Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 01246

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 10 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01246                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-20-25 тоотод оршин суух Боржигин овгийн Бааварын Наранцэцэгийн /регистрийн дугаар ФД64100407/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1974 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн 2-1а-14 тоотод оршин суух, Дураал овгийн Буян-Оршихын Эрдэнэчимэгт /регистрийн дугаар БЗ74082229/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 1 587 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Эрдэнэчимэг нь 2015.01.21-ны өдөр сарын хугацаатай өдрийн 0,5%-н хүүтэйгээр 500.000 төгрөгийг авсан боловч, хүү болон үндсэн мөнгөө өгөхгүй өдий хүрч байна. 2015.01.21-ны өдрөөс 2015.04.22 хүртэл 92 хоногийн хүүг 230.000 төгрөгийг авч 4-р сарын 23-ноос сунгалт хийв. 2015.06.01-ны өдөр 40 хоногийн хүүний 100.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Түүнээс хойш бүтэн 1жил 70 хоног боллоо. Удаа дараа мөнгө болон хүүгээ шаардсан ч тийм зээл, ийм ч зээл хөөцөлдөөд байна эгч минь тэсэж бай бүтэхлээр нь өгнө таныг дүү нь хохироохгүй гэсэн худал хуурмаг үгэнд нь итгэж явсаар өдийг хүрлээ. Сүүлийн үед утсаа ч авахгүй мессеж бичсэн ч хариугүй болохоор нь аргагүй нь эрхэнд шүүхэд хандах боллоо тухайн үед бичгийн гэрээ хийж талууд гарын үсэг зурж алданги тооцохоор тохирсон тул үндсэн мөнгө болох 500,000 төгрөг 435 хоногийн хүү 1.087.000 алданги тооцохгүйгээр нийт 1.587.000 төгрөгийг Б. Эрдэнэчимэгээс нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Оюут багийн 2-1а байрны 2 дугаар подвольд гутал үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гутлынхаа үйл ажиллагааг хэвийн явуулах, ажилчдаа цалинжуулах зорилгоор хүнээс хүү өндөртэй мөнгө авч ажлаа явуулсаар өдий хүрлээ. Аймаг орон нутгаас бага хүүтэй зээлээр санхүүжүүлнэ хэмээн орон нутгийн хурлаар ажлын байрыг минь үзэж үйл ажиллагааг минь дэмждэг хэдий ч банк зээлийг минь хүссэн хэмжээгээр гаргадаггүй. Саяхан 2 өрөө байраа барьцаалж мөнгө авах гэтэл бас л бүтсэнгүй. Болж өгвөл би хүнээс авсан өндөр хүүтэй мөнгөө хурдан хугацаанд дарахыг боддог. Б.Наранцэцэг эгчээс би цоо шинэ оёдлын машинаа барьцаалж 500 000 төгрөг авсан нь үнэн. 500 000 төгрөгийг би өөрт нь өгсөн байгаа, эгч тэмдэглэлийн дэвтэр дээр тэмдэглээд явдаг. Харин би оёдлын машины 950 000 төгрөгөөр авсан. Хүүндээ миний оёдлын машиныг авч байна гэж бодсон. Би энэ оёдлын машинаа өгмөөр байна. Надад үүнийг шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Наранцэцэг хариуцагч Б.Эрдэнэчимэгт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 1 587 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн хариуцагч Б.Эрдэнэчимэгээс 1 587 000 төгрөг нэхэмжилж шүүх хуралдаанд “...Би алданги тооцоогүй, зөвхөн үндсэн мөнгө болох 500 000 төгрөг, 435 хоногийн хүү 1 087 000 төгрөг, нийт 1 587 000 төгрөгийг Б. Эрдэнэчимэгээс нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

            Хариуцагч Б.Эрдэнэчимэг шүүхэд “....Б.Наранцэцэг эгчээс би цоо шинэ оёдлын машинаа барьцаалж 500 000 төгрөг авсан нь үнэн. 500 000 төгрөгийг би өөрт нь өгсөн байгаа, Харин Б.Наранцэцэг миний оёдлын машиныг 950 000 төгрөгөөр авсан. Хүүндээ миний оёдлын машиныг авч байна гэж бодсон” гэсэн тайлбар гаргасан.

            Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөгийг өдрийн 0,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирч Б.Наранцэцэг, Б.Эрдэнэчимэгт 500 000 төгрөг зээлдүүлсэн үйл баримт болсон нь зохигчдын тайлбар, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр тогтоогдож байна.Тиймээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар шаардах эрх үүсч байна.

            Нэхэмжлэгч 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаас үндсэн зээл 500 000 төгрөг, хүү 1 087 000 төгрөг нэхэмжилж байгаа ба зээлийн хүүг тогтоосон боловч зээлийг эгүүлэн төлөх хугацааг тусгаагүй байна.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан.

            Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй учраас хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсанаар зээлсэн мөнгөө буцааж төлөх үүрэгтэй, харин хүү, алданги төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй байна.

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...би Б.Наранцэцэгт 500 000 төгрөгийг өгсөн” гэсэн тайлбар гаргасан боловч энэ тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

   Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөөр гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

            Харин нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...би Б.Эрдэнэчимэгээс 230 000 төгрөг буцааж авсан” гэсэн тайлбар гаргасан тул нэхэмжлэгчийн хариуцагчид зээлсэн үндсэн мөнгө 500 000 төгрөгнөөс түүний буцааж авсан 230 000 төгрөгийг хасч үлдэх 170 000 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэчимэгээс гаргуулан нэхэмжлэгч Б.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 417 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Хариуцагч Б.Эрдэнэчимэгт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 342 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 5 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Эрдэнэчимэгээс 170 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Наранцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 417 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 342 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэчимэгээс 5 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Наранцэцэгт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж

 

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА