| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 184/2024/04447/И |
| Дугаар | 210/МА2025/01295 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/01295
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01771 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК, *******нарт холбогдох
Гэрээг цуцалж, хохиролд 55,430,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
1.1. “*******” ХХК нь “*******” ХХК-ийн захирал *******“Нам даралтын зуух, цахилгаан зуух нийлүүлэх, суурилуулах гэрээ”-г байгуулж, 25 хоногийн дотор хийж гүйцэтгэх буюу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажил эхэлж, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлыг дуусгахаар тохиролцсон.
“Нам даралтын зуух, цахилгаан зуух нийлүүлэх, суурилуулах гэрээ”-ний 3.3-т “захиалгат ажлыг хурдан шуурхай гүйцэтгэхээр урьдчилгаа хөлс 50% болох 14,290,000 төгрөгийн зохих хөлсийг зуухыг суурилуулахын өмнө 30% болох 8,574,000 төгрөг, мөн үлдэгдэл 20% болох 5,716,000 төгрөгийг зуухыг суурилуулан захиалагчийн мэдэлд нам даралтын зуух болон цахилгааны зуухыг 2 тал актаар хүлээлцсэний дараа дуусгавар болгоно” гэж заасны дагуу нам даралтын зуухны төлбөрийг хуваарийн дагуу төлсөн.
1.2. Манай компани нь хаврын улирал эхлэхтэй зэрэгцээд зочид буудлынхаа халаалт дулааны асуудлыг шийдвэрлүүлэхээр өвлийн үед тус барилгын халаалтад тун хангалтгүй ажилласан “*******” ХХК-д хандалгүйгээр хөндлөнгийн “*******” ХХК-д зоорийн давхрын шугам хоолойн хөлдөлт, зочид буудлын барилгыг халаах, хэрэглээний халуун, хүйтэн ус тавиулахаар хандаж, манай зочид буудлын барилгын сантехникийн ажлыг хийцгээсэн. Тус компанийн хүмүүс сантехникийн засвар шинэчлэлтийн ажлыг хийж дуусгаад “*******” ХХК-ийн хүмүүсийн нийлүүлсэн зуухыг галлаж үзэхэд өмнөх өвлийн адил +36, +46 градусаас дээшээ ерөөсөө халахгүй байсан.
1.3. Иргэний хуульд заасны дагуу хариуцагч “*******” ХХК-д хандаж “нийлүүлсэн 2ш нам даралтын зуух, 4ш цахилгаан зуухыг буцаан өгч, манай компаниас төлбөрт өгсөн 30.580.000 төгрөгийг, “*******” ХХК-д хөлдсөн шугам хоолойг сольж өгөхөд төлсөн 3,750,000 төгрөг, материалын зардал 1,300,000 төгрөг, нийт 54,630,000 төгрөгийг тус тус яаралтай гарган өгч манай компанийг хохиролгүй болгож өгөх арга хэмжээг авна уу." гэх шаардлагыг “*******” ХХК-ийн зүгээс хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байна.
Иймд гэрээг цуцалж, дээрх мөнгөн дүнг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ...2023 оны 09 сарын 29-ний өдөр “Нам даралтын зуух, нөөц цахилгаан зуух нийлүүлэх, суурилуулах гэрээ”-г нөхөн байгуулж, дутуу 1ш нам даралтын зуухыг үйлдвэрлэхээр тохиролцсон.
Мөн 2023 оны 11 сарын 01-ний өдөр нэмэлтээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээгээр зоорины давхарт суурилуулсан цахилгаан зуухыг нь зочид буудлын барилгаас тусдаа байрлалтай зуухны өрөө рүү зөөж суурилуулах, 2ш хагас автомат нам даралтын зуухыг суурилуулах, хуучин сантехник болон халаалт салгах ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон.
2.2. Хагас автомат нам даралтын зуухыг угсарч, суурилуулан жуулчны баазын захирал *******, түүний ах, баазын жижүүр нарын 3 хүнийг байлцуулан 2023 оны 10 сарын 24-ний өдөр №002 тоот “Халаалтын тогоо түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан, сорилтоор шалгасан акт”-аар 3 өдөр ажиллуулахад усны температур 50-60 градусын хооронд зуухны техникийн паспортын хамт хүлээлгэн өгсөн. Мөн Ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил үйлчилгээг бүрэн гүйцэтгэсэн. Харин “Ажил гүйцэтгэх гэрээ"-гээр тохиролцсон зоорины давхарт байсан эзлэхүүний савыг хамгийн өндөр цэг болох 4 давхарт байрлуулахын тулд В1-4 давхар хүртэл КО дриллээр өрөмдөх ажил хийгдэж нэмэлт усны савыг байрлуулсан ажлын хөлс 2,000,000 дутуу, гэрээгээр тохиролцоогүй баруун жигүүрт дулаан өгөх явцад барилгын дотор сантехникт ус алдаж засварын тооцоологдоогүй ажил гарсан энэ ажлын хөлс 1,500,000 төлбөр тооцоо хийгдээгүй байгаа болно.
2.3. ...Талуудын байгуулсан гэрээнд заасны дагуу цахилгаан зуухны баталгаат хугацаа 12 сар байхаар тогтоож өгсөн. 2020 оны 08 сард цахилгаан зуухыг байрлуулж өгсөн бөгөөд 12 сар ба түүнээс дээш 4 жилийн хугацаанд нэхэмжлэгч тал ашигласаар ирсэн. Тийм учраас гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэж үзэж байна. 4 жилийн хугацаанд тухайн жуулчны баазын өмчлөлд шилжээд цахилгааны төлбөр төлж, дулаанаар хангагдаж ирсэн 2 нам даралтын зуухыг суурилуулж өгснөөс хойш ашиглаж байсан гэж хариуцагч тал үзэж байна. 2020 онд 19,000,000 төгрөг шилжүүлснээс 4 ширхэг цахилгаан зуухны үнэ 11,880,000 төгрөг, холболт хийхтэй гарсан зардал 2,000,000 төгрөг, нийт 13,880,000 төгрөг болсон.
Нам даралтын зуухны үнэ нэг нь 8,900,000 төгрөг байхаар үнийн санал өгсөн боловч 2023 онд 2 зуухыг 17,500,000 төгрөг, холболтыг салгаж зөөвөрлөхөд 1.500.000 төгрөг, нам даралтын тогоог угсарч суурилуулах нэг удаагийн ажил хөлс 1.500.000 төгрөг, 2 нам даралтын зуухыг 3,000,000 төгрөгөөр суурилуулсан. Цахилгаан зуухыг зөөх, дахин суурилуулах ажлын хөлс нь 2,800,000 төгрөг, 2023 оны 11 сарын 01-ний өдөр нэмэлтээр хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний хөлс 4,000,000 төгрөг. Тухайн нэмэлт ажил гүйцэтгэх гэрээгээр барилгын зоорины давхарт 50 метр өргөх шугамыг шинээр солиод босоо шугамын хаалтуудыг шинээр сольсон.
Мөн барилгын төхөөрөмжүүдийг халаахад бэлэн болгож өгсөн. Нэмэлт засварын ажил буюу нэмэлт ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй 1,500,000 төгрөг байгаа, энэ нь холболтыг салгаж зөөвөрлөх үеийн хөлс, нийт 33,700,000 төгрөг болж байгаа юм.
2.4. Бидний зүгээс гэрээнд заасан ашиглалтын шаардлага хангасан тухайн жуулчны баазын зохих дулааныг хангаж чадахаар бараа бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлчихсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,352 дугаар зүйлийн 352.2.2, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 31,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,930,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч *******т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “*******” ХХК-иас 2 ш нам даралтын зуухыг гаргуулан хариуцагч “*******” ХХК-д буцаан олгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч хариуцагчаас 315,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дарах үндэслэлээр гомдол гаргаж байна.
4 ш цахилгаан зуухыг цаашид гэрээнд заагдсан зориулалтаар буюу зөвхөн ослын үед ажиллуулж, ашиглах боломжтой тул 4 ширхэг цахилгаан зуух, түүнийг суурилуулахад гарсан ажлын хөлс 13,880,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
...Анхан шатны шүүхээс хариуцагчид уг 2 ш нам даралтын зуухыг буцаан өгч, 2 ш нам даралтын зуухны үнэ болон суурилуулах, ашиглахтай холбогдон гарсан зардалд тооцон үлдэх 31,500,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа 4 ш цахилгаан зуухтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.
4.2. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, мөн хуулийн 86.2, 86.3, 86.4 дэх хэсэгт эд зүйлсийг бүрдэл хэсэг, салшгүй байдлыг тодорхой заасан.
Өөрөөр хэлбэл, “*******” ХХК-ийн санал болгосноор зөвхөн ослын үед ашиглах 4 ш цахилгаан зуухыг захиалан хийлгүүлсэн, нам даралтын зуух ажиллах боломжгүй ажиллагаагүй болсон үед буюу ослын үед цахилгаан зуух ашиглагдах ёстой бөгөөд шүүхээс нам даралтын зуух болон цахилгаан зуухнууд нь хоорондоо салшгүй зүйлс байхаас гадна нэгийг нь нөгөөгөөс нь салгасан тохиолдолд ажиллах боломжгүй гэдгийг анхаараагүй нь буруу болсон.
4.3. Иймд хариуцагч “*******” ХХК-аас 4ш цахилгаан зуухны үнэ, ажлын хөлсний хамт 13,380,000 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Талуудын хооронд байгуулагдсан нам даралтын зуух, нөөц цахилгаан зуух нийлүүлэх, суурилуулах гэрээгээр нам даралтын зуух 2 ширхэг, нөөц цахилгаан зуух 4 ширхэг гэх 2 өөр төрлийн 6 эд хөрөнгийг нийлүүлэх, үйлдвэрлэх харилцааг тохиролцсон. 4 ширхэг цахилгаан зуухны хувьд хэрэгт фото зургаар авагдсан бөгөөд хананд суурилуулсан, цахилгаанаар ажилладаг буюу хаашаа ч зөөвөрлөж ашиглах боломжтой. 2 ширхэг нам даралтын зуухны хувьд нүүрсээр галладаг буюу дээрх зуухнууд нь 2 өөр төрлийн зуух юм. 4 ширхэг цахилгаан зуух нь 42 киловаттын хүчин чадалтайгаар олон тоогоор үйлдвэрлэгддэг ба төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө гэж ойлгож болно.
5.2. Харин 2 ширхэг нам даралтын зуухны хувьд зөвхөн тухайн компанийн буюу “*******” ХХК-д зориулан үйлдвэрлэж өгсөн эд хөрөнгө. Талуудын хооронд 2 ширхэг нам даралтын зуухны хувьд ажил гүйцэтгэх гэрээ, 4 цахилгаан зуухны хувьд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт “төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийн харилцаанд худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт үйлчилнэ” гэж заасан. Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан ба гэрээнд заасан 1 жилийн баталгаат хугацаа дууссан.
5.3. Нэхэмжлэгч тал нь 4 ширхэг цахилгаан зуухыг 4 жилийн хугацаанд ашигласан атлаа 2 ширхэг нам даралтын зуухны дагалдах хэсэг буюу бүрдэл хэсэг нь гэж тайлбарлаж байна. Гэтэл тийм биш бөгөөд 4 ширхэг цахилгаан зуух нь 2 ширхэг нам даралтын зуух байхгүй байхад объектыг 4 жилийн хугацаанд халаасан тусдаа эд хөрөнгө юм. 2 ширхэг нам даралтын зуухны бүрдэл хэсэг буюу дагалдах зүйл гэдэг нь магадгүй түлэх түлш, насос зэргийг хэлэхээс биш тусдаа байх 4 зуухыг хэлэхгүй.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
“*******” ХХК-аас 31,500,007 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
6.2. Шинжээчийн дүгнэлтийн 2-т Хэрэв объектын дулаан алдагдал нь БНбД-25-01-20 Барилгын дулаан хамгаалалт дүрэмд заасан норм хэмжээнд хэвийн бол нэг зуух нь 150 кВт буюу 1500 м.кв талбайтай объектыг бүрэн хүчин чадлаараа халаах боломжтой байна. Ингэж тооцох тохиолдолд нам даралтын хоёр зуухны нийлбэр хүчин чадал нь ЗООкВт, нэг бүр нь 42 кВт-ын 4 ширхэг цахилгаан зуухны нийлбэр дулааны чадал 168 кВт гэвэл нийтдээ 468кВт болох тул тус зочид буудлын зураг төсөлд заасан 350кВт дулааны ачааллыг бүрэн хангахаар байна гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтээр 2ш нам даралтын зуух нь объектыг стандарт дулаанаар халаах бүрэн боломжтой болохыг тогтоосон.
Гэтэл шүүх 2ш нам даралтын зуухыг чанарын шаардлага хангахгүй, доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.
6.3. Хагас автомат нам даралтын зуухыг угсарч, суурилуулан жуулчны баазын захирал *******, түүний ах, баазын жижүүр нарын 3 хүнийг байлцуулан 2023.10.24-ний өдөр №002 тоот актаар ажиллуулж туршилт, тохируулгыг хийж хүлээлцсэн болно. Иргэний хуулийн 351-р зүйлийн 351.1.2- т захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцдог.
Шинжээчийн дүгнэлтээр эргэлтийн насос шатсан шалтгааныг “ерөнхий харагдах байдлаас харахад нэлээд удаан хугацаанд усгүй хоосон явуулах, эсвэл хэт их ачаалал өгснөөр хөдөлгүүр халж шатдаг тийм шиж байдал харагдаж байсан” гэж тогтоосон байдаг. Шүүх талуудын хооронд маргааны зүйл болсон насос шатсан явдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хариуцагчийн нийлүүлсэн 2ш нам даралтын зуух нь чанарын шаардлага хангахгүй, доголдолтой эд хөрөнгө байна гэж дүгнэсэн учир дутагдалтай болсон.
6.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Зуухыг суурилуулсны дараа доголдол гарсан тул хариуцагч “*******” ХХК-ийн захиралтай холбогдож, “эцсийн байдлаар тухайн ажлыг гүйцээж өгнө үү” гэж удаа дараа шаардсан. Ажлыг гүйцэд хийхгүй орхиж явсан нь шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон.
7.2. Шинжээчийн дүгнэлтээр зочид буудлын барилгын нийт хэрэглэгдэх дулаан нь 350 киловатт болохыг тогтоож өгсөн. Гэтэл 2 нам даралтын зуух нь нийлүүлэгчийн тодорхойлолтоор 200-300 киловаттын хүчин чадалтай, ослын үед ажиллах цахилгаан зуух нь 168 киловаттын хүчин чадалтай болох нь тогтоогдсон. Иймд хариуцагч талын гаргасан цахилгаан зуухтай холбоотой тайлбар үндэслэлгүй.
7.3. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн “*******” ХХК-аас 31,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК, *******нарт холбогдуулан 55,430,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Талуудын хооронд 2023 оны 9 сарын 29-ний өдрийн Нам даралтын зуух, нөөц цахилгаан зуух нийлүүлэх, суурилуулах гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нам даралтын болон цахилгаан зуух худалдан авах гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулагджээ. /1.хх12-25, 134/
3.2. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Нам даралтын болон Цахилгаан зуух худалдан авах гэрээ”-гээр талууд “Улаанбаатар хотын Налайх дүүрэг, 6-р хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын ******* аманд байрлах, ****** тур жуулчны баазын зочид буудлын 3000 м.кв талбайг халаах хүчин чадалтай, хэрэглээний халуун ус гаргах боломжтой, нүүрс, мод, цахилгаанаар ажиллах боломжтой, нам даралтын болон цахилгаан зуух үйлдвэрлэн, нийлүүлж, угсрах, халаалтаар бүрэн хангах ажлыг хийж гүйцэтгэх, ажлын нийт хөлс 34,880,000 төгрөг байх, уг дүнгээс урьдчилгаа 50 хувийн төлбөрт 17,440,000 төгрөгийг гэрээ байгуулагдах үед төлж, зуухны угсралтын ажил хийж дуусахад 30 хувь буюу 10.464.000 төгрөгийг, ажлыг бүрэн хийж гүйцэтгэн актаар хүлээлгэн өгөх үед 20 хувь буюу 6,976,000 төгрөгийг төлөх”-өөр харилцан тохиролцсон.
3.3. Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-аас хариуцагч талд нийт 31,380,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлэн өгч, дээрх гэрээний дагуу 2020-2023 оны хооронд нийт 50,380,000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлэн өгсөн байна. Талууд уг мөнгөн дүнгийн талаар маргаагүй
3.4. Хариуцагч “*******” ХХК-аас гэрээний дагуу 2 ширхэг нам даралтын зуухыг үйлдвэрлэн 2023 оны 10 сарын 25-ны өдөр ******* тур жуулчны баазад аваачиж угсарч, 2023 оны 11 сарын 06-ны өдөр суурилуулж дуусгасан байна.
3.5. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.
4. Талууд 2 ш нам даралтын зуух, 4 ш цахилгаан зуухыг суурилуулах, халаалтыг хэвийн горимоор ажиллуулахтай холбогдон маргаж, нэхэмжлэгчээс энэхүү ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээ байгуулсан бол гэрээний үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй
4.1. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн халаалтын зуух үйлдвэрлэн суурилуулах, халаалтыг хэвийн горимд ажиллах нөхцөлөөр хангасан байдлаар шилжүүлэн өгөх үүргээ хэрэгжүүлсэн, ямар нэг доголдолгүй хүлээлгэн өгсөн гэх тайлбарын тухайд тухайн хийж гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэгч нь хүлээн авах үед илрүүлэх боломжгүй, доголдол мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй, харин ашиглалтын явцад илэрсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Учир нь хариуцагч тал дээрх тайлбар татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
4.2. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн маргааны зүйл болох зуухны доголдолтой холбоотойгоор “шинжээч томилуулах” хүсэлтийг шүүхэд гаргаж, анхан шатны шүүх ******* хүчний сургуулийг шинжээчээр томилсон байна.
4.3. Анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгч талын “2 ш нам даралтын зуух бүрэн 100 хувьд боломжит дээд хүчин чадлаараа ажиллаад ч объектыг халаах боломжгүй байсан нь ажлыг хийж гүйцэтгэснээс хойш илэрсэн” гэх тайлбар, хариуцагч талын “...манай тус бүр нь 1000-1500 м.кв талбайг халаах хүчин чадалтай 2 ш нам даралтын зуух нийлүүлэх боломжтой талаар үнийн санал, гүйцэтгэх ажлын тооцооллыг хүргүүлсэн...” гэх тайлбаруудаар гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил захиалагчийн хүсэл зоригт нийцээгүй, уг хийж гүйцэтгэсэн ажлыг доголдолтой байсан гэж дүгнэсэн нь зөв байна.
4.4. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, үүнтэй холбогдуулж хариуцагчид уг 2 ш нам даралтын зуухыг буцаан өгч, 2 ш нам даралтын зуухны үнэ болон суурилуулах, ашиглахтай холбогдон гарсан зардалд тооцон нэхэмжлэлийн шаардлагаас 31,500,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
5.Тооцооллын тухайд талуудын хооронд байгуулагдсан дээр дурдагдсан гэрээнүүдийн дагуу нийт 50,380,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн тооцооллын хүснэгт, дансны хуулгаар тогтоогдож байна. /1хх.33-50,115-121/
Энэ мөнгөн дүнд талууд маргадаггүй.
Мөн нэхэмжлэгч талаас “*******” ХХК-иар хөлсөн шугам хоолойг солиулах болон материалын зардалд буюу нэмэлт ажлын хөлс 5,050,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүхээс талуудын маргааны зүйл болох зуухтай холбоотой доголдлыг янзлуулахад зарцуулсан болох нь нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.
Анхан шатны шүүхээс талуудын дээрх хэрэгт авагдсан баримтаар нотлогдох төлсөн мөнгөн дүн болох 50,380,000 төгрөгөөс 4 ш цахилгаан зуух болон, суурилалтын зардалд 13,380,000 төгрөг, нэмэлт ажлын хөлс 5,500,000 төгрөгийг хасаж хариуцагчаас 31,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
Нэмэлт ажлын хөлс 5,050,000 төгрөг байсныг анхан шатны шүүх 5,500,000 төгрөг гэж бичилт болон тооцооллын хувьд алдаа гаргасан байна. Гэвч нэхэмжлэгч талаас энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн мөнгөн дүн болох анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн 31,500,000 төгрөгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэгэнт гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд өгсөн авсан зүйлээ буцаах үр дагавартай байдаг тул тус гэрээний дагалдах зүйл болох 4 ш цахилгаан зуухны үнэ 11,880,000 төгрөг, ажлын хөлс 2,000,000 төгрөг, нийт 13,880,000 төгрөгийг нэмж 44,880,000 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор давж заалдах шатны шүүхээс тогтов.
6. Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Нам даралтын болон Цахилгаан зуух худалдан авах гэрээ”-г гэрээний агуулгыг тайлбарлан авч үзвэл 4 ш цахилгаан зуух нь 2 ш нам даралтын зуухтай хамт гэрээний зүйл болсон байна. /1хх.131-133/
Дээрх гэрээний 1.1-д заасан агуулгаас үзэхэд 2 ш нам даралтын зуух ажиллахгүй тохиолдолд нөхөж ажиллах зорилготойгоор 4 ш цахилгаан зуухыг нийлүүлсэн гэж үзэхээр байна.
6.1. Нэхэмжлэгч доголдолтой холбоотойгоор Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж байгаа учраас 4 ш цахилгаан зуухыг мөн гэрээнээс татгалзах харилцаанд хамруулж ойлгох ёстой. Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэснийг залруулж дээрх цахилгаан зуухны үнэ болон суурилуулахтай холбоотой зардалд 13,380,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 4 ш цахилгаан зуухыг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгосон өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхээс оруулж дүгнэв.
7. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******ыг оролцуулах хүсэлт гаргасныг анхан шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээг хариуцагч *******байгуулаагүй, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувиар байгуулсан, *******нь нэхэмжлэгчтэй ямарваа нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, үүрэг үүсээгүй, гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэг хүлээгээгүй гэж дүгнэн хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Дээрх агуулгатай холбоотойгоор нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэхгүй.
8. Нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардсан байхад шүүх ажил гүйцэтгэх гэрээний талуудын гаргах шаардлагат хамаарах Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 болгон өөрчлөлт оруулна.
9. Түүнчлэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтнаас хэрэг маргааны талаар дүгнэж буй шийдлийг агуулсан, хууль хэрэглээний эрх зүйн акт болох анхан шатны шүүхийн шийдвэр нь тухайн хэрэг маргаанд хамаарал бүхий этгээдэд хуулиар тодорхойлогдсон төрийн хүсэл зоригийг илэрхийлсэн, Монгол Улсын нэрийн өмнөөс гарч буй, заавал биелэгдэх шинжтэй актын хувьд хууль, журмаар тогтоосон стандарт шаардлагад нийцсэн байх учиртай.
Шүүхийн шийдвэр нь хуулиар тогтоосон хэлбэр, бүтэц, дарааллын дагуу үйлдэгдсэн, шийдвэрлэж байгаа асуудлын агуулга, утга санааг бүрэн зөв, товч, тодорхой илэрхийлсэн, логик дэс дараалалтай, хууль зүйн үг хэллэг ашигласан, эрх зүйн онол, мэдлэгийн түвшинд бичигдсэн, үг, үсгийн болон зөв бичих дүрэм, найруулга зүйн алдаагүй, засваргүй бичигдсэн байх шаардлага тавигддаг. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” аргачлалд тодорхой тусгагдсан тул, шүүх анхаарвал зохилтойг жич тэмдэглэж байна.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01771 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 44,880,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “*******” ХХК-аас 2 ш нам даралтын зуух, 4 ш цахилгаан зуухыг гаргуулж хариуцагч “*******” ХХК-д буцаан олгосугай.” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад “...хариуцагч хариуцагчаас 315,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК” гэснийг “хариуцагч “*******” ХХК-аас 382,350 гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН