Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 01249

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 10 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01249                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1973 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-41-45 тоотод оршин суух Бэсүд овгийн Балдангийн Хишгээгийн /регистрийн дугаар ФБ73102509/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1992 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-2-56 тоотод оршин суух, Цагаан гэрүүд овгийн Бат-Эрдэнийн Лувсанбалданд /регистрийн дугаар ИИ92042511/ холбогдох зээлээр авсан гар утас, цэнэглэгчийн үнэ 195 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Хишгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 4 дүгээр сарын 20-ны Б.Лувсанбалдан нь гэрт ирээд Самсунг Нөт-1 утас 180 000 төгрөг, гэр, цэнэглэгчийн үнэ 15 000 төгрөг нийт 195 000 төгрөгний үнэ бүхий утсыг “утасгүй хэцүү байна. Удахгүй мөнгийг нь төлнө” гэж хэлээд авч явсан. Тухайн үед нөхөртэй маань хамт ажилладаг болохоор итгээд өгсөн. 1 жил 5 сар болох гэж байхад нэг ч төгрөг өгсөнгүй. Маш олон удаа утсаар ярьж гэр орноор нь хүртэл очиход өгнө, мартсан байна гэх мэтээр үл тоосон байдалтай хандаж байсан. Энэ хүн төлөх бүрэн чавдартай, ганц бие хэрнээ үл тоосон байдалтай байгаад хуулийн дагуу шийдэж, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Хишгээ хариуцагч Б.Лувсанбалданд холбогдуулан зээлээр авсан гар утас, цэнэглэгчийн үнэ 195 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Хишгээ өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Хариуцагч Б.Лувсанбалданд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, эрх үүрэг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч Б.Лувсанбалдан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Хишгээгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Лувсанбалдангаас 6 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Лувсанбалдангаас 195 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хишгээд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6 650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 6 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА