Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2019/0717/З |
Дугаар | 221/МА2020/0097 |
Огноо | 2020-02-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2020/0097
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны
иргэдийн Нийтийн Хурлын даргын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, О.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 894 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, тус дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал /шинээр байгуулагдсан/-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 894 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47,2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 08 дугаар хороонд холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдааны Тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр, Хурлын даргын сонгох тухай 2 дугаар, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 3 дугаар, Хорооны Засаг даргын сонгох тухай 4 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдолдоо: “...Маргаж буй Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоол нь тус дүүргийн хороодын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах талаар зөвлөмж хүргүүлсэн шинжтэй бөгөөд даалгасан шинж чанар агуулаагүй юм. Уг тогтоол нь зохион байгуулалтын шинжтэй дотогш чиглэсэн бөгөөд уг хуваарийг баталснаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хорооны Хурлын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлээгүй, эрх хэмжээнд нь халдаагүй юм.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралтай холбогдох 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны А/07 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны актад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын дээд шүүх хянан хэлэлцэж 80 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэл гаргасан шаардлагын талаар Монгол Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх дахин дүгнэлт хийсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудпыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”; мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно...” гэж заасан. Энэ нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлсон заасан зохицуулалт юм.
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.4 дэх хэсэгт “Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно" гэж заасны дагуу уг маргаан нь шүүхэд хамаарах асуудал биш юм. Тухайн иргэдийн Нийтийн Хуралд маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгох эрх нь байсаар байтал өөрсдөө энэ эрхээ хэрэгжүүлээгүй байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаас “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг илт хууль бус захиргааны актын дагуу хууль бусаар 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаар батлан гаргасан 1, 2, 3, 4 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор тус дүүргийн бүх хороодын иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг баталж, тогтоосон хугацаанд зохион байгуулж, хуралдуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгаж шийдвэрлэсний дагуу Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдаж, Хурлын дарга, Тэргүүлэгчид, хорооны Засаг даргаа шинээр сонгожээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж зааснаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулах эрхтэй байхад хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хороодын иргэдийн нийтийн анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар тогтоол гарган, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болох талаарх Үндсэн хуульд заасан зарчмыг зөрчиж, бүрэн эрх нь дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хуульд заасан бүрэн эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдож байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заагаагүй үндэслэлээр, өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар халдаж, захиргааны акт гаргасан бол тухайн шийдвэр илт хууль бус захиргааны актад тооцогдох учраас Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/06 дугаар тогтоолын нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг “илт хууль бус захиргааны акт” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн илт хууль бус тогтоолын дагуу хуралдсан 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан илт хууль бус учраас уг хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, гарсан бүх тогтоолууд нь эрх зүйн үйлчлэлгүй тул 8 дугаар хорооны 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаас гаргасан 1, 2, 3, 4 дүгээр тогтоолуудыг мөн илт хууль бус захиргааны акт гэж үзнэ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, “...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 8 дугаар хорооны бүрэн эрх нь дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хуульд заасан бүрэн эрхэд халдсан...” хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байх тул давж заалдах гомдолд дурдсанаар “...хорооны Хурлын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлээгүй, эрх хэмжээнд нь халдаагүй” гэж үзэх үндэслэлгүй.
Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тогтоолоор “...нэхэмжлэгч Р.Дамдинд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс шүүхэд нэхэмжлэл гаргах болон итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрх олгосон талаарх итгэмжлэл хэрэгт байхгүй...” гэсэн дүгнэлт хийж, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсэг, тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаас гарсан 1, 2, 3, 4 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын талаар Монгол Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн гэж дүгнэх боломжгүй бөгөөд, нэхэмжлэгч нь уг асуудлаар маргах эрхээ алдаагүй байх тул “...захиргааны хэргийн анхан шатны шүүх дахин дүгнэлт хийсэн” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн “...уг маргаан нь шүүхэд хамаарах асуудал биш. Тухайн иргэдийн Нийтийн Хуралд маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгох эрх байсаар байтал өөрсдөө энэ эрхээ хэрэгжүүлээгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй, учир нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэж буй хуралдаанаас гарсан тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх бүрэн боломжтой.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 894 дүгээр хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ