Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 26

 

Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг, С.Отгончимэг

нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Дэнсмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Г.Намуунзул

Ялтны өмгөөлөгч                                           Т.Энхболд, Д.Урансувд 

Хохирогч                                                         Б.Бэххуяг

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч                С.Батболд  /онлайнаар/     

Шүүгдэгч                                                         Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг, С.Отгончимэг нар оролцов.

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг, С.Отгончимэг,  шүүгдэгч Б.Сүрэнжавын өмгөөлөгч М.Энхтуяа, иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Хишигмөнх нарын давж заалдах гомдлоор Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг, С.Отгончимэг нарт холбогдох эрүүгийн 201411000474 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1962 оны 03 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, "Дорнод нийтийн аж ахуй" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /”Дорнод НАА” ОНӨААТҮГ/ Ус дулаан дамжуулах албаны дарга ажилтай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 5-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ХЛ62031819 регистрийн дугаартай, Хөвсгөл овогт Баваасангийн Сүрэнжав.

Монгол Улсын иргэн, 1963 оны 02 сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, усан хангамжийн инженер мэргэжилтэй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг 37-09 тоотод оршин суух, "Дорнод нийтийн аж ахуй" ОНӨААТҮ газрын ерөнхий инженерээр ажиллаж байсан одоо цэвэр усны хангамжийн албаны инженер ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ЖБ63021863 регистрийн дугаартай, Монгол овогт Болдын Эрдэнэчимэг.

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, усан хангамж цэвэрлэгээний инженер мэргэжилтэй, "Дорнод нийтийн аж ахуй" ОНӨААТҮ газарт диспетчер ажилтай, ам бүл 8, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг Бат-Уулын 4-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ЖЯ92032148 регистрийн дугаартай, Манхилаг овогт Сэр-Одын Отгончимэг.

Шүүгдэгч Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮ газрын Ус дулаан дамжуулах албаны дарга Б.Сүрэнжав нь уг албаны өдөр тутмын үйл ажиллагааны шуурхай байдлыг ханган зохион байгуулж ажиллаагүйн улмаас "Барилгын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт "Барилга байгууламж нь дараах шаардлагыг хангасан байна. Хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан" гэх заалтыг мөн өөрийн эзэмшлийн дулааны шугамд гэмтэл үүссэн байхад яаралтай засварлах арга хэмжээ аваагүй байгаа нь "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 5 дахь заалт "Дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж үзлэг, үйлчилгээ, засвар шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэнэ" гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас 2014 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б.Батзаяа цөмрөн унаж түлэгдэн нас барсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮ газрын Ерөнхий инженер Б.Эрдэнэчимэг   нь  өөрийн  шууд  удирдлагад  ажиллах  ажилтан болох диспетчер С.Отгончимэгт   ажил  үүргийн   чиглэлээр   холбогдох   мэргэжлийн   зааварчилгаа өгөөгүй буюу дүрэм журмаар зохицуулагдсан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас диспетчер С.Отгончимэг нь аваарь, ослын тухай дуудлага мэдээллийг холбогдох албан тушаалтанд шуурхай дамжуулж засварлуулах арга хэмжээ аваагүйн улмаас 2014 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б.Батзаяа цөмрөн унаж түлэгдэн, нас барсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮ газрын диспетчер С.Отгончимэг нь "Дулаан хэрэглэх тоног төхөөрөмж ба дулааны шугам сүлжээний техник ашиглалтын дүрэм"-ийн 1.2.7-ын в-д заасан "жижүүр нь ээлжийн хугацаандаа өөрт даалгагдсан хэсгийн тоноглолын аваарь-осолгүй ажиллагаа болон тухайн ээлжийн удирдах хүмүүсийн шуурхай шаардлага ба батлагдсан технологийн горимын дагуу ажиллуулах үүрэгтэй" гэх заалтыг зөрчсөний улмаас 2014 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдаж газрын хөрсөнд нэвчсэний улмаас тухайн газар явж байсан 14 настай Б.Батзаяа цөмрөн унаж түлэгдэн, нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор: Хөвсгөл овогт Баваасангийн Сүрэнжав, Монгол овогт Болдын Эрдэнэчимэг, Манхилаг овогт Сэр-Одын Отгончимэг нарыг албан тушаалтан хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр, шүүгдэгч Б.Сүрэнжавыг 1 жил 1 сарын хорих, шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийг 1 жил 3 сарын хорих, шүүгдэгч С.Отгончимэгийг 1 жил 6 сарын хорих ялаар  тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Сүрэнжавт оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, ялтан Б.Эрдэнэчимэгт оногдуулсан 1 жил 3 сарын, ялтан С.Отгончимэгт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, "Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Сүрэнжавт оногдуулсан 1 жил 1 сарын хорих, Б.Эрдэнэчимэгт оногдуулсан 1 жил 3 сарын хорих, С.Отгончимэгт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас тус тус өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 62 см урттай, 8 см өргөнтэй, 5мм зузаантай, төмөр хоолойн хэсэгт 4х4 см үүссэн цооролттой трубаны хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар "Дорнод нийтийн аж ахуй"  орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын болон оршуулгын зардалд нийт 146813223 /нэг зуун дөчин зургаан сая найман зуун арван гурван мянга хоёр зуун хорин гурав/ төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 23 дугаар байрны 24 тоотод оршин суух, Бүргэд овогт Бэхбатын Бэххуяг /РДЖЬ74122571, утас 98114545/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 5906283 /таван сая есөн зуун зургаан мянга хоёр зуун наян гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн төлөөлөгч нь 4647317 /дөрвөн сая зургаан зуун дөчин долоон мянга гурван зуун арван долоо/ төгрөгийн баримтыг бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийн ЖБ63021863, Б.Сүрэнжавын ХЛ62031819, С.Отгончимэгийн ЖЯ92032148 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сүрэнжавын эзэмшлээс Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 5-17 тоотод байрлах 24 м2 талбай бүхий хувийн орон сууц, 1200 м2 газар, Б.Эрдэнэчимэгийн эзэмшлээс Хэрлэн сумын 7 дугаар баг 37-09 тоот 29 м2 талбай бүхий орон сууц, С.Отгончимэгийн эзэмшлээс "Делл" маркийн зөөврийн комьпютер зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 03 сарын 10, 2015 оны 05 сарын 28, 2015 оны 12 сарын 04-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг, С.Отгончимэг нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ...шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Хишигмөнх давж заалдах гомдолдоо: ...Шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Урьд нь энэ хэргийг анхан шатны шүүхээр анх удаагаа хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, өөрөөр хэлбэл “ДБЭХС” ТӨХК-ийн холбогдох ажилтнуудын буруу байгаа эсэхийг заавал тодруулахгүйгээр энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй юм, үүнээс улбаалаад энэ хэргийн жинхэнэ гэм буруутай этгээдүүдэд эрүүгийн хариуцлагад татуулах, улмаар эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэл бүхий зөв шийдвэрлэхийн тулд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан билээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч С.Батболд нь тус хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөр оролцож, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолж чадаагүй гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгүүлэх санал гаргаж оролцсоныг анхаарч үзээгүй дахин шийдвэрлэсэн байгаа нь зөрчлийг арилгаагүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. ...Дээрх нөхцөл байдал мэдүүлгүүдээс үзэхэд халуун ус буюу нэмэлт ус их хэмжээгээр алдагдаж байхад “өглөөний 07 цагаас 09 цаг хүртэл хугацаанд “ДБЭХС” ТӨХК-ийн нэр бүхий албан тушаалтнууд яаралтай зохих арга хэмжээ аваагүй нь Эрчим хүчний тухай хууль, дүрэм, журам, ажил үүргийн хуваарийн дагуу хийх ёстой ажил үүргээ бүрэн, зохих ёсоор хийж гүйцэтгэсэн эсэх.

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч Б.Мөнхсайхан “...гэрч Т.Гантөмөр нь өөрийн байгууллагын харъяалах төв болон салаа шугамыг бүрэн шалгаж гэмтлийг тогтоох үүрэгтэй. Энэ шугамнуудыг бүгдийг нь бүрэн шалгаагүй тохиолдолд Дорнод НАА-г 100 хувь буруутай гэж үзэх боломжгүй” гэж дүгнэлтээ тайлбарлах үедээ мэдүүлсэн. Эдгээр мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд хийсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийг баримтлан, мөн хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хэргийг бүрэн гүйцэд шалгаж, нотлоогүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нөхөх боломжгүй гэж үзэж байх тул тус 38 дугаар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хүчингүйд тооцон, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Сүрэнжав давж заалдах гомдолдоо: ... Намайг хариуцан ажиллаж буй ус дулаан дамжуулах, түгээх албаныхаа өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, гэнэтийн осол аваарын үед ажилтан нарыг шуурхай зохион байгуулж хэвийн ажиллагааг хангах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж буруутгаж байгаад маш их гомдолтой байна. Учир нь:

Тухайн осол гарсан өдөр долоо хоногийн амралтын өдөр байсан тул би амарч байсан. ...Мөн шинжээчийн дүгнэлтэд маш их гомдолтой байна. Учир нь уг усны алдагдлыг аль байгууллага илрүүлж, таслан зогсоох ёстой вэ гэдэг нь хамгийн гол асуудал байхад, уг гэмтэл гарсан шугам сүлжээ аль байгууллагын эзэмшлийнх байсан гэдэг агуулгаар дүгнэлт гаргаж зүгээр ажлаа хийж байсан хүнийг хэлмэгдүүлж, жинхэнэ албан тушаал, ажлын байрныхаа тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй хүнийг зөвтгөж байна. ...Эрчим хүчний хууль, ...дүрэм журмуудын заалтуудыг “ДБЭХС” ТӨХК ноцтой зөрчсөн байгаа. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж, жинхэнэ буруутай эзэн, буруутай байгууллагыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэчимэг давж заалдах гомдолдоо: ...2014 оны 09 сарын 06-нд осол болох үед Дорнод НАА ОНӨААТҮГазрын диспетчер нь ерөнхий инженерийн шууд удирдлагад хамаардаггүй, түүнийг зааварчилгаар хангах эрх үүрэгтэй субъект биш болох нь нотлох баримтаар нотлогддог. ...Иймд анхан шатны шүүхээс Б.Эрдэнэчимэг надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, осол болох үед диспетчерт зааварчилга өгөх субъект биш байсан тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Сүрэнжавын өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолдоо: ...Сүрэнжавыг өөрийн албаны өдөр тутмын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж ажиллаагүй гэж буруутгах үндэслэлгүй. Өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж, ажлаа зохион байгуулсан байдаг. ...Харин тухайн өдөр амралтын өдөр байсан ба диспетчерийн ажил албыг манай алба хариуцаж байгаагүй. Ерөнхий инженер ерөнхийд нь зохицуулж байсан. Тэр өдөр ажлаа огт мэдэхгүй хүн диспетчерт гарч “усны алдагдал” гэж юуг хэлээд байгааг мэдэхгүй, ийм үед хэнд хэлж арга хэмжээ авахаа мэдэхгүйгээс холбогдох инженерүүдэд хэлээгүйгээс бас асуудал болсон байдаг. ...Анхан шатны шүүх ...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс бүрэн бодитойгоор тогтоох зарчмыг алдагдуулж мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 яаж үйлдсэн болон бусад байдал, 80.1.2 хэн үйлдсэн болох, 80.1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. Сүрэнжав энэ хэрэгт гэм буруутай эсэх асуудалд анхан шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд зөв үнэлж дүгнэлт гаргаж чадаагүйд гомдолтой байна. Иймд Сүрэнжавын гэм буруутай нь нотлогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Отгончимэг давж заалдах гомдолдоо: ...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Намайг гэм буруутайд тооцож буй үндэслэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулаагүй байхад гэм буруутайд тооцсон гэж үзэж байна. Хэрвээ надад миний ажил үүрэг, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, ажлын байрны зааварчилгаа өгсөн байсан бол энэ үүргээ биелүүлээгүй гэхэд маргах зүйлгүй. Гэтэл надад ажлын байранд хийж гүйцэтгэх ажлын тухай мэдээлэл, чиг үүрэг, хууль, дүрэм журмаар хүлээлгэсэн үүрэг зэргийг танилцуулаагүй байхад гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй тул С.Отгончимэг намайг гэм буруутайд тооцон ял халдаасныг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮ газрын диспетчер С.Отгончимэг нь 2014 оны 09 сарын 06-ны өдөр ээлжийн диспетчерийн ажил үүргийг гүйцэтгэн ажиллах хугацаандаа өглөөний 09 цагийн орчим “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем” ТӨХК-ийн Шугам сүлжээний албанаас ирүүлсэн “нэмэлт усны алдагдалтай байна, гэмтлээ тодорхойл” гэсэн мэдээлэл, мөн өдрийн 16 цагт оршин суугчаас “22-р байрны подваль дотор халуун уур гараад ус сагаж байна” гэсэн дуудлага зэргийг хүлээн авсан атлаа энэ мөрөөр шаардлагатай арга хэмжээг шуурхай авах, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, гэмтэлд үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, онцгой аваарын байдалтай дуудлага, гэмтлийг гүйцэтгэх захирал, ерөнхий инженер, албадын удирдлагуудад шуурхай мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авалгүйгээр Дулаан хэрэглэх тоног төхөөрөмж ба дулааны шугам сүлжээний техник ашиглалтын дүрмийн 1.2.7-ын в-д заасан “ээлжийн хугацаандаа өөрт даалгагдсан хэсгийн тоноглолын аваарь-осолгүй ажиллагаа болон тухайн ээлжийн удирдах хүмүүсийн шуурхай шаардлага ба батлагдсан технологийн горимын дагуу тоноглолыг хамгийн найдвартай хэмнэлттэй горимоор ажиллуулах” үүрэгтээ хайнга хандсаны улмаас мөн өдрийн 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 22 дугаар байрны хойд талын дулааны шугамын хоолой цоорч халуун ус ихээр алдагдан хөрсөнд нэвчиж тухайн орчинд явж байсан 14 настай Б.Батзаяа газар цөмрөн унаж түлэгдэн, нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй гэрч Э.Өлзий-Ундралтын өгсөн: “Тухайн үед зам дагуу 5-6 метр орчим алхаж явах үед биднээс 1.5-2 метр орчим зайд газрын хөрсөн дээр бөмбөлөг шиг хөөсөрсөн ус шиг зүйл тогтчихсон байсан. ...би хараад харин юу юм бол гэж яриад явахад Батзаяагийн алхаж явсан газар шууд доошоо цөмрөн унасан. Намайг харахад Батзаяа бүх биеэрээ буюу суга орчмоороо хүртэл доош цөмрөөд цээжний дээд хэсэг хоёр гар нь ил гарсан байсан” гэх /1-р хавтасны 44-45/,

Гэрч Т.Гантөмөрийн өгсөн: “2014 оны 09 сарын 06-ны өглөө 08 цаг 40 минутад намайг ажил дээрээ байхад Дулааны цахилгаан станцаас ээлжийн инженер болох Ө.Од гэх хүн надад “нэмэлт ус гараад байна” гэж мэдэгдэхээр нь би 09 цагийн үед Нийтийн аж ахуй ХХК-ийн жижүүрт “манайхаас нэмэлт усны алдагдалтай байна танайхан хаагуур ямар ямар ажил хийж байна вэ тэрийг тодорхойлоод хэлээд өгөөч” гэж мэдэгдсэн. Удалгүй би өөрөө НАА-н жижүүр рүү залгаад асуухад “манай цэвэр усны ажилчид байшингуудын бойлеруудыг залгаж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн” гэх /1-р хавтасны 40/,

Гэрч Ө.Одын өгсөн: “09 сарын 06-ны өглөө ажлаа хүлээж аваад 08 цаг 30 минутад ээлжийн мастеруудаас рапортуудыг аваад нэгтгэн үзэхэд "нэмэлт ус" буюу халуун усны алдагдалтай байсан. Ингээд инженерийн албаны даргад мэдээллээ өгчихөөд 09 цагт дулааны шугам сүлжээний цехийн ашиглалтын инженер Гантөмөрт нэмэлт усны алдагдалтай байгаа талаар хэлж гэмтлийг тодорхойлж олох үүрэг чиглэл өгсөн. Тэгээд давхар Нийтийн аж ахуйн диспетчертэй 70584659 дугаарын утсаар нь холбоо бариад усны алдагдалтай байна гэмтлээ тодорхойл гэж хэлсэн” гэх /1-р хавтасны 42/,

Гэрч Ч.Гантөмөрийн өгсөн "...Манай байгууллага буюу “Дорнод Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГазар нь Чойбалсан хотын цэвэр ус хангамжийн инженерийн байгууламжийн дамжуулах шугамуудын ашиглалт, засвар үйлчилгээ, ариутгалын системийн насосны станц дамжуулах болон цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, ашиглалт засвар үйлчилгээ, орон сууцны хорооллуудын ус дулаан дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ гэсэн үндсэн гурван ажлыг хариуцан ажилладаг. ...Батзаяа гэх охины осолдсон асуудалтай холбоотой дулааны шугамын гэмтэл илрүүлэх, засварлах ажиллагааны хувьд манай байгууллагын усан хангамж болон ариутгал засвар үйлчилгээтэй холбоотой…" гэх /1-р хавтасны 46-47/,

     Гэрч Д.Цэрэндолгорын өгсөн "...Би 9 сарын 6-ны өдөр 16 цагаас ээлжийн диспетчерийн ажил хүлээн авахаар ирэхэд 16 цагт "22 дугаар байрны подвалаас уур савсаад байна" гэсэн утгатай дуудлага ирээд түүнийг ажлаас бууж байсан Отгончимэг хүлээн авч ээлжийн слесарь Эрдэнэжаргалд утсаар тэр даруйд нь дуудлагыг өгч байсан. ... 18 цагийн орчим Эрдэнэжаргал диспетчер рүү утсаар яриад 22 дугаар байрны подвал болон худаг, траншей бүгд халуун ус алдчихсан хүн орж хаах боломжгүй байна гэж хэлсэн" гэх /1-р хавтасны 54/, 

     Гэрч М.Эрдэнэжаргалын өгсөн “...Би 9 сарын 06-ны өдөр ээлжийн дуудлагын слесариар ажиллаж байхад ...16 цагийн орчим "22 дугаар байрны подвалаас уур савсаад байна гэнэ яваад оч” гэхээр нь ажлаа дуусгаад ойролцоогоор 30-40 минутын дараа очиход подвалын хаалга нь цоожтой, хаалганы завсраар уур гарч байсан. ...худагны тагийг авч үзэхэд хаалтнаас дээгүүр устай хаах аргагүй болсон байсан. ...Подвалын хаалганы түлхүүрийг жижүүрээс аваад онгойлгон үзэхэд хүн орохын аргагүй халуун уур савсаад подвал дотроо шагайнаас давсан ус цемэнтэн шалаар нь тогтсон байгаа харагдсан. Диспетчерт нөхцөл байдлын талаар мэдэгдэхэд нэмэлт слесарь явуулъя гэхээр нь би Ганхуяг гэдэг слесарь ахыг аваад буцаад очиход хүмүүс саяхан энд хүүхэд цөмөрч унаад эмнэлэг явсан гэхээр нь харахад замын баруун талд 1-2 метр орчим өргөнтэй зууван дугуйдуу хэлбэртэй нүх гарсан байсан..." гэх /1-р хавтасны 56/,

Иргэний хариуцагчаар тогтоогдсон Ч.Гантөмөрийн өгсөн "…манай компани Чойбалсан хотын цэвэр усны 68.3 км, бохир усны 25.6 км, орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ дангаараа 17 км байдаг. Үүнийг бид нийтэд нь хариуцан ажилладаг хаана ямар гэмтэл гарав гэдгийг тэр дор нь мэдэх боломжгүй байдаг. Усны даралт унахад эрж хайж гэмтлээ олдог юм. Энэ мэт осол гэмтлүүд өдөр тутам гардаг үүнийг засварлах хэвийн ажиллагааг хангах гэж манай байгууллага ажиллаж байна" гэх /1-р хавтасны 67-68/,

Шүүгдэгч С.Отгончимэгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: "…Би 2014 оны 09 сарын 06-ны өглөөний 08 цагаас "Дорнод НАА" ХХК-ийн диспетчерээр анх удаа гарсан. Би утсаар айл өрхийн дуудлага хүлээн авч ирсэн дуудлагыг слесарьт хэлж дамжуулах ажлыг гүйцэтгэж байсан. 9 цаг өнгөрч байхад утсаар "Станцаас Гантөмөр ярьж байна танайх нэмэлт устай байна, шугам угаалга чинь хаагуур явж байна" гэхээр нь би тэр дор нь цэвэр усны инженер Амарболд руу яриад "станцаас нэмэлт устай байна, шугам угаалга хаагуур явж байна гэж байна" гэхэд Амарболд инженер "Шугам угаалга хэвийн явагдаж байна, энүүгээр хэвийн байна" гэсэн. Тэгсэн удаагүй нөгөө утаснаас залгахаар нь Амарболдын хэлсэн үгийг дамжуулж хэлсэн. Тэгсэн чинь за за гээд тасалсан. Би тэр үед нэмэлт ус гэдгийн учрыг мэддэггүй байсан учир нэмэлт ус гэж хэлэхээр нь инженерт хэлье гээд ярьсан юм. Тэгээд иргэдээс утсаар дуудлагаа авч байгаад 16 цагийн үед ажлаасаа буух гэж байхад манай 70584659 дугаарын утас руу нэг хүн залгаад "22-р байрны хойд талын орцны подвалаас уур савсаад байна, ус алдаад байх шиг байна" гэж дуудлагыг өгсөн. Тэгэхээр нь би тэр дор нь слесарь Эрдэнэжаргалд энэ дуудлагыг дамжуулж хэлсэн. Тэгээд би ээлжээ Цэрэндолгор гэж хүнд өгөөд мөн дуудлагаа хүлээлгэж өгчихөөд гэртээ харьсан. Ингээд энэ осол болсон талаар дараагийн ээлжинд гарахдаа мэдсэн" гэх /3-р хавтасны 193-194/ мэдүүлгүүд, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн 07/110/02, 04/092/08 тоот дүгнэлтүүд, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, "Дорнод НАА" ХХК-ийн захирлын Б/56, Б/68 тоот тушаал, хавсралт, талийгаач Б.Батзаяагийн өвчний түүх, нас барсны гэрчилгээ зэрэг хуульд заасан үндэслэл  журмын  дагуу  олж  авсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Харин шүүгдэгч Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг нарыг гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Тухайлбал, шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох хууль бус үйлдэл , эс үйлдэл тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1-д “...хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй” эс үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болгон хуульчилсан байна. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд “ерөнхий инженер Б.Эрдэнэчимэг нь өөрийн шууд удирдлагад ажиллах ажилтан болох диспетчер С.Отгончимэгт ажил үүргийн чиглэлээр холбогдох мэргэжлийн зааварчилга өгөөгүй буюу дүрэм журмаар зохицуулагдсан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй..” гэсэн боловч ямар хууль тогтоомж, дүрэм, журмаар түүний албан үүрэг тодорхойлогдсон нь тодорхойгүй байна. Гарсан осол нь Б.Эрдэнэчимэгийн хууль бус үйлдэл, эс үйлдэлтэй холбоотой гэж үзэхийн тулд түүний С.Отгончимэгт өгөх ёстой байсан зааварчилгааг маш тодорхой тогтоосон байх шаардлагатай. Үүний дараа л  зааварчилга өгөөгүй эс үйлдэл нь ослын шалтгаан болсон эсэхийг дүгнэх боломжтой юм. Анхан шатны шүүх Б.Эрдэнэчимэгийн ажлын байрны тодорхойлолтод “...алба хэлтсийн менежерүүдтэй зөвлөлдөх, заавар зөвлөмж өгөх,...” гэж заасныг үндэслэн түүнийг гэм буруутай гэж үзсэнийг зөв гэж үзэх боломжгүй байна.  Учир нь, ажлын байрны тодорхойлолт дахь энэ заалтыг “шинээр томилогдсон диспетчерт нэмэлт усны дуудлага ирсэн тохиолдолд хэрхэн ажиллах талаар зааварчилга урьдчилан өгөх” гэсэн утгаар ойлгоход хэтэрхий ерөнхий заалт байна. Түүнчлэн С.Отгончимэг нь прокурор ба анхан шатны шүүхийн төсөөлж байгаа зааварчилгыг авсан эсэхээс үл хамаараад өөрийн боловсрол, туршлага, албан тушаалын хариуцлагын хэмжээнд илүү болгоомжтой, хариуцлагатай байсан бол ослоос сэргийлж чадах байсан гэж үзэх үндэслэлтэй тул осолд Б.Эрдэнэчимэгийг буруутгахад учир дутагдалтай байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийн гаргасан “С.Отгончимэг нь мэргэжлийн инженер, энэ ажлын талаар тодорхой мэдлэгтэй, ээлжийн хугацаанд инженер болон бусад удирдлагуудаа мэдээллээр хангах үүрэгтэй гэдгээ ухамсарлах боломжтой гэдэгт шүүх зөв дүгнэлт өгөөгүй, С.Отгончимэгт зааварчилга өгөөгүй гэдгээр намайг буруутгасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Б.Сүрэнжавын эс үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал буюу гэм буруу тогтоогдоогүй байна. Нэмэлт усны талаар болон подвалаас уур савсаж, халуун ус алдагдаж байгаа талаар Б.Сүрэнжав мэдсэн, мэдэх ёстой байсан, мэдэх боломжтой байсан гэж үзэхэд хүргэхүйц үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байна.

Иймд “дулааны шугамын алдагдлын талаар Б.Сүрэнжав хэрэг осол болсны дараа л мэдсэн, урьдчилан мэдэх боломжгүй байсан, хэрэв мэдсэн атлаа  шуурхай засаагүй бол шууд буруутай болох ёстой” гэх шүүгдэгч Б.Сүрэнжав, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж зааснаас гадна гэмтэл гарч, халуун ус алдагдсан  шугамын хэвийн байдал, ашиглалтыг нь “Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ-аас  хариуцах үүрэгтэй болох нь  шинжээч Ж.Энхээгийн дүгнэлт /1х-76/, мөн ДБЭХСистем ТӨХК нь Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, Нэгдсэн сүлжээний дүрмээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн болох нь шинжээч Б.Мөнхсайханы дүгнэлтээр /4х-173/ тус тус тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Сүрэнжавын “ДБЭХС ХК-ний инженер Т.Гантөмөр энэ хэрэгт гол буруутай тул жинхэнэ буруутай эзэн, буруутай байгууллагыг тогтоож өгнө үү” гэх, иргэний хариуцагч “Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ-ын төлөөлөгч Ц.Хишигмөнхийн “Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем ХК-ийн ажилтнууд буруутай байгааг шалгуулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хохирол, иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолын энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгахаар шийтгэх тогтоолыг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Отгончимэг, иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Хишигмөнх нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолд дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтуудаас шүүгдэгч Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

б/ тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Сүрэнжав, Б.Эрдэнэчимэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгасугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                                           ШҮҮГЧИД                       Б.ДЭНСМАА

                                                                                   О.БААТАРСҮХ