Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2025/0081               

 

Х.Б-ны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий

  аймгийн Нийгмийн даатгалын газарт

   холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Ц.Цогт

Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                      М.Батсуурь

                                      П.Соёл-Эрдэнэ  

Илтгэгч шүүгч:       Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 110/ШШ2025/0040 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2025/0384 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Х.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ШХТ2025/0338 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.2.4-т заасан үндэслэл байгаа эсэхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Х.Б-аас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Х.Б-аас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын нийгмийн даатгалын байцаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргахад татгалзсан. Иймд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргасан байх ба хуулийн хугацаанд холбогдох байгууллагаас хариу өгөөгүй байна.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

 “... Х.Б нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын эрчим хүчний салбарт уурын зуухны машинистаар 4 жил 6 сар 9 хоног, тус сумын хүүхдийн цэцэрлэгт галчаар 4 жил, “Н т” ХХК-д галчаар 6 жил, нийт 12 жил 6 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан. Өөрөөр хэлбэл 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар галчаар 12 жил 6 сараас доошгүй жил, улсад 20-иос доошгүй жил ажилласан гэж үзэж байна. Х.Б-аас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Алтай сумын нийгмийн даатгалын байцаагч Х.Ө-т өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор танилцуулахад тэрээр тэтгэвэр тогтоохоос татгалзсан тул 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд албан ёсоор гомдол гаргасан боловч нэг сарын хугацаанд албан ёсоор хариу өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ ...  Х.Б нь 2014-2024 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилүүдийн зарим саруудыг ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн кодыг 25 (улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтан) гэж тайлагнасан. Энэ нь тухайн ажил олгогч үйл ажиллагаа явуулаагүй ба даатгуулагч ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс аваагүй гэдгийг харуулж байна. Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласан жилийг тооцоход Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын 2.4-т заасны дагуу нэг жилд 8 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар тооцно. Иймд сул зогсолтоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарууд нь хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласнаар тооцогдохгүй тул уг нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох болзол хангахгүй. Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр 11 жил 4 сар 15 хоног гээд тооцооллыг гаргаж хүргүүлсэн …” гэжээ.

5.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 110/ШШ2025/0040 дүгээр шийдвэрээр “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5, 10 дугаар зүйлийн 10.1-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.Б-нд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

5.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5-д заасан шаардлага бүрийг нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хангасан эсэхийг тогтоосон үйл баримт нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2024/0043 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн 2014 оноос 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдал, үүнээс хүнд нөхцөлд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх үйл баримтыг дахин нотлохгүй, уг үйл баримтад дахин дүгнэлт өгөх үндэслэлгүй.

5.2....Өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэхэмжлэгчийн нийт 22 жил 11 сар 28 хоног, үүнээс 12 жил 3 сар 7 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд 2024 оны 10, 11, 12 дугаар саруудад Баян-Өлгий аймгийн Алтай сумын нэгдсэн уурын зууханд галчаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмж тооцоход, нэхэмжлэгч нь нийт 23 жил 2 сар 28 хоног, үүнээс 12 жил 6 сар 7 хоног хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан нь тогтоогдож байх тул хуульд заасан хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгч хангасан байна.

5.3.Нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд бичгээр гомдол гаргасан, тус зөвлөл нь уг гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, уг үйл баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын байгууллагад 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бичгээр өргөдөл гаргасан гэж үзээд тухайн өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах нь зүйтэй ...” гэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2025/0384 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.“... Анхан болон давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь, нэхэмжлэгч Х.Б нь 2024 онд хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2024/0043 дугаар шийдвэрээр тэтгэвэр тогтоолгоход ажилласан байвал зохих нийт 20 жилийн болзол хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

7.2.Нэхэмжлэгчийн 2014-2024 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилүүдийн зарим саруудыг ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн кодыг 25 (улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтан) гэж тайлагнасан. Энэ нь тухайн ажил олгогч үйл ажиллагаа явуулаагүй ба даатгуулагч ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс аваагүй гэдгийг харуулж байна. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 50.2-т заасан хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг даатгуулагчийн ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, ажил олгогчийн нийгмийн даатгалын санд төлнө.” гэж заасан.

7.3.Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласан жилийг тооцоход Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын 2.4-т заасны дагуу нэг жилд 8 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар тооцно. Сул зогсолтоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарууд нь хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласнаар тооцогдохгүй тул уг нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох болзол хангахгүй. Иймд гомдлыг хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8.Нэхэмжлэгч тал “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

9.Хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

11.Хяналтын шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхэд “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй”.

12.Харин 2023 онд шинээр батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалт дахь “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэсний “хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан жил”-ийг хэрхэн тооцох талаар хууль хэрэглээг тогтооход ач холбогдолтой гэж үзлээ.

13.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд, нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг, хоёрдугаар хавсралтаар тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ыг тус тус баталжээ.

14.Дээрх тушаал гарсантай холбогдуулан өмнө нь үйлчилж байсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаал болон үүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2019 оны А/296, 2020 оны А/129, 2022 оны А/185, 2022 оны А/186, 2023 оны А/01 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгосон байна (2023 оны А/221 дүгээр тушаалын 4 дэх заалтаар).

15.Нэхэмжлэгч Х.Б-ны тухайд, “нийтдээ 20-иос доошгүй жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн”, уг хуулийн шаардлагыг хангасан талаар хариуцагч маргаагүй. Харин хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан хугацааны талаар маргасан байна.

16.Х.Б нь шинэ хууль, журам үйлчлэхээс өмнө буюу 1985 онд “Орхон туул” сангийн аж ахуйд тракторчноор 4 сар 13 хоног, 1990-1992 онд Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Алтай сум дахь салбарт уурын зуухны машинистаар 1 жил 10 сар 9 хоног, 2014-2018 онд Алтай сумын хүүхдийн цэцэрлэгт галчаар 4 жил, 2018-2024 он хүртэл “Н т” ХХК-д Алтай сумын нэгдсэн халаалтын зуухны галчаар 5 жил 8 сар, нийт 11 жил 10 сар 22 хоног ажилласан. Түүний эрхэлж байсан эдгээр ажил, мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “хөдөлмөрийн хүнд нөхцөл”-д хамаарч байгаа, хариуцагч үүнийг үгүйсгээгүй.

17.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар батлагдсан жагсаалт болон журмыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөж байгаа тул нэхэмжлэгчийн 2024 онд эрхэлсэн ажил болон ажилласан хугацааг уг журмын дагуу тооцно.

18.Х.Б нь 2024 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал “Н т” ХХК-д Алтай сумын нэгдсэн халаалтын зуухны “галч”-аар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ба энэ нь 2023 оны А/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан жагсаалтын Дөрөв.Хөдөлмөрийн хүнд нөхцөл, 4.1.Эрчим хүчний үйлдвэрлэлийн: 41.“Галч” 8182-13 гэсэн ангилалд хамаарч байна.

19.Харин дээрх тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 2.4-т “Улирлын чанартай уурын зууханд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан галчийн хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тухайн улирлын ажлын үргэлжлэх хугацаагаар тооцно” гэж заасан, үүний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн 2024 онд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан жилийг 8 сараар тооцож байгаа нь үндэслэлтэй (хавтас хэргийн 36-37 дахь талд).

20.Иймд нэхэмжлэгчийн 1985-2024 он хүртэл хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан 11 жил 10 сар 22 хоног дээр 2024 онд ажилласан 8 сарыг нэмж тооцоход, нийт 12 жил 6 сар 22 хоног болж байх бөгөөд энэ нь хуульд заасан шаардлагыг хангаж байна. Энэ агуулгаар шүүхийн шийдвэр, магадлал дахь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан жилийн талаарх дүгнэлтийг залруулах нь зүйтэй.

21.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар батлагдсан шинэ журам үйлчлэхээс өмнө мөрдөгдөж байсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалд улирлын чанартай уурын зууханд галчаар ажилласан хугацааг тухайн улирлын үргэлжлэх хугацаагаар тооцох талаарх зохицуулалт байгаагүй тул хууль тогтоогч тухайлан заагаагүй энэ тохиолдолд “эрх зүйн байдлыг дордуулсан” журмыг буцаан хэрэглэх үндэслэлгүй.

22.Иймээс хариуцагчийн “... нэхэмжлэгчийн 2014-2024 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилүүдийн зарим саруудыг ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх даатгуулагчийн кодыг 25 (улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтан) гэж тайлагнасан ... иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтын 2.4-т заасны дагуу нэг жилд 8 сар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар тооцно. Сул зогсолтоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарууд нь хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр ажилласнаар тооцогдохгүй тул нэхэмжлэгч уг нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох болзол хангахгүй ...” гэх агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-д заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

23.Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус талаарх, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэснийг тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгасан хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.   

24.Иймд шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 110/ШШ2025/0040 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2025/0384 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЦОГТ

                                            ШҮҮГЧИД                                                        Х.БАТСҮРЭН

                                                                                                        М.БАТСУУРЬ

                                                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                        Г.БАНЗРАГЧ