| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2024/07961/И |
| Дугаар | 210/МА2025/01161 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2025/01161
БНХАУ-ын иргэн *******-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03255 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох
35,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. 2024 оны 09 дүгээр сард “*******” ХХК-ийн захирал *******нь “Хөвсгөл аймагт зам засварын ажил хийж байгаа, замын дэвсэгч машинаа түрээслүүлээч” гэж санал тавьсны дагуу БНХАУ-ын иргэн ******* болон *******нар харилцан тохиролцож SSP90C-8 загварын авто замын дэвсэгч автомашиныг 14 хоногийн хугацаатай, өдрийн 2,750,000 төгрөгөөр 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн түрээслүүлсэн.
1.2. “*******” ХХК-ийн хүмүүс нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр техникийг ачиж авч явсан. Төлбөрийн барьцаа болгон Benz G-350 маркийн, *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж түлхүүрийг нь үлдээж явсан. “*******” ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр 19,000,000 төгрөгийг төлнө гэсэн боловч төлөөгүй. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус компанийн ажилтнууд техникийг авчирч өгсөн бөгөөд техникийн түрээсийн төлбөрийг төлөөгүй атлаа хүчээр барьцаанд үлдээсэн Benz G-350 маркийн тээврийн хэрэгслээ ачаад явсан. Түлхүүр нь бидэнд байгаа.
1.3. “*******” ХХК-ийн бичиг хэргийн ажилтан гэрээг вайбер чатаар явуулсан боловч тус компаниас гарын үсэг зураагүй, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй ирүүлсэн. Гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах талаар “*******” ХХК-ийн захирал болон бичиг баримтын ажилтанд удаа дараа хандсан боловч захирал ирээгүй гэх шалтгаанаар гарын үсэг зурж баталгаажуулаагүй.
1.4. “*******” ХХК-ийн оффис дээр очиход захирал нь байгаагүй бөгөөд компанийн ажилтандаа бичиг хийж өгөх талаар хэлж, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр техникийг түрээсэлсэн талаар албан бичиг хийж өгсөн.
“*******” ХХК нь замын дэвсэгч машиныг нийт 13 өдөр түрээсэлсний төлбөр 35,750,000 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд машин механизмыг түрээслэхээр урьдчилсан тохиролцоо яригдаж байсан. Тухайн машин механизмыг авч яваад талбай дээр аваачаад ажиллуулах гэсэн боловч ажиллаагүй учраас БНХАУ-ын иргэн ******* гэдэг хүнд буцааж өгсөн байдаг. Тухайн техник нь ажиллаагүй учраас талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй. Авто замын дэвсэгч гэх машин механизм нь тухайн үед шаардлага хангаад ажилласан бол түрээсийн гэрээ байгуулагдах боломжтой байсан.
2.2. Хэрэгт авагдсан машин механизмын түрээсийн гэрээ нь тамга дарж баталгаажуулаагүй учраас хүчин төгөлдөр бус байх ба нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Мөн машиныг буцаан хүлээн авсан болон ямар нэгэн төлбөр тооцооны акт үйлдээгүйгээс харахад талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэх нэхэмжлэгч талын тайлбар үгүйсгэгдэнэ. Талууд түрээсийн гэрээ бичгээр байгуулаагүй буюу түрээсийн үнийг гэрээгээр тодорхойлоогүй учраас 35,750,000 төгрөгийг шаардах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* /*******/-ын хариуцагч “*******” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 35,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,700 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх “Түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүйгээс түрээсийн нөхцөл, хугацаа, түрээсийн төлбөрийн хэмжээний тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүйгээс гадна түрээсийн түрээсийн зүйлийн чанар байдлыг тодорхойлоход шаардлагатай баримтгүй байна.” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь хариуцагч компани вайбер чатаар өөрсдөө гэрээний төсөл илгээсэн, техникийг ачиж авч явсан, тохирсон хугацаандаа буцаан хүлээлгэн өгсөн, өөрийн эзэмшил, ашиглалтад 14 хоногийн хугацаанд байлгасанд маргадаггүй. Харин хариуцагч “техник ажиллаагүй” гэж маргасан боловч үүнийг өөрөө нотлоогүй.
4.2. Хариуцагч нь анх техникийг ачиж явахдаа өөрсдөө шалгаад хэвийн ажиллагаатай байсан тул авч явсан, мөн “өөрийн компанид ажиллуулах ажилтан байгаа” гэж тайлбарлаж байсан. Мөн нэхэмжлэгчид баталгаа болгон 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байрлах төслийн талбай руу дэвсэгчийг 14 хоногийн хугацаатай, өдрийн 2,750,000 төгрөгөөр, операторгүй нь түрээсэлсэн болно. Түрээсийн хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тооцно” гэсэн албан бичгийн хариуцагч “*******” ХХК-аас бичиж өгсөн.
Хариуцагч “*******” ХХК-ийн техникийг 14 хоногийн хугацаатай, өдрийн 2,750,000 төгрөгөөр түрээсэлсэн тухай дээрх албан бичгийг үндэслэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт тус тус зааснаар талууд хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй.
4.3. Талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн. Хариуцагч нь өөрөө хэд хоногийн хугацаагаар, хэдэн төгрөгөөр техникийг хэзээ авч яваад, хэзээ буцаан өгснөө бүрэн илэрхийлсэн байхад “гэрээ байгуулагдаагүй, тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч тал замын дэвсэгч техникийг тохирсон ёсоор өөрийн эзэмшил, ашиглалтад 14 хоногийн хугацаанд байлгасан ба авч яваад удалгүй буцааж өгсөн зүйл биш юм.
4.4. Мөн анхан шатны шүүх “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, хөлслүүлсэн эд хөрөнгийн доголдлоос шалтгаалан хөлслөгч гэрээг цуцалж, мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг буцаан өгсөн гэж үйл баримт тогтоогдлоо.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч гэрээгээр тохирсон 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд техникийг авч ашиглаад, буцааж өгсөн байдаг. Тохиролцсон хугацаанд бүрэн ашигласан байхад шүүх “гэрээг цуцалсан” гэж дүгнэж байгаа нь ямар баримтад үндэслэсэн нь ойлгомжгүй.
4.5. Барьцаа болгон үлдээсэн *******улсын дугаартай, Benz G-350 маркийн авто машиныг үйл баримтыг нотлох үүднээс өгсөн бөгөөд “*******” ХХК нь хүн явуулан хүчээр машиныг авч явсан. Барьцаанд үлдээсэн гэх авто машин нэхэмжлэгч талд тодорхой хугацаанд байсан учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээний зураг авагдсан юм.
Иймд хариуцагч “*******” ХХК-аас техник ашигласан хугацааны 13 хоногийн төлбөр 35,750,000 төгрөгийг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Талуудын хооронд гэрээ байгуулах урьдчилсан нөхцөл яригдаж байсан боловч техник тоног төхөөрөмж нь ажиллагаагүйгээс болж гэрээ байгуулагдаагүй. Хөвсгөл аймгийн Хатгал суманд явагдаж байгаа замын ажилд уг дэвсэгч автомашиныг ашиглахаар авч явсан боловч ажиллаагүй. Нэхэмжлэгч талд буцааж өгөхөд хэд хоног тээвэрлэх учраас хугацаа орсон.
5.2. Нэхэмжлэгч тал дэвсэгч автомашиныг хүлээж авахдаа төлбөр тооцооны акт үйлдээгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд бичгээр гэрээ байгуулаагүй бол эрх зүйн үр дагавар үүсэхгүй.
5.3. Нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Мөн уг дэвсэгч автомашин нь БНХАУ-ын иргэн *******-ын эзэмшил мөн эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй.
Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 35,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
3.1. Нэхэмжлэгч нь “хариуцагчтай 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр машин, механизмын түрээсийн гэрээ байгуулсан, гэвч хариуцагч талыг гэрээнд гарын үсэг зурж, тамга дарах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч захирал ирээгүй гэх шалтгаанаар гэрээнд гарын үсэг зурж өгөөгүй” гэж тайлбарладаг.
3.2. Харин хариуцагч тал “түрээслэх хэлэлцүүлэг бол явагдаж байсан, гэвч тухайн замын дэвсэгч нь эд анги дутуу, ажиллуулах операторгүйгээс ажиллуулаагүй тул гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй” гэж тайлбар, татгалзалдаа дурдсан.
3.3. Анхан шатны шүүх “талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт тус тус заасан ...хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан. Гэтэл түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүйгээс түрээсийн нөхцөл, хугацаа, түрээсийн төлбөрийн хэмжээний тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийж боломжгүй, түрээсийн зүйлийн чанар байдлыг тодорхойлоход шаардлагатай баримт /техникийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан/-гүй байна.” гэж дүгнэн Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, хөлслүүлсэн эд хөрөнгийн доголдлоос шалтгаалан хөлслөгч гэрээг цуцалж, мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг буцаан өгсөн гэх үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь буруу болжээ.
4. Анхан шатны шүүх нотолгооны хувьд алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
4.1. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдах үйл баримт болсон байх боловч тухайн түрээсийн гэрээг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр байгуулаагүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Энэ тохиолдолд хэргийн үйл баримтын тухайд авч үзвэл хариуцагч нь гэрээний харилцааны үндсэн дээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр авч явж, аж ахуйн зориулалттай үйл ажиллагаанд ашиглан 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр буцаан өгсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
5. Нэхэмжлэгч тал “маргааны зүйл болох SSP90C-8 загварын шар өнгийн замын дэвсэгч механизмыг 14 хоногийн хугацаатай, 1 өдрийн 2,750,000 төгрөгөөр тооцон 38,500,000 төгрөгөөр түрээслүүлсэн” гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй байна.
5.1. Харин хариуцагчийн татгалзлын хувьд “тухайн техник нь доголдолтой байсан” гэж тайлбарлаж байгаа боловч нэгэнт нэхэмжлэгчийн эзэмшлээс хариуцагчийн эзэмшилд тухайн тээврийн хэрэгсэл шилжсэн үйл баримт тогтоогдож байгаа учраас ашиглах боломжгүй байсан гэдгээ нотолгооны үүргийн хувьд хариуцагч тал өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд энэ тайлбар, татгалзлаа хариуцагч тал нотлоогүй байгаа учраас доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгч хүлээлгэж өгсөн гэж дүгнэнэ.
5.2. Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогыг буцаан төлөх үүргийг хүлээх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
5.3. Гэрээ байгуулахаар харилцан тохиролцоод нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд хүлээн авч, тодорхой хугацаанд ашигласан үйл баримт тогтоогдож байгаа учраас 1 хоногийг 2,750,000 төгрөгөөр тооцоод нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд давж заалдах гомдолд тусгасан мөнгөн дүнгээр буюу 13 хоногийн төлбөр 35,750,000 төгрөг төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/03255 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дах заалтыг “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 336,700 төгрөгийг гаргуулж БНХАУ-ын иргэн *******-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН