Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01259

 

 

 

“*******” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04224 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 265,970,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани нь Монгол Улсад түлш импортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “*******” ХХК-аас санал тавьсны дагуу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 56,290 литр түлшийг литр тутмыг 3,150 төгрөгөөр тооцож нийт 177,313,500 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг зээлээр худалдах, худалдан авах тухай 02 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болно.

1.2. Гэвч худалдан авагч “*******” ХХК нь гэрээний хавсралтад заасан хугацаа буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлбөрийг төлөөгүй, өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ зөрчиж 362 хоногийн турш нэг ч төлбөр төлөөгүй байх тул Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар 02 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 177,313,500 төгрөг, гэрээний хүү буюу гэрээнд заасан алданги 88,656,750 төгрөг, нийт 265,970,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулагдсан асуудалд маргаан байхгүй. Гэрээний дагуу дизель түлшийг хариуцагч нь хүлээн аваагүй. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байхад хариуцагчаас алданги, төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

2.2. Хариуцагч нь хөдөө орон нутагт ажилладаг учраас хариу тайлбар өгөөгүй. Нэгэнт түлш аваагүй учраас хариу тайлбар гаргах гэж яараагүй байх. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдаж буй зарлагын баримтад “*******” ХХК тамга дарсан байх боловч тухайн зарлагын баримт нь “*******” ХХК-ийн зарлагын баримт байх ба уг баримтад худалдан авагч нь “*******” ХХК байна. Тамга дарагдсан нь бараа хүлээн авсан гэдгийг шууд нотлохгүй. *******, ******* гэдэг жолооч нар хариуцагч компанид ажилладаггүй. Хэрэв талуудын хооронд их хэмжээний үнийн дүнтэй бараа өгч, авсан бол тухайн 2 компанид нярав, нягтлан бодогч нар байх ёстой ба барааг хүлээлгэн өгөх, хүлээн авахдаа тодорхой баримт үйлдэх ёстой.

2.3. Нэхэмжлэгч нь өөр компанид өгсөн түлшээ андуурч хариуцагчаас шаардаж байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “*******” ХХК-аас гэрээний үүрэгт 265,970,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 1,487,801 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй. Манай өмгөөлөгч ******* миний өмнөөс дур мэдэн “намайг шүүх хуралдаанд оролцохгүй, миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт бичин миний өмнөөс гарын үсэг зурж шүүхэд өгсөн.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмнөх шүүх хурал дээр “худалдаж авсан түлшний үндсэн төлбөрийг төлнө, нэхэмжилсэн хүүгээ хасаж өгөөч” гэж ярьж байсан, мөн шүүхээс гараад “надад мөнгийг чинь ямар ч байсан өгнө, эсвэл автомашин бартерт өгье” гэж ярьж байсан атлаа намайг байхгүйг ашиглан “гэрээ байгуулсан боловч түлшийг хүлээн аваагүй” гэж шүүхэд худал тайлбар, мэдүүлэг гаргаж шүүхийг төөрөгдөлд оруулсан.

4.3. Хариуцагч “*******” ХХК-ийн захирал ******* нь “түлшний мөнгөө өгнө, жаахан хугацаа өгчих, түр хүлээж байгаарай” гэж хэлдэг байсан. ******* бид хоёр хоорондоо түлшийг хаанаас авах, ямар хүнтэй холбогдож хүлээн авах талаар болон ямар үнэ төлбөр төлөх талаар бичсэн мессенжер чат байдаг. Үүнийг би гар утсандаа үзлэг хийлгэх, мөн түлшийг тээвэрлэж зөөсөн жолооч нарыг гэрчээр оролцуулан түлш хүлээлгэн өгсөн гэдгийг нотлох боломжтой байсан.

4.4. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагатай байсан талаар ******* өмгөөлөгчид хэлэхэд “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа гэж чамайг хэлсэн болохоор хурдан шийдвэрлүүлэх нь чамд хэрэгтэй байх гэж бодсон” гэдэг тайлбар хэлсэн.

Анхан шатны шүүх өмгөөлөгчийн өгсөн хүсэлтийг намайг өөрөө бичиж, өөрөө гарын үсгээ зурсан эсэхийг тодруулж шалгаагүй байна. Миний бие анх өөрөө нэхэмжлэлээ гаргаж нэхэмжлэлд гарын үсгээ зурсан, мөн шүүхийн баримтуудад зурсан миний гарын үсэгтэй харьцуулан шалгаж тодруулаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэв анхан шатны шүүх намайг өөрөө хүсэлт гаргаагүй гэдгийг тодруулж шалгаад, намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэх боломжтой байсан.

Миний бие өөрөө шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэж чадаагүйгээс болоод шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, бодит байдалд нийцээгүй шударга бус шийдвэр гарсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* намайг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн тус хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6-д “хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд илэрсэн” гэж үзэх үндэслэл бий болсон байна. Эдгээр нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1.  Нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдсэн тул хүрэлцэн ирээгүй нь тухайн хүмүүсийн өөрсдийнх нь асуудал юм. Түүнчлэн нэхэмжлэгч талыг төлөөлж өөрсдийнх нь сонгосон өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 265,970,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3.1. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 18094 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж /хх11/, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн төлөөлөгч *******ад гардуулж өгсөн үйл баримт тогтоогдож байна. /хх14/

 

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагчийн төлөөлөгч *******ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд тус хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан байна. /хх27, 32-33/

 

3.3. Хариуцагчийн төлөөлөгч ******* 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “...хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул холбогдож чадаагүй.” гэх агуулга бүхий хариу тайлбарыг бичгээр гаргасан байна. /хх36/

2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...хариуцагч өнөөдрийг хүртэл шүүх хуралдаанд хариу тайлбар өгөөгүй.” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагчийн төлөөлөгч орон нутагт ажилладаг учраас хариу тайлбар өгөөгүй юм билээ. Нэгэнт түлш аваагүй учраас хариу тайлбар гаргах гэж яараагүй байх.” гэж тус тус тайлбарлажээ.

 

3.4. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.” гэж заасан.

 

Анхан шатны шүүх хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж хүлээн авч байгаа тохиолдолд хариуцагч талаас тайлбарыг бичгээр гаргуулан нэхэмжлэгч талд нь танилцуулах ёстой.

 

Энэ тохиолдолд нотолгооны хуваарилалтын хүрээнд хариуцагч талыг үйл баримтыг зөвшөөрөөгүй гэж үзэж нотолгооны хуваарилалт нэхэмжлэгч талд шилжих буюу нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг хүлээнэ. Энэ боломжийг олгоогүйгээр анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.

 

Тодруулбал, шүүх хуульд заасан журмын дагуу ажиллагааг явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар эсрэг талын тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг, улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан талуудын мэтгэлцэх зарчмыг тус тус зөрчжээ.

 

 Нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотлох, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байх тул хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүрэг хангагдсан гэж үзэх боломжгүй.

 

3.5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн дүгнэж маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5. Түүнчлэн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн “шүүгчийн захирамжид” хэсэгт “...хариуцагч “*******” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох *******ийг эрэн сурвалжилж,...” гэж хариуцагчийн төлөөлөгчийн нэрийг буруу бичсэнийг дурдаж байна. Цаашид техникийн шинжтэй алдаа гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг жич тэмдэглэж үлдээв. /хх31/

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/04224 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,487,801 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

              ШҮҮГЧИД                              Т.БАДРАХ

 

                                                                                                                            Д.ЦОГТСАЙХАН