| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0078/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/74 |
| Огноо | 2019-09-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/74
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Ч.О түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ч.О-д холбогдох эрүүгийн 1917001250065 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 15-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 33 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Баянбулагийн ......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Боржигон овогт Ч.О /РД: ............
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.О нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 01 тоот өрөөнд нэвтэрч иргэн Б.Х-гийн өмчлөлийн “ipone-x” маркын гар утсыг дагалдах эд зүйлийн хамт хулгайлж 1.565.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.О нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 01 тоот өрөөнөөс иргэн Б.Х-ийн өмчлөлийн “ipone-x” маркын гар утсыг дагалдах эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.565.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
1. Шүүгдэгч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би
шинээр баригдаж байгаа 2-р сургуулийн барилга дээр түр туслах ажилтнаар ажиллаж байсан юм. 2019 оны 07 дугаар сарын 04-ний орой хамт ажилдаг С, Т нартай гурвуулаа 1 шил 0.75 литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд төв цэнгэлдэхэд болж байсан Хурд хамтлагийн тоглолт үзэхээр очсон. Тэгээд шоу дуусаагүй байхад бид 3 дахиад 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд би ажлын хүмүүсээс салаад Аймгийн нэгдсэн эмнэлэгрүү ганцаараа алхсан. Манай 2 сартай хүү У Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлээд эхнэр Э хүүгээ сахиж байсан юм. Би эхнэр хүүхэд дээрээ очих санаатай эмнэлэг явсан. Замдаа өөрийн гар утсаа гээсэн. Эмнэлэг дээр очоод эхнэр хүүхдээ хаана хэвтэж байгааг асуух гэхэд миний утас байгаагүй. Тэгээд би хүүхдийн тасагруу нь ороод ертөнцийн зүгээр хамгийн баруун талын өрөөний гадна очиход хаалга нь онгорхой байсан. Тэгээд би дотогш ороход гэрэл нь унтраалттай байсан бөгөөд хаалгаар коридорын гэрэл өрөөнд тусаад юм харагдаж байсан. Тухайн өрөөнд хэдэн хүн унтаж байсан талаар би санахгүй байна. Ямар ч байсан өрөөний зүүн урд талын орны хажууд шүүгээн дээр цагаан гэртэй хар өнгийн гар утас байхаар нь би авсан. Уг гар утсанд чихэвч холбоотой байсан. Тэгээд би тэр өрөөнөөс шууд гараад сувилагчийн өрөөнд ороод Э аль өрөөнд хэвтэж байгаа талаар асуухад яг хажуу өрөө гэж зааж өгсөн. Тэгээд би эхнэрийн хэвтэж байсан өрөөнд ороод 20-30 орчим минут юм ярьж байгаад гэрлүүгээ харьж амарсан. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өглөө эрт манай гэрт цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлсэн. Надаас гар утсыг хураан авсан. Би анх удаа хэрэг хийж байна. Хохирогчид өгөх хохирол төлбөр байхгүй, хийсэн хэрэгтээ үнэн голоосоо гэмшиж байна гэх мэдүүлэг./хх-ийн 56-57 дугаар тал/
2. Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Би
Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт өөрийн охиныг эмчлүүлэхээр 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус эмнэлгийн плат-1 өрөөнд хэвтэн эмчлүүлж байна. 2019 оны 07 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө би өөрийн эзэмшлийн “ipone-x” маркын гар утсыг чихэвч, хамгаалалтын гэрийн хамт хулгайд алдсан. Би шөнө 00 цаг 30 минутын үед унтсан. Унтах үедээ гар утсаа орны хажуу талын цэнхэр өнгийн тавиурын хамгийн дээд талын тавиур дээр цагаан өнгийн чихэвчээ холбоод тавьсан байсан. Тэгээд өглөө 05 цаг 30 минутын үед сэрэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд би ээлжинд гарч байсан сувилагчаас асуухад шөнө согтуу нэг хүн орж ирсэн гэж байсан. Би эмнэлгийн өрөөнүүдээр хайхад ердөө олдоогүй. Миний байрлаж байсан өрөөнд 3 жоохон хүүхэд, 2 том хүн байсан. Шөнө манай өрөөнд ямар хүн орж ирснийг би мэдэхгүй байна. Хамт байгаа өрөөний хүмүүсээс миний гар утсыг харсан эсэхийг асуухад мэдэхгүй гэж байсан. Тэгтэл манай хажуу талын өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаа нэг эмэгтэй дээр нөхөр нь шөнө ирсэн гэсэн. Тэр хүн авсан байж магадгүй гэж би бодсон. Би гар утсаа 2018 оны 12 дугаар сард худалдан авч байсан. Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлтэн дээр миний “ipone-x” маркын гар утас, чихэвч, гар утасны гадар хамгаалалтын гэрийг 1.565.000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээтэй би санал нийлж байна. Надад санал хүсэлт байхгүй. Би “ipone-x” маркын гар утас, цагаан өнгийн чихэвч, гар утасны гадар хамгаалалтын гэрийг бүрэн бүтэн хүлээж авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
3. Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:” Би
Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байх аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасагт сувилагчийн ажил хийдэг. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 30 минутаас ээлж авч үүргээ гүйцэтгэсэн. Манай тасаг одоогийн байдлаар 12 хүнтэй, 2 хүүхэд сахиургүй бусад нь сахиуртай байгаа. Өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 06 цагийн үед манай тасгийн 1-р платын өвчтний ээж Х нь гар утсаа алдчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд тухайн тасгийн бүх өрөөгөөр хайж үзээд олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тус тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бүх өвчтөний өрөө тасалгаа, эд зүйлийг шалгаж үзэхэд олдоогүй. Тухайн шөнө үл таних 25-30 гаран насны эрэгтэй хүн нилээн согтуу орж ирээд Э-ыг хайж явна гэж хэлээд орж ирсэн. Тэгэхээр нь би өөрөө хэн бэ гэхэд би Э-ын нөхөр нь байгаа юм, уулзах гэж ирсэн гэж хэлсэн. Би өрөөг нь зааж өгөөд Э-ын байгаа нярайн эрчимт эмчилгээний өрөөрүү оруулж өгчихөөд өөрийн амрах өрөө рүү орсон юм. Тэр залуу 20-30 минут байж байгаад за би явлаа гэж хэлээд гараад явсан. Тэрнээс хойш өөр хүн орж ирээгүй өглөө болсон. Манай тасагт хэвтэж байгаа өвчтөнүүдээс гадагшаа гарсан хүн байхгүй. Тэр залуугаас архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,
4. Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Би 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хүүхдээ эмчлүүлэхээр хэвтсэн. Тухайн тасгийн плат-1 өрөөнд байрлаж байгаа. Манай өрөөнд 3 жоохон хүүхэд, 2 том хүн байгаа. Өнөөдөр өглөө сэртэл манай өрөөний охин гар утсаа алдчихлаа гэж асуусан. Тэгээд тэр хавиар бүх газруудаар хайгаад олдоогүй. Тэгэж байтал цагдаа нар ирсэн. Манай ээлжинд хоносон сувилагч шөнө согтуу хүн орж ирсэн гэж ярьж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,
5. Гэрч У.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим хүүхдээ эмчлүүлэхээр хэвтсэн. Тус тасагт плат-1 тасагт ороход З гэх эмэгтэй хүүхэдтэйгээ хэвтэж байсан, сүүлд нэг ах хүүхэдтэйгээ орж ирсэн. Тэгээд би тухайн өдөр оройн 12 цаг 10 минутын үед унтсан. Намайг унтах үед З чихэвчээр дуу сонсоод юм үзэж байгаа харагдсан. Тэгээд би унтсан. Өглөө 6 цагийн орчим сэрэхэд З надаас гар утсаа өгчих би утасруугаа залгаад үзье, миний утас алдагдсан байна гэж хэлээд миний утсаар залгаж үзсэн. Тэгээд дуудаад ерөөсөө авахгүй байна гээд өрөөнүүдээр болон хүмүүсийн эд зүйлийг шалгаж үзэхэд гар утас нь олдоогүй. Шөнө манай өрөөгөөр хүн орж гарсаныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р тал/,
6. Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манай 2 сартай хүү 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 7 хоног аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тархины даралт оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн. Би хүүгээ сахиж хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний өрөөнд хэвтсэн. 2019 оны 07 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчим манай нөхөр О надруу өөрийнхөө утсаар согтуу ярьсан. Тэгэхээр нь би согтуу байна гэж уурлаад өөрийнхөө утсыг унтраагаад унтаад өгсөн. Тэгсэн 2019 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед О хүү бид 2-н хэвтэж байсан өрөөнд согтуу орж ирсэн. Тэгээд их удаагүй шиг санагдаж байна би О-ыг гэрлүүгээ харьж амар гээд явуулсан. Маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өглөө цагдаа, сувилагч 2 манай өрөөнд орж ирээд танай гэр хаана байдаг юм гэж асуухаар нь гэрээ зааж өгсөн. Тэгээд би урьд шөнө нь манай нөхөр над дээр ирэхдээ эмнэлэгт хэвтэж байсан хүний гар утсыг авсан болохыг мэдсэн. О манай өрөөнд орж ирэхдээ гар утас гаргаж ирээгүй. Харин асаагуурын гэрэл тусгаад орж ирсэн. Өөрийнхөө утсыг алга болгосон талаар яриагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 39-40-р тал/,
7. Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 05-ны өглөө намайг ажилдаа ирэхэд урд өдөр нь хүүхдийн тасагт ээлжинд гарсан сувилагч Н 1-р платанд хэвтэн эмчлүүлж байсан 4 настай хүүхдийн сахиур Х гэх хүн гар утсаа өрөөнөөсөө алга болгосон талаар хэлсэн. Тэгээд тухайн үед нярайн платанд хэвтэн эмчлүүлж байсан У-ын аав О шөнө эхнэр хүүхэд дээрээ ирээд явсан сураг байсан. Гаднаас өөр хүн орж ирээгүй гэж хэлсэн. Манай хүүхдийн тасаг гадна болон өрөө тасалгаандаа камер байдаггүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42-р тал/,
8. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Намайг хүүхэд байхад О ах Говьсүмбэр аймгийн Баянтал суманд очиж байсан юм. Манай сум жижигхэн болохоор бараг бүх хүмүүс нэг нэгийгээ мэднэ. Баянтал сумын ноосны үйлдвэрт ажилладаг Д эгчийн нөхөр байсан юм. Ч.О ах 2018 онд Баянтал сумаас явсан. Тус суманд байхдаа ноосны үйлдвэр, хүдрийн үйлдвэрт ажиллаж байсан. Архи дарс уугаад яваад байдаггүй байсан. Зан байдлын хувьд даруу, уулзахаараа яриа хөөрөөтэй ах байгаа юм. Одоо Чойрт Э гэх хүнтэй суугаад амьдардаг...” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р тал/,
9. Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-р тал/
10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 60-р тал/
11. Хүний биед үзлэг хийж, эд зүйл хураан авсан тумдэглэл /хх-ийн 9-13-р тал/
11. Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн 2019 оны 07 дугаар сарын 04-05-нд хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн, асран хамгаалагч нарын нэрийн жагсаалт, сувилагчийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 80-83-р тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.О-ын дээрх үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч...” гэдэг нь түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг суглах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэргээр бусад аргаар нэвтэрч орохыг ойлгох юм.
Харин нийтийн үйлчилгээний газар болох дэлгүүр, эмнэлэг, үсчин гэх мэт газарт хууль ёсоор нэвтэрч орсны дараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрсэн” гэж үзэхгүй бөгөөд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа нь урьдаас бодож төлөвлөсөн байдаг бол нийтийн үйлчилгээний газарт зөвшөөрөгдсөн үед нэвтрэн орсны дараа эд зүйл хулгайлах санаа нь тухайн үедээ үүссэн байдаг онцлогтой.
Дээр дурьдсан үндэслэлүүдээс үзвэл шүүгдэгч Ч.О-ын үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Ч.О-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Харин шүүгдэгч Ч.О нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн 1-р платанд хүүхдээ сахин эмчлүүлж байсан иргэн Б.Х-ийн эзэмшлийн эд хөрөнгө болох iphone-х загварын гар утас 1 ширхэг, цагаан өнгийн чихэвч, хамгаалалтын гэрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.565.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Х-ийн мэдүүлэг, шүүгдэгч Ч.О-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Х шүүгдэгчээс iphone-х загварын гар утас 1 ширхэг, цагаан өнгийн чихэвч, хамгаалалтын гэрийг бүрэн бүтэн буцаан авсан тул шүүгдэгчид холбогдуулж гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.О-ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Ч.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Ч.О-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Отгонтогтохыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тэслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ