| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2024/04276/И |
| Дугаар | 210/МА2025/01190 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01190
*******, *******нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/03397 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох
64,561,193 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ********, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь анх өөрийн охин *******Голомт банкин дахь данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 30,000,000 төгрөгийг “*******” ХХК-д зээлдүүлсэн. Гэвч “*******” ХХК-ийн 2 хувьцаа эзэмшигчдийн дунд маргаан үүсэж, цаашид ресторанаа ажиллуулах эсэх нь эргэлзээтэй болж эхэлсэн. ******* зээлдүүлсэн мөнгөө удаа дараа тус компанийн хувьцаа эзэмшигч *******, *******нараас шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй.
1.2. ******* нь “*******” ХХК-тай зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч зээл өгөхдөө гүйлгээний утга дээр нь “зээл” гэж бичиж тус компанийн дансанд шилжүүлж байсан. Тодруулбал, ******* нь өөрийн эзэмшлийн Голомт банкин дахь ******* тоот данс, Голомт банкин дахь ******* тоот данс, охин *******эзэмшлийн Голомт банкин дахь ******* тоот данснаас “зээл” гүйлгээний утгатайгаар нийт 63,629,140 төгрөг зээлдүүлсэн. *******данснаас “*******” ХХК-ийн дансанд нийт 43,301,140 төгрөг зээл хэлбэрээр шилжүүлсэн болно.
1.3. “*******” ХХК нь зээлийн эргэн төлөлтөд нийт 8,191,300 төгрөг төлсөн бөгөөд дээрх зээлийн үлдэгдэл 55,437,840 төгрөг байна.
1.4. ******* нь тус компанийн үйл ажиллагаанд зориулан Италийн “*******” гэх компаниас амтлагч болон хүнсний материалыг Австри Улс руу захиалан авч Монгол Улс руу хувь хүнээр дамжуулан илгээж байсан ба энэ бүтээгдэхүүний төлбөрийг мөн адил дараа нь төлөхөөр тохиролцсон. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хүртэл хугацаанд нийт 2,470.88 евро болсон ба үүнийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханш /1 евро-3,692.35 төгрөг/-аар тооцоход нийт 9,123,353 төгрөг болно.
Иймд хариуцагч “*******” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55,437,840 төгрөг, амтлагч, хүнсний материалын үнэ 9,123,353 төгрөг, нийт 64,561,193 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. *******, миний бие 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******, *******нараас “*******” ХХК-ийг худалдан авч тус компанийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба тус компанийн өмнөх хувьцаа эзэмшигчдийн надад хүлээлгэн өгсөн баримтад иргэн *******гээс зээл авсан талаар тусгагдаагүй, мөн зээл авсан талаар гэрээ байхгүй, бараа материал хүлээлгэн өгсөн баримт алга байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 55,437,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, *******нарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,123,353 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******, *******нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 435,139 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, *******нарт олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 9,123,353 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
******* нь “*******” ХХК-ийн рестораны үйл ажиллагаанд зориулан Италийн “*******” гэх компаниас амтлагч болон хүнсний материалыг Австри Улс руу захиалан авч, Монгол Улс руу хувь хүнээр дамжуулан илгээж байсан. Илгээсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ нь 2,470.88 евро буюу 9,123,840 төгрөг болсон. Анхан шатны шүүх “уг барааг хариуцагч тал хүлээж авсан болох нь баримтаар нотлогдоогүй” гэж дүгнэн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанид амтлагч, хүнсний материалуудыг илгээж байсныг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Тодруулбал, Итали Улсаас Австри Улс руу хийгдсэн тээвэрлэлтийн баримтууд болон тухайн тээвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний төлбөрийг “*******” ХХК-аас *******д шилжүүлж байсан үйл баримт, тухайн үеийн гүйцэтгэх захирал байсан гэрч *******мэдүүлэг зэрэг баримтаар хангалттай нотлогдсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас хүнсний материалын үнэ 9,123,840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Миний бие “*******” ХХК-ийг 2024 оны 02 дугаар сард өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед компани ийм өр төлбөртэй талаар надад огт мэдэгдээгүй. Миний хувьд нэхэмжлэгч талын надад мэдэгдсэн татварын өр төлбөр болон бусад бэлтгэн нийлүүлэгчид төлөх өр төлбөрүүд болох 100,000,000 гаруй төгрөгийг төлсөн.
5.2. ******* болон өмнө нь энэ компанийн хувьцаа эзэмшигч байсан ******* нар нь найз нөхөд бөгөөд эдгээр хүмүүс намайг залилсан. Дээрх өр төлбөрийн талаар надад огт дурдаагүй ба үйл ажиллагаа нь доголдсон, өр төлбөр ихтэй компанийг би авч, компанийн үйл ажиллагааг хэвийн түвшинд хүрэхэд энэ 2 хүн нийлж миний эсрэг нэхэмжлэл гаргаж байна.
5.3. ******* болон ******* нар нь хөрөнгө оруулагчдын хоорондын гэрээг Австри Улсад хийсэн байдаг. Тухайн баримтын эх хувь надад олдоогүй бөгөөд нэхэмжлэгч уг баримтыг надад харуулдаггүй. Нэхэмжлэгч нар хоорондоо дээрх гэрээг байгуулсан атлаа одоо манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг “залилангийн үйлдэл” гэж үзэж байна. Анхан шатны шүүх тус гэрээг “нотлох баримт” гэж үзэхгүй талаар дурдсан. Миний бие уг гэрээг нотлох баримтын шаардлагыг хэрхэн хангуулж шүүхэд гаргаж өгөх талаар мэдээгүй учир тухайн гэрээг нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй.
Шүүх бүрэлдэхүүн дээрх хөрөнгө оруулагчдын хоорондын гэрээ гэх Австри Улсад байгуулсан гэрээг харгалзан үзнэ үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55,437,840 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт буюу хүнсний материалын үнэд 9,123,353 төгрөг, нийт 64,561,193 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ******* нь өөрийн эзэмшлийн Голомт банкин дахь ******* тоот данс, мөн тус банкин дахь 3105148410 тоот данснаасаа нийт 12 удаагийн гүйлгээгээр 20,328,000 төгрөг, *******нь өөрийн эзэмшлийн Голомт банкин дахь ****** тоот данснаасаа нийт 7 удаагийн гүйлгээгээр 43,301,140 төгрөг, нийт 63,629,140 төгрөгийг “*******” ХХК-ийн дансанд “зээлэв” гэх агуулгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх6-33, 34-39/
3.1. Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч “*******” ХХК-ийн үйл ажиллагаанд нь зориулан мөнгө зээлдүүлж байсан нь зохигчдын тайлбар, дансны хуулга, гэрч *******мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “зээлийн гэрээний үүрэг үүссэн” гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.2. Анхан шатны шүүх дээрх мөнгөн дүнгээс хариуцагч “*******” ХХК-ийн буцаан төлсөн 8,191,300 төгрөгийг хасаж 55,437,840 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******, *******нарт олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Зээлийн мөнгөн дүнг дансны хуулганд тэмдэглэгдсэн байдлаар тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн дээрх мөнгөн дүнтэй холбоотойгоор талуудын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.
4. Нэхэмжлэгч ******* нь “...хариуцагч “*******” ХХК-д амтлагч болон хүнсний материалыг Австри Улсаас захиалан авч Монгол Улс руу хувь хүнээр дамжуулан явуулдаг байсан. Тухайн амтлагч болон хүнсний материалын үнэ нийт 2,470.88 евро болсон. Нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкнаас зарласан еврогийн ханш 3,692.35 төгрөгөөр тооцон хүнсний материалын төлбөрт 9,123,840 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ.
4.1. Худалдах, худалдан авах гэрээний үнийг нэхэмжилж буй бол худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагчийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлсэн байх учиртай.
Нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээний зүйл болох амтлагч, хүнсний материалыг хариуцагч “*******” ХХК-д шилжүүлж өгснөө нотлох үүрэгтэй.
4.2. Хэрэгт амтлагч, хүнсний материалыг Итали Улсаас Австри Улс руу худалдан авсан баримт, уг баримтуудын орчуулга зэрэг баримт нотлох баримтаар авагдсан байх боловч Итали Улс дахь “*******” /*******/ гэх компани болон Австри Улс дахь “*******/ гэх гадаадын хуулийн этгээдүүдийн хооронд буюу нэг компаниас нөгөө компанид барааг худалдаж авсан баримт байна. /хх40-69/
Эдгээр баримт нь тухайн барааг нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хариуцагч “*******” ХХК-д хүлээлгэж өгснийг нотлохгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
4.3. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар уг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байх тул тухайн барааг хариуцагч “*******” ХХК-д шилжүүлж өгсөн гэж үзэхгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,123,353 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хариуцагчийн төлөөлөгч ******* 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэх агуулгатай “хүсэлт” гэж илэрхийлсэн бичмэл баримтыг ирүүлж, улсын тэмдэгтийн хураамжид 435,139 төгрөг төлжээ. /хх177-178/
Хэргийн оролцогч нь давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгааг заах учиртай.
Энэ талаар хариуцагчийн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан хүсэлт гэх баримтад заагаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт заасан давж заалдах гомдол гэж дүгнэхгүй тул 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тус шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болно.
Иймд хариуцагчийн төлөөлөгч *******ын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,139 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/03397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 55,437,840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, *******нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,123,353 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-т тус тус заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гийн төлсөн 160,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч *******ын төлсөн 435,139 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЦОГТСАЙХАН