Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 750

 

 

   2019         08         08                                    2019/ШЦТ/750

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Хохирогч Б.Сансартуяа,

            Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, ээж, охины хамт  , ял шийтгүүлж байгаагүй, Б.Н,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Б.Н нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт тусгай зөвшөөрөл гаргаад өгье гэж худал хэлэн хуурч, галын дүгнэлт гаргахад хэрэглэнэ гэж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлын байрны дүгнэлт, хогны гэрээ байгуулахад хэрэглэнэ гэж 1.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сард найзынхаа ажилладаг оффис дээр байхад хохирогч Б.Сансартуяа орж ирсэн. Зөвшөөрөл хөөцөлдөөд гээд ярьж байсан. Би өмнө нь өөртөө зөвшөөрөл авсан тухайгаа хэлсэн. Тэр өдрөөс хойш хэд  хоногийн дараа Б.Сансартуяа над руу залгаад зөвшөөрөл гаргаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хөөцөлдөөд өгье гээд галын дүгнэлт гаргахад 500.000 төгрөг дансаар авсан. Дараа нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авъя гээд 1 сая төгрөг нэмж өгсөн. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн... ” гэв.  

    

 Хохирогч Б.Сансартуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би эгчийнхээ ажил дээр очиход Б.Н байсан.  Тухайн үед Б.Н өөртөө авсан гэрчилгээнээ үзүүлээд “чамд 14 хоногт хөөцөлдөөд өгье” гэхээр нь эхний ээлжинд 500.000 төгрөг Б.Н-ийн дансанд хийсэн. Мэргэжилийн хяналтын хүнтэй өнөө орой уулзах гээд байна гэж хэлсэн. Тэгээд би эд зүйлээ ломбарданд тавиад 1 сая төгрөг өгсөн. Сүүлдээ миний утсыг авахгүй байсан. Бичиг баримтаа авъя гэхэд манай гадаа авч ирж өгсөн. Тэгээд утсаа авахгүй болохоор нь хуулийн дагуу шийдвэрлүүлье гээд цагдаад хандсан” гэв.   

 

Эрүүгийн   хэргээс:

Хохирогч Б.Сансартуяагийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

 Хохирогч Б.Сансартуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...эгч М.Түвшинжаргалын ажил дээр очиход Б.Н гэх найзтайгаа хамт байж байсан. Тусгай зөвшөөрлийн талаар ярихад Б.Н нь гаргаад өгье гээд өөрийнхөө авсан тусгай зөвшөөрлийг надад үзүүлсэн. Б.Н бүх гаргалгаа юмаа мэднэ гэхээр нь зөвшөөрч бүрдүүлж байсан бичиг баримтаа өгөөд тэмдэгтийн хураамж гэх зэрэгт 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг 5030160542 дугаарын данс руу шилжүүлсэн. Зөвшөөрлийг нь 14 хоногийн дотор гаргаж өгнө гэж байсан ба тухайн хугацаанд гаргаж өгөлгүй алга болсон. 500.000 төгрөгийг галын дүгнэлт гаргахад хэрэгтэй гэж, дараагийн 1.000.000 төгрөгийг ажлын байрны дүгнэлт, хогны гэрээ зэргийн мөнгийг тушаах гээд байна гэж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Гэрч М.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай дүү үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах тухайгаа надад ярьж байсан. Манай найз Б.Н “урьд өөрөө ийм зөвшөөрөл хөөцөлдөж авч байсан, надад таньдаг хүн байгаа” гэж ярьж байсан. ...би хэн алинд нь тус болох гээд манай дүүгийн гэрчилгээг гаргаад өг гээд дүүтэйгээ холбож өгсөн. Б.Н нь надад таньдаг хүн байгаа би гаргаад өгье гэхээр нь Б.Сансартуяатай уулзуулсан. Б.Сансартуяа нь мөнгө өгөхдөө надад хэлдэг байсан. Эхлээд 500.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ийм зөвшөөрөл авч байсан гэж өөрийн хатаасан махны зөвшөөрлүүдийг үзүүлсэн. Надад ганц нэг таньдаг хүн байгаа, тэр хүмүүс зөвшөөрлийг мөнгөөр гаргах байх гэж хэлсэн. Тэгтэл Б.Сансараа надад чи хөөцөлдөөд өгчих би чамд 3 сая төгрөг өгье гэхээр нь за гэж хэлээд эхний ээлжинд 500.000 төгрөг, дараа нь 1 сая төгрөг авсан. Тэгээд уг ажлыг хөөцөлдсөн боловч бүтээгүй. ...нэг ч зөвшөөрөл гаргаагүй, би хэнтэй ч гэрээ хийгээгүй. Би хаана ажилладаг ямар хүмүүстэй уулзсан талаараа хэлмээргүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Н-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Н-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт тусгай зөвшөөрөл гаргаад өгье гэж худал хэлэн бусдыг хуурч 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг авч залилсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сансартуяа, гэрч М.Түвшинжаргал нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Б.Н нь “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт тусгай зөвшөөрөл гаргаад өгье гэж худал хэлэн Б.Сансартуяаг төөрөгдүүлэн хуурч мөнгийг өөртөө шилжүүлэн авсан болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Б.Н-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд Б.Н-т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Б.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Б.Сансартуяагийн хохирлоос мөрдөн байцаалтын шатанд 300.000 төгрөг төлөгдсөн нь хохирогчийн мэдүүлгээр /хх-ийн 20 дугаар хуудас/, шүүхийн шатанд 150.000 төгрөг төлөгдсөн нь шүүгдэгч Б.Н-ийн гаргаж өгсөн орлогын баримтаар тус тус тогтоогдсон байх ба шүүгдэгч Б.Н-ээс үлдэгдэл хохирол 1.050.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Сансартуяад олгохоор шийдвэрлэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх Б.Н-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан төрөл, хэмжээний дотор 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Н-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ээс 1.050.000 /нэг сая тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сансартуяа /РД:ХМ82032201/-д олгосугай

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ