Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1355

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Д.С , түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.С  холбогдох эрүүгийн 1806 02542 0572 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 27-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, зураглаач ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Д.С.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.С  нь 2018 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны орцонд Б.Гантулгатай маргалдаж, нүүрэнд цохиж, түүний гарыг өчиж, шалан дээр дарах зэргээр биед нь халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: “...Би өмнөх шүүх хуралдаан дээр бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Гантулгын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, өгсөн мэдүүлгүүд  /хх-16, 17-18, 21-23/, гэрч Э.Нямхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-27-28/, гэрч Д.Хишигдуламын өгсөн мэдүүлэг /хх-29-30/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3811 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-36/, шүүгдэгч Д.С  урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3973 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-34/, хохирогч Б.Гантулгын хувийн байдлын тухай баримтууд /хх-45-48/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 1363 дугаартай тэмдэглэл /хх-86-96/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч Д.С  нь 2018 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны орцонд Б.Гантулгатай маргалдаж, нүүрэнд цохиж, түүний гарыг өчиж, шалан дээр дарах зэргээр биед нь халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Гантулгын өгсөн: “...2018 оны 3 сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар байрны 16 тоотод гэртээ орох гээд орц руугаа ороод дээш шатаар өгсөөд явж байтал орцонд танихгүй хоёр залуу тааралдаад “чи эртээд манай хаалгыг нүдээд байсан хүн мөн үү” гэхээр нь би “танай хаалгыг нүдээгүй, та хоёрыг хаана амьдардагийг чинь ч мэдэхгүй” гэж хэлсэн чинь “юу гээд байгаа юм” гэж хэлээд манай хаалгыг нүдсэн гэж хэлсэн залуу нь миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Нэг сэрсэн чинь бүдүүн махлаг залуу нь дээр гарчихсан хоолойн дээр дараад байж байсан. Би тэр хоёр залууг цохиогүй. Харин өөрөөсөө холдуулах гэж намайг цохиод байсан залууг түлхсэн. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд миний түргэн тусламжийн машинд хүлээлгэж өгч гэмтлийн эмнэлэг явсан.” /хх-21-23/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллаанд гэрч Э.Нямхүүгийн өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01:00 цагийн үед хамт ажилладаг Д.Сайнбуянтай утсаар холбогдоод гэр рүү нь очсон. Д.Сайнбуян орцны гадаа намайг хүлээж байсан. Бид 2 уулзаад гэр рүү нь ороод би гутлаа тайлаад байж байтал хаалгыг нь хүн өшиглөсөн. Тэгээд дахиад өшиглөх үед Д.Сайнбуян гэрээсээ гараад хүнтэй маргалдаад байх шиг байхаар нь араас нь гараад очтол Сайнбуянг шатны уруу үл таних хүн түлхээд өөрөө дээрээс нь дарж унасан. Би тэр хоёрыг салгасан. Нөгөө согтуу залуу дайраад байхаар нь бид хоёр нийлж байгаал гарын нь өчөөд дараад Д.Сайнбуян цагдаад дуудлага өгсөн.” /хх-27-28/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Хишигдуламын өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны орцонд ажлаа хийгээд өрөөндөө амарч байтал орцоор 2 залуу хоорондоо яриад “хаалгаа сайн хаагаарай араас ороод ирнэ шүү” гээд дээшээ гүйлдээд гарсан. Тэгтэл араас нь танихгүй хүмүүс ороод дээшээ гарсан. Хэсэг хугацааны дараа хүн орилоод байхаар нь шатаар дээшээ гартал 5 давхарын оршин суугч орилсон байдалтай цустайгаа холилдсон байдалтай хэвтэж байсан. Хажууд нь нэг залуу цээж хэсэг дээр нь өвдөглөөд дарсан байдалтай байсан. Би цагдаа дуудсан юм чинь гэж бодоод доош буугаад өрөөндөө ортол дээр нилээн зодоон болоод орилолдоод байхаар нь утас байхгүй цагдаад дуудлага өгч чадахгүй зодоон үргэлжлээд байхаар нь аргаа бараад гадагш гарч дэлгүүрийн залуугийн утсаар цагдаад дуудлага өгсөн.” /хх-29-30/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн № 3811 дугаартай дүгнэлтэд:

        1. Б.Гантулгын биед баруун нүдний доод зовхи, баруун чихний ард хөхлөгт шарх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, хүзүү, баруун бугалга, зүүн мөр, зүүн тохой, зүүн шуу, нуруу, баруун ташаа, зүүн ташаа, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.    

        4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-36/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Д.С  урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

         Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “…Шүүгдэгчийн үйлдэл эргэлзээтэй учир мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.“ гэх тайлбарыг гарган мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй.

 

         Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Сайнбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

         Иймд шүүгдэгч Д.С  2018 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны орцонд Б.Гантулгатай маргалдаж, нүүрэнд цохиж, түүний гарыг өчиж, шалан дээр дарах зэргээр биед нь халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хохирогч Б.Гантулга нь эмчилгээний талаархи баримтаа гаргаж өгөөгүй байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон хэдий ч тухайн гэмт хэрэг нь 2018 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д хорих ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жил байхаар хуульчилжээ.  

 

Иймд шүүгдэгч Д.С  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.

 

Шүүгдэгч Д.С  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Д.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Д.С  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         3. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.С  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.   

 

         4. Хохирогч Б.Гантулга нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

   5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.С  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.С  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС