Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/01211

 

 

 

“*******” ХХК, *******нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02791 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК, *******нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******нарт холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 13,228,396 төгрөг болон компаниас шилжүүлэн авсан 77,532,533 төгрөг, нийт 90,760,929 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэн тогтоосон тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн,

18,884,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******үндсэн,

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “*******” ХХК-д талбайн инженерээр ажилласан болохыг тогтоолгох, ажилласан хугацааны цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч *******өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. *******нь өндөр насны тэтгэвэрт гарахад 3 жил дутуу байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг компаниас төлж өгөхийг хүсэж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “*******” ХХК-д баталгаа гаргах нь гэх бичгийг өөрөө бичиж өгсөн бөгөөд *******аас баталгаа гаргасны дагуу “*******” ХХК-аас түүний 3 жилийн нийгмийн даатгалын шимтгэлд нийт 13,228,396 төгрөгийг төлсөн. Энэхүү компаниас төлөгдсөн мөнгийг тэтгэвэр тогтоолгосны дараа компанид буцаан төлөхөөр тохиролцсон боловч 2019 онд тэтгэврээ тогтоолгож, компаниас шаардлагатай тодорхойлолт, баримт бичгийг гаргуулж авсан боловч компаниар төлүүлсэн шимтгэлийн мөнгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.

1.2. Дээрх 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн баталгаа нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 13,228,396 төгрөгийг *******аас буцаан гаргуулна.

1.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу 3 жилийн хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэн тогтоосон *******тэтгэврийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

1.4. *******нь “*******” ХХК-ийг төлөөлөх эрх олгоогүй байхад компанийн нэрээр бусадтай гэрээ байгуулан компанийн санхүүгээс нийт 77,532,533 төгрөгийг гаргуулан авч компанийг хохироосон. Тодруулбал, *******нь инженер мэргэжлээ ашиглан компаниас барилгын дотоод засал, засварын ажил авч бусадтай гэрээ байгуулан тухайн ажлынхаа төсөв зардлыг компаниас гаргуулан авч бие даан ажилладаг байсан бөгөөд тухайн үед барилгын засвар, заслын ажил гүйцэтгэж байх үедээ “ажлын шаардлага гарлаа” гэж дансаар болон бэлнээр мөнгө авдаг байсан боловч санхүүгийн баримтыг гаргаж өгдөггүй, тооцоо нийлэхийг шаардахад тооцоо нийлдэггүй, мөнгийг хувьдаа ашиглаж компанид хохирол учруулсан.

Иймд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “*******” ХХК-д баталгаа гаргах нь гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр *******өмнөөс 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 13,228,396 төгрөг болон компаниас шилжүүлэн авч хувьдаа ашигласан 77,532,533 төгрөг, нийт 90,760,929 төгрөгийг хариуцагч *******аа сбуцаан гаргуулж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр “*******” ХХК-ийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэн тогтоосон тэтгэврийг хүчингүй болгохыг хариуцагч *******т даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч *******гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

2.1. *******нь иргэний хувьд хариуцагч *******аас авах авлагын асуудлыг тусад нь нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт тус тус зааснаар хамтран нэхэмжлэгчээр оролцож байна.

2.2. *******нь өөрийн эзэмшлийн Хас банкин дахь ****** тоот данснаас шилжүүлсэн 11,000,000 төгрөг, бэлнээр өгсөн 1,800,000 төгрөг, *******эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн 4,584,000 төгрөг, нийт 17,384,000 төгрөгийг *******өгсөн, мөн түүний өмнөөс ******* ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг төлсөн.

Иймд хариуцагч *******ааснийт 18,884,000 төгрөг буцаан гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

3. Хариуцагч *******тайлбар, татгалзлын агуулга:

3.1. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “*******” ХХК-ийн захирлын 24/2015 дугаар тушаалаар талбайн инженерээр ажилд орж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43/2018 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Хэрэв гуйж байгаад 3 жил нийгмийн даатгал шимтгэл төлүүлсэн бол нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 07 дугаар сард Голомт банканд “манай компанид *******нь талбайн инженерээр ажилладаг” гэсэн тодорхойлолт гаргаж өгөхгүй байсан.

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ажлын газрын тодорхойлолт, 3 удаа цалин авч байсан баримтууд хэрэгт авагдсан.

3.2. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “*******” ХХК-д баталгаа гаргах нь гэх бичгийг хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй. 2018 онд хариуцагчийг дарамталж байгаад тухайн баталгааг бичүүлсэн. *******нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тэтгэврийн насанд хүрсэн бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг тэтгэвэрт гаргахад зайлшгүй шаардлагатай баримтууд байхгүй байсан тул тухайн баримтуудыг “*******” ХХК-аас шаардахад гаргаж өгөөгүй. Ингээд тэтгэвэрт гарч чадахгүй байсаар байгаад 2018 оны 12 дугаар сард “чи баримтуудаа авмаар байгаа бол баталгаа хийж өг” гэхээр нь баримт бичгүүдээ авахын тулд аргагүйн эрхэнд тухайн баталгааг бичиж өгсөн.

3.3.“*******” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажил, Дорноговь аймгийн төв Сайншанд суманд *******төвийн барилга барих ажлыг тус тус гүйцэтгэхээр болсон ба хариуцагч нь эдгээр 2 барилгын ажлын талбайн инженерээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Энэ 2 ажлын хөлсийг төлөөгүйгээс болж ******* зүгээс “*******” ХХК болон *******нарыг хариуцагчаар татан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

3.4. “*******” ХХК-ийн зүгээс нэхэмжилсэн мөнгө нь дээрх 2 барилгын ажлыг хийхэд зарцуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоно. Тухайлбал, 34,433,880 төгрөгийг 2 барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн 30 гаруй хүмүүсийн ажлын хөлсөнд өгсөн, 34,546,653 төгрөгийг бараа материал болон тээврийн бусад зардалд зарцуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа 18,884,000 төгрөг болон 77,532,533 төгрөгийг *******аваагүй. Хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс үүссэн эдийн болон эдийн бус хохирол буюу сөрөг үр дагаврыг ойлгодог. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч компанид хохирол учруулаагүй, түүнийг хохирол учруулсан гэдгийг нэхэмжлэгч тал нотлоогүй атлаа *******төлөх мөнгөө хариуцагч *******аас нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч *******тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Нийгмийн даатгалын ерөнхий газраас иргэний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу хамгийн эхэнд тухайн тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл өгсөн хүн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эсэх, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байдал зэргийг шалгаж үздэг.

4.2. *******хувьд анх 2018 оны 12 дугаар сард тэтгэвэр тогтоолгох өргөдлөө өгсөн. *******материалыг шалгаж үзэхэд 55 нас хүрсэн ба нийт 16 жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байсан учраас хувь тэнцүүлснээр өндөр насны тэтгэвэр тогтоож өгсөн. “*******” ХХК нь 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал 3 жилийн хугацаанд 1,200,000 төгрөг буюу үндсэн ажилтнаар тооцон *******нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн.

4.3. Ийнхүү *******тэтгэвэр тогтоолгох үндэслэлийг шалгаж үзэхэд Нийгмийн даатгалын тухай хуульд заасан шаардлага хангаж байсан учраас тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн. Манай нийгмийн даатгалын байгууллага *******тэтгэврийг тогтоож өгсөн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байна.

Хэрэв *******нь тухайн байгууллагад ажиллаагүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол нийгмийн даатгалын шимтгэлд 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал төлсөн төлөлтийг тэг болгож, *******тухайн үед авч байсан тэтгэврийг одоо авч байгаа тэтгэврээс нь буцаан төлүүлэх, эсхүл шинээр тэтгэвэр тогтоох асуудал үүснэ.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байгаагүй гэдэг нь шүүхээр тогтоогдоогүй учраас манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

5. Хариуцагч *******нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

5.1. Миний бие 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “*******” ХХК-д талбайн инженерээр ажилласан. Энэ хугацаанд Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажил, Дорноговь аймгийн төв Сайншанд суманд Иргэдийн хөгжлийн төвийн барилга барих ажлыг тус тус удирдан зохион байгуулж ажилласан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан.

5.2. Миний бие “*******” ХХК-д талбайн инженерээр ажиллаж байх хугацаанд тус компани нь 3-4 удаа цалин өгсөн, ээлжийн амралтын мөнгө олгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох ба үүнээс өөр ямар ч цалин аваагүй. Цалингаа авах гэхээр нэхэмжлэгчийн зүгээс “чи бид 2 хоорондоо тохирно, чамд автомашин өгнө, хашаа байшин авч өгнө” гэх мэтээр хууран мэхэлж өнөөдрийг хүрсэн.

Иймд *******2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “*******” ХХК-д талбайн инженерээр ажилласан болохыг тогтоож, ажилласан хугацааны цалин 44,400,000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Сөрөг нэхэмжлэлд гаргасан “*******” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

6.1. Сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан нь хууль зөрчсөн байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл тодорхойгүй учраас нэхэмжлэгчийн зүгээс хариу тайлбар гаргах, мэтгэлцэх боломжгүй байна.

6.2. Сөрөг нэхэмжлэлд дурдсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын цэцэрлэгийн барилга, Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн хөгжлийн төвийн барилгыг “*******” ХХК нь орон нутгийн удирдлагуудтай гэрээ байгуулан батлагдсан зураг, төсвийн дагуу барьж гүйцэтгэн ашиглалтад оруулсан.

6.3. *******нь “*******” ХХК-д талбайн инженерээр ажиллаж байгаагүй учраас цалин хөлс олгоогүй. Түүнчлэн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлстэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас10,031,262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,197,134 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-нд холбогдох 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “*******” ХХК-нд талбайн инженерээр ажилласан болохыг тогтоолгох, ажилласан хугацааны цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******холбогдох компаниас шилжүүлэн авсан 77,532,533 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох нийгмийн даатгалын шимтгэлээр тогтоосон тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг, нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй хариуцагч *******холбогдох 18,884,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “*******” ХХК-ийн урьдчилан төлсөн 942,204 төгрөгийн 224,091.98 төгрөгийг, хариуцагч *******урьдчилан төлсөн 450,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлсөн 718,112.02 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж “*******” ХХК-нд, нэхэмжлэгч *******урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж *******д, хариуцагч *******аас175,450.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-нд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

8. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Хариуцагч *******нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ““*******” ХХК-д баталгаа гаргах нь ...13,226,396 төгрөгийг эргүүлэн төлөх нь үнэн болно” гэх баталгаа үйлдэн компаниас тухайн 3 жилийн нийгмийн даатгалын шимтгэлд 10,031,262 төгрөгийг төлүүлж тэтгэвэр тогтоолгосны дараа 13,228,396 төгрөг буцаан төлж компанийг хохиролгүй болгохоор хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д тус тус заасан шаардлага хангасан, гарын үсгээ зурж бичгээр хийсэн хэлцэл тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3,228,396 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

8.2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******өгсөн 77,532,533 төгрөгийг түүнээс нэхэмжилсэн, *******хүлээж авсан талаар маргадаггүй. “*******” ХХК нь *******гийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй ба *******нь “*******” ХХК-д ажилладаггүй, компанийг төлөөлөх эрхгүй атлаа компанийн нэрийг ашиглан бусадтай байгуулсан гэрээнээс үүсэх үр дагавар, хариуцлагыг гэрээний талууд хүлээх хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч *******нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сум болон Дорноговь аймгийн Сайншанд суманд барилгын дотоод засал, засварын ажилд зарцуулсан гүйцэтгэлийн талаар санхүүгийн тооцоо, холбогдох санхүүгийн баримтыг “*******” ХХК-д гаргаж ирүүлээгүй тул ямар ч баримтгүйгээр компаниас авч хувьдаа зарцуулсан мөнгийг нэхэмжилсэн дүнгээр хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд *******гийн нэхэмжлэлтэй “*******” ХХК, *******нарт холбогдох иргэний хэрэг хэлэлцэгдэж байгаа нь тогтоогдсон үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар *******холбогдох 77,532,533 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

8.3. Нэхэмжлэгч *******нь хувиасаа өөрийн эзэмшлийн дансаар болон бэлнээр хариуцагч *******руу 19,884,000 төгрөг шилжүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулгаар тогтоогдож байхад шүүх мөн *******гийн нэхэмжлэлтэй “*******” ХХК, *******нарт холбогдох иргэний хэрэг дээрх шүүхэд хэлэлцэгдэж байгаа үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

8.4. Анхан шатны шүүх хариуцагч *******гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

9. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1. Нэгдүгээр үндэслэлийн тухайд, хариуцагч *******давж заалдах гомдолдоо дурдсан учраас давхардуулан тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна.

9.2. “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 77,532,533 төгрөг, *******нэхэмжилсэн 19,884,000 төгрөгийн тухайд, анхан шатны шүүх “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэл тогтоогдсон” гэж үзэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагын хангасан гэж үзэж байна. Учир нь *******нь Өвөрхангай аймаг болон Дорноговь аймагт “*******” ХХК-ийн барьсан 2 барилгын талбайн инженерээр ажилласан. “*******” ХХК нь *******гийн бригадад төлбөрөө төлөөгүй учраас *******“*******” ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотойгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх *******гийн нэхэмжилсэн мөнгө *******аас нэхэмжилсэн мөнгөтэй агуулгын хувьд адилхан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна.

9.3. Төлбөр гаргуулах шаардлагыг шүүх мөн адил үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байгаа ба дөрөвдүгээр үндэслэл буюу *******ажилласан жилтэй холбоотой гомдлын тухайд, уг асуудлыг хариуцагч тал мөн давж заалдах гомдолдоо дурдсан учраас гомдолдоо дэлгэрэнгүй тайлбарлана гэв.

 

10. Хариуцагч *******гаргасан давж заалдах гомдлын агуулга:

10.1. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч тал намайг маргаж буй хугацаанд тус компанид талбайн инженерээр ажиллаж байгаагүй гэдгийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх нотлох баримтыг үгүйсгэсэн дүгнэлтийг хийсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн.

10.2. Шүүх “*******” ХХК-ийн аудиторын дүгнэлтийг үндэслэн *******нэхэмжлэгч компанид талбайн инженерийн албан тушаалд ажиллаж байсан гэж үзэх боломжгүй талаар дүгнэсэн. “*******” ХХК-ийн аудиторын дүгнэлт нь Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т заасан баримт бичгүүдийг үндэслэн гараагүй, зөвхөн “*******” ХХК-ийн хүсэлтээр түүнд зориулан гаргасан дүгнэлт болохоос талуудын хооронд үүссэн үйл баримтыг тогтоох баримт биш юм.

10.3. “Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй буюу *******нь 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал талбайн инженерээр ажиллаж байсан гэх байдал тогтоогдохгүй байна” гэж үзсэн. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх ажилтан *******буруутгасан дүгнэлтийг хийсэн нь хууль, шударга ёсны зарчимд нийцээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулиар тухайн жилд ажилласан ажилтанд ээлжийн амралт, ээлжийн амралтын цалинг олгохоор заасан. “*******” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр *******“ээлжийн амралтын мөнгө” гэж нэрлэн зааж 958,608 төгрөгийг өгсөн байдаг. Энэ баримт нь *******талбайн инженерээр ажилласан байдлыг нотолсон.

10.4. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “баталгаа” гэх бичгийг бичиж өгсөн үйл баримтын тухайд, *******2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл “*******” ХХК нь ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалаа өгөхгүйгээс тэтгэврээ тогтоолгож чадалгүй 5 сарын хугацааг алдсан. *******ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалуудаа гаргаж өгөхийг “*******” ХХК-аас шаардахад “нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 13,228,396 төгрөгийг буцаан төлнө гэсэн бичиг хийгээд өгвөл тушаалуудыг өгнө” гэхэд нь тэрээр аргагүйн эрхэнд “баталгаа” гэх зүйлийг бичиж өгсөн.

Шүүх уг баталгааг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан “эрх, үүрэг үүсгэсэн хэлцэл” гэж үзсэн. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн баталгааг талууд харилцан тохиролцож хийгээгүй, ...мөн “*******” ХХК нь *******нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, төлсөн шимтгэлийг *******буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байсан бол 2015 онд талбайн инженерээр ажилд томилохдоо уг бичгийг үйлдэх байсан. Гэтэл хожим буюу 2018 оны 12 дугаар сард бичүүлж авсан байдаг.

10.5. Шүүх “хэлцлийн үндсэн дээр мөнгө төлөх үүрэг үүссэн” гэж дүгнэсэн атлаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзээгүй. “*******” ХХК нь *******нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө зөвшөөрч төлсөн байтал шүүх “*******бусдын хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авсан” гэж үзэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хариуцагчийн зүгээс “*******” ХХК-д ажилласан байдлаа нотлох зорилгоор “*******” ХХК-ийн захирал *******баталж, *******тус компанийг төлөөлөн гарын үсэг зурсан Өвөрхангай аймгийн “*******” ОНӨААТҮГ-тай “*******” ХХК-ийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа *******гийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох иргэний хэргээс хуулбарлан авч тус шүүхийн архивын газраар “хуулбар үнэн” гэсэн дардсыг тэмдэглүүлэн (даруулж) уг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэсэн хуульд нийцэхгүй үндэслэлээр шүүх хүлээн аваагүй зэргээр хариуцагчийн нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх зэрэг хуулиар олгосон эрхийг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******аас10,031,262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “*******” ХХК-д талбайн инженерээр ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

11. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

11.1. Хариуцагч *******нь “*******” ХХК-д огт ажиллаж байгаагүй. Мөн аудитын дүгнэлтээр үндсэн ажилтнаар ажиллаж байгаагүй гэдгийг тогтоосон. Хэрэгт хөдөлшгүй нотлох баримт авагдсан. *******нь анх “чи миний нийгмийн даатгалыг төлөөд өгчих, би тэтгэвэрт гарахдаа нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг чинь буцааж төлье” гэж хэлсэн учраас өөрийнхөө гараар бичиж өгсөн.

11.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т “талбайн инженерээр 2015 оноос хойш ажиллаж байгаа…” гэж дурдсан боловч зөвхөн уг баримтуудыг үнэлж нэхэмжлэгч компанид ажиллаж байсан гэж үзэх боломжгүй талаар урьд нь дүгнэсэн.  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар “*******буруу” гэж шийдвэрлэгдсэн. *******болон ******* нар нь нэг бригад бөгөөд *******надтай амаар хэлцэл хийж ажил гүйцэтгэн мөнгөө хангалттай авсан.

Гэтэл авсан мөнгөнөөсөө *******тал мөнгөө өгөөгүй учраас ************** нарын хооронд маргаан үүссэн. *******нь шүүхэд худал хэлж өөрөө хариуцагчаас чөлөөлөгдөн намайг хариуцагч болгосон. Үүнд оролцсон *******гийн өмгөөлөгч нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг зөрчсөн тул арга хэмжээ авагдсан.

11.3. ******* болон *******нарын хооронд байгуулсан гэрээ нь хуурамч гэдэг нь батлагдсан учраас шүүхэд худал мэдүүлэг өгч “*******” ХХК-ийг их хэмжээний өр төлбөрт оруулж байна. Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэж, *******яллагдагчаар татсан. *******яллагдагчаар татсан үндэслэл нь *******нь “*******” ХХК-д ажилладаггүй атлаа гагцхүү нийгмийн даатгал төлүүлж байсан баримтаар анхан шатны шүүхэд “би тус компанийг төлөөлөх эрхтэй” гэж хэлж, *******гийн өмгөөлөгч нь өмгөөллийн эрх хэмжээнээсээ хэтэрсэн үйлдэл гарган шүүхэд шууд нөлөөлөх замаар хууль бус хүсэлт тавьсныг нь тухайн хэргийн шүүгч Б.Мандалбаяр хүлээн авч намайг хариуцагч болгосон.

Өнөөдөр би мөнгө гаргуулахаас илүү уг хэргийг агуулгаар хянуулж, хэргийн бодит байдлыг тогтоолгох хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан гомдол нь агуулгын хувьд бодит үнэнд нийцээгүй тул үндэслэлгүй гэв.

 

12. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

12.1. Хариуцагч тал “аудитын дүгнэлтийг зөвхөн “*******” ХХК-д гаргаж өгсөн” гэж тайлбарлаж байна. Хэрэв хариуцагч тал аудитын дүгнэлтийг зөвшөөрөхгүй байсан бол аудитын дүгнэлтэд гомдол гаргах, нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгэж байгаа бол үүнийгээ нотлох үүрэгтэй.

12.2. “1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн үүрэг байхад ажилтныг буруутгасан нь үндэслэлгүй” гэж дурдаж байна. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч байгууллага тус компанид ажилладаггүй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэггүй. Хэрэв хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллуулж байсан бол цалингаа сар, сард авах ёстой.

12.3. Хариуцагч тал ““*******” ХХК-аас ээлжийн амралтын мөнгө авсан” гэж тайлбарлаж байх ба тухайн үед хариуцагч *******мөнгө гуйсны дагуу нэхэмжлэгч *******мөнгө шилжүүлсэн. *******нь итгэсний үндсэн дээр ийм байдалд орсон.

12.4. Мөн хариуцагч тал “тэтгэвэр авахын тулд буюу аргагүй байдал орсон учраас нэхэмжлэгч талд баталгаа бичиж өгсөн” гэж давж заалдах гомдолдоо дурдсан. Хариуцагч тал “аргагүй байдалд орсон, нэхээд өгөөгүй” гэж худал тайлбарласан буюу энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч тухайн баталгааг аргагүй байдлын улмаас бичиж өгсөн талаар тайлбарладаг боловч үүнийгээ нотлоогүй. Хариуцагч *******нь “*******” ХХК-д 3 жил ажиллаж байсан атлаа цалин аваагүй үйл баримт нь *******ажилладаггүй байсан гэдгийг тодорхойлж байна.

12.5. *******нь “*******” ХХК-аас нууцаар компанийн нэрийг ашиглан авсан ажлынхаа хүрээнд *******тэй гэрээ байгуулсан. Уг хоёр хүний гэрээний асуудал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд үүнийг шүүх бүрэлдэхүүн ялгаж, зааглаж тогтоож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “*******” ХХК-д баталгаа гаргах нь гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр түүний нэр дээр 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 13,228,396 төгрөг болон компаниас шилжүүлэн авч хувьдаа ашигласан 77,532,533 төгрөг, нийт 90,760,929 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулах, хариуцагч *******т холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэн тогтоосон тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах, нэхэмжлэгч *******нь хариуцагч *******холбогдуулан 18,884,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

 

3. Хариуцагч *******нь нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд тус компанид талбайн инженерээр ажиллаж байсан болохыг тогтоолгох, уг ажилласан хугацааны цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч “*******” ХХК нь эс зөвшөөрч маргажээ.

 

4. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч *******холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд:

4.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч *******аас 13,228,396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүх 10,031,262 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч компанид олгож шийдвэрлэсэн нь зөв боловч алдаатай дүгнэлт хийсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4.2. *******нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “...“*******” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл болох 13,228,396 төгрөгийг төлөх нь үнэн болно...” гэх агуулгатай баталгааг үйлдэн гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна. /2хх28/

Анхан шатны шүүх дээрх баримт болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан дүгнэж хариуцагч *******нэхэмжлэгч “*******” ХХК-д талбайн инженерийн албан тушаалд ажиллаж байсан гэж үзэх боломжгүй гэж зөв дүгнэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн.

 

4.3. Нэхэмжлэгч “*******” ХХК болон хариуцагч *******нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин шүүх “ажилтан бус этгээдийн нэрээр 2015 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөх нөхцөл бүхий Иргэний хуулийн 39 дүгээр 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасан хэлцэл талуудын хооронд байгуулагдсан” гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь “*******” ХХК нь *******өөрийнх нь бичиж өгсөн баталгаанд үндэслэн түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд нэгэнт хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй тохиолдолд бусдын өмнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг гуйлтаар нь төлсөн, нөгөө этгээд нь төлүүлж байгаа байдал нь Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17 дахь хэсгийн 10.17.5-д заасан хууль зөрчсөн үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагч *******өмнөөс нэхэмжлэгч “*******” ХХК нь 10,031,262 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байх тул хариуцагч *******тус 10,031,262 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах мөнгөн хөрөнгөд хамаарна.

 

5. Анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн баталгаа гэх баримтыг “хэлцэл гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь буруу болсон байх ба уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаар үнэлэх нь хуульд нийцнэ.

Тухайн баримтад хариуцагч *******аас буцааж өгөх мөнгөн хөрөнгийн хэмжээг “13,228,396 төгрөг” гэж тодорхойлж бичсэн байгаа боловч нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт гэх баримтаар бодитоор нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн дүн нь 10,031,262 төгрөг болох нь тогтоогдож /1хх10-46/ байх тул анхан шатны шүүх энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3,228,396 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч “*******” ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлоогүй байгааг дурдах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгч “*******” ХХК нь 77,532,533 төгрөг, нэхэмжлэгч *******18,884,000 төгрөгийг тус тус хариуцагч *******аа снэхэмжилсэн байна.

6.1. Энэ шаардлагын хүрээнд зохигчийн тайлбараар *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч “*******” ХХК болон *******нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 119,810,355 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэгдэж байгаа нь тогтоогдож байна. 

Дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргүүдийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6.2. *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгч нараас хариуцагч *******холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцон шилжүүлсэн дээрх мөнгөн хөрөнгөө шаардах боломжтой байна.

Иймд дээрх нэхэмжлэлтэй хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ. Энэ талаар гаргасан зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хэмжээгүй” гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

7.1. Дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг “захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

8. Нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан хариуцагч *******сөрөг нэхэмжлэлийн тухайд:

8.1. Хариуцагч *******нь нэхэмжлэгч “*******” ХХК-д талбайн инженерээр ажиллаж байсан болохыг тогтоолгох, ажилласан хугацааны цалин хөлс 44,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх “хариуцагч *******тухайн компанид талбайн инженерээр ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй учраас хариуцагч нь ажилласан хугацааны цалин хөлс шаардах эрхгүй.

Дээрх үндэслэлээр шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

9. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалт, тогтоох хэсгийн 2 дахь заалтад сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохтой холбоотой хуулийн зохицуулалтыг тус тус буруу баримталсан байгааг залруулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5,” гэж заасныг хасаж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримталсан хууль хэрэглээний өөрчлөлтийг тус тус оруулна.

 

10. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан талбайн инженерээр ажиллаж байсныг тогтоолгох тухай шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага бус, харин ажилласан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох тул тогтоох хэсгийн 2 дахь заалтаас талбайн инженерээр ажиллаж байсныг тогтоолгохтой холбоотой агуулгыг хассан найруулгын өөрчлөлт оруулна.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад найруулгын алдаа гаргасан байгааг засна. Өөрөөр хэлбэл, хэнд холбогдуулан ямар шаардлага гаргасан хэний нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг товч агуулгаар тайлбарлах нь зүйтэй.

Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсэгт “*******” ХХК-нд” гэж буруу бичсэн байгааг залруулна.

 

11. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/02791 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас10,031,262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,197,134 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-аас ажилласан хугацааны цалин 44,400,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 77,532,533 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг, хариуцагч *******т нийгмийн даатгалын шимтгэлийг үндэслэн тогтоосон тэтгэврийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг, хариуцагч *******аас 18,884,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж,

 

4 дэх заалтад 2 удаа “...“*******” ХХК-нд” гэснийг “...“*******” ХХК-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661,175 төгрөг, хариуцагч *******аасдавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

              ШҮҮГЧИД                                Т.БАДРАХ

 

                                                                         Д.ЦОГТСАЙХАН