| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 102/2016/04278/и |
| Дугаар | 165 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “********” ХХК
Хариуцагч: **** /РД
Хариуцагч: **** /РД:
Зээлийн гэрээний үүрэгт 27 835 954 / хорин долоон сая найман зуун гучин таван мянга есөн зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ****, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, түүний өмгөөлөгч ****, нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага хариуцагч буюу зээлдэгч ****тай 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлэхээр 150 тоот гэрээ байгуулсан. Хамтран зээлдэгч ****ын **** байрлах нэгж талбарын ****дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 372 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай газар, дээрх хаягт байрлах 55,73 м.кв талбай бүхий **** дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг барьцаалах тухай 0150 тоот барьцааны гэрээг байгуулсан. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үндсэн зээлийн үлдэгдэл 15 002 835 төгрөг, хуримтлагдсан хүү 10 708 718 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 124 401 төгрөг, нийт 27 835 954 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагч нараас 27 835 954 төгрөг гаргуулж, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү.
Хариуцагч ****, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 7 дугаар с арын 3-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хичээж өнгөрсөн хугацаанд зээлийн зарим хэсгийг буюу 4 997 165 төгрөгийг 3 удаа хэсэгчлэн төлсөн боловч санхүүгийн анх зээл авахад төлөвлөж байснаас дордож өдийг хүртэл төлж дуусаагүй байна. Миний цорын ганц санхүүгийн эх үүсвэр болох барилгын ажил улирлын чанартай бөгөөд одооноос ажил эхэлсэн тул 2016 оны 6 дугаар сарын 17-нд 2 000 000 төгрөг төлсөн. удахгүй төлж дуусгана.
Хариуцагч ****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас барьцаагаар хангуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “**** болон **** нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд миний бие хамтран зээлдэгчээр оролцон гарын үсгээ зурсан. Гэвч тэрхүү зээлийг **** өөрийн зуслангийн байшиндаа барилгын материал авах зорилгоор ашигласан гэх бөгөөд миний бие тэрхүү зээлийг ашиглаагүй, зээлийг хугацаандаа төлөх тул ямар ч асуудалгүй хэмээн намайг хамтран зээлдэгчээр оролцуулсан. Гэвч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд миний оршин сууж буй өмч хөрөнгө болох байшин газрыг минь худалдаж өрийг барагдуулна гэж байх тул гэрээний үүргийг **** хариуцан төлүүлэхээр шийдвэрлэж, ****т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**** нь хариуцагч ****нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 835 954 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ****нар нь “****-тай 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 150 дугаартай “Зээлийн гэрээ” 0150 дугаартай “Барьцааны гэрээ”-тус тус байгуулж, 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож****ын өмчлөлийн **** хувийн сууцыг барьцаалах талаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийг эргэн төлж байсан баримт зэргээр тогтоогдож байна.
Зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч, барьцаалуулагчийг төлөөлж **** нар, зээлдүүлэгч, барьцаалагчийг төлөөлж нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал ****, эдийн засагч **** нар гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлжээ.
Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгийг С.Алтантуяад шилжүүлэн өгсөн талаар маргахгүй харин хамтран зээлдэгч Д.Батбаатар нь зээлийг ашиглаагүй, барьцааны зүйлийг барьцаалах эрхийг С.Алтантуяад итгэмжлэн олгоогүй гэж, хариуцагч С.Алтантуяа нь нэхэмжлэлийн шаардлагын зээлийг эргүүлэн төлүүлэх тухай хэсгийг хүлээн зөвшөөрнө гэж тус тус тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэгт зааснаас үзэхэд барьцаагаар хангагдах үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байх, мөн барьцааны зүйл бусдын өмчлөлийн эд хөрөнгө байж болохоор зохицуулжээ.
Хэдийгээр хариуцагч **** нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож гарын үсгээ зурсан боловч зээлийг ашиглаагүй, мөн зээлдэгч **** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.8 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч ****нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид болох бөгөөд үүрэг гүйцэтгэгч нэг этгээд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагвар бусад үүрэг гүйцэтгэгчид хамаарахгүй юм.
Хариуцагч С.Алтантуяа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл түүний хүүг хугацаанд нь төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд 4 997 165 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2 000 000 төлсөн нь баримтаар болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд зээлийн үлдэгдэл, болон тооцооллын талаар маргахгүй байгаа болно.
Иймд хариуцагч С.Алтантуяагаас 25 835 954 /хорин таван сая найман зуун гучин таван мянга есөн зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “****-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг болон үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.8, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****с 25 835 954 /хорин таван сая найман зуун гучин таван мянга есөн зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “****-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг болон үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 150 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч ****аас 287 129 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “**** ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ