| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2025/00229/И |
| Дугаар | 210/МА2025/01306 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01306
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/03473 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 42,155,659 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар түрээсэлж, түрээсийн төлбөрийн урьдчилгаа 10,000,000 төгрөг авахаар тохиролцсон. Гэрээний дагуу миний бие урьдчилгаа 10,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сард 4,838,709 төгрөг, 2023 оны 09 дүгээр сард 18,807,464 төгрөг, 10 дугаар сард 19,691,416 төгрөг, 11 дүгээр сард 15,882,000 төгрөг, нийт 69,219,580 төгрөг авсан.
1.2. Мөн “*******” ХХК нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд миний тоног төхөөрөмжийг ашигласан бөгөөд энэ хугацааны түрээсийг гэрээнд заасны нэгэн адил тооцоход 11,333,340 төгрөг болж байна. Иймд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төлбөрийн үлдэгдэл 30,780,213 төгрөг, үүн дээр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 11,333,340 төгрөгийг нэмж, нийт 42,113,546 төгрөг, мөн алданги 42,113 төгрөг, нийт 42,155,659 төгрөгийг нэхэмжилж байна.
1.3. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 6.2-т зааснаар гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцно гэснийг үндэслэн алданги тооцсон болно.
Иймд “*******” ХХК-аас авах 42,155,659 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгчтэй 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд түлшний машин түрээслэх гэрээг байгуулсан.
Дээрх нөхцөлийн дагуу 08 дугаар сараас ажиллаж эхэлсэн ба 08 дугаар сараас 11 дүгээр сарын хоорондох хугацаанд сар бүр 2 талаас тооцоо нийлж, зохих төлбөрийг тухай бүрд нь барагдуулсан.
2.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дээрх 08 дугаар сараас 11 дүгээр сард уурхайд байсан бүх өдрөөр тооцож төлбөр нэхэмжилсэн байсан. Гэрээгээр бол тухайн техникийн ажилласан өдөр, цагаар гүйцэтгэл бодогддог. Бүх л техник түрээсийн нөхцөл уг зарчмаар явдаг. Уурхай дээр очсон л бол ажиллаагүй зогсож байсан ч төлбөр бодогдоно гэдэг нь өрөөсгөл ойлголт юм.
2.3. Түрээслүүлэгч талаас 12 дугаар сарын тооцоог нийлсэн тохиолдолд, ажилласан хугацааны буюу 12 дугаар сарын 17-ны хүртэлх ажилласан түрээсийн төлбөр болох 10,967,741 төгрөгөөс түлшний асгаралд үүссэн тайлангийн дүнгээр хасалт хийж зөрүү төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй.
Нэхэмжлэгчийн бусад үндэслэлгүй шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар “*******” ХХК /*********/-аас 21,790,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* /********/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,365,389 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 373,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 266,901 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:
4.1. Манай компани нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэн *******тай №ТH09 тоот түрээсийн гэрээ байгуулсан. Анхан шатны шүүхээс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээ дуусгавар болсон 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 20,000,000 төгрөгийг бүтэн олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу авч үзвэл түрээсээр ажиллахаар очсон техник өөрийн болон өөрөөс үл шалтгаалах байдлаар хуанлийн 30 хоногоос 1 хоног ажилласан байсан ч 20 сая төгрөг төлөх ёстой гэж үзэж байгаа нь зүйд нийцэхгүй байгаа ба гэрээлэгч 2 талын хоорондын тооцоог харгалзан үзээгүйд гомдолтой байна.
4.2. Маргаан бүхий түрээсийн гэрээг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод манай компанийн төв оффис дээр байгуулсан ба гэрээ байгуулсны дараа түрээслүүлэгч тал нь түрээсийн техникийг Улаанбаатар хотоос 960 км-т байрлах Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “*******” ХХК-ийн уурхай руу гаргаж, уурхайн бүсэд 08 дугаар сарын 06-ны өдөр очсон, Уурхайн хяналтын үзлэгт орж ажиллах зөвшөөрөл авахад дахиад 3 хоногийг зарцуулсан.
Ингээд тухайн техник 08 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллаж эхэлсэн байдаг. 21 хоногт тооцсон дүн 14,838,710 төгрөг болсон. Энэхүү төлөлтийг урьдчилгаа болгож 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 21-нд 4,838,710 төгрөгийг тус тус шилжүүлж тооцоо хаасан.
Иймд нэхэмжлэгч талд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажилласан хугацаанд бодогдсон дүн болох 10,967,741 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба шүүхээс тогтоосон дүнгийн зөрүү 10,822,529 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, татгалзлын агуулга:
5.1. Миний автомашин цаг тухай бүр нь ажилласан. Миний зүгээс тооцоо нийлээд явъя гэхэд хариуцагч тал нь сарын сүүлээр тооцоо нийлье гэж хэлсэн. Гэтэл сарын сүүлээр тооцоо нийлэх болоход хариуцагч компани оффисоо нүүлгэж, утсаа авахгүй явсаар 1 жил өнгөрсөн. Түүнчлэн автомашины төлбөр тооцоог мот цагаар нь биш сарын 20,000,000 төгрөг гэж анхнаасаа тохирсон.
5.2. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажилласан хугацааны цалин болох 10,967,741 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэсэн байдлаар хариуцагч тал гомдол гаргадаг. Нэхэмжлэгч *******ын хувьд анхан шатны шүүх хуралдааны үед 42,155,659 төгрөгөө гаргуулах байр сууриа илэрхийлж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг харвал хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үнэлж, дүгнээгүй нотлох баримтууд байгаа.
5.3. Өөрөөр хэлбэл, жолоочийн ажилласан цагийн тооцоолол гэх баримт, түрээслүүлэгчийн түлшний автомашинаас асгарсан түлшний тооцоо гэх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх үнэлээгүй. Гэтэл хариуцагч тал нь бид анхан шатны шүүхэд бүх баримтаа гаргаж өгсөн байхад шүүх буруу шийдвэр гаргасан гэж тайлбарладаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний үүргийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд хариуцагч компаниас гэрээний 6.2-т заасны дагуу алданги тооцож, 21,748,157 төгрөгийг нэмж, нийт 21,790,270 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 42,155,659 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ТН-09 тоот түлшний тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулагдсан байна. /хх.5-6/
3.2. Дээрх гэрээний дагуу хариуцагч талаас нийт 44,528,351 төгрөгийг Голомт банкин дахь ****** тоот дансанд шилжүүлсэн. /хх.10, 13, 17, 20/
Мөн 08 дугаар сарын хэвийн ажилласан цагийг 220, сул зогсолттой цагийг 10, нэгж үнийг 64,516 төгрөгөөр тооцож 14,838,709 төгрөгийг, 09 дүгээр сард ажилласан цагийг 300, нэгж үнийг 66,666 төгрөгөөр тооцож 8,807,642 төгрөгийг, 10 дугаар сарын хэвийн ажилласан цагийг 300, нэгж үнийг 66,666 төгрөгөөр тооцож 19,691,416 төгрөгийг, 11 дүгээр сарын хэвийн ажилласан цагийг 240, нэгж үнийг 66,666 төгрөгөөр тооцож 15,882,000 төгрөгийг олгосон тооцооны баримт үйлдэж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан. /хх 37, 40, 43, 45, 46/
3.3. Талуудын хооронд түлшний тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулагдсан. Гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй гэж дүгнэн Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь зөв байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт тус тус заасантай нийцсэн.
4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад бодитой дүгнэлт өгч чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
4.1. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулгаас дүгнэхэд тухайн хөлсөлж байгаа эд хөрөнгийг тухайн газар ажил үүргээ гүйцэтгэх цагаас түрээсийн хөлс тооцох тохиролцоог хийсэн байна.
Дээрх тохиролцооны дагуу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ТН-09 тоот гэрээг байгуулсан. Хариуцагчийн зүгээс тухайн үүрэг гүйцэтгэх газарт 08 дугаар сарын 10-ны өдөр хөлслүүлж буй эд хөрөнгийг авч ирсэн гэж тайлбарладаг.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас үүнийг үгүйсгэх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
4.2. Түүнчлэн, хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд цагийн тооцоолол гэх баримтыг ирүүлсэн боловч тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүх гэрээнд заасан төлбөрийн дүн болох 20,000,000 төгрөгөөр 1 сарын түрээсийн төлбөрийг тооцсоныг буруутгахгүй.
4.3. Талууд эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрт 69,219,580 төгрөг төлсөнд маргадаггүй. Анхан шатны шүүх дээрх төлөгдсөн мөнгөн дүнг хасаж төлөгдөөгүй төлбөрт хариуцагч “*******” ХХК-аас 21,748,157 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
Гэвч талуудын байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний агуулга, тайлбар татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тухайн түлшний тээврийн хэрэгслийг ашиглаагүй байх тул дээрх мөнгөн дүнгээс 10 хоногийн ажлын хөлсийг хасаж /645161*10=6,451,610 төгрөг/ 15,296,547 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Энэ агуулгын хүрээнд хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.
5. Алдангийн тухайд талуудын байгуулсан гэрээний 6.2-т түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1 хувийн алдангийг хоног тутамд түрээслүүлэгчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн.
Алдангийн хувьд нэхэмжлэгч 7,648,273 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байсан боловч нэхэмжлэлдээ алдангийн хэмжээг 42,113 төгрөг гэж тодорхойлсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алдангийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнээгүй болно.
6. Нэхэмжлэлийн шаардлага болон алдангийг нэгтгэж дүгнэхэд хариуцагч “*******” ХХК-аас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт /15,296,547+42,113/ нийт 15,338,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгохоор давж заалдах шатны шүүхээс тогтов.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/03473 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 15,338,660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,816,999 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын “...266,901” гэснийг “...234,643” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН