| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0174/З |
| Дугаар | 001/ХТ2025/0080 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2025/0080
“А Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Татварын ерөнхий газрын
татварын улсын байцаагчид холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0140 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2025/0334 дүгээр магадлалтай,
Хэргийн оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О, хариуцагч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 337 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Хэргийн нөхцөл байдал: “А Х” ХХК-ийн 2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 10,760,904,364 төгрөгийн төлбөр тогтоосон байх бөгөөд 2018 онд 1,662,452 тонн төмрийн хүдрийн баяжмал улсын хилээр гаргасан, үүнээс 19,254 тонныг дагалдах бүтээгдэхүүн гэж тооцож, уг дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоожээ.
3.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс: “ ... дагалдах металлд АМНАТ төлөх хуулийн зохицуулалт 2018 онд байхгүй байсан, 2018 оны үйл баримтад 2019 оны ЗГ тогтоол хэрэглэж, татвар тооцсон нь үндэслэлгүй, борлуулсан бүтээгдэхүүнд нөөц ашигласны татвар төлөх бөгөөд дагалдах металл борлуулаагүй, ямар нэгэн орлого олоогүй, дагалдах металлыг цэвэр эцсийн бүтээгдэхүүний үнээр тооцсон, эцсийн бүтээгдэхүүн биш” гэж,
4.Хариуцагчаас: “ ... Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд үндэслэж, дагалдах металлд АМНАТ тооцсон, бүх төрлийн бүтээгдэхүүн, ашигт малтмалын төрөлд АМНАТ төлөх хуулийн зохицуулалт 2018 онд үйлчилж байсан, эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2018 онд үйлчилж байсан хуулийн заалтыг хэрэглэж төлбөр тогтоосон” гэж тус тус маргажээ.
5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж, актаар тогтоосон төлбөрийг 10,593,934,896 төгрөгөөр бууруулсан байна. Үүнд:
5.2.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа дагалдах металлаас мөн төлбөр тооцож авах зохицуулалт нь тайлант хугацаанаас хойш бий болсон нөхцөл байдал тул иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, тэдгээрт үүрэг бий болгосон энэхүү зохицуулалт бүхий журмыг буцаан хэрэглэхгүй.
5.3.Ашигт малтмалын тухай хууль (2006 оны) болон Засгийн газрын тогтоолоор баяжмалд агуулагдаж буй дагалдах металлд төлбөр ногдуулах хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул энэхүү дагалдах элементүүдийг хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүний алинд хамааруулан тооцсон эсэх болон ямар аргачлалаар хувь хэмжээг нь тооцож гаргасныг, мөн Гаалийн лабораторийн дүгнэлтээр металлын агууламж тогтоогдоогүй байхад тогтоогдсон мэтээр дүгнэсэн эсэхийг шүүх шалгаж, дүгнэх шаардлагагүй.
6.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
6.1.“А Х” ХХК нь 2018 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар худалдсан, худалдахаар ачуулсан 1,662,452 тонн төмрийн хүдрийн баяжмалд 184,202,595,984 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 9,210,129,799 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан тайлагнасан байх боловч тухайн төмрийн хүдрийн агуулагдаж буй 19,254 тонн дагалдах металл, эрдэст ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болох нэмэлт төлбөрийг тайлагнаж, төлөөгүй гэж үзэж хариуцагч улсын байцаагчаас маргаан бүхий актаар зөрчилд тооцсон нь үндэслэлтэй байна.
6.2.Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалын 1.2-т “Ашигт малтмалын хүдэр баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо “Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь экспортод гаргасан 1,662,452 тонн төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж байгаа 19,254 тонн дагалдах металл, эрдэст ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх үүрэгтэй.
6.3.Нэхэмжлэгч хуулийн этгээд нь байгалийн баялгийг Монгол Улсын хилээр гарган худалдан борлуулж ашиг орлого олсон тул төмрийн хүдэр, баяжмалд агуулагдаж байгаа алт, мөнгө, зэс, молибден, хар тугалга, цайр, хөнгөн цагаан, цагаан тугалга зэрэг 19,254 тонн дагалдах металл, эрдэст ашигт малтмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх нь хуулийн дээрх зорилго, зорилтод нийцэх юм.
7.Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.“А Х” ХХК нь төмрийн хүдрийн баяжмалыг гангийн үлдвэрүүдэд худалдан борлуулдаг бөгөөд тухайн экспортод гаргасан төмрийн хүдрийн баяжмал дотор маш бага хэмжээгээр агуулагдаж буй бусад элементүүдийн агуулгын хольцгүй цэвэр металлын адилаар авч үзэж тусад нь үнэлж борлуулалтын нэмэлт орлого олдоггүй болно. Харин ч эсрэгээрээ төмрийн хүдрийн баяжмал доторх бусад эрдсийн агууламж хэдий өндөр байна, тэр хэмжээгээр үндсэн түүхий эд болон төмрийн агуулга бага байх буюу энэ нь гангийн боловсруулалт, бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлдөг тул бусад хольцийн найрлагын хувь хэмжээнээс хамааран худалдан авагч талд торгууль төлөх үндэслэл болдог.
7.2.“А Х” ХХК нь экспортод гаргасан төмрийн хүдрийн баяжмал доторх хольц тус бүрээр борлуулалтын нэмэлт орлого олдоггүй. Тийнхүү борлуулах ямар ч боломжгүй юм. Учир нь тонн тутамд үлэмж бага хэмжээгээр буюу тоосонцор байдлаар баяжмал болон химийн нэгдлүүдтэй холилдон агуулагдаж байгаа тухайн дагалдах элементүүдийг техник технологийн хувьд болоод эдийн засгийн үр ашгийн үр ашгийн хувьд ялган авах ямар ч боломжгүй юм.
7.3.Давж заалдах шатны шүүх төмрийн хүдрийн баяжмал дахь эрдсүүд хүдэр болон баяжмалын аль ч ангилалд агуулгаараа хүрэхгүй бүтээгдэхүүний аль ангилалд хамааруулж байгаа нь мөн ямар шалгуураар, юуг үндэслэн тухайн төрлийн ангилалд хамааруулж АМНАТ тооцох нь зүйтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Засгийн газрын 193 дугаар тогтоолд зааснаар хамгийн бага агуулга бүхий шаардлагыг тодорхойлсноор нь Хүдэр гэж үзсэн байлаа гэхэд аргачлалын 2.1 дэх хэсэгт заасан Боловсруулж ялгахад эдийн засгийн ач холбогдол бүхий гэсэн нэг үндсэн шинжийг хэрхэн юуг үндэслэн хангана гэж үзсэн нь тодорхойгүй.
7.4.Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолын хавсралтаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцон, төлбөр ногдуулах тайлагнах төлөх журмыг шинэчлэн батлагдаж, уг журмын 2.8, “Нүүрснээс бусд ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно” гэж журамласнаар дагалдах ашигт малтмалд АМНАТ тооцох эрх зүйн зохицуулалт бий болж Татварын алба ч мөн АМНАТ тайлангийн маягтаа шинэчлэн баталсан.
7.5.Нөгөөтэйгүүр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад мөн дагалдах металл ногдуулж нөхөн татвар ногдуулсан гэх агуулга, утга дурдагдаагүй, 2018 он экспортод гаргасан 118.4 тэрбум төгрөгийн төмрийн хүдрийн баяжмалын үнэлгээгээр зөрчлийн дүнг тодорхойлсон бөгөөд хариуцагч маргааны явцад актын дүнгийн холбогдох хэсгийг дагалдах металлд ногдуулсан гэж тайлбарладаг. Гэтэл 2018 онд экспортолсон нийт 1,664,025 тоон төмрийн хүдрийн баяжмалд дүнгээр тодорхойлон түүнээс нөхөн татвар алданги, торгууль ногдуулсан нь утгагүй юм.
ХЯНАВАЛ:
8.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын дагалдах бүтээгдэхүүнд холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
9.Энэ хэргийн тухайд хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай асуудал нь төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж байгаа дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх эсэх, хэрэв төлөх бол төлбөрийн хэмжээг хэрхэн тооцоход оршиж байна.
10.Маргааны үйл баримтын тухайд, “А Х” ХХК нь 2018 онд 1,662,452 тонн төмрийн хүдрийн баяжмалыг худалдахаар улсын хилээр гаргасан байх бөгөөд уг хүдрийн баяжмал дотор 19,254 тонн дагалдах бүтээгдэхүүн байсан болох нь Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
11.2018 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан (2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өөрчлөлт) Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа эрдсийн хуримтлалыг байгалиас салгаж, олборлолт хийж, худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй, тухайлбал, худалдахаар ачуулсан төмрийн баяжмал дотор агуулагдаж байсан зэс, цайр, цагаан тугалга, алт, мөнгө, нүүрс, төмөр, жонш зэрэг дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр байна.
12.Иймээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн “төмрийн хүдэр худалдсан болохоос түүний дотор агуулагдаж байгаа дагалдах бүтээгдэхүүнийг худалдаагүй, ямар нэгэн орлого олоогүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь “орлого олсон” эсэхээс үл хамаарч, гагцхүү эрдсийн хуримтлалыг байгалиас салгаж, олборлолт хийж, эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн баялаг ашигласан үйлдэлд тооцож байгаа төлбөр юм.
13.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 19-ний 62 дугаар тогтоолоор “Э Ү” ТӨҮГ-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэхдээ, “... зэсийн баяжмалд агуулагдах дагалдах металл болох төмрийн хэмжээг цэвэр агуулгаар бус, нийт баяжмалын жингээр (хуурай жинд шууд хамааруулан хэрэглэсэн нь буруу) үндэслэн борлуулалтын үнэлгээг гаргасан нь гомдол гаргагчийг “60 хувийн агууламжтай төмөр буюу төмрийн баяжмал гэх бүтээгдэхүүн” борлуулсантай адилтган тооцож, тооцооллын алдаа гаргасан байх бөгөөд энэхүү тооцоолол нь дээрх аргачлалын дагалдах бүтээгдэхүүний хэмжээг тусад нь, агууламжид тулгуурлан тооцох зарчимд нийцэхгүй” гэж дүгнэж, дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх агуулгаар эрх зүйн дүгнэлт хийж, хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоосон, уг хэрэг нь энэхүү маргааны үйл баримттай адилхан буюу 2018 онд худалдахаар ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүн, түүнд агуулагдаж байгаа дагалдах бүтээгдэхүүнд төлбөр тооцсон маргаан байна.
14.Гэтэл анхан шатны шүүхээс “Ашигт малтмалын тухай хууль (2006 оны) болон Засгийн газрын тогтоолоор баяжмалд агуулагдаж буй дагалдах металлд төлбөр ногдуулах талаар зохицуулаагүй буюу зөвшөөрөөгүй, өөрөөр хэлбэл, тийм хууль зүйн үндэслэл байхгүй байна” гэж хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн байна.
15.Харин давж заалдах шатны шүүхээс “дагалдах бүтээгдэхүүнд тооцох төлбөрийг хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүний алинд хамааруулан тооцсон, ямар аргачлалаар хувь хэмжээг хэрхэн тооцсон” талаар эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
16.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, хариуцагч нараас 19,254 тонн дагалдах ашигт малтмалын агуулгад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцохдоо “цэвэр бүтээгдэхүүн”-ий борлуулалтын үнэлгээгээр, эсхүл “хүдэр”-ийн борлуулалтын үнэлгээгээр тооцсон гэдэг нь тодорхойгүй, дагалдах бүтээгдэхүүний нийт хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцсон төмрийн хүдрийн хэмжээнээс хасч тооцсон эсэх, эсхүл нэмж тооцсон эсэхийг тодруулах шаардлагатай, хариуцагчаас энэ талаар холбогдох тооцоолол гаргаж өгөөгүй, үндэслэл бүхий тайлбар гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
17.Гаалийн төв лабораторийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0029539 дүгээр дүгнэлтэд[1] “төмрийн хүдрийн баяжмалд хөнгөн цагаан 0.98-1.07%, хар тугалга 14.49-113.05 мг/кг, цайр 259.5-503 мг/кг, зэс 69-154.5 мг/кг агуулагдаж байна” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “… хамгийн өндөр агуулгаар төлбөр тооцсон” гэж маргасан, хариуцагчаас энэ хэсэгт холбогдох тооцоолол тодорхойгүй байх тул маргааны үйл баримтыг тодруулах шаардлагатай.
18.Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 322 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-ын 2.5-д “Тухайн экспортын бүтээгдэхүүний агуулгын хувийг тогтоохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ...”, 2.7-д “Тухайн бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах үнэт металл, бусад эрдэс бүтээгдэхүүний хувьд аргачлалын 2.5-д заасны дагуу тогтоосон дагалдах бүтээгдэхүүний агуулгын талаарх дүгнэлтийг үндэслэн тухайн дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалын дагуу тооцно” гэж заажээ.
19.Энэ тохиолдолд нэгдүгээрт, хариуцагчаас борлуулалтын үнэлгээ тооцсон аргачлал тодорхойгүй, дагалдах эрдэс баялгийг цэвэр бүтээгдэхүүнээр тооцсон үндэслэл тодорхойгүй, хоёрдугаарт, экспортолсон төмрийн хүдрийн нийт жинд дагалдах ашигт малтмалын жинг оруулан тооцсон эсэх, төмрийн хүдэрт агуулагдаж буй дагалдах эрдэс бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох жинг хэрхэн тооцсон тооцооллын үндэслэл тодорхойгүй байх бөгөөд энэ нь хариуцагч байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарах асуудал байна.
20.Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журмын тухайд, хариуцагч татварын улсын байцаагч нараас дээрх тооцоололтой холбоотой асуудлуудыг нэг мөр тодруулж, дахин тооцоолол хийх ба 19,254 тонн дагалдах бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцохдоо дагалдах бүтээгдэхүүн тус бүрийн цэвэр жинг нийт төмрийн хүдрийн баяжмалын хуурай жинд хамааруулахгүй хасч, зөвхөн дагалдах бүтээгдэхүүний цэвэр жингээс борлуулалтын үнэлгээг хуульд зааснаар тооцож, 6 сарын дотор дахин акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.
21.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 8 төрлийн зөрчил тогтоосноос 1, 2, 5 дахь хэсэгт нэхэмжлэгч маргаагүй буюу нэхэмжлэл гаргаагүй, харин 6, 7, 8 дахь хэсэгт гаргасан нэхэмжлэлээ дэмжээгүй, шийдвэрлүүлэхгүй гэсэн, энэ хэсэгт хяналтын гомдол гаргаагүй, зөвхөн дагалдах бүтээгдэхүүнд холбогдуулан хяналтын гомдол гаргасан тул хяналтын шатны шүүхээс энэ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийв.
22.Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0140 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2025/0334 дүгээр магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1.Ашигт малтмалын тухай (2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр) хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан “А Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-*********** дугаар нөхөн ногдуулалтын актын 3 болон 4 дэх хэсэг буюу дагалдах бүтээгдэхүүнд холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинээр акт гаргахыг хариуцагч нарт даалгасугай. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий НА-*********** дугаар нөхөн ногдуулалтын актын дагалдах бүтээгдэхүүнд холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж өөрчилсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
[1] Нотлох баримт, Нөхөн ногдуулалтын акт 69 дүгээр хуудас