Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/72

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д.Г-д холбогдох эрүүгийн 1917000990064 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Ш овогт Д.Г /РД:........../, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Эко Сүмбэр хотхоны ............ тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, дээд боловсролтой, зураач, сийлбэр, уран барималч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэрийн 3 хүүхдийн  хамт амьдардаг, урьд шийтгэлгүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Д.Г нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг , Эко Сүмбэр хотхоны 9-01 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг түлхэж унагах, бөөр лүү нь өшиглөх, нүүрэн тус газар гараараа цохих зэргээр хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг , Эко Сүмбэр хотхоны 9-01 тоот оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг түлхэж унагах, бөөр лүү нь өшиглөх, нүүрэн тус газар гараараа цохих зэргээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1 Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Би 2019 оны 06 дугаар сарын 03-ны орой гэртээ урлангаасаа /ажлаасаа/  ирээд хоол ундаа идчихээд том өрөөндөө хүүхдүүдээ эрхлүүлээд буйдан дээр хэвтэж байсан чинь манай эхнэр Э миний хажууд ирээд адуу адуу гэж явсаар байгаад халтайсан юм болж гүйцлээ. Энэ хэдэн адсагаа зарж мөнгө болгооч гэж надад хэлсэн. Би өмнөөс нь эцэг эхээс өвлөж ирсэн юм чамаар заалгахгүй гэж хэлсэн чинь миний өөдөөс айл дээр аваачиж тавьж хүнд байнга лай болж байдаг гэхээр нь  би босоод 2 давхарлуугаа гарсан чинь  миний араас манай эхнэр юу ч үгүй гуйлгачин ирсэн юм байж одоо баяжиж дээ гэж хэлэхээр нь  би буцаж бууж очоод цаашаа хараад аяга угаагаад зогсож байхаар нь чих рүү нь нэг удаа нясалсан чинь гал тогооны модон хусуур барьж аваад миний мөр далруу хэд хэдэн удаа цохиод байхаар нь  би эхнэрийнхээ 2 гарыг барьж байгаад тэврээд том өрөөний буйданруу түлхсэн. Манай бага 1 ой 3 сартай хүү Хурандаа айгаад уйлахаар нь би хүүгээ авсан чинь Э надруу таавчик, хүүхдийн тоглоомон машин зэргийг шидээд буйданруу хүү бид 2-г түлхэж унагаад намайг үсдээд авсан. Тэгэхээр нь би хүүхдээ цааш нь болгож байгаад босч ирээд өөрийнх нь үснээс зулгааж байгаад баруун хацар луу нь нэг удаа гараараа цохиход Э буйдан дээр унасан тэгээд зүүн талаар  хажуулдаад унахаар нь би Э-ын баруун гуяны хэсэгт нь гараараа 4-5 удаа цохисон. Тэр үед Э босоод надаас зугтахдаа цаанаа байсан 2 давхарын шатны ирмэгт баруун далныхаа доод ирмэгт цохиод газарт унасан. Би тэгэхээр нь араас нь яваад очсон чинь  Э надад чи миний бөөрлүү өшиглөчихлөө гэж хэлэхээр нь би өөдөөс нь чи сая өөрөө шатны ирмэг мөргөөд унаа биздээ гэж хэлсэн чинь  Э чи намайг өшиглөсөн би чамайг цагдаа дуудаж өгнө гэж хэлээд утсаа аваад цагдаад дуудлага өгсөн. Би Э-ын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна… гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

1.2. Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “ Би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажил тараад 18 цагийн үед гэртээ ирэхэд Г гэртээ ирсэн байсан. Тухайн үед би Г-т хандаад 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдүүдээ ганц баярлуулчихгүй айлын адуунд өөрийнхөө адууг тавьчихаад дээр нь найзынхаа адууг тавьчихаад өөртөө ажил удаж байх хэрэг байдаг юм уу үр хүүхдүүддээ цаг гаргахгүй байж гэж хэлсэн. Тэгтэл Г чамд ямар хамаатай юм бэ гээд миний баруун талын чих рүү гараараа нясалсан. Тэгээд миний шилэн хүзүүнээс бариад буйдан дээр түлхээд унагаасан. Би буйдан дээр унасныхаа дараа Г-ийг өөрөөсөө холдуулах гээд хөлөөрөө тийрсэн чинь Г миний хөлийг бариад татаад газар унагаасан. Би босоод иртэл миний үсний ар дагз хэсгээс бариад ийш тийш нь савчуулж байгаад буйдан луу дахиад түлхээд унагаасан. Би босоод үүдний хэсэг рүү явж байтал Г хөлөөрөө миний баруун бөөр лүү нэг удаа тийрсэн. Би амьсгаа авч чадахгүй газар унасан. Би босч чадахгүй байхад Ганзориг надад хандаж баашлаад байгаарай пизда минь эгч, ах нараа дууд, эх рүүгээ зайл гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Г зүүн буглаганаас базсан. Мөн баруун бөөр лүү нэг удаа тийрсэн. Тэгэхэд баруун бөөрөнд цус хуралт гэмтэл учирсан байх. Намайг буйдан дээр унасны дараа Г дээрээс гараараа цохиод байсан тэгэхэд би хөлөөрөө хаахад зүүн өвдөгний гадна хэсэгт, баруун шилбэ, зүүн шилбэ рүү цохисон байх. Урд нь надад ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Энэ гэмтлүүд  Г-ийн үйлдлийн улмаас учирсан. Эко Сүмбэр 9-01 тоот байрыг авахад Г надаар 10 000 000 төгрөгний зээл хийлгэсэн. Мөн мужааны багаж хэрэгсэл авахад 3 800 000 төгрөгийн зээл хийлгэсэн. Энэ зээлүүдийг Г-оос гаргуулж банкинд өгмөөр байна. Мөн биеэ нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байгаа. Энэ бүх зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Г намайг зодож байхыг харсан хүн байхгүй. Намайг зодож цохиж байсныг миний төрсөн эгч С, Э нар мэдэж байгаа. Би Г-т зодуулсан талаараа энэ хоёр эгчдээ хэлж байсан. Г-т зодуулаад амиа хорлох сэдэл төрж байгаагүй, оролдлого хийж байгаагүй. Тухайн үед яагаад тийм гэж хариулсанаа мэдэхгүй байна. Намайг 2017 онд зодохдоо багалзуур боож байсан. Урд өмнө нь санхүүгийн хараат байдалд оруулж байгаагүй. Тухайн аюулын зэргийн үнэлгээг надаас асуухад нь миний сэтгэл санаа тогтворгүй байсан учир юу гэж хариулсанаа сайн санахгүй байна. Надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэгт шалгуулах зүйл байхгүй. Намайг мэдүүлэг өгөхөд хөндлөнгөөс нөлөөлсөн хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-20 хуудас/

 

1.3. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Манай дүү Э-ыг нөхөр нь болох Г зодоод цагдаагийн байгууллагад хандсан гэж сонссон. Яг зодуулсан байхыг нь хараагүй. Би Э-тай 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр таарсан. Тэр үед Э надад хэлэхдээ миний бөөр нуруу маш их өвдөж байна. Г намайг үсдэж байгаад зодсон мөн нуруу бөөр лүү өшиглөсөн гэж хэлж байсан. Ил харагдах шарх гэмтэл мэдэгдээгүй. Манай дүү Ганзоригтой гэр бүл болоод 10 орчим жил болж байна.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/

 

1.4. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Манай дүү Э нөхөртэйгөө муудалцаад Г Э-ыг гэрээсээ хөөж туусан байна гэж сонсоод дүү Э-гаа манай гэрт очоод байж байхгүй юу даа гэж хэлсэн. Э-ыг нөхөртэйгээ муудалцсаны маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр намайг ажлаа тараад гэртээ очиход манай дүү Э хүүхдүүдээ аваад манай гэрт ирсэн байсан. Э манай гэрт ирэхдээ ил харагдах шарх гэмтэл мэдэгдээгүй. Гэхдээ явахдаа муухан нуруу бөөр лүү нь өшиглүүлсэн бололтой тонгойгоод алхаж байсан. Би тухайн үед нь Гчамайг яаж зодсон юм бэ гэж асуухад надад юм хэлээгүй. Э манай гэрт хүүхдүүдтэйгээ нилээн хэд хоносон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

 

1.5. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Б.Э-ын биед үзлэг хийж 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 187 дугаартай дүгнэлт гаргасан. Э-ын баруун бөөрний байрлалд учирсан цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл юм. Бусад гэмтлүүдтэйгээ нийлж хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганы дотор гадаргууны цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл юм. Баруун бөөрний байрлалд учирсан цус хуралт гэмтэл нь өшиглөх үед болон ар талаараа шатны ирмэгт цохигдсон аль болохыг ялгах боломжгүй. Аль алины үед үүсэх боломжтой. Мохоо зүйлээр л үүсгэгдэнэ.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-31 хуудас/

 

1.6. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 187 дугаар дүгнэлтэнд: Б.Э-ын биед зүүн бугалганд, баруун бөөрний байрлалд, зүүн өвдөгний гадна хэсэгт, баруун шилбэнд цус хуралтууд, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2019 оны 06 дугаар сарын 03-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 27 хуудас/

 

1.7. Согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл /х.х-ийн 9 хуудас/

 

1.8. Аюулын зэргийн үнэлгээний маягт /х.х-ийн 10-11 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Д.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Надаас эмчилгээнд зардал гараагүй. Ганзоригт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

 

2.2. Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Г-ийн хувьд шударга зантай. Хүнтэй эвсэг, найзархаг харилцаатай. Өөрийн хариуцсан ажлыг хариуцлагатай сайн хийдэг. Бид хоёр хамтарч сийлбэртэй модон эдлэл хийдэг. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Хүнд туслах юм бол тусалсан шиг тусалдаг. Ер нь даруухан залуу байгаа юм. Хүний ая эвийг олж харьцдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

 

2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбар  /х.х-ийн 58, 60-61 хуудас/

 

2.3. Д.Г-ийн бакалаврын дипломны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, “Сумын алдарт уяач” үнэмлэхний хуулбар,  /х.х-ийн 65-69 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Г-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба улсын яллагчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гаргасан санал, хувийн байдал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарайд овогт Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ