Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/01210

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03301 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Улаанбаатар татах хэсгийн жижүүр машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2004 оноос ******* ажиллаж байна. Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *******дугаар тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, албан тушаал бууруулан ашиглалтын 1 дүгээр цуваанд зүтгүүрийн машинчийн ажилд томилсон.

 

1.2. 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ТЭЗЗАС-1003 илчит тэрэгтэй, 2,973 тн, 136 голтой 3107 дугаар галт тэргээр машинч *******, туслах машинч *******нар Багануур-Улаанбаатар чиглэлд аялах үедээ 470 дугаар километрт хурд хэтрүүлсэн дутагдал гаргасан асуудлыг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шуурхай хурлаар хэлэлцсэн ба тус хурлын шийдвэрээр надад үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

 

1.3. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай хурлаар уг асуудлыг дахин хэлэлцэж, тус хурлын шийдвэрээр намайг “2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр галт тэргээр аялах үедээ хурд хэтрүүлсэн, мөн зүтгүүрийн бригадад олгогдож буй бичиг баримтад удаа дараа хяналт тавиагүй зөрчил гаргасан” гэж үзэж надад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

 

1.4. Миний бие дээрх тушаалд дурдсан зөрчлүүдийг гаргаагүй ба уг сахилгын шийтгэл нь бодит байдалд нийцээгүй буюу миний ажил үүрэгтэй хамааралгүй асуудлаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь тушаалд заагдсан галт тэргээр депогийн жижүүр машинч тухайн өдөр аялах боломжгүй. Мөн бичиг баримтад хяналт тавиагүй гэдэг зөрчилтэй холбоотой баримтууд нь зөрүүтэй байхад хариуцагч өөрсдийн төсөөллийг үндэслэн “хяналт тавиагүй” гэж дүгнэн, нотлоогүй атлаа сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие удаа дараа бичиг баримтын зөрчил гаргасан гэдгийг нотолсон баримт байдаггүй. Мөн сахилгын шийтгэл ногдуулж байсан бол энэ талаар танилцуулах ёстой байсан.

 

1.5. Миний бие нь анх Улаанбаатар татах хэсгийн жижүүр машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, сарын үр дүнгийн шагнал цалин болон үндсэн цалингийн зөрүүг гаргуулахаар нэхэмжилсэн ба үндсэн цалин болон шагнал цалингийн зөрүүг тооцоолоход 1 сарын цалингийн зөрүү 1,116,020 төгрөг, шагнал цалин 1,024,708 төгрөг болж байгааг 8 сараар тооцоолон нэхэмжлэл гаргасан боловч буруу тооцсон байгаа учир шагнал цалин болон цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд Улаанбаатар татах хэсгийн жижүүр машинчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Улаанбаатар татах хэсгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1367 дугаар тушаалаар ногдуулсан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

2.2. Багануур-Улаанбаатар чиглэлд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 3107 дугаар галт тэрэгний машинч *******, туслах машинч *******нар аялал хийх үедээ 470 дугаар километрт тогтоосон хурдыг хэтрүүлсэн зөрчил гаргасан. ******* нь тухайн өдөр Улаанбаатар татах хэсгийн депод ээлжийн жижүүр машинчаар ажиллаж байхдаа аялалд гарч буй илчит тэрэгний аяллын маршрут, аяллын анхан шатны бичиг баримт, машинчийн замналын хуудсыг хянах үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч замналын хуудсыг бөглөж зүтгүүрийн бригадад хүлээлгэж өгөх ёстой байтал энэ үүргээ зүтгүүрийн бригадаар хийж гүйцэтгүүлсэн. Тус өдрийн зөрчилтэй холбогдуулан машинч *******, туслах машинч *******нарт мөн адил албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

 

2.3. Нэхэмжлэгч ******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр 2023 оны 10 дугаар сард сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан тул дараагийн арга хэмжээг авсан нь үндэслэлтэй.

 

2.4. Зөрүү цалингийн тооцооллыг Татах хэсгийн тодорхойлолтыг үндэслэн гаргаж байгаа боловч хэрхэн гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Цалингийн зөрүүг сүүлийн 3 сарын цалингаас тооцож гаргах ёстой. Цалингийн зөрүү байгаа ба албан тушаал бууруулахаас өмнө авч байсан цалин хөлсний тооцооллыг тодруулах шаардлагатай байх тул цалин хөлсний тооцооллыг гаргуулж, цалингийн зөрүүг бодитой нь гаргавал зохино.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 61 дүгээр зүйлийн 61.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******г хариуцагч *******-ийн Улаанбаатар татах хэсгийн жижүүр машинчийн ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал сарын үр дүнгийн шагнал цалин болон үндсэн цалингийн зөрүү 17,135,824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******-ээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Улаанбаатар татах хэсгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б-1367 дугаар тушаалаар ногдуулсан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хууль хэрэглээний алдаагүй болно.

 

4.2. Багануур-Улаанбаатар чиглэлд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 3107 дугаар галт тэрэгний машинч *******, туслах машинч *******нар аялал хийх үедээ 470 дугаар километрт тогтоосон хурдыг хэтрүүлсэн зөрчил гаргасан. Машинч нар дээрх тушаалд зааснаар тогтоосон хурдны дээд хязгаарыг хэтрүүлсэн зөрчил гаргасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь тухайн өдөр Улаанбаатар татах хэсгийн депод ээлжийн жижүүр машинчаар ажиллаж байхдаа аялалд гарч буй илчит тэрэгний аяллын маршрут, аяллын анхан шатны бичиг баримт, машинчийн замналын хуудсыг хянах үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, машинчийн замналын хуудасны 3 дугаар бүлэг дэх зүтгүүрийн бригадын ажилд ирсэн цаг, минутыг нэхэмжлэгч өөрөө хөтлөх байтал хоосон орхиж машинчаар өөрөөр нь бөглүүлж технологийн зөрчил гаргасан.

 

4.3. Нэхэмжлэгч ******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр 2023 оны 10 дугаар сард сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан тул дараагийн арга хэмжээг авсан нь үндэслэлтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа дурдаагүй байна.

 

5.2. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч *******г сахилгын зөрчил гаргасан гэх байдал тогтоогдохгүй, депогийн жижүүр машинч гэдэг нь зүтгүүрийн галт тэрэг жолооддог ажил үүргийг хийж гүйцэтгэдэггүй, зүтгүүрийн галт тэрэг хурд хэтрүүлсэн нь тухайн зүтгүүрийн машинчийн буруутай үйлдэл болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн.

 

5.3. Хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтууд болох шуурхай хуралдааны тэмдэглэл болон сэрэмжлүүлэгт машинч нойрмоглосны улмаас хурд хэтрүүлсэн байна гэх зөрчил тогтоогдсон. Мөн “нэхэмжлэгч бичиг баримтад хяналт тавиагүй зөрчлийг удаа дараа гаргасан гэдгийг хариуцагч тал баримтаар нотлоогүй” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй  хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Улаанбаатар татах хэсгийн жижүүр машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, сарын үр дүнгийн шагнал цалин болон үндсэн цалингийн зөрүүг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь сарын үр дүнгийн шагнал цалин болон үндсэн цалингийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх татгалзлыг баталсан байна. Энэ талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэхгүй.

 

3. *******ын Улаанбаатар татах хэсгийн дарга ******** 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *******дугаар тушаалаар *******д ашиглалтын 1 дүгээр цуваанд зүтгүүрийн машинчаар албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх45/

 

3.1. Дээрх тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *******ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасныг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцээд, 2024/29 дугаар тэмдэглэлээр талууд эвлэрээгүй үндэслэлээр дуусгавар болгож, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.5 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

3.2. Ажил олгогч дээрх сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Улаанбаатар татах хэсгийн дүрмийн 5.1.5, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14.2.4, Зүтгүүрийн аж ахуйн албаны ашиглалт хариуцсан орлогч даргын удирдан хийсэн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийг үндэслэн *******г “...хурд 7 км/цагаар хэтрүүлсэн дутагдалд холбогдож, зүтгүүрийн бригадад олгогдож буй бичиг баримтад хяналт тавиагүй зөрчил удаа дараа гаргасан” гэж үзжээ.

 

4. Нэхэмжлэгч *******д 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр *******-1003 илчит тэрэгтэй, 2,973тн, 136 голтой 3107 дугаар галт тэргээр Багануур-Улаанбаатар чиглэлд аялах үедээ 470 дугаар километрт хурд 7 км/цагаар хэтрүүлсэн зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан тухайд,

 

4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх галт тэргээр тухайн өдөр Улаанбаатар татах хэсгийн машинч *******, туслах машинч *******нар аялж байх үедээ 470 дугаар километрт 60 км/цагийн хурдтай газарт 67 км/цагийн хурдтай явж тогтоосон хурдыг 7 км/цагаар хэтрүүлсэн дутагдал гаргасан талаар Улаанбаатар татах хэсгээс 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Сэрэмжлүүлэг” гаргаж мэдээлсэн байна. /хх46/

 

4.2. Дээрх хурд хэтрүүлсэн зөрчилтэй холбоотойгоор Улаанбаатар татах хэсгийн дарга *******удирдаж явуулсан 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шуурхай хурлаар уг зөрчлүүдийн талаар хэлэлцэж, машинч *******, *******нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасны дагуу тус тус албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т зааснаар нэхэмжлэгч *******д үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байх ба уг сахилгын шийтгэлийг ******* зөвшөөрөхгүй байгаа талаараа илэрхийлжээ. /хх52-56/

 

4.3. Зүтгүүрийн аж ахуйн албаны ашиглалт хариуцсан орлогч дарга *******2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шуурхай хурал хийж, тус хурлаар “машинч *******ыг туслах машинчаар албан тушаал бууруулах, илчит тэрэг бие даан жолоодох эрхийн үнэмлэхийг хураах, машинчаар тавигдах тохиолдолд Т албатай зөвшилцөх, туслах машинч *******ыг албан тушаал буулгаж засварын цехэд засварчнаар ажиллуулах, жижүүрийн машинч *******г 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сануулах сахилгын шийтгэлтэй хугацаа дуусаагүй байгаа, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн дагуу эмчийн үзлэгт удаа дараа цаг тухайд ордоггүй, зүтгүүрийн бригадад олгогдож буй бичиг баримтад хяналт тавиагүй зэрэг зөрчил удаа дараа гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлтэй боловч албан тушаал буулгах сахилгын шийтгэл ногдуулж байна” гэж шийдвэрлэсэн байна. /хх47-50/

4.4. Эдгээр шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар татах хэсгийн дарга *******2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр *******дугаар тушаал гаргаж, жижүүр машинч *******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх117/

 

4.5. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалын үндэслэл болсон  хурд хэтрүүлсэн зөрчилтэй холбоотойгоор зөрчил гаргасан машинч ******* нь аяллын явцад туслах машинчийн сандал дээр сууж байгаад зүүрмэглэсэн байсан, туслах машинч *******нь хурд хэтрүүлсэн дутагдал гаргасан талаараа хоёр удаагийн шуурхай хуралдаанд тус тус тайлбарлан алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

4.6. Гэтэл хариуцагч байгууллага нь тухайн үед аялалд хамт яваагүй нэхэмжлэгч *******г хамаатуулж, сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болсон талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж түүнийг урьд эрхэлж байсан Улаанбаатар татах хэсгийн жижүүр машинчийн ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч *******д зүтгүүрийн бригадад олгогдож буй бичиг баримтад хяналт тавиагүй зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан тухайд,

 

5.1. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхэд хариу тайлбар бичгээр ирүүлсэн байна. /хх41-42/

 

5.2. Тухайн тайлбар болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч *******г “зүтгүүрийн бригадад олгогдож буй бичиг баримтад хяналт тавиагүй зөрчил удаа дараа гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч хэзээ, ямар зөрчил гаргаж, хэрхэн шийтгэл ногдуулж байсан талаар хариуцагч тал баримтаар нотлоогүй, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрт *******г “2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн сануулах сахилгын шийтгэлтэй” гэж дурдсан байх боловч энэ талаар тушаалд тусгаагүй, ийм шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.3. Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч тайлбар, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Мөн тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж заасан. Хариуцагч тал нэхэмжлэгч *******г зүтгүүрийн бригадад олгогдож буй бичиг баримтад хяналт тавиагүй зөрчил удаа дараа гаргасан гэх тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэн дээрх үйл баримтыг зөв тогтоосон байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасанд нийцжээ.

 

7. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад энэ маргаанд хамааралгүй сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой заалтыг баримталсан алдааг залруулан өөрчлөлт оруулна.

 

8. Шүүхийн шийдвэр нь хуулиар тогтоосон хэлбэр, бүтэц, дарааллын дагуу үйлдэгдсэн, шийдвэрлэж байгаа асуудлын агуулга, утга санааг бүрэн зөв, товч, тодорхой илэрхийлсэн, логик дэс дараалалтай, хууль зүйн үг хэллэг ашигласан, эрх зүйн онол, мэдлэгийн түвшинд бичигдсэн, үг, үсгийн болон зөв бичих дүрэм, найруулга зүйн алдаагүй, засваргүй бичигдсэн байх шаардлага тавигддаг. Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан Шүүхийн шийдвэр боловсруулах журамд тодорхой тусгагдсан.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад хариуцагч байгууллагын нэрийг товчилж найруулгын алдаа гаргасан байгааг залруулна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03301 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******г хариуцагч *******ын Улаанбаатар татах хэсгийн жижүүр машинчийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтад “...*******-ээс” гэснийг “*******аас” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ

 

                  ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                          Д.ЦОГТСАЙХАН