Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1691

 

И.**гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/00655 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч И.**гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч **д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаягийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.**

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.**

Хариуцагчийн өмгөөлөгч: З.Хүрэлсүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч И.** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1995 онд   АУИС-ийг, 1997 онд анагаах ухааны магистрантурыг төгсөн улсад тасралтгүй 20 жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа эмчилгээ, үйлчилгээний ямар нэгэн алдаа гаргаж байгаагүй, ард иргэдийн талархлыг цаг ямагт хүлээн, эмчийн ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажилласаар ирсэн. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр **ийн даргын үүрэг гүйцэтгэгчийн Б/26 тоот тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халагдсан. Ажлаас халагдсанаа эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, спортын яаманд гомдол гаргасан ба тус бүр буруу гаргасан хуулийн актаа хүчингүй болгож ажилд нь эргүүлэн авч ажиллуулах үүрэг чиглэлийг **ийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.**д хүргүүлсэн боловч одоог хүртэл удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, албан тушаалынхаа эрх мэдлийг хэтрүүлэн ажиллаж байгаа тул 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас халагдсан тушаалаа гардан авч нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **ийн сэтгэцийн их эмчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан И.** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журамын 11.2.2, 11.3.7, 11.3.12, Хөдөлмөрийн гэрээний 5.3.7, 5.3.12-т заасныг ноцтой зөрчсөний улмаас ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг **ийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар цуцалсан болно.

Хариуцагч нь 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш өглөө, оройдоо огт бүртгүүлээгүй, 43 удаа ажил тасалсан, эрт явсан 930 минутын цагийн хоцрогдолтой нь баримтаар нотлогдсон. И.** нь цуу яриа гарган бусдад нөлөөлж, турхиран үгсэн хуйвалдаж ажилчдыг дарамталж гарын үсэг зуруулж, сэтгэл санааг тайван биш болгож байгууллага дээр эмх замбараагүй байдал үүсгэж, удирдлагуудыг болон бусад ажилчдыг авилгатай тэмцэх газар, НЭМГ, ЭМСЯаманд өргөдөл, гомдол гарган шалгуулж байгууллагын нэр хүндэд халдах үйлдлийг удаа дараа гаргасан

Нэхэмжпэгч И.** нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 51-52 минутын хооронд, мөн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 58 минутанд Ш.**, А.**, Д.** дарга нарын өрөөний хаалга руу шашны холбогдолтой зан үйл хийж байгаа нь видео бичлэг болон жолооч н.**ийн тайлбараар нотлогдож байгаа.

**ийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хуулийн зөвлөх Т.**, Хүний нөөцийн тасгийн эрхлэгч Д.**, программист Т.Амартогтох нар нь тус төвийн Сэтгэцийн их эмчийн өрөөнд 01 дүгээр сарын 25-ны өдөр И.**д танилцуулсан байна. Нэхэмжпэгч И.** нь Эрүүл мэнд спортын яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт **ийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан нь Б/26 дугаар тушаалыг нэхэмжлэгч И.**д танилцуулсан нь Эрүүл мэндийн яамны 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1а/730 тоот албан бичгээр, мөн тушаал танилцуулсан тухай видео бичлэгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч И.** нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/201 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар үндсэн цалинг 1 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх тул сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг дахин давтан гаргасан нь баримтаар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан И.**г **ийн сэтгэц, наркологийн их эмчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 971 278 төгрөгийг И.**д олгож, түүний эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг хариуцагч **д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч **өөс 94 490 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

**ийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан их эмч И.**г ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй байхад “Тушаалын үндэслэл тодорхой бус, тогтоогдоогүй зөрчилд буруутгасан” гэж буруу дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой.

Хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан, зөрчлийг нотлох баримтаар баталгаажуулсан, дотоод журамд зааснаар удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж ажил олгогчийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх буруу шийдвэрлэлээ. Хариуцагчийн татгалзал, түүнийг нотолсон баримтуудыг шүүхэд гарган өгсөөр байхад хуульд заасан журмаар үнэлж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч И.** нь хариуцагч **д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

**ийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.3.7, 11.3.12, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.7, 5.31.2, Удирдлагын зөвлөлийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын шийдвэр, бусад холбогдох баримтыг баримтлан “Өнөр” салбарын сэтгэцийн их эмч И.**д 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/201 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан ба сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох нотцой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Хариуцагч байгууллага нь ажилтныг шашны зан үйл хийж Хөдөлмөрийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.3.12, Хөдөлмөрийн гэрээний 5.1.13-т тус тус заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан бөгөөд энэ нь камерийн бичлэгээр нотлогдоно гэж тайлбарласан. Уг бичлэгийг шүүх хуралдаан дээр танилцуулж, тэмдэглэлд тусгагдсан ба талууд энэ ажиллагааг шүүх хийснийг үгүйсгээгүй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг шашны зан үйл хийж байсан гэдгийг эргэлзээгүй шууд нотлохгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч байгууллагын Удирдлагын зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот хурлын тэмдэгдлэлээс үзвэл ажилтан Хөдөлмөрийн дотоод журмын 11.3.7, Хөдөлмөрийн гэрээний 5.3.7-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ажилтан ажил тасалсан гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувь, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй, хариуцагч байгууллагаас гаргасан баримт нь ажилтанд хамаарах эсэх нь эргэлзээтэй байдлыг шүүх зөв дүгнэж нэхэмжлэгчид холбогдолгүй гэж үзсэн нь зөв болно

 

Иймд ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажил олгогчоос ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 971 278 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2016/00655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ** нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА