Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1727

 

Ц.**ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05111 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.**ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.**, “**” ХХК-д тус тус холбогдох

 

Н.**аас 6 350 000 төгрөг, “**” ХХК-аас 2 600 000 төгрөг, нийт 8 950 000 төгрөг гаргуулах тухай,

4 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.**

Хариуцагч Н.**ийн өмгөөлөгч: Т.Энхтөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.** нь БНСУ-д 2009 онд 3 сар болж ирээд та хоёрыг Солонгос улс руу туслана гэж хэлсний дагуу бид хоёр манай нөхөрийн дүү н.**ы байрны гэрчилгээг хувь хүнд барьцаалж 5 хувийн хүүтэй, 5 000 000 төгрөг авч, 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд байдаг “**” ХХК-д 2 500 000 төгрөг шилжүүлсэн. 2011 оны 02 сард дахин визэнд оруулна гэхэд бид хоёр 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр           2 500 000 төгрөг, 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1 250 000 төгрөг, мөн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 100 000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр        100 000 төгрөг, банкны баталгаа гаргаж өгнө гээд 350 000 төгрөг, нийт 4 623 000 төгрөг өгсөн.

Энэ виз бүтэхгүй болонгуут цагдаагийн байгууллагад 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хандсан. Шалгах явцад 4 удаагийн үйдлээр залилан мөнгө авч байсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Н.**аас хохирогч Ц.** 7 200 000 төгрөг нэхэмжилсэн боловч эрүүгийн хэргээр шалгагдаж байх үедээ баримттай 4 100 000 төгрөг төлнө бусдыг өгч чадахгүй гэсэн учраас шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргасан.

Олон удаа нэхэмжлэл гаргасан, тэрээр шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байсан. Н.** нь хүнээс хүүтэй мөнгө зээлдүүлж манай гэр бүлийн амьдралыг бүр мөсөн доод түвшинд хүргэсэн. Ч.** гэдэг айл өрх Орхон аймаг, Баян-Өндөр сумын Яргайт багийн ядуу өрхөд хамрагддаг.

Нэхэмжлэгч нь хүнээс хүүтэй мөнгө зээлсэн тул хүүд төлсөн 3 150 000 төгрөг, нотариатаар бичиг баримт бүрдүүлсэн, 4-5 жил цагдаа, шүүхээр авсан зардалд нийт          3 200 000 төгрөгийг хариуцагч Н.**аас, хариуцагч “**” ХХК-аас шилжүүлсэн 2 600 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Н.** нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.**ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иргэн Ц.** нь Орхон аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би тухайн үед айж балмагдсаны улмаас Ц.**д өгөх ёсгүй байсан боловч 4 250 000 төгрөгийг өгсөн тул Ц.**аас 4 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Ц.**ын нөхөр Ч.** Солонгос улсын виз гаргуулах зорилгоор 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “**” ХХК-ийн Хаан банкин дахь ** тоот дансанд 2 500 000 төгрөг, 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэн С.**ийн Хаан банкны ** тоот дансруу 1 260 000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Н.**ийн Хаан банкны ** тоот дансруу 150 000 төгрөг, Ч.** 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “**” ХХК-ийн Хаан банкин дахь ** тоот дансанд 100 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ц.** нь 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч дэслэгч О.**д “надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй би Н.**т өгсөн 4 250 000 төгрөгийн хохирлоо бүрэн барагдуулж авсан. Тийм учраас одоо надад Н.**аас нэмж нэхэмжлэх мөнгө байхгүй бөгөөд Н.**тай эвлэрсэн” гэх байцаалт өгсөн бөгөөд 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч дэслэгч О.**д хохирлын мөнгө болох 4 250 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, Орхон аймгийн прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ц.**ын нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд хариуцагч Н.** нь нэхэмжилж байгаа мөнгийг өөрөө авч зарцуулаагүй, харин илүү мөнгө төлж хохирсон байх ба нэхэмжилж байгаа зардлын мөнгө 3 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг нь баримтгүй, үндэслэлгүй, тогтоогдохгүй хийсвэр мөнгөнүүд байна.

Иймд нэхэмжлэгч Ц.**ын нэхэмжлэл үндэслэлгүй болохыг тогтоож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дансанд 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр н.** гэх хүнээс 2 500 000 төгрөг орж ирсэн. Манай захирал н.** тэр өдрөө өөрийн хувийн данс руугаа 2 497 000 төгрөгийг авсан. 3 хоногийн дараа Хаан банкны теллерээр 3 000 000 вонныг гадаад гуйвуулгаар шилжүүлсэн. Ийм учраас манай дансанд орж ирсэн 2 500 000 төгрөг, 2010 оны 10 сард шилжүүлсэн 100 000 төгрөгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.**, Н.** нар нь танилууд бөгөөд “**” ХХК-ийн дансаар дамжуулан авсан байдаг гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “**” ХХК-аас 2 600 000 төгрөг, хариуцагч Н.**аас 6 350 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.**ын нэхэмжлэл, нэхэмжлэгч Ц.**аас 4 250 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.**ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 159 000 төгрөг, хариуцагч Н.**ийн 82 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхээр хэрэг хянагдаж байх үед шүүгчийн захирамжаар Б.**, О.** нарыг гэрчээр асуухаар шийдвэрлэсэн. Гэтэл шүүгчийн захирамж биелээгүй нь хэргийг үнэн зөв, хуульд захирагдаж шийдвэрлэх боломж алдагдсан. Нэхэмжлэгчээс гэрч нараас асуух асуултуудаа тодорхой бэлдэж өгсөн байхад орон нутагт гүйцэтгүүлсэн даалгавар бүрэн биелээгүй.

Хариуцагч Н.** нь миний нөхөр н.** бид хоёрыг "4 500 000 төгрөгөөр Солонгос явуулж өгье. Та хоёрын амьдрал дээшилнэ шүү дээ" гээд Б.**иас өндөр хүүтэй мөнгө зээлдүүлсэн. Хэрэв Б.**ийг орон нутагт шүүгчийн даалгаварын дагуу асуусан бол гэрч Б.** нь нөхөр бид 2-ыг ямар зорилгоор мөнгө зээлсэн болохыг хэлж өгөх төдийгүй хэдэн төгрөгийн хүү төлсөн зэргийг тодорхой хэлэх байсан. Өөрөөр хэлбэл, Солонгос явах гэж мөнгө зээлсэн болохыг тодорхой хэлэх байсан. Солонгос явахаар болж өндөр хүүтэй мөнгө зээлсэн нь тодорхой болбол нэхэмжлэл үндэслэлтэй болох нь тодорхой байсан гэж үзэж байна.

Шүүхийн даалгавар биелэгдээгүй учраас дахин даалгавар гүйцэтгүүлэх тухай итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан учир шүүгчээс татгалзаад, улмаар аргагүйн эрхэнд А.** итгэмжлэлээсээ татгалзсан. Иймд шүүгчийн даалгаврыг Орхон аймгийн шүүх бүрэн биелүүлээгүй байхад шүүх хуралдааныг хийсэн нь процессын ноцтой зөрчил гэж үзэж байна. Энэ нь шүүх Орхон аймгийн шүүхийн алдааг засалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн үйлдэл нь миний эрхийг хамгаалахаас татгалзсантай утга нэг гэж үзэж байна.

Бид гэр бүлээрээ амьдралаа сайжруулна гэж бусдад итгээд эд материалын их хохирол хүлээсэн. Өөрөөр хэлбэл, бусдаас хүүтэй мөнгө зээлж Н.**т өгөөд Солонгос явж чадаагүйгээр үл барам бусдад хүү , алданги төлж, урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж, Н.**ийг хайж, эрэн сурважилж байх үед хотод шилжсэнийг мэдээд олон удаа хотод ирж хайсан, нааш цааш явж сэтгэл санаа, эд материалаар хохирсон. Шүүхэд хангалттай баримтыг гаргаж өгсөөр байтал шалтгаант холбоо байхгүй гэж үзсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Манай нөхөр Ч.** нь 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 500 000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 100 000 төгрөгийг тус тус “**” ХХК-д шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдсон төдийгүй хариуцагчийн дансанд орсон болох нь илэрхий байсан. Нэгэнт дансанд нь орсон бол буцаан өгөх хууль ёсны асуудал гэж үзэж байна. Миний нөхөр бид 2 хоёулаа Солонгос явна гэж Н.**т хулхидуулсан бөгөөд би нэхэмжлэл гаргаад шүүхийн ажиллагааны явцад нөхөр Ч.**оос итгэмжлэл авч 2 600 000 төгрөгийг нэхэмжилсэн нь манай нөхрийн хүсэл зоригийн асуудал байтал манай нөхөр Ч.**ыг дахин нэхэмжлэл гарга гэж үзэж байгаа нь дахин дахин шүүхээр чирэгдэж хохир гэсэн утга санаа гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Ч.**ын “**” ХХК-д шилжүүлсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд шүүгч өөрийн орон нутаг гүйцэтгүүлэхээр гаргасан захирамжаа бүрэн биелэгдээгүй байхад шүүх хурал хийсэн, нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.** нь хариуцагч Н.**т холбогдуулан 6 350 000 төгрөг, “**” ХХК-д холбогдуулан 2 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Н.** 4 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.** нь 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Б.**ийг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзсан байх тул нэхэмжлэгч талын гэрч асуулгах хүсэлтийг шийдвэрлээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагч “**” ХХК-ийн данс руу Ч.**оос 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 500 000 төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 100 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх ба Ч.**оос нэхэмжлэгч Ц.**д 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр буюу нэхэмжлэл гаргаснаас хойш 2 сарын дараа итгэмжлэл олгосон боловч уг итгэмжлэлийг үндэслэн Ц.** нь Ч.**ыг төлөөлж нэхэмжлэл гаргаагүй тул Ц.**ыг дээрх 2 600 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж шүүх холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Ц.** нь хариуцагч Н.**т шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан авсан нь хохирлын мөнгө хүлээн авсан гэх 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн /хх 35 дахь тал/ баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанаас хойш бусдад төлсөн зээлийн хүү /хх 133 дахь тал/, замын зардал /хх 130-132 дахь тал/-ыг хохиролд тооцож шаардах эрхгүй юм.

 

Ц.**, Н.** нарын хооронд үүссэн харилцааг шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой гэж дүгнэсэн нь зөв боловч хуулийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлаагүйг зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

Түүнчлэн талуудын хооронд үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотойгоор шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхийн хүрээнд учирсан хохирлыг нэхэмжлэгч шаардсан байхад шүүх уг хохирлыг гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохирол шаардах хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байсныг залруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/05111 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227 дугаар зүйлийн 227.1” гэснийг хасч, “492 дугаар зүйлийн 492.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

       ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

           

                                                                                    Э.ЗОЛЗАЯА