| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 1813003200135 |
| Дугаар | 598 |
| Огноо | 2020-10-23 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 598
Х.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар магадлалтай, Х.Х-д холбогдох 1813003200135 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1961 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 3, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, У овогт Х-ы Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох” гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Х-ыг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-аас 400,000 төгрөг гаргуулж, Баян-Өлгий аймгийн х сумын Засаг даргын тамгын газрын төрийн санд олгуулах,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Х-ын өмчлөлийн “Landcruiser-80” маркын **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг гэмт хэргийн улмаас учирсан 400,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө төлөх ёстой өмгөөллийн хөлс 400,000 төгрөгийг Бугат сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9,860,000 төгрөгөөс гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, 7 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Х-ын өмчлөлийн “Landcruiser-80” маркын **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Х нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн сангийн 100020455402 дугаартай Баян-Өлгий аймгийн х сумын Засаг даргын Тамгын газрын дансанд шүүгдэгч Х.Х-ын эхнэр Ж.Б-ын төлсөн 400,000 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Ж.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Х гаргасан гомдолдоо “...хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх хуралдааны дэгийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нотлох баримтыг зөв үнэлээгүй, миний нэр төр, алдар хүнд, эрүүл мэндэд халдсан зэрэг үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуралдааны дэгийг ноцтой зөрчиж, өөртөө давуу байдал бий болгож хоригдож байгаа миний эрхийг хязгаарлаж, хэлэлцэх асуудалд байгаагүй шинжлэн судлаагүй нотлох баримтыг үнэлсэн. Би 2 сая төгрөгийн талаар маргаагүй, зөвхөн 400,000 төгрөгтэй холбоотой асуудлаар гомдол гаргахаар тохиролцсон. Улмаар өмгөөлөгч 400,000 төгрөгтэй холбоотой асуудлаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, гарын үсэг зуруулсан. Хууль заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ хамгаалуулах үүднээс С.Т-дийг өмгөөлөгчөөрөө сонгон авсан. С.Т гомдол гаргаагүй. 2020.06.26-ны өдөр гомдлоо би өөрөө гаргасан. Мөн нэмэлт тайлбарт гаргахдаа шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ тусгасан. Хоригдож байх хугацаанд аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Б.Ганболд, хэсгийн төлөөлөгч ахмад М.С, АТГ-ын мөрдөгч комиссар Н.Г, ЗДТГ-ын санхүүгийн дарга Х.М нараас хуулийн туслалцаа авахаар албан тоотоор хандаж байсан.
2020.07.17-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаан 10 цагийн орчим эхэлж шүүгч С.Өмирбек хурлыг даргалж, шүүгч Д.Кабеш, М.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэйгээр миний гомдлыг хүлээн авч хэргийг хэлэлцсэн. Даргалагч шүүх хуралдааныг нээж, оролцогчдод эрх, үүргийг танилцуулсны дараа өмгөөлөгч А.Серикжан бид хоёрт хамтран гаргасан гомдлын талаар хэлэлцэх 1 минутын зөвшөөрөл олгон газар дээр нь би А.Серикжаны гаргасан гомдлоос татгалзаж, хуралдаан даргалагчид давж заалдах шатны шүүхийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 400,000 төгрөгийн гомдлоор явуулах тухай хэлэлцэн тохиролцсон. Шүүх хуралдааны даргалагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд заасан хуралдааны дэгийг зөрчсөн. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 2-6, 35.7 дугаар зүйлийн 1, 2, 35.8 дугаар зүйлийн 1, 2, 6, 7, 8, 9, 10, 35.24 дүгээр зүйлийн 1-6, 35.25 дугаар зүйлийн 1, 2 т заасныг тус тус зөрчсөн. 400,000 төгрөгтэй холбоотой нотлох баримтыг асууснаар өмгөөлөгч С.Тилеуберди банкинд тушаасан төлбөрийн даалгавар, миний эрүүл мэндийн тодорхойлолт, Захиргааны хэргийн 20.18.02.07-ны өдрийн 0017 дугаар захирамжийг өгсөн. Улмаар би босож шүүх хурал болохоос 1 хоногийн өмнө 2020.07.16-ны өдөр давж заалдах шатны шүүхэд шийтгэх тогтоолтой холбоотой асууж нотлох баримтыг гаргасан боловч даргалагчаас хавтаст хэрэгт байгаа гэх хариу өгсөн. Улсын яллагч 400,000 төгрөгтэй холбоотой санал бодлоо илэрхийлж иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан тухай хэлсэн. Би дахин босож өмнө бичсэн гомдлоо уншиж байхад даргалагч надаас шүүх хурлаас юу хүсэж байгаа гэж хэлэхээр нь 400,000 төгрөгтэй холбоотой хэргийг хүчингүй болгох саналтай байна гэхэд “танд хүсэлт тавих боломж олгоно. Бодож байгаарай” гэж хэлээд би суусан. Өмгөөлөгч А.Серикжан 400,000 төгрөгийн тухай хэдэн асуулт шинжлэн судлах талаар хэлсэн. Даргалагчаас гомдол гаргаагүй өмгөөлөгч саналаа хэлэх үү гэхэд С.Тилеуберди “400,000 төгрөгийг хүчингүй болгуулах” талаар саналаа хэлсэн. Хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулахаар миний бие 2 хуудасны дугаарыг хэлсэн боловч даргалагч захирамж байгаа гэсэн утгатай үг хэлэхээр нь би суусан. Өмгөөлөгч нар хэд хэдэн хуудасны тоо тэмдэглүүлсэн. Хуралдаанд оролцсон улсын яллагч тодорхой хариулт шүүх бүрэлдэхүүнд өгч чадаагүй. Даргалагч шүүх бүрэлдэхүүнд шүүгдэгчээс асуух зүйл байна уу гэхэд шүүгч нар байхгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.27 дугаар зүйлийг зөрчөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-1.3 хэлэлцээгүй. Дээрх байдлаар гэмт хэргийн шинжтэй, ээдрээтэй хуралдаан даргалагч зохион байгуулалттай өмгөөлөгч А.Серикж нар эрх хэмжээгээ урвуулан ашигласан шударга бус эцсийн шийдвэр гаргалаа.
Анх намайг буруутгах мэдээлэл бичсэн Х.Х, А.Т нар миний нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд халдсанаас шалтгаалан их хэмжээгээр хохирч байна. Миний бие засаг дарга хийсэн хугацаандаа улс нийгэм, төрд хохирол учруулах зорилгоор эрхийн акт гаргаагүй. Дээрх хүмүүс мөнгөнд шунан худал ярьж, хулгай хийж байна. Тухайн үед орон нутаг хөгжүүлэх сангийн мөнгийг зөв зарцуулсан бол намайг гэмт хэрэгтэн болгож мэдээлэл бичих ёсгүй байсан. Би шударгаар ажилладаг. Харин шударга бус ажиллавал нэг өдөр онхолдоно гэсэн үг бий. Дээрх хүмүүсийн хууль зөрчсөн асуудлаас шалтгаалан би маш ихээр хохирч байна. Миний бие улсад тасралтгүй 35 жил удирдах ажилтнаар 2004-2016 он хүртэл х сумын иргэдийн төлөөлөгчөөр 4 удаа дараалан сонгогдсон. Иймд миний дээрх байдлуудыг харгалзан хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээх эсхүл хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан гаргасан гомдолдоо “...шийтгэх тогтоол, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Х.Х-ын 400,000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/25 дугаар захирамж гаргаж Бугат сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9,860,000 төгрөгөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон гэсэн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд маргаан байхгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байгаа юм. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Х.Х-ыг анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн эрүүл мэнд, улсад 38 жил хөдөлмөрлөсөн зэрэг хувийн байдал, мөн ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид торгуулийн ял оногдуулж өгөх, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж өгөх талаар санал дүгнэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон. Гэтэл шүүхээс хуульд заасан урьдач нөхцөлүүд хангагдсан байхад гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авалгүй шийдвэрлэснийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй явдал болсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах, эсхүл шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр хоёр жил хүртэл хугацаагаар тэнсэж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа хэлсэн саналдаа “Х.Х-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс эхлэн гэрч, шинжээч, бусад оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээж авалгүйгээр гэм буруугийн шүүх хуралдаан руу шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулаагүй бөгөөд шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч гэж дурдаад тусгасан. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа. 2,000,000 төгрөгийн хувьд зарцуулалттай холбоотой зээлийн гэрээ, бусад нотлох баримтуудыг аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар мэдүүлгийг үндэслэж шийдвэр гаргасан. Уг гэмт хэргийн улмаас хэн хохирсон, хохирогч хэн болохыг тогтоогоогүй. Иймд нэмэлт ажиллагаа хийлгэх, процессын алдааг залруулах шаардлагатай учир хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Х-д холбогдох хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүхийн 27 дугаар магадлалд “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрөө төлөх ёстой байсан өмгөөллийн хөлс 400.000 төгрөгийг тус сумын Орон нутгийг хөгжүүлэх сан буюу хадлангийн талбай байгуулахад зориулагдсан 9.860.000 төгрөгөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлаг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй. Шүүгдэгч Х.Х нь өөрийн хамаарал бүхий компани буюу эхнэрийн эзэмшлийн компанийн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн болох хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан гомдлыг үндэслэн Х.Х-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Х.Х нь нийтийн албан тушаалтнаар буюу Баян-Өлгий аймгийн х сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” А/153 дугаар захирамжийн хавсралтаар өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, сум орон нутгаас тавьсан хүсэлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд зориулагдаж, х суманд хуваарилсан 2,000,000 төгрөгийг х сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” А/33 дугаар захирамжаар захиран зарцуулахдаа өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ж.Б-ын нэр дээр бүртгэлтэй “А” ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэн тус компанийн дансанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авч давуу байдал бий болгосон нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Х-ын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүх прокуророос шүүгдэгч Х.Х-ын “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрөө төлөх ёстой өмгөөллийн хөлс 400,000 төгрөгийг х сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9,860,000 төгрөгөөс гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэдийгээр шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах боловч мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” зэрэг урьдач нөхцлийг хангасан байхыг шаарддаг билээ.
Гэтэл хяналтын шатны шүүхэд өмгөөлөгч А.Серикжан “шүүгдэгчид торгох ял шийтгэх, эсхүл тэнсэж өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан байтал шүүгдэгч Х.Х нь “шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах” агуулга бүхий гомдлыг гаргаж, улмаар шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа нь “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгах” санал гаргасан нь хоорондоо утга агуулгын хувьд зөрчилдөөнтэй, гэм буруугийн талаар үл маргах зарчим алдагдсан байх тул шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх нь хуулийг буруу хэрэглэсэн тохиолдолд хамаарна.
Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгч Х.Х нь хуульд заасан хорих ялыг тэнсэхэд тавих шалгуурыг хангаагүй талаар дүгнэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр заасныг буруутгах үндэслэлгүй юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг нэрлэн заасан байх бөгөөд эдгээрийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох эсхүл өөрчилдөг боловч шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлүүд нь дээрх тохиолдлуудын алинд нь ч хамаарахгүй байх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбекийн зүгээс “...хурал давхацсан тул шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг, өмгөөлөгч А.Серикжан нь “...миний бие 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймагт шүүх хуралдаантай. Гэтэл шүүгчийн туслах Х.Х-д холбогдох хэргийн шүүх хуралдаан эхлэхээс 3 хоногийн өмнө тов мэдэгдсэн тул хяналтын шатны шүүх хуралдааныг хойшлуулна уу” гэх хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд гэнэт бий болсон хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохгүйгээр тогтож өмгөөлөгч нар хэргийн товын талаар өмнө хүсэлт ирүүлээгүй, шүүх хуралдаанд цахимаар оролцохоос татгалзсан, мөн шүүгдэгч Х.Х-ын өмгөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн нөхцөл байдлыг харгалзан хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН