| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0574/Э |
| Дугаар | 743 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 743
2019 08 07 2019/ШЦТ/743
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Г.Сундуй,
Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Бродвей ресторан”-д тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт , урьд ял шийтгэгдэж байгаагүй, Э.Б,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Салм паб”-д иргэн О.Жаргалсайхантай маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Салм паб”-д иргэн О.Жаргалсайхантай маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч О.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Салм” бааранд өөрийн 2 найзын хамт орсон. Тухайн газар хаагаад манай 2 найз гадаа гарчихсан байсан. Би хамгийн сүүлд нь гарах гэтэл зүс таних эмэгтэйтэй тааралдаад юм яриад зогсож байсан чинь үл таних 2 залуутай маргалдсан. Тэгсэн чинь нэг цэнхэр хувцастай цүнх үүрсэн залуу миний уруул хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохисон. Миний уруул сэтрээд цус гарсан, тухайн баарны хамгаалагч нар салгасан. ...Миний доод уруул сэтэрч оёдол тавиулсан мөн урд талын дээд 2 шүд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Хохирогч О.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би найзтай нь маргалдаж байсан болохоор Э.Б найзыгаа өмөөрч намайг цохисон гэж бодож байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохирол төлбөр бүрэн барагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/,
Гэрч Х.Одгийвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө өөрийн найз нартайгаа “Салм” бааранд сууж байгаад тухайн баар хаах дөхөөд бид нар уух юмаа дуусгах гээд байж байтал манай нэг найз Уламбадрах нэг залуутай маргалдаж байсан. Би очоод ямар шалтгаанаар маргалдсаныг нь мэдэх гэхэд манай найзтай маргалдаж байсан залуу бид нар луу дайраад байсан. Хаалганы үүдэнд хэсэг маргалдаж байтал манай найз Э.Б зүгээр зогсож байгаад тухайн залууг нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Х.Одгийвийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Э.Б ямар нэг эмэгтэй хүн хоргоож маргалдсан асуудал огт байхгүй. Харин миний таньдаг 2 эмэгтэй тааралдсан. О.Жаргалсайхан тухайн үед тэр 2 эмэгтэй рүү хандраад танилцах гээд байх шиг байсан. Миний зүс таних эмэгтэйчүүд дургүйцээд байх шиг байхаар нь очиж О.Жаргалсайханыг боль наад хүмүүс чинь дургүй байна гэж хэлсэн. Тэгээд маргаан үүсэж байхад Э.Б ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд О.Жаргалсайхан бид хоёрыг маргалдаж байна гэж бодоод О.Жаргалсайхантай муудалцаж түлхэлцэж О.Жаргалсайханы нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... О.Жаргалсайханы биед доод уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 5238 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн “...Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн үзлэг 5238 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. О.Жаргалсайханы биед доод уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн үүдэн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. б.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 969 дугаартай дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар хуудас/,
Хохирлын баримтууд /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Салм” гэх нэртэй бааранд өөрийн 2 найзын хамт орж үйлчлүүлсэн. Тухайн газар хаах болоод бид нар гарах гэж байгаад манай ажлын газрын найзын найз нь гэх залуу үл таних залуутай маргалдсан. Би бие засах өрөөнөөс гараад ирсэн чинь манай найз Одгийв энэ залуутай маргалдаад байж байна гэсэн тэгээд нөгөө залуу нь хэрэлдээд байхаар нь уур хүрээд зүүн гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, Э.Баяр-Эрдэнийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 97 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг Э.Б-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч О.Жаргалсайхан хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр /хх-ийн 87 дугаар хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдсан болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Б-г шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа-
ны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ