| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0742/Э |
| Дугаар | 740 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 740
2019 08 06 2019/ШЦТ/740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Д.Ё нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ё-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, цэцэг зардаг ажил хийдэг гэх, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт , Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 744 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Д.Ё,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Д.Ё нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 4 дүгээр дэлгүүрийн орчимд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн З.Чанаагийн “Iphone-7 Plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ё шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай найз “интернет тоглоомын газар байна” гээд дуудсан. Урд хоёр хүн юм яриад явж байхад цүнхнээс нь гар утас ил гарсан байсан. Зам гарахдаа авчихсан юм... ” гэв.
Хохирогч З.Чанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 4 дүгээр дэлгүүрийн орчим явж байгаад цүнхэндээ байсан ““Iphone-7 Plus”” загварын rap утсаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Хохирогч З.Чанаагийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаагийн ажилтнаас гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Эрүүгийн мөрдөгч, цагдаа нарын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “илтгэх хуудас” /хх-ийн 5 дугаар хуудас/,
Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн “эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
“Дамно" ХХК-ийн гаргасан СБ1-19-536 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...865.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Ё-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүрэгт байрлах хүнсний 4 гэх нэртэй газар явж байхад миний урд талд 2 Өвөр Монгол эмэгтэй мөрөндөө хар өнгийн гар цүнх үүрчихсэн явсан. Тэгэхээр нь санамсаргүй байдлаар хальт харахад тухайн цүнхний хажуу талын халаасанд нь шар алаг өнгийн “Ай фонь 7 плас” маркийн гар утас ил гарчихсан явж байхаар нь дөхөж очоод авчихсан юм. Тухайн гар утсыг өөртөө авч явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Ё-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ё нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 4 дүгээр дэлгүүрийн орчимд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн З.Чанаагийн ““Iphone-7 Plus”” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч З.Чанаагийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдагдсаныг мэдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ёндонцээяний үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Иймд Д.Ё-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Д.Ё нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч З.Чанаа ““Iphone-7 Plus”” маркийн гар утсаа буцаан авсан нь эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хх-ийн 8 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Ё-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ё-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Д.Ё-г 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Ё нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ё-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ