Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01162

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04332 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, хохиролд 81,000,000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн, 81,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. “*******” ХХК, ******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр WH-2-******* тоот захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 2.2-т орон сууцны талбайн хэмжээ 56.94 м.кв, орон сууцны үнэ 256,230,000 төгрөг байхаар, 3.3-т үлдэгдэл төлбөр болох 196,230,000 төгрөгийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр талууд харилцан тохиролцсон.

1.2. Дээрх гэрээний 7.4-т худалдан авагчийн хүсэлтээр, эсхүл худалдан авагч үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч нь орон сууцыг хүлээн авсан өдрөөс эхлэн хүлээлгэх өгөх хүртэл хугацаанд сар бүр 3,000,000 төгрөгөөр хөлсөлж байсанд тооцон төлбөрийг худалдагч талд үл маргах журмаар төлөх, орон сууцыг хүлээн авсан анхны байдалд нь оруулж хүлээлгэж өгөхөөр заасан.

1.3. Манай компани нь гэрээний үүргээ биелүүлж, биет байдлын болон эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчид хүлээлгэж өгсөн. ******* нь гэрээ байгуулсан өдөр түлхүүрийг хүлээн авч, тус байранд нүүж орсон. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, удаа дараа мэдэгдэж, уулзаж шаардаж байсан боловч үр дүн гараагүй.

1.4. Хариуцагчаас орон сууцыг хүлээн авсан өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл сар бүрийн 3,000,000 төгрөгөөр тооцон орон сууцыг 26 сар ашигласны төлбөрт 81,000,000 төгрөг гаргуулна.

Иймд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ******* тоот захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 81,000,000 төгрөг гаргуулж, мөн ******* White hill residence хотхон, ******* дүгээр байр, ******* дугаар давхар, ****** тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 56.94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 256,230,000 төгрөгөөр худалдан авахаар “*******” ХХК-тай захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

 

2.2. Гэрээнд заасны дагуу ******* нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 60,000,000 төгрөгийг “*******” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Мөн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 17,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 179,230,000 төгрөгийг 36 сарын дотор графикийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсоны дагуу 2022 оны 11, 12 дугаар сарын төлбөрийг хугацааны дагуу төлж байсан.

 

2.3. Гэтэл ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн хувьд *******гийн гэр бүлийн бизнест тогтворгүй байдал бий болж, орон сууцны төлбөрийг төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Энэ талаараа ******* нь “*******” ХХК-д цаг алдалгүй мэдэгдэж, компанийн зүгээс төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсан.

 

2.4. *******гийн хувьд орон сууцны төлбөрийг төлөхгүй байх хүсэл зориггүй ба орон сууцны төлбөрийг төлөх өөрийн нөөц боломж, бизнесийн нөхцөл байдлынхаа талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, харилцан ойлголцож ирсэн. Орон сууцны төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр төлбөрийг бэлдэж байсан. Гэтэл “*******” ХХК нь *******тэй тохиролцож гэрээний хугацааг сунгаж байсан атлаа шүүхэд гэрээг цуцлахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* нь уг 3 өрөө орон сууцны дотор тохижуулалтыг багагүй хөрөнгөөр хийж, амьдарч байгаа ба орон сууцны төлбөрийг бүрэн төлж, өмчлөх хүсэл зоригтой болно.

 

2.5. Талууд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тодруулбал, талуудын хооронд аливаа түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй. Худалдагч болох “*******” ХХК нь орон сууцыг аливаа доголдолгүйгээр худалдан авагч *******д үнийг төлөхөөс өмнө шилжүүлэх, худалдан авагч ******* орон сууцны үнийг “*******” ХХК-д тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээсэн. Худалдан авагч энэ гэрээг байгуулахдаа тус орон сууцыг түрээслэх бус худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэх зорилготой байсан.

Мөн тус гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул “*******” ХХК-ийн 81,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.4-т худалдан авагчийн хүсэлтээр, эсхүл худалдан авагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагч гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч нь орон сууцыг хүлээн авсан анхны байдалд нь оруулж худалдагчид хүлээлгэн өгнө. Ийнхүү хүлээлгэн өгөх өдөр хүртэлх хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцыг хүлээн авсан өдрөөс хүлээлгэн өгөх хүртэлх нийт хугацаанд 1 сар тутамд 3,000,000 төгрөгөөр хөлсөлж байсанд тооцохоор заасан энэ заалт нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэж, 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж тус тус заасныг зөрчиж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “хариуцагчийн орон сууцны төлбөрт шилжүүлсэн нийт төлбөр болох 81,000,000 төгрөгийг түрээсэлсэн” гэж үзэж нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй ба талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ нь түрээсийн гэрээний шинжийг агуулаагүй.

Мөн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдах үед орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх боломжгүй, улсын комисс хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байсан зэрэг нь тус гэрээний 7.4 дэх заалт хүчин төгөлдөр бус болохыг илэрхийлж байна.

 

3.2. Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа бөгөөд “*******” ХХК нь гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа тохиолдолд хариуцагчийн зүгээс гэрээний дагуу төлсөн 81,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлтэй юм. Тодруулбал, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасны дагуу гэрээг цуцалснаас үүссэн үр дагавар буюу *******гийн эзэмшил, ашиглалтад байгаа маргааны зүйл болох ******* White hill residence хотхон, *******дугаар давхар, ******* тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг “*******” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, “*******” ХХК-аас орон сууцны төлбөрт төлсөн 81,000,000 төгрөгийг *******д олгох нь хуульд нийцнэ.

Иймд талуудын хооронд байгуулагдсан захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээний 7.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 81,000,000 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Талууд захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. ******* нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 80,869,000 төгрөгийг манай компанид төлсөн. Хариуцагчаас 81,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээг цуцалж, ******* White hill residence хотхоны ******* дүгээр байрны ******** давхрын ******* тоот хаягт байрлах, 56.94 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны эзэмшлийг буцаан шилжүүлж хохиролд 81,000,000 төгрөг гаргуулахыг шаардсан “*******” ХХК-ийн нэхэмжлэл, төлбөрт төлсөн 81,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг шаардсан *******гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 633,150 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 633,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч талыг гэрээ цуцлах талаар бичгээр мэдэгдээгүй, хариуцагчид нэмэлт хугацаа олгоогүй” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь гэрээний 6.1 дэх заалт нь гэрээг цуцлах санал гаргах агуулгатай заалт бөгөөд саналыг 14 хоногийн өмнө мэдэгдэхээр заасан. Манай талаас гэрээ цуцлах санал гаргаагүй, харин үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсан үндэслэлээр үр дагавар шаардсан тул гэрээг цуцалсан болохоо 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргийг хуулиар болон гэрээгээр хүлээхгүй. Мөн шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх заалтыг дурдсан ба манай зүгээс гэрээнээс татгалзаагүй, гэрээгээ цуцалсан.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт хариуцагч гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээнээс татгалзах буюу цуцлах талаар заасан. Худалдах-худалдан авах гэрээний харилцаа нь эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх, хариу төлбөр төлөх үүрэг буюу урт хугацааны туршид үргэлжлүүлэн гүйцэтгэх үүрэг биш тул үүргийн зөрчилтэй холбоотой гэрээг цуцлах нь татгалзахтай үр дагаврын хувьд адил байх боломжтой.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт “Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно.” гэж заасан. Хариуцагч нь зөвхөн 4 сарын төлбөрийг төлсөн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл гэрээнд заагдсан төлбөрөөс огт төлөөгүй тул түүнд нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй болно. Энэ талаарх нотлох баримтыг шүүх буруу үнэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан ба үүнийг хариуцагч үгүйсгээгүй.

Хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцалж, хариуцагчийн орон сууцанд амьдарсан хугацааг хөлсөлж байсанд тооцож, төлбөр гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж тус тус заасантай нийцэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэмэлт хугацаа тогтоосон эсэх асуудлыг шийдвэрлэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээг үндэслэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн. Тус гэрээний 6.1-д гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах талаар санал гаргасан бол нөгөө талдаа 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх талаар заасан. Гэтэл нэхэмжлэгч гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлээгүй.

 

7.2. “Талууд харилцан тохиролцсон” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан. Хариуцагч төлбөрөө төлж чадаагүй гэх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй ба 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор орон сууцны төлбөрийг төлж дуусгахаар талууд тохиролцсон. Мөн гэрээг цуцлах бус гэрээнээс татгалзах ёстой байсан гэж үзэж байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаагүй, хүчин төгөлдөр байгаа бөгөөд анхан шатны шүүх хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан ********White hill residence хотхоны ******** дүгээр байрны ******** дугаар давхрын ******* тоот хаягт байрлах, 56.94 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, учирсан хохиролд 81,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний 7.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, урьдчилгаа төлбөрт төлсөн 81,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. “*******” ХХК нь *******White hill residence хотхоны 100/4 дүгээр байрны ******* дугаар давхрын ******* тоот хаягт байрлах, 56.94 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг *******д шилжүүлэн өгөх, ******* нь урьдчилгаа төлбөрт 60,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг харилцан тохиролцсон хуваарийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр төлөхөөр харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна.

 

3.1. “Нэхэмжлэгчид нийт 81,000,000 төгрөг төлсөн” гэж хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан боловч энэ үндэслэлээ баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээнд буюу нийт 80,869,000 төгрөгийг хариуцагч төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас нийт 80,869,000 төгрөг төлсөн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

3.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ биш, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан төлбөрийг хэсэгчлэн төлөх нөхцөл бүхий ердийн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн талуудын хооронд байгуулагдсан энэ гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.” гэж тус тус дүгнэсэн байна.

 

3.3. Түүнчлэн, нэхэмжлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, гэрээний 6.1-д заасны дагуу гэрээг цуцлах саналаа бичгээр мэдэгдсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотолж чадаагүй тул худалдагч буюу нэхэмжлэгчийг гэрээг цуцлах журмыг зөрчсөн гэжээ.

 

3.4. Нэхэмжлэгч стандарт нөхцөл бүхий гэрээнд төлбөр төлөх хугацаа хэтрүүлбэл алданги буюу хохирол төлүүлэхээр заасан зэрэг нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоохгүйгээр гэрээг цуцлах нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд нийцэхгүй гэж дүгнэн, гэрээнээс татгалзах үндэслэлгүй байх тул гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохиролд 81,000,000 төгрөг гаргуулах шаардлага болон үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шүүхээс нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн харилцан буцаалтын үүргийг хэн аль нь шаардах эрхгүй гэж дүгнэн 81,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгосон.

 

4.1. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний 7.4 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин хохиролд 81,000,000 төгрөгийг гаргуулахыг тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар гэж үзжээ.

 

5. Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ эрх зүйн хувьд алдаатай дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

5.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээнд тухайн орон сууцны үнийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр талууд харилцан тохиролцож, орон сууцны эзэмшлийг худалдан авагч буюу хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

5.2. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нь төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоохгүйгээр гэрээнээс татгалзах эрхтэй байна. Нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзаж байгаа талаар нөгөө талдаа мэдэгдэх үүрэг нэхэмжлэгчид үүсэхгүй юм.

 

5.3. Гэрээнээс татгалзах нөхцөл байдал хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчилтэй холбоотойгоор үүссэн байгаа учраас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд өгсөн авсан зүйлсээ харилцан буцааж өгөх үүрэгтэй учраас хариуцагч нь маргааны зүйл болох *******White hill residence хотхон, ******* дүгээр байрны ******* дугаар давхрын ******* тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч “*******” ХХК-д буцаан өгөх үүрэгтэй.

 

6. Талууд мөн гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд хохирлын талаар худалдах-худалдан авах гэрээний 7.4-т тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн. Энэ хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна.

 

6.1. Гэрээнээс татгалзсан тохиолдолд маргаан бүхий орон сууцыг хөлсөлсөнд тооцож, 1 сарын хөлслөх үнийн дүнг 3,000,000 төгрөг байхаар хохиролд тооцсон байх тул 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр болох 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны буюу нийт 27 сараар бодон 81,000,000 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзнэ.

 

6.2. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагчийг нийт 80,869,000 төгрөг төлсөн” гэж хүлээн зөвшөөрсөн байх тул уг мөнгөн дүнг “хохиролд төлсөн” гэж тооцон, үлдэх зөрүү төлбөр болох 131,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

6.3. Хариуцагч нь гэрээнээс татгалзсаны үр дагаварт төлбөрт төлсөн 81,000,000 төгрөгөө авах эрхтэй ч гэрээгээр хүлээсэн хохирлыг төлөх үүрэгтэй байгаа учраас талуудын гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу тооцон суутгахад дээрх мөнгөн дүн гарсныг дурдах нь зүйтэй байна.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04332 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******White hill residence хотхоны ******* дүгээр байрны ******* дугаар давхрын ******* тоот хаягт байрлах, 56.94 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгч “*******” ХХК-д буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч *******д даалгаж, хариуцагч *******гээс хохиролд 131,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 80,869,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч “*******” ХХК-аас 81,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн 633,150 төгрөг, хариуцагч *******гийн 633,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 4,551 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.БАДРАХ

 

                    ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

 

                                                                          Д.ЦОГТСАЙХАН