| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 317/2025/00308/И |
| Дугаар | 223/МА2025/00025 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 223/МА2025/00025
2025 6 26 223/МА2025/00025
С.Г-н хүсэлттэй иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 317/ШШ2025/00646 дугаар шийдвэртэй
Б овогт С-ын Г-н хүсэлттэй
Х овогт Х И-г өөрийн эцэг болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагч С.Г-н давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. С.Г-н анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн агуулга: С-ын Г миний бие 1975 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот, II төрөхөд төрсөн. Миний төрсөн эцэг болон эх нар маань гэрлэлтийн баталгаагүй байсны улмаас тухайн үед төрсний гэрчилгээг ээж Н.А-ээр овоглосон. Өөрийн төрсөн эцэг Х И-гээр овоглох гэхэд аав, ээж хоёр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болж салсан. Тухайн үед би цэцэрлэгт байсан санагдаж байна, эгчийнхээ хамт аавтайгаа амьдарч байсан боловч намайг 1 дүгээр ангид ордог жилийн намар ээж ирж эгч бид хоёрыг авч явсан. Аав тээврийн жолооч байсан бөгөөд тухайн үед тээвэрт явчихсан байсан. Ээж Н.А намайг миний хойд эцэг болох С-аар овоглосон. Миний төрсөн эцэг Х.И нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зуурдаар буюу цус харван нас барсан. Би аавынхаа төрсөн ганц хүү. Эцэг Х.И-тэй байнгын холбоотой, нас барах хүртэл нь харж хандаж байсан. Миний аав Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамж, 250/А тоотод амьдарч байсан. Аав Х.И-г нас барахаас өмнө эцгийн нэр солих талаар ярилцаж байсан боловч зуурдаар гэнэт нас барсан тул сольж чадаагүй. Мөн би арван жилд байхдаа паспорт авахдаа дур мэдээд Б гэдэг овог авсан. Манайхан дунд Б гэдэг овогтой хүн байдаггүй юм байна лээ. Манай эгч гэхэд Сод гэх овогтой. Манай аав Дундговь аймгийн Луус суманд төрсөн бөгөөд ургийн бичээс /ном/ одоо тус аймагт байдаг. Би аавынхаа хувьд ганц хүү нь өөр хүүгүй, миний дээр С.Болормаа гэх эгч маань байдаг. Бидний хамгийн бага дүү н.Нарангэрэл 1979 онд төрсөн, бас өөр овогтой, түүнийг айлд өргүүлсэн, одоо Дундговь аймгийн Луус суманд амьдардаг. Манай эцэгт бид гурваас өөр хүүхэд байхгүй. Аавтай цуг амьдардаг байсан хөгшин н.Баасан ааваас 3 жилийн өмнө нас барсан. Би 1 дүгээр ангиас хойш ээжтэй амьдарч байсан боловч зуныхаа амралтаар болон өвлийн амралтаар байнга аав дээр очдог байсан. Мөн манай эхнэр юм үздэг хүн байдаг ба намайг “...овог нэрээ зөвтгөхгүй бол хувь заяа нь буруу замаар явж байна...” гэж хэлсэн. С.Г би аав Х.И-гийнхээ ганц хүүхэд, түүний үргэлжлэл бөгөөд одоо өөрийн төрсөн эцгээрээ овоглож, цаашлаад аавынхаа эд хөрөнгийг өвлөн авч, гал голомтыг авах хүсэлтэй байгаа юм. Гэтэл эцгийн нэр өөр байгаа тул аав Х.И-гийн эд хөрөнгийг өвлөн авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа учир Х овогт Х И-г С.Г миний төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14-т зааснаар нэхэмжлэгч С.Г-н талийгаач Х И-г өөрийн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлого болгон шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагч С.Г давж заалдах гомдол болон тус хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Миний бие шүүхэд Х И-г өөрийн төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно..., 135.2.7-д Хүүхдийн эцэг, эхийг тогтооно гэж заасан байхад шүүх 135.1.14 гэж хуульд байхгүй заалтыг баримтлан миний шүүхэд гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.
Мөн хүсэлтийг шийдвэрлэхдээ Х.И нь С.Г-н эцэг болохыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байна гэж дутуу үнэлсэн. Гэтэл намайг 1 дүгээр, миний эгчийг 2 дугаар ангид орох хүртэл хугацаанд бид эцэг Х.И-гийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамж, 250/А тоотод амьдарч байхад ээж бид хоёрыг авч явсан.
Би багаасаа 1 дүгээр ангид орох хүртлээ аавтайгаа хамт амьдарсан байдаг. Гэтэл архиваас энэ талаарх тухайн үеийн хүн амын тоо бүртгэлийн лавлагаа, мөн намайг 1 дүгээр ангид ороход аав маань намайг 58 дугаар сургуульд хувийн хэрэг нээлгэн оруулж байсан, энэ талаарх баримт лавлагаа намайг төрсөн цагаас хойш хаана, хэнтэй амьдарч байсан талаарх болон миний төрсөн эцэг Х.Игийн тэр үеийн ам бүлийн архивын лавлагаа зэргийг авалгүйгээр дутуу баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд миний гаргасан гомдлын дагуу шүүхээс гарсан шийдвэрийг хянан үзэж, хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.
4. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т заасныг үндэслэн бусад баримт бичиг олдохгүй нөхцөлд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Шүүхээс С.Г нь Х.И-гийн хүүхэд мөн гэж тогтоосноор эрх зүйн үр дагавар үүсэх нөхцөл бүрдсэн гэж зөв дүгнэсэн атлаа эцэг нь нас барсан тул эцэг хүүхдийн хоорондын харилцаа, хууль зүйн үр дагавар үүсэхгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Эцэг нас барснаар тухайн хүний хууль зүйн харилцаа зогсдоггүй, харин ч өв залгамжлал гэх мэт олон эрх зүйн үр дагавар үүсдэг. Иймд С.Г нь шүүхэд хүсэлт гаргасан. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан дүгнэлтүүд ойлгомжгүй, хоорондоо зөрчилтэй болсон ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй 135 дугаар зүйлийн 135.1.14 гэх заалтаар хэргийг шийдвэрлэсэн байгааг анхаарч үзнэ үү.
Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдолд дурдсан нотлох баримтууд болох тухайн үеийн хүн амын тоо бүртгэлийн лавлагаа, С.Г-г Х.И өөрийн биеэр 58 дугаар сургуульд бүртгүүлж байсан гэх зэрэг баримтууд хэргийн материалд авагдаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Х.И нь хүсэлт гаргагч С.Г-н төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хүсэлт гаргагч С.Г-н давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаан шийдвэрлэлээ.
2. С.Г нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нас барсан Х овогт Х И-г өөрийн төрсөн эцэг болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
3. Нэхэмжлэл, хүсэлтийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т заасны дагуу мөн хуульд заасан хүлээх үүрэгтэй танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлан өгөх үүрэгтэй.
3.1. Шүүгч С.Г-н хүсэлтийг хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Иргэний хэрэг” /хх-ийн 11-р тал/ үүсгэсэн атлаа түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулан тайлбарлалгүйгээр 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 317/ШЗ2025/01150 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилж, хэргийг түдгэлзүүлжээ./хх-ийн 12-р тал/
Уг шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээнд харьцуулах дээж байхгүй тул шинжилгээ хийх боломжгүй талаар Шүүх шинжилгээний Ерөнхий газраас тус шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 14/2881 дугаар албан бичиг /хх-ийн 17-р тал/ ирүүлснийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр сэргээн явуулж мөн өдрөө хүсэлт гаргагч С.Г-д эрх, үүргийг тайлбарлан өгч хэргийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, шүүхээс гарах шийдвэрт нөлөөлж болохуйц зөрчил болжээ. /хх-ийн 18, 21-24, 82-86-р тал/
4. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх учиртай.
4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Х И 2022 оны 5 дугаар сарын 18-нд нас барсан талаарх болон хүсэлт гаргагч С.Г-н төрсний бүртгэл, түүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаанууд болон Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан авсан “Төрөгсдийг бүртгэх анкет №774” гэх бичгийн баримтууд хавтаст хэргийн 4, 6 , 7, 54 дүгээр талуудад авагдсан.
Мөн шүүхээс хүсэлт гаргагчаас гаргасан хүсэлтийн дагуу Д.Ишцог, Н.А, С.Болормаа нараас мэдүүлэг авч, шүүхийн журмаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагч С.Г, түүний эгч С.Болормаа, эх Н.А нарын “Биеийн давхцахгүй өгөгдөл, түүний бүртгэл, паспорт болон иргэний үнэмлэх, гадаад паспорт авах өргөдөл, төрөл садангийн лавлагаа, хүн амын регистрийн карт” зэрэг бусад нотлох баримтуудыг гаргуулан авч хавтаст хэргийн 45-53, 55-71 дүгээр талуудад хавсаргасан байдаг.
4.2. Гэтэл шүүх хүсэлт гаргагч С.Гн хүсэлтийг эцэслэн шийдвэрлэхдээ шүүхийн журмаар гаргуулан авсан дээр дурдагдсан нотлох баримтуудыг шүүхээс гарч байгаа шийдвэрийн үндэслэл болсон бусад бичгийн нотлох баримтуудтай хэрхэн харьцуулан үнэлсэн талаарх дүгнэлт өгөлгүйгээр “...нэхэмжлэгч С.Г-н нэхэмжлэлээр Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй тул талийгаач Х И нь С.Г-н эх Намсрай /Намсрайжав/-н А-тэй эр, эмийн харилцаатай байсны улмаас С.Г төрсөн үйл явдлыг нотлохтой холбоотойгоор хэрэгт авагдсан бичгийн баримтад хууль зүйн дүгнэлт хийх ач холбогдолгүй гэж үзэв...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан зарчимд нийцээгүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “...нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарыг гагцхүү зохигч тал гаргана. Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй...” гэж зааснаас үзвэл “Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг”-т мэтгэлцэх зарчим үйлчлэхгүй тул анхан шатны шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх учиртай бөгөөд уг ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэх үндэслэлтэй байна.
Тодруулбал: С.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны шатанд 1975 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрж, 1 дүгээр ангид орох хүртлээ эгчийн хамт эцэг Х.И-гийн хамт амьдарч байсан талаар тайлбарласан байхад шүүхээс уг байдлыг анхаарч үзэн энэ талаарх нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулан авалгүй “...Х И нас барснаар Х.И нь С.Г-н эх Намсрай /Намсрайжав/-н Атэй эр, эмийн харилцаатай байсны улмаас С.Г төрсөн үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй...” хэмээн дүгнэн шийдвэрлэсэн нь мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг хангасан гэж үзэхгүй.
6. Эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэн тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдэд хамаарч байгаа болно.
7. Иймд энэ талаар гаргасан хүсэлт гаргагч С.Гн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
8. Давж заалдах шатны шүүхээс хүсэлт гаргагч С.Гн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.
9. Анхан шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар хянан шийдвэрлэхдээ хуулийн зүйл заалтыг “135 дугаар зүйлийн 135.1.14” гэж бичин техникийн шинжтэй алдаа гарсныг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэснийг анхааруулан тэмдэглэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 317/ШШ2025/00646 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хүсэлт гаргагч С.Гн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
М.МӨНХДАВАА