| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 102/2016/04835/и |
| Дугаар | 156 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 156
|
| ||
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** /РД
Хариуцагч: **** /РД
Зээлийн гэрээний үүрэгт 2 629 085 /хоёр сая зургаан зуун хорин есөн мянга наян тав/ төгрөг гагуулах тухай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч**** нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Хариуцагч **** нь банкны эргэн төлөлт нэхэгдээд хэцүү байгаа тул машинаа лрмбарданд тавьж 8 хувийн хүүтэй зээл авна гээд ажлын чөлөө хүсэхэд хамт ажилладаг хүнийх нь хувьд өндөр хүүтэй мөнгө зээлэх гэж байгааг нь өрөвдөж, түүний хүсэлтийн дагуу 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1,7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай 1 500 000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэтэл ****нь 106 000 төгрөг төлөөд үлдэгдэл 1 394 000, хүү 118 490 төгрөгийг огт төлөөгүй тул гэрээний 5 дугаар заалтын дагуу 1 045 500 төгрөгийн алданги төлөхөөр болсон. Иймд үндсэн зээл 1 394 000 төгрөг, хүү 189 585, алданги 1 045 500 төгрөг, нийт 2 629 085 төгрөгийг хариуцагч ****оос гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн үнийн тухайд тооцоолын хувьд алдсан байх тул хуульд нийцүүлэн багасгаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь шүүхэд хариу тайлбараа гаргаж өгөөгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 629 085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ц.Хулангоо нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй тул мөн хуулийн 72.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч****тай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан 1 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцон төлөх нөхцөлтэйгээр зээлэн авчээ.
Зээлийн гэрээний хугацаа дууссан 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч **** төлөлт хийгээгүй, төлөхийг удаа дараа шаардахад 106 000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2 дах хэсгүүдэд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байхад зээлдэгч **** нь гэрээгээр тохирсон нөхцлөөр зээлдүүлэгчид эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч ****д 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан, эрх, үүргийг нь тайлбарлан өгч энэ тухай болон нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтууд дээр хариуцагч гарын үсгээ зурсан ч хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлээгүй болно.
2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгчийн хүлээх үүргийг үндсэн зээл 1 500 000 төгрөг, 3 сарын хүү 76 500 төгрөг, алданги 788 250 төгрөг, нийт 2 364 750 төгрөгөөс түүний төлсөн 106 000 төгрөгийг хасч 2 258 750 төгрөг гэж тооцон, нэхэмжлэлийн шаардлагаас 370 335 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо тооцооллын хувьд алдсан гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****оос 2 258 750 /хоёр сая хоёр зуун тавин найман мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 370 335 /гурван зуун далан мянга гурван зуун гучин тав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51 990 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг, шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ