Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 223/МА2025/00028

 

 

 

 

2025           6               30                                                223/МА2025/00028

 

 

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 317/ШШ2025/00472 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Д овогт Д Г,

Хариуцагч: ... тоотод оршин суух, Б овогт Н Г холбогдох

Эд хөрөнгийн доголдол арилгасан үнэ 9.060.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг, хариуцагч Н.Г, түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Д.Г нь 2019 оны 4 дүгээр сард 1221 маркийн тракторыг Н.Г худалдаж авч, доголдлыг манай тариалангийн талбайд ирэн засаж явдаг болгоно гэж тохирсон боловч хүн бүл муутай байна, засаж, янзалж өгнө хэмээн арга саам хийж явсаар өдий хүрсэн тул шүүхэд өгсөн. Н.Г нь шүүхийн өмнө ч энэ байдлаа хүлээн зөвшөөрч янзалж өгнө гэж явсаар өдийг хүрлээ. Д.Г миний зорилго трактор хадгалах гэж аваагүй тариалалтад хэрэглэхээр авсан ч гол үүргээ худалдан авсан трактор биелүүлээгүй, өндөр үнээр техник түрээсэлсэн зардлаа нэхэх хууль зүйн үндэслэл ч байна. Н.Г трактороо засаж өгөхгүй байсан тул би зүгээр суугаад байх арга байхгүй, өөрөө засвар хийсэн зардлаа баримтаар нотлон гаргуулмаар байна, үүнээс ч өндөр зардал гарсан. Иймд баримтын хүрээнд 9.060.000 төгрөгийг Н.Г гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н.Г хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Д.Гийн хувьд надаас 2019 оны 4 дүгээр сард тракторыг өөрөө ирж үзээд худалдан авсан. Тухайн үед трактор засаж өгнө гэж яриагүй. 2019 оны 7 дугаар сард надаас ирж сэлбэг авсан ба тэр үед трактор явж байгаа гэж тайлбарласан. 7 дугаар сард трактор нь явж байсан гэсэн атлаа 2019 оны 6 дугаар сард наашаа ачуулсан гэж тайлбарлаж байна.

2019 оны 7 дугаар сард уриншаа хийж дуусгаад, 8 дугаар сард тракторыг ашиглаад тухайн оныхоо 9 дүгээр сард намайг шүүхэд өгсөн байсан. Энэ хугацаанд хуучин трактор эвдрэх боломжтой. Анх тракторыг надаас худалдан авахдаа надад 3 шаардлага тавьж байсан бөгөөд пярда диск, хянах самбарыг хоёрыг солих, нэгийг нь санахгүй байна.

Тухайн үед би бүгдийг нь шинээр сольж, ямар ч асуудалгүй болгоод зарсан. Улмаар шүүхэд маргаан үргэлжилж байх хугацаанд би Д.Г-ийг өрх толгойлсон ганц бие эмэгтэй хүн тул тракторыг засаад өгье гэж тайлбар гаргасан, шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгчийн захирамж гарсны дараа би засаж өгөхөөр очиход /гурван араа солих байхад/ надаар бүтэн короп шинээр авхуулна гээд засвар хийлгээгүй. Тэр бүү хэл над руу орилж, чарлаад, намайг дарамтлаад үнэхээр хэцүү эмэгтэй юм байна лээ.

Уг нь надаас трактор, үрлэгч машин, хавагч зэргийг 29.000.000 төгрөгөөр анх авч байсан. Би тракторыг 19.000.000 төгрөгөөр бодон зарсан байтал надаас 32.000.000 төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Буянжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч болон хариуцагч нар трактор худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 4 дүгээр сард хийсэн. Зохигчид нэг нь мөнгөө авч, нөгөө нь трактороо худалдан авагч талд шилжүүлсэн. Гэтэл тракторыг эвдрэл гэмтэлтэй байна гэх үндэслэлээр шүүхэд хандаж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 852 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Энэ захирамж дээр өмгөөлөгчийн хувьд гомдол гаргасан. Үүний дараа нэхэмжлэгчийн зүгээс 32.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Улмаар нэхэмжлэгчээс хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул шүүх 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Ингээд одоо бидний хэлэлцэж байгаа хэрэг буюу Н.Г холбогдуулан 9.060.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гарч ирсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Итгэлт эстимэйт” ХХК-aap хөрөнгийн үнэлгээ гаргуулсан гэж тайлбарладаг. Тухайн үнэлгээ энэ хэрэгт ямар ч хамаагүй, эвлэрлийг батлан, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан. Өөрт байгаа баримтаараа нэхэмжилнэ гэж байхгүй, нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байх ёстой.

Мөн нэхэмжлэгч талаас зарлагын баримт гэх 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн баримтыг ярьж байна. Гэтэл шүүхэд хэрэг шийдвэрлэгдэж байх үед 32.000.000 төгрөгөө нэхээд явж байсан, тэгвэл 2021 оны 7 дугаар сард яагаад трактороо засуулаад байгаа юм бэ, шүүхэд нэхэмжлэл гаргаад тухайн нэхэмжлэл нь хэлэлцэгдээд яваад байгаа шүү дээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс би энэ тракторыг чинь авахгүй гэж явж байсан хэр нь 2021 оны 7 дугаар сард трактороо 2.300.000 төгрөгөөр засуулаад, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр батламж гаргаад, 2019 оны 6 дугаар сард Архангай аймгаас трактороо ачуулж, тэр трактороо 2 жилийн хугацаанд засуулсан гэж яриад байгаа. Энэ хооронд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байсан. Хэрэв трактороо засаад хариуцагчид өгөх гэж байсан бол ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан юм бэ. Нотлох баримт өөрөө үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой байх ёстой гэж хуульд заасан. Зоригтбаатар гэх хүний Хаан банк дахь дансанд 2.300.000 төгрөг шилжүүлсэн гэдэг. Энэ нь тракторын мөнгийг шилжүүлсэн гэж үзэх боломжгүй.

Хоёрдугаарт: Зарлагын 2021 оны баримтаар шаардлага гаргаж байна. Мөн 2 жилийн турш трактороо хашаанд байлгаж байгаад зассан гэж байна. 2 жилийн хугацаанд шүүхэд 32.900.000 төгрөгийн буюу трактороо буцааж өгөх, гаргасан мөнгөө буцааж авъя гэх маргаан өрнөөд явж байсан.

Гуравдугаарт: Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан ба 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах ёстой байсан. Тэгтэл 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар доголдол илрүүлснээс хойш гомдол гаргах эрхийн хугацаа 6 сар гэж заасан байхад шүүхэд хандсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтууд өөрөө нотлогдох боломжгүй зүйл, түүнчлэн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч трактороо өөр хүнд зарсан зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна гэжээ.

4. Анхан шатны шүүх: Иргэн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн хариуцагч Н.Г эд хөрөнгийн доголдол арилгасан 9.060.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Баянжаргал хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад гэрч Д.Төгсцогтоос мэдүүлэг авхуулах хүсэлтээсээ татгалзсаныг дурдан шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг гаргасан давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:  Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 сарын 08-ны өдрийн 472 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөн анхан шатны шүүх 116 дугаар зүйлийн 116.3-т заасан "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд гаргана" гэснийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

Д.Г 2019 оны 4 дүгээр сард Н.Г 1221 маркийн трактор худалдаж аваад Н.Г тракторын эвдрэлийг засаж өгөхөөр тохиролцсон. Н.Г хүн бүл муутай байна янзална, засна гэж хэлж явсаар шүүхэд хандахаар болсон. Н.Г тракторыг засаж өгөхөөр тохиролцож бидний эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан байдаг. Тус шүүгчийн захирамжаар Н.Г тракторын эвдрэлийг засаж өгөхөөр тохирсон гэдэг нь нотлогдож байгаа. Д.Г улирлын чанартай тариалалтын ажлыг цаг хугацаанд баригдаж хийдэг учраас тракторыг засаж өгөхгүй байгааг хараад суухаар хамаг ажлаа алдах байсан учраас өөрөө засаж гаргасан зардлаа шүүхээр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм.

Давж заалдах гомдлынхоо үндэслэлийг тайлбарлая. Үүнд:

1. Нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ шүүх үндэслэлгүйгээр дүгнэсэн. Мөнхцогт, Зоригтбаатар нарын гаргасан тодорхойлолт хэрэгт авагдсан. Нотариатаар батлуулсан хувийг өгсөн. Тус тодорхойлолт дээр 2.300.000 төгрөгийг тодорхой данс руу шилжүүлсэн гэж заасан. Гэтэл шүүх шийдвэр дээрээ “Д.Г-ээс шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна” гэж дурдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу Хаан банкнаас ирүүлсэн дансны хуулга дээр 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “тээврийн хөлс” гэж бичигдсэн 2.300.000 төгрөгийн гүйлгээ байдаг. Шүүх энэ баримтыг үндэслэлгүй гэж үзсэн нь хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

2. Хариуцагчийн өмгөөлөгчөөс Төгсцогтыг гэрчээр асуулгах, тракторт үзлэг хийлгэх гэсэн хоёр хүсэлт гаргасан. Үүнээс тракторт үзлэг хийх хүсэлтийг нь “трактор зарагдсан” гэх үндэслэлээр хангаагүй. Харин Төгсцогтыг гэрчээр асуулгах хүсэлтийг шийдвэрлэсэн баримт, захирамж хэрэгт огт байдаггүй. Шүүх хуралдаан дээр тус гэрчийг олдохгүй байгаа гэж аман тайлбар өгөөд өнгөрсөн. Уг хүсэлттэй холбоотой шүүгчийн захирамж гараагүй, шийдвэрлэсэн баримт байхгүй.

3. Зохигчдын эвлэрлийг баталсан тухай шүүгчийн захирамж хэрэгт байхгүй. Хариуцагч өөрөө “би засаж өгнө” гээд эвлэрч, шүүгч эвлэрлийг баталсан. Гэтэл энэ захирамж шийдвэр гаргахад үндэслэл болсон атлаа хэрэгт байхгүй. Мөн нотлох баримтуудын уялдаа холбоог шүүх сайн шинжлээгүй. Жишээ нь, тухайн тракторыг хариуцагч өөрөө засах гээд хотод авчирсан, “Дэвшил трейд” ХХК-ийн хашаанд байгаа гэж мэдүүлсэн. Энэ нь тухайн техник үнэхээр эвдрэлтэй байсан, засуулах шаардлагатай байсан гэдгийг хариуцагч өөрөө баталж байна. Нэхэмжлэгчийн гаргасан зардал, хохирлын талаарх гэрчийн мэдүүлгүүд, хариуцагчийн өөрийн тайлбар зэрэг нь бүгд хоорондоо уялдаж байхад шүүх бодид байдлыг цогцоор нь үнэлж чадаагүй. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд анхан шатны шүүх зөв үнэлэлт өгөөгүй. 2019 оны 4 дүгээр сард Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Трактор гэмтэлтэй байсан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Иймд Иргэний хуулиар заасан 3 жилийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. 6 сарын хугацаа нь тухайн гэмтэл, доголдлыг мэдсэнээс хойш тоологддог. Тэр хугацаанд асуудлыг мэдээд хэлэлцээд явж байсан. Тэгэхээр энэ хэргийг 6 сараар хязгаарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. Мөн Зоригтбаатарын дансны баримт ч хэрэгт нотлогдсон. Хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд Хаан банкнаас ирүүлсэн гүйлгээний хуулга авагдсан. 2.300.000 төгрөгийн гүйлгээ гомдолд дурдсан гол үндэслэл. Шүүх үүнийг харгалзаж үзээгүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаад үзэхэд, шүүх хэргийг дутуу судалж, шаардлагатай баримтуудад үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Шүүхийн дотоод итгэл үнэмшил гэдэг зүйл ийм баримтын хүрээнд бүрдэх учиртай. Гэтэл баримт байсаар байтал тогтоогдоогүй гэдэг дүгнэлт хийсэн нь буруу юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

6. Хариуцагч Н.Г өмгөөлөгч Ш.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Худалдах, худалдан авах гэрээний хүрээнд үнэлж, гэрээний дагуу хүлээсэн үүрэгтэй холбон дүгнэсэн байдаг. Гэтэл уг 9.060.000 төгрөгийн шаардлагад нэхэмжлэгчийн үндэслэсэн баримт нь өмнөх хэрэгт шинжээчийн гаргасан эд хөрөнгийн үнэлгээний баримт байсан. Гэвч энэ нь тусдаа хэрэгт хамаарах, тухайн шийдвэрээр хариуцагчид төлбөр ногдуулаагүй байдаг. Гэтэл тэр шийдвэрийг үндэслэн шинээр нэхэмжлэл гаргах боломжгүй. Мөн шүүх 2.000.000 төгрөгтэй холбоотой Төгсцогтын ажлын хөлсний асуудал, Зоригтбаатарын нэр дээр байсан дансны хуулганы баримтыг авч үзсэн. Гэвч эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлоход хангалттай байгаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч өөрөө нотлох баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч “Алтернатив” гэх компанийн зарлагын падааныг үндэслэл болгож, дээр нь “ажилчдын хөлс” гэж бичсэн байсан хэр нь тайлбарлахдаа уг дүн нь сэлбэгийн үнэ гэж зөрүүтэй тайлбар өгдөг. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2019 оны гэрээтэй холбоотой анхны маргаан зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэгдсэн. Үүний дараа дахин нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан. Энэ өдрөөс хойш 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан нь 6 сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч уг хугацааг үндсэн нэхэмжлэлийн гурван жилийн хугацаа гэж үзэж байгаа нь буруу тайлбар болж байна. Энэ нь доголдолтой эд хөрөнгийн талаар үүссэн эрх зүйн маргаан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байна. Мөн зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн хэрэгжилтийн талаар шүүхэд нотлох баримт гаргаж ирээгүй, тухайн асуудлыг тусдаа хэрэг болгон үнэлэх боломжгүй. Шүүхийн нотлох баримтыг хариуцагч, нэхэмжлэгчийн аль аль тал нь бүрдүүлэх үүрэгтэй. Харин Төгсцогтыг гэрчээр оролцуулах хүсэлтийн хувьд тухайн гэрчийн оршин суугаа газар олдоогүй тул гэрчийн мэдүүлэг аваагүй. Миний зүгээс гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт анх гаргаж байсан боловч хэрэг хэт сунжрах эрсдэлтэй байсан тул татгалзсан. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхой тусгах ёстой байсан. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн давж заалдах гомдолдоо хуулийн үндэслэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тодорхой бичээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтыг бодитой үнэлж, дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү” гэв.

7. Хариуцагч Н.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

2. Нэхэмжлэгч Д.Г хариуцагч Н.Г холбогдуулан түүнээс 2019 оны 4 дүгээр сард худалдан авсан МТЗ-1221 тракторын доголдлыг засварлуулсан үнэ 9.060.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Хариуцагчаас талаас тухайн үед засварлаж өгнө гэж тохироогүй, 2019 оны 7 дугаар сард трактор явж байгаа гэсэн, мөн сардаа уриншаа хийж дуусган, 8 дугаар сард тракторыг ашиглаад 9 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан тул энэ хугацаанд хуучин трактор эвдрэх боломжтой. Анх тракторыг худалдан авахдаа гурван зүйл сольж өгөх хүсэлт гаргасны дагуу шинээр тавьж, янзалж өгсөн. Хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэж байх хугацаанд түүнийг ганц бие, өрх толгойлсон эмэгтэй хүн тул засаж өгөхөөр тохиролцон эвлэрч байсан боловч тэрээр шинэ короп авхуулна гээд засвар хийлгээгүй. Анх надаас трактор, үрлэгч машин, хавагч зэргийг нийт 29.000.000 төгрөгт тооцон авсан атлаа 32.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцжээ.

 

4. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

5. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэв хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй бол зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдгээрээ иргэний эрх зүйн үндсэн зарчим оршдог.

Шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж хэргийг хянан шийдвэрлэх нь шүүхийн гол ажиллагаа бөгөөд нотлох баримтыг үнэлэх ажиллагаа нь талуудаас шүүхэд гаргасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай хуулиар зөвшөөрөгдсөн, үнэн зөв, хоорондын уялдаа холбоотой байдлыг тус тус тодорхойлсны эцэст эрх зүйн оновчтой дүгнэлт хийхэд чиглэгддэг.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-т зааснаар “шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох” хэсгээс бүрдэх бөгөөд “Тодорхойлох” хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заах, “Үндэслэх” хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заахаар мөн зүйлийн 3, 4-д тус тус хуульчилсан.

 

7. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 317/ТМ2025/00426 дугаар тэмдэглэлээс үзвэл хариуцагч Н.Г өмгөөлөгч Ш.Буянжаргалын хамт шүүх хуралдаанд оролцон нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн талаар тайлбар гаргасан байхад шүүхийн шийдвэрийн “Тодорхойлох” хэсэгт тэдгээрийн гаргасан тайлбарын агуулгыг бичихгүй “Хариуцагч Н.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж тайлбарлаж байна” гэж бичин орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

8. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт мөн эсэх, тэдгээр нь нотолгооны шаардлага хангасан, эсхүл хангахгүй байгаа болон хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгч байх учиртай.

8.1. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт /хх-ийн 159-р тал/ “...Харин Д.Г худалдаж авсан тракторыг доголдолтой байсан, доголдлыг арилгахад гарсан зардал 9.060.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлдээ хавсаргаж,” хэмээн дутуу бичин орхигдуулсан нь тухайн шийдвэрийнхээ аль хэсэгтэй холбогдуулж бичсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл энэ нь мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасныг хангаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх шаардлагад нийцээгүй байгаа болно.

 

9. Эдгээр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т заасанд хамаарна.

 

10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

11. Шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.910 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 317/ШШ2025/00472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.910 /нэг зуун тавин есөн мянга есөн зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                            

                              ШҮҮГЧИД                                               А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                                   М.МӨНХДАВАА