Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01195

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/05032 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа болон үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа болон үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3.1. Анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШЗ2025/07876 дугаар шүүгчийн захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 197/ЕШ2025/00661 дугаар захирамжаар шүүгч *******г тус хэргийг хянан шийдвэрлэх шүүгчээр томилжээ. /хх12, 51/

 

3.2. Гэтэл тус шүүхийн шүүгч *******уг хэргийг хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулж, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэжээ.

3.3. Хэрэгт анхан шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийг дахин томилсон баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, 78.5 дахь заалтууд зөрчигдсөнөөс гадна мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт зааснаар зохигч хэргийг энэ хуулийн 5.4 дэх хэсэгт заасан хуваарийн дагуу шийдвэрлүүлэх эрх хангагдаагүй байна гэж үзнэ. 

 

3.4. Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “Ерөнхий шүүгч нь шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах бүрэн эрхтэй.” гэж, мөн энэ зүйлийн 17.3-т “Ерөнхий шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

 

Мөн шүүгч ******** уг шүүх хуралдааны даргалагчаар томилсон Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх тул хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

3.5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй болно.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5,

168 дугаар зүйлийн 168.1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/05032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ

 

                    ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                                          Д.ЦОГТСАЙХАН