргуулж шинжээч ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ******* БСБ-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийн хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна, энэхүү ерөнхий зохицуулалтыг хуульд тусгайлан зохицуулалт байхгүй тохиолдолд хэрэглэнэ гэж тайлбарлаж, хариуцагч нарыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэг зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзсэн тул энэхүү шаардлагад хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн төлбөр нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилээр зохицуулагдах харилцаа юм. Тухайлбал OXУ-ын ********-ын ********-ын Баянзүрх дүүрэг ******* хороо, ******* хороолол ******* хаягт байрлах хуучин цэцэрлэгийн байрны зарим талбайг ******* ХХК нь Монгол Улс дахь Төлөөний газартай байгуулсан түрээсийн гэрээний дагуу ашигладаг бөгөөд манай цэцэрлэгч мөн адил ийм гэрээгээр түрээслэн ашигладаг.
Харин ******* ХХК нь өмчийн эзний зөвшөөрлөөр ханган нийлүүлэгч байгууллагуудтай дангаараа гэрээ байгуулж, хэрэглээний зардлын төлбөрийг манайхаас гадна уг барилга доторх талбайг түрээсээр ашигладаг барилгын компани ХХК /ус цэвэршүүлэн борлуулдаг үйлдвэр бөгөөд ******* ХХК-ийн өөрийн түрээсийн талбайн талыг эзэлдэг/, бууз, баншны үйлдвэр, ХХК, нарийн боовны үйлдвэр XXK, оёдлын компани зэрэг газруудтай гэрээний үндсэн дээр сар бүр шаардан авдаг байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөр бол сар бүр гэж тогтоосон хугацаанд төлөх хэлцлийн үндсэн дээр үүсч буй үүрэг, түүний дагуух шаардах эрх юм.
Гэвч ******* ХХК нь хэрэглээний зардлын тооцох тоног төхөөрөмж тоолууруудыг баталгаажуулдаггүйн дээр ус, тог, хог зэргийн төлбөрийг хэрэглээний тэнцвэргүй байгууллагуудад хэрхэн хуваарилж нэхэмжилдэг нь тодорхойгүй бөгөөд энэхүү шаардлагыг гаргахын тул өөрийн зүгээс баталгаатай хэмжүүрүүдийг баталгаажуулах, түрээслэгч байгууллагуудтай гэрээг үндэслэн үнэн зөв нэхэмжлэхийг үндэслэн төлбөр шаардах үүрэгтэй юм.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан байгууллагууд нь *******-тай түрээсийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч байгууллагын зөвшөөрөл, тус байгууллагатай давхар түрээсийн гэрээтэй ажилладаг бөгөөд ямар хэмжээний талбай түрээсэлж байсан болон ус, дулаан, цахилгаан, хогны төлбөрт хэдэн төгрөгийг аль тоолуурыг үндэслэн хэрхэн төлж байсан эсэхийг манай байгууллага мэдэхгүй бөгөөд мэдэх боломжгүй юм.
******* БСБ нь өөрийн ашиглалтын зардлыг төлж байсан, харин нэхэмжлэгч нь тооцоог буруу гаргадаг бөгөөд "тухайн сард нийт хэдэн төгрөгийн дулаан, цахилгаан, хог, усны төлбөр гарсан, аль тоолуураар ******* ХХК болон түүнтэй түрээсийн гэрээ байгуулан ажилладаг компаниудын ашиглалтын зардлыг тооцсон, манай байгууллагын ашиглалтын зардлыг аль тоолуураар хэмжиж, тооцож байгаа нь тодорхой бус байдаг. 2013-2018 оны хугацааны нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна.
4.2. Шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлага алдаатай байдаг. ******* ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 11 дүгээр сарын 12-ныг дуустал авлагын дэлгэрэнгүй тооцоо, 2013 оноос 2020 он хүртэл он тус бүрээр авлагын дэлгэрэнгүй тооцоог гаргасан ба нэхэмжилсэн мөнгөн дүн алдаатай буруу бодогдсон.
******* ХХК-ийн нэхэмжилсэн дүн 11,256,974.00 төгрөг бол ******* БСБ-ын төлсөн дүн 11,526,447.00 төгрөг буюу 269,473 төгрөг илүү төлөгдсөн байна. Гэтэл 108,890 төгрөгийн өртэй гэж тооцож, 2014 онд суутгаж авсан байна. Иймээс бүх оны тооцоо алдаатай буюу 269,473 төгрөгийн зөрүүтэй гарч байдаг.
Мөн ******* БСБ-ын ашиглалтын зардал гэх мөнгөнүүд хэт зөрүүтэй, 2013 онд 2, 3 сарын төлбөр 4,425,046 төгрөг бол 9-11 сарын ашиглалтын зардал 500-800,000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. 2014 оны 5 сарын төлбөр 2,577,658 төгрөг, 2015, 2016 оны ашиглалтын зардал эрс ялгаатай байдаг.
Мөн нэхэмжилж буй цахилгаан, дулаан, ус, хогны төлбөр мөнгөө ямар тоолуур хэмжих хэрэгслийг үндэслэн тухайн оны тухайн сард хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь түүнчлэн тэрхүү төлбөрөөс хэдэн төгрөг төлсөн, төлөөгүй тухай тооцоо огт харагдахгүй. Сар тус бүрд нэхэмжлэх байх ёстой. Түүнд тийм тоот тоолуурын өмнөх заалт, одоогийн заалт, зөрүү, бодсон тариф, нэхэмжилж буй дун ус цахилгаан, дулаан, хог гаж зардал тус бүрээр гаргасан байх ёстой.
Ийм баримт ч хэрэгт байхгүй атал шүүх зөвхөн зардал гаргасан байна гэж дүгнэснээс биш уг зардал нь анхан шатны баримтаар нотлогдож байгаад дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримт үндэслэлтэй, үнэн зөв эсэхийг анзаараагүй, хариуцагч яагаад татгалзсаныг ч огт харгалзан үзээгүй.
4.3. Гэрээлэгч талуудын энэхүү хэмжүүрүүдээр гарсан төлбөрөөс ******* ХХК нь ******* болон ******* БСБ-д холбогдох цахилгааны төлбөрийг хэрхэн тооцож, юуг үндэслэн төлбөр ноогдуулсан нь тодорхойгүй, одоо нэхэмжилсэн төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа байхгүй. ******* болон ******* БСБ-д холбогдох цахилгааны төлбөр гэдэг нотлогдохгүй байна.
Эрчим хүчний тухай хууль 3.1.19-т "хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг 3.1.34-т "эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээг, мөн хуулийн 6.1.15-т эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг холбогдох байгууллагад олгоно, 30.1.7-т эрчим хүчний тоолуур, хэмжүүрийн бүрэн бүтэн байдлыг хэрэглэгч хариуцна, 31.1-т Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үнийн дагуу тооцно гэж тус тус заажээ.
Дээрх баримт болон хуулийн заалтаас үзвэл хэрэглэгч, худалдан авагч нь ******* ХХК байх ба хэрэглээ шаардсан тоолуур, хэмжээрийн бүрэн бүтэн байдал, баталгаажуулалт хийлгэх, тухайн объектод холбогдох цахилгааны төлбөрийг тооцохдоо 2 цэцэрлэгт ямар дугаартай тоолуурын заалтыг үндэслэсэн, хэдэн оны хэдэн сарын хэдэн төгрөгийн цахилгааны төлбөрөөс хэдийг төлөөгүй тухай анхан шатны баримтыг ирүүлэх үүрэгтэй байна.
Гэтэл нэхэмжлэгчээс ийм баримт хэрэгт ирүүлээгүй, бүхэл үнийн дүнгээр л мөнгө төлсөн гэдэг тайлбар гаргаж, баримт ирүүлснийг шүүх үнэлжээ. Цэцэрлэгүүд гэрээ байгуулах боломжгүй байсан учраас хуулиар үүрэг хүлээсэн эрх үүрэг хүлээсэн хэрэглэгч болж чадахгүй юм.
4.4. ******* ХХК нь Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, гэрээ хийх өргөдлийн маягт, Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ гаргаж өгсөн. 2013-2020 оны усны төлбөрийн нэхэмжлэх, тооцооны хуудас хэрэгт авагдсан. Ийнхүү зөвхөн 1 тоолуураар хэмжсэн усыг ямар үндэслэлээр ******* ХХК ХХК, Энхрий ертөнц болон *******т БСБ-т хувааж оногдуулж байгаа нь тодорхойгүй.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 20.1 дэх хэсэгт "Хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно гэж заасан. Энэ гэрээний дагуу хэрэглэгч нь ******* ХХК бөгөөд тухайн түрээсийн байрны доторх, хэрэглээ тодорхойлж, төлбөр нэхэмжлэх тоолууруудыг нэгдсэн журмаар баталгаажуулах, баталгаатай хэрэглээг зохион байгуулах юм. Гэтэл шүүх албан ёсны хэрэглэгчийн гэрээ байгуулах боломжгүй байсан хариуцагч нарыг өөрсдөө тоолуураа баталгаажуулаагүй, шаардаагүй гэж дүгнэсэн нь буруу байна. Тоолуур баталгаажуулах тухай төрийн эрхий бүхий байгууллагын албан шаардлага хүртэл хүргүүлж байснаас гадна цэцэрлэгийн зүгээс ч нэхэмжлэгчид шаардлага хүргүүлж байсан нь баримтаар нотлогддог.
4.5. ******* ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хог тээврийн гэрээ гаргасан байх боловч 2013-2018 оны гэрээ хэрэгт авагдаагүй болно. ******* ХХК-ийн хогны төлбөрт 2013 оноос хойш төлсөн гэх төлбөрийн баримт ба гэрээнээс харахад хэдэн төгрөг нь ******* болон ******* БСБ-т хамаарах нь тодорхойгүй, хэрэгт авагдсан гэрээнүүдэд энэ тухай заагаагүй байна. Хэдэн төгрөг нь 2 цэцэрлэгт хамаарах нь тодорхойгүй төдийгүй ямар үндэслэлээр цэцэрлэгүүдээс хогны төл сард 200,000, 300,000 төгрөг дангаар төлүүлээд байсан ойлгомжгүй. Харин 2 цэцэрлэг нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хог тээвэрлэлтийн гэрээгээр нийлээд сард 100,000 төгрөг төлж байгаа болно. Гэтэл шүүх олон байгууллага байгааг анзааралгүй цэцэрлэг сард 200,000 төгрөг төлсөн гэсэн тайлбар үндэслэлгүй гэжээ.
Ийнхүү дээрх баримтаас үзвэл хэрэглээний төлбөр тооцон нэхэмжилж байгаа анхан шатны баримтгүй уг хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг хэрэг хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй үнэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Бодит байдал дээр шүүх хэргийн нотлох баримтад зөв дүгнэлт хийсэн бол *******ийн зуны хугацаанд амардаг саруудад бодогдсон төлбөрүүдийг хасаж тооцох нь нэн ойлгомжтой асуудал юм. Иймд гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч ******* БСБ-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэлт хийсэн.
5.2. Нэхэмжилж буй 12,221,898.69 төгрөгийн хэдэн төгрөг нь ус, дулаан, цахилгаан, хогны мөнгө гэдгийг ялгаж тодорхойлсон ч хэдэн оны хэдэн сарын хэдэн төгрөг нэхсэн нь болон хэдэн оны хэдэн сарын ямар хэрэглээний төлбөрөөс хэдэн төгрөг дутуу төлсөн зэрэг нь тодорхойгүй.
Хариуцагч байгууллагын төлөгдөөгүй төлбөрийг он оноор дурдвал, 2014 онд 1,608,639.80 төгрөгийн, 2015 онд 1,528,336.20 төгрөгийн г.м нэхэмжлэлд заасан байх боловч уг төлбөрүүд нь ******* БСБ нь ******* ХХК-д илүү төлсөн төлбөр болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 69,70 гм талуудад байгаа тооцоогоор харагддаг.
Харин эндээс ******* ХХК зарим жил, сар маш их мөнгө нэхэмжилж байсан тул өөрөө үндэслэлгүй хөрөнгөжиж ******* БСБ-аас илүү мөнгө авч өөрийн байгууллагынхаа ашиглалтын зардлыг төлүүлж байсан нь харагдаж байна.
Түүнчлэн 2020 онд 2019 оны 10, 11, 12-2020 оны 1 сарын 21-ний төлбөр гэж 2,869,185.94 төгрөг нэхэмжилсэн. Ийнхүү ******* ХХК нь дуртай үедээ дуртай мөнгөө нэхэмжилсэн байна. Ийнхүү юуг үндэслэж, ямар шалгуураар мөнгө нэхэмжилж байгаа нь тодорхой бус юм.
5.3. Цахилгааны тоолуурын 4003373.4002756 гэх дугаар нь ******* болон ******* БСБ-ийн цахилгааны хэмжүүр биш.
5.4. Дулааны төлбөрт нэхэмжилсэн дүнг түрээслэгч нарт хэрхэн хуваарил гаргасан нь ойлгомжгүй, мөн *******, ******* БСБ-ын ашиглалтын талбайн залахуун тодорхойгүй байна. Үүнээс улбаатай тухай тухайн цаг хугацааны дулааны төлбөрөөс ******* БСБ, ******* БСБ хэдэн төгрөгийг төлөх нь ойлгомжгүй. Мөн түүнчлэн ******* ХХК-ийн хариуцагч нараас нэхэмжилсэн дулааны төлбөр унан зөв эсэх, юунд үндэслэсэн нь бүрэн нотлогдохгүй байх атал шүүх энэхүү алдаатай тооцооллыг зөвтгөж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
5.5. 970900564 дугаартай ганцхан усны тоолуураар ашигласан усыг хэмжиж, ойролцоогоор сүүлийн жилүүдэд 1,200,000 төгрөгөөс 2000,000 гаруй төгрөгийн төлбөр бодсон байна. Гэтэл энэ тоолуур нь ******* ТББ-ын ашигладаг усыг хэмждэг тоолуур гэдэг нь нотлогдохгүй байна.
5.6. ******* ХХК-ийн хогны төлбөрт 2013 оноос хойш төлсөн гэх төлбөрийн баримт ба гэрээнээс харахад хэдэн төгрөг нь Энхрий ертөнц цэцэглэгт хамаарах нь тодорхойгүй байх буюу хэрэгт авагдсан гэрээнүүдэд энэ тухай заагаагүй байна. Дээрх 200,000, 270,000 330,000 төгрөгийн хэдэн төгрөг нь ******* БСБ-д хамаарах нь тодорхойгүй төдийгүй ямар үндэслэлээр цэцэрлэгүүдээс хогны төлбөрт сард 200,000, 300,000 төгрөгr дангаар төлүүлээд байсан ойлгомжгүй юм.
Харин ******* БСБ нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хог тээвэрлэлтийн гараз байгуулсан гэрээгээр 2 цэцэрлэг нийлээд сард 100,000 төгрөг төлж байгаа болно. Иймд гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа үнийн дүн нэхэмжлэгч байгууллагаас бодитоор гарсан бөгөөд Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллага буюу түгээх байгууллагуудад бүхэлд нь төлөгдсөн төлбөр байна. Харин огт төлөгдөөгүй төлбөрийг нэхэмжлээгүй. Хариуцагч байгууллагын төлөх ёстой төлбөрийг бид бодитоор төлсөн учраас Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч байгууллагуудыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болоод түүний хууль зүйн үндэслэлийн хүрээнд Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч байгууллагууд тооцоо нь тодорхойгүй буюу баримтгүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд санхүүгийн баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд үүнийг шинжлэн судалж тооцоог хийсэн. Үүнтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд тухайн шинжээчийн дүгнэлтэд зохигч нар хэн аль нь маргаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* БСБ, ******* БСБ-д тус тус холбогдуулан ******* БСБ-аас 12,221,898.69 төгрөгийг, ******* БСБ-аас 29,910,439.65 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ОХУ-ын Хилийн чанад дахь өмч хөрөнгийн асуудлыг зохицуулах газар болон ******* ХХК-ийн хооронд 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр түрээслүүлэгч тал өөрийн өмчлөлийн 698,9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-д түрээслэх, түрээслэгч нь нийт түрээсийн төлбөрт төлөхөөр, мөн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээг тодорхой бус хугацаагаар үргэлжлүүлэхээр тус тус тохиролцсон.
Уг гэрээний 3.3-т өмчийн түрээсэнд ашиглалтын төлбөр /дулаан, цахилгаан, эрчим хүч, усан хангамж, хог зайлуулах, нийтийн хэрэгцээний талбай цэвэрлэх, урсгал засвар, байрны байнгын комендантын орон тооны хөдөлмөрийн хөлс, утасны яриа, өмч ашиглахтай холбогдсон бусад төлбөр, татвар зэрэг ороогүй болно. Дээр дурдсан төлбөрүүдийг түрээслэгч өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд Улаанбаатар хотын ашиглалтын байгууллагуудын төлбөр төлөх маягтын дагуу хийж гүйцэтгэнэ гэж заасан.
3.2. ОХУ-ын Хилийн чанад дахь төрийн өмч хөрөнгийг удирдах үйлдвэрийн газар болон ******* БСБ-ийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр түрээслүүлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өөрийн өмчлөлийн 244.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* БСБ-д жилийн 5,280 ам.доллараар түрээслэх, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хэлцлээр гэрээг тодорхойгүй хугацаагаар сунгахаар тус тус тохиролцсон.
3.3. ОХУ-ын ******* газрын ******* газар болон ******* БСБ-ийн хооронд 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр түрээслүүлэгч нь өөрийн өмчлөлийн 474.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ******* БСБ-т сарын 711.9 ам.доллараар түрээслэхээр тус тус тохиролцжээ.
3.4. Дээр дурдсан ******* БСБ болон ******* БСБ-тэй байгуулагдсан 2 түрээсийн гэрээ тус бүрийн 3.3-т Тус эд хөрөнгө түрээслэх үеийн төлбөрт ашиглалтын зардал болох Цахилгаан, дулаан, усан хангамж, хог тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн газрын цэвэрлэгээ, урсгал засвар, жижүүр, утасны төлбөр, эд хөрөнгийг ашиглахтай холбоотой орон нутгийн татвар, хураамж болон төлбөрийг тооцогдоогүй болно. Эдгээр төлбөрийг түрээслэгч эсвэл түүний төлөөлөгчид өөрийн зардлаар Улаанбаатар хотын ашиглалтын үйл ажиллагааны байгууллагуудын дансанд тогтоосон хугацаанд эсвэл ийм төлбөрийн ердийн практикаар төлдөг. Түрээслэгч нь дээрхи үйлчилгээний зардлуудын төлбөр төлөгдсөн гэдгийг нотолсон төлбөрийн баримтуудын баталгаажуулсан хуулбарыг сар бүр тухайн оронд байгаа түрээслүүлэгчид гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.
4. Цахилгаан эрчим хүчний төлбөрийг ******* ХХК нь 2008-2015 онуудад ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрийг гүйцэтгэсэн, хариуцагч байгууллагууд эрх бүхий байгууллагатай цахилгаан эрчим хүч хэрэглэхтэй холбоотой гэрээ байгуулж байгаагүй, тусдаа тоолуураар тооцож төлбөр төлөөгүй.
5. ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд 2008, 2010, 2013 онуудад дулааны эрчим хүчээр хангах, хангагдах гэрээ байгуулагдаж байсан. Түүнчлэн ******* ХХК болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-тэй Дулааны эрчим хүч, хэрэглээний халуун хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээг 2016-2019, 2019-2022 оны хугацаанд байгуулж байсан. Хариуцагч байгууллагууд нь холбогдох гэрээг байгуулж байсан баримтгүй, холбогдох төлбөр төлж байгаагүй.
6. тай ******* ХХК нь 2007, 2015 онуудад Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-г байгуулж, барилгын нийт талбайн хэмжээг 1204.3 м.кв гэж тодорхойлж байсан. ******* БСБ нь 2020 он хүртэл уг гэрээг байгуулж байгаагүй.
7. ******* ХХК нь ******* дэргэдэх ******* сантай Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, тэдгээрт хяналт тавих тухай гэрээ-г байгуулж, 2019 он хүртэл сарын 200,000 төгрөгийн төлбөр төлсөн, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газартай Хог тээвэрлэлтийн гэрээ-г байгуулсан.
8. Түрээсэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээний талаар маргаж, гэрээнд холбогдох өөрчлөлтүүдийг оруулж байгаагүй тул талбайн хэмжээ зөрүүтэй гэх хариуцагч байгууллагын тайлбарыг үндэслэн төлбөрийг багасах боломжгүй.
9. Дээр дурдсан гэрээнүүдийн төлбөрийг хариуцагч байгууллагуудын өмнөөс нэхэмжлэгч нь төлсөн, нэхэмжлэгч нь уг төлбөрүүдийг гүйцэтгэх үүрэггүй, төлбөр төлөгдсөнөөр хариуцагч байгууллагууд төлбөрөөс чөлөөлөгдсөн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ.
10. Хариуцагч ******* БСБ-аас 2014-2020 оны ашиглалтын зардалд цахилгааны төлбөрт 1,516,014.84 төгрөг, дулааны төлбөрт 5,005,007.78 төгрөг, усны төлбөрт 4,595,164.79 төгрөг, хог тээврийн төлбөрт 830,711 төгрөг, бусад зардалд 275,000.30 төгрөг нийт 12,221,898.69 төгрөгийг,
хариуцагч ******* БСБ-аас 2013-2020 оны цахилгааны төлбөрт 5,429,418.56 төгрөг, дулааны төлбөрт 13,265,549.09 төгрөг, усны төлбөрт 7,841,423.26 төгрөг, хог тээврийн төлбөрт 1,699,653.84 төгрөг, бусад зардалд 1,674,394.9 төгрөг нийт 29,910,439.65 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэгч байгууллага шаардлагаа тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч ХХК нь хариуцагч ******* БСБ-д холбогдох төлбөрийн дүнг 74,555,306 төгрөг, хариуцагч ******* БСБ-д холбогдох төлбөрийн дүнг 144,778,840 төгрөг гэж тодорхойлсонтой харьцуулан дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Түүнээс гадна шинжээчийн дүгнэлтийг хариуцагч байгууллагууд эсэргүйцсэн бол дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах байсан боловч уг хүсэлтийг гаргаагүй байна.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.
Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар ашиглалтын зардлуудыг хариуцагч байгууллагууд тус тус холбогдох байгууллагад төлөхөөр тохиролцсон. Иймд гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал хариуцагчийн өмнө гэрээний дагуу маргаан бүхий төлбөрийг хураан авч холбогдох байгууллагад төлөх үүргийг хүлээгээгүй. Иймд ашиглалтын зардалтай холбоотой аливаа үүрэг нэхэмжлэгч талд үүсээгүй тул холбогдох гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэнэ. Харин нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагуудыг бусдад төлөх үүргийг гүйцэтгэснээр тэдгээр нь өөрийн зардлыг хэмнэсэн байх тул тэдгээрийн хооронд үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүргийн харилцаа үүсжээ. Иргэний хуулийн 492-496 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөс үүсэх үүргийн харилцаанд шаардах эрхийн талаар зохицуулаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааны зохицуулалт хамаарна. Иймд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байх тул 2013 оноос хамаарах хөөн хэлэлцэх хугацаа 2024 онд дуусах бөгөөд нэхэмжлэгч тал 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хугацаандаа гэж дүгнэнэ.
12. ******* БСБ-ийн гаргасан давж заалдах гомдолд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Авлагын дэлгэрэнгүй тооцоо алдаатай гэж дурдсан нь буруу болжээ. Учир нь уг тооцоонд хамрах нэхэмжлэх дүнг 11,256,974 төгрөг гэж бичсэн бөгөөд уг хугацаанд төлсөн дүн нь 11,528,447 төгрөг байх боловч өмнөх оны эцсийн үлдэгдэл 380,363 төгрөг байх тул төлөгдөөгүй дүнг 108,890 төгрөг гэж тооцсон нь зөв байна.
Талууд тухайн цаг хугацаанд төлбөр тооцоогоо хийх нь хэн алинд нь хамаарах үүрэг тул бодит гарсан зардлыг төлүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэх тул ашиглалтын зардал өөр өөрөөр гарсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхино.
13. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч байгууллагуудын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0******* сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/03311 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /307,503+210,501/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА