Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/94

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Н.Мөнхбат

Хохирогч С.Ц

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б-д холбогдох 1916000000112 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Б овогт Л-н Б.

Шүүгдэгч Л.Б-н 2019 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тулга-Алтай" зочид буудлын 02 тоот өрөөнд байсан С.Ц-н Samsung galaxy s-6 edge маркын гар утас, бэлэн 470.000 төгрөгийг авч, хохирогч С.Ц-д 750.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Л.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би өмнө нь ийм хэрэгт холбогдож үзээгүй. Ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байгаа. Дахин ийм хэрэгт холбогдохгүй, ял шийтгэлийг багасгаж өгнө үү... Гадаа бороо ороод байсан. Уг нь гадаа талбай дээр нь ширээ зассан гадаа сууцгааж байсан. Тэгээд өрөөнд орцгоосон... хэргээ хүлээн зөвшөөрч байна... Би одоо гэртээ эгчийнхээ хүүхдийг байнга хардаг. Манай аав, ээж, эгч нар байнгын ажилтай байдаг. Хүүхэд хардаг болохоор гэрээсээ гарах ямар ч нөхцөл боломжгүй болсон. Миний хийсэн хэрэгт тааруулаад тэнсэн гэдэг ял өгөх юм бол тэр хугацаандаа ямар ч хэрэг төвөгт орооцолдохгүй байж чадна...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч С.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө утсаа цэнэглэж орхиод намын хүмүүс ирсэн байсан учраас өрөөнүүд дүүрэн хүнтэй байсан. Тэр хүмүүсийг дээш нь доош нь оруулж яваад эргээд ирэхэд хажуу талын өрөөнд хүн унтаж байсан болохоор цүнхээ цонхон дээр тавиад утсаа цэнэглээд телевиз ширээ хоёрын дунд тавьсан байсан. Өглөө шөнөжин утас цэнэглэгдчихлээ авъя гээд утсаа авах гэсэн утас байхгүй. Утас алга гээд цүнхээ уудалсан чинь 2.000.000 төгрөг надад байсан. 1.000.000 төгрөг нь доор нь 1.000.000 төгрөг нь дээр нь байсан. Булганы хил явах гээд 2.000.000 төгрөгтэй явж байсан. 1.000.000 төгрөгөөс 30.000 төгрөгийг нь авчихсан байсан. 1.000.000 төгрөгийн боодлыг нь ураад авчихсан байх шиг болохоор нь би 30.000 төгрөг авсан яагаад ингэсэн юм бол гээд тоолоод үзсэн 470.000 төгрөг байхгүй байсан. Миний мөнгө дандаа 20.000 төгрөгийн дэвсгэртээр байсан орой задлуулахдаа нэг 20.000 төгрөгийг нь 5.000 болгосон байсан. Тэгээд тоолоод үзсэн чинь 20.000 төгрөгийн дэвсгэрт 23, 5.000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг дутсан байсан. Тэгээд даргадаа хэлээд би урд шөнө мөнгөө алдчихлаа гээд камер шүүгээд үзсэн чинь камерт тодорхой гараад ирсэн. Би энэ хүүхдийг урьд нь танихгүй харж байгаагүй. Гуанзанд байсан хүүхдүүд хараад Баатка байна Б гэдгийн гэж таниад цагдаа дуудаад бичлэгийг нь үзээд аваад явсан. Дараа нь цагдаа дээр дуудаад энэ хүүхэд надаас уучлалт гуйгаад мөнгө төгрөгөө бэлэн авч ирж өгсөн. Одоо энэ утас л байгаа, надад гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Л.Б-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... би нойл хайж яваад нэг өрөөнд орсон чинь хүн байхгүй байсан. Тэгээд буйдан дээр нь суусан чинь нэг цагаан өнгийн S-6 edge маркын гар утас байхаар нь авчихсан юм. Тэгээд хажуу талд нэг цүнх байхаар нь уудлаад үзсэн чинь мөнгөнүүд байхаар нь бүгдийг нь авалгүй дундаас нь сугалаад авчихсан юм. Тэгээд тэндээсээ гараад караокены өрөө лүүгээ орох гээд явж байсан чинь манай найзууд цаг нь дуусаад өмнөөс гарч ирж байсан. Тэгээд бүгдээрээ гараад Тулга-Алтай буудлын өмнөөс гэр гэрлүүгээ явахаар салцгаасан юм” гэсэн мэдүүлэг /ХХ55-57/,

Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “...   өглөө нь босоод ирсэн чинь 08 цагийн үед Ц нь хүүе миний цэнэглээд орхисон гар утас алга байна гэж хэлээд цүнхээ уудлаад үзсэн чинь цүнхнээс нь 470.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд би наадахынхаа учрыг олоорой камераа шүүж үз гэж хэлчихээд ажилдаа явсан. Тэгээд өдөр нь би утсаар яриад яасан талаар Ц-с асуухад камер шүүж үзлээ учир нь олдчихлоо гэж хэлж байсан тэгээд би санаа амарсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ40-41/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ8-9/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ10/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /ХХ1213/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ14-16/, “Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №ТҮХ/1008/1009 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /ХХ43-45/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б нь 2019 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тулга-Алтай" зочид буудлын 02 тоот өрөөнд байсан С.Ц-н Samsung galaxy s-6 edge маркын гар утас, бэлэн 470.000 төгрөгийг авч, хохирогч С.Ц-д 750.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung galaxy s-6 edge маркын гар утсыг хохирогч С.Ц-д олгож, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Л.Б-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б-д оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Л.Б-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsung galaxy s-6 edge маркын гар утсыг хохирогч С.Ц-д олгож, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА