Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2020/0105

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 848 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 848 дугаар шийдвэрээр: Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4, 22.6-д тус тус заасныг баримтлан “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/76 дугаар тушаалтын “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...тус шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буй үндэслэл нь хэт хариуцагч байгууллагыг зөвтгөсөн агуулгаар дүгнэлт хийж холбогдох хуулиудыг буруугаар тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруугаар үнэлсэн. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл бий болоогүй байдлыг анхаарч үзээгүй, уг алдааг анхан шатны шүүхээс залруулж дүгнээгүй.

Учир нь 0,15 га газрыг ашиглах эрхийг анх 2016 онд хариуцагч сайдын тушаалаар хууль болон журамд нийцсэн танай байгууллага уг газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж болно гэж олгосон, мөн байгуулсан гэрээнд ч гол ус, бургас мод эвдэн сүйтгэх хэсэгт байрлаагүй гэж тодорхойлж зааж өгсөн атлаа олон жилийн дараа гэнэт олгох ёсгүй газар олгожээ гээд шууд нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах байдлаар асуудалд хандсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоож асуудлыг шийдвэрлэх байсан боловч уг хуульд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй. Шүүхээс уг ажиллагааг хэрхэн хийсэн, бодит байдал дээр хууль зөрчихгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломж байгааг анхаарч холбогдох нотлох баримтыг үнэлээгүй.

Тодруулбал, зөвхөн газрын үзлэгээр голын эрэг дагуу, бургас мод огтлох нөхцөл бүрдсэн гэж дүгнэх боловч газрын байршил яг хаана байсан, төлөвлөж буй барилга хэрхэн баригдах, онцгой хамгаалалтын хориглолтын бүсэд орж байгаа эсэхийг өөр байдлаар тогтоогоогүй атлаа буруу тодорхойлсон үзлэгийн баримтаар хууль, журамд нийцээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй болсон.

Өөр байдлаар тогтоох шаардлага, боломж шүүхэд байсан боловч үүнийг ашиглаагүй бөгөөд зөвхөн өөрийн нүдээр харсан байдалдаа дүгнэлт хийн “...тус газрыг ашиглавал усны нөөц хомсдох, бохирдох, бургас модыг устгах, огтлох эрсдэл үүсэх нь бодитоор, тодорхой нотлогдсон” гэж байгаа нь эсрэгээрээ нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газраас зөрүүтэй, бодит байдлаас өөр дүгнэлтийг хийх шалтгаан нь болсон гэж үзэж байна.

Уг газрыг ямар байдлаар ашиглах тухай баримтуудыг хэрэгт өгсөн боловч үүнийг анхаарч үнэлээгүй, тус баримтуудад тухайн газрын онцгой хамгаалалттай бүсэд хамаарч буй хойд талын хэсэгт ямар нэг барилга байгууламж барих, бургас модыг огтлох байдлаар төлөвлөлт хийгдээгүй, бүгд хууль журмын дагуу хориглолтын бүсээс гадна байдалд төлөвлөсөн, түүнчлэн уг газрын ашиглах эрхийг авахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө, нилээдгүй ажлыг хийж гүйцэтгэсэн байдлыг шүүхээс анхаарч үзэн холбогдох баримтыг үнэлээгүй, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасныг нэхэмжлэгч зөрчсөн мэтээр тайлбарлан хэрэглэсэн нь буруу болсон.

Маргаан бүхий захиргааны актын зорилгыг шүүх хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлаж, өмнөх алдаагаа засах гэж гаргасан гэх боловч яг ийм зорилгоор акт гарсан бол арай өөр байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах байдлаар асуудлыг шийдвэрлэж гаргах байсан бөгөөд бодит байдалд ийм шалтгаанаар гаргаагүй, илтэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах байдлаар гарсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан үндэслэл бий болсон бөгөөд уг хуулийн заалтыг тайлбарлан хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А-129 дүгээр тушаалаар “Д” ХХК-д Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газарт байрлах Зайсангийн ам нэртэй газарт 0,15 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг, мөн оны 05 дугаар сарын 25-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2016/144 дугаартай гэрчилгээг тус тус олгосон, уг газар нь Туул голын эрэг дээр буюу голын далан дээр байршилтай, үүнтэй талууд маргаагүй.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч “Д” ХХК-ийн дээрх газар багтжээ.

Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...байгалийн төлөв байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулаагүй, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй...манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад илт хууль бус захиргааны акт гаргасан...” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... “Д” ХХК-д А-109 дүгээр тушаалаар Зайсангийн ам буюу, туул голын эрэг дээр байрших газрыг өгсөн. Үүний улмаас усны нөөц бохирдох, гол горхийг сүйтгэх, байгаль орчны төлөв байдлыг алдагдуулах, дархан цаазат газрын журмыг зөрчих нь тодорхой харагдаж байгаа” гэж тус тус маргасан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ, 12 дугаар зүйлийн 1-д “... /дархан цаазат газарт/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ... элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх ...” -ийг хориглохоор, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоох”-оор, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, ... зэгс, шагшуурга, мод огтлох ...”-ыг  хориглохоор, 22.3-д “усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтоох”-оор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.9-д “энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 2.9.1-д “мод бут огтлох”, 3.9-д “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 3.9.12-т “газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох” гэж тус тус заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн лавлагаа зураг[1], шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, эскиз зураг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “Д” ХХК-д ашиглах эрх олгогдсон маргаан бүхий 0.15 га газар нь дээрх хууль болон журмаар тодорхойлсон усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн газар нутагтай давхцалтай, орчин тойрондоо бургас, бут модтой, нэхэмжлэгч нь  уг газар дээрээ аялал жуулчлалын зориулалтаар цогцолбор барилга барихаар төлөвлөсөн нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс “...байгалийн төлөв байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулаагүй, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй” гэж маргах бөгөөд, хэдийгээр нэхэмжлэгч нь газар ашиглах эрх авснаас хойш, өнөөг хүртэлх хугацаанд маргаан бүхий газар дээр барилга байгууламж бариагүй, ямар нэг байдлаар Туул голын байгалийн унаган төрхийг алдагдуулаагүй, байгаль орчинд шууд болон шууд бус хохирол учруулаагүй, голын эрэг орчмын амьдрах чадвартай бургас, бут модыг сүйтгээгүй болох нь тогтоогдож байгаа хэдий ч, уг газрыг зориулалтын дагуу ашиглаж эхлэх үед дээрх хууль болон журам, стандартад заасан хориглолт, хязгаарлалт зөрчигдөхөөр байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/76 дугаар тушаалын холбогдох хэсэг дээрх хуулийн заалтуудад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал, эсхүл тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульчилсан ч дээрх хуулийн зохицуулалтаар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсүүдэд барилга байгууламж барих, газар ашиглах эрх олгохыг хориглосон тул газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, нэгэнт нэхэмжлэгч тухайн газрыг гэрчилгээ, гэрээний дагуу аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж, үйл ажиллагаа явуулах тул “Дарданговь” ХХК-ийг уг газарт хориглох үйл ажиллагаа явуулаагүй байхад буюу эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад газар ашиглах эрхийг дуусгавар болгосон илт хууль бус шийдвэр гаргасан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь захиргааны актыг “илт хууль бус”-д тооцох үндэслэл нь тухайн акт нь эрх зүйн илэрхий алдаатай байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий А/76 дугаар захирамжийн хувьд хариуцагч нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль, Барилга , хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалыг үндэслэсэн, хууль болон журмаар тодорхойлсон усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн газар нутагтай давхцалтай, орчин тойрондоо бургас, бут модтой, нэхэмжлэгч нь  уг газар дээрээ аялал жуулчлалын зориулалтаар цогцолбор барилга барихаар төлөвлөсөн нь тогтоогдсон, энэ нөхцөлд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”  гэх илт хууль бус актад хамаарахгүй.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “ ...шүүх Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасныг нэхэмжлэгч зөрчсөн мэтээр тайлбарлан буруу хэрэглэсэн ... маргаан бүхий захиргааны актын зорилгыг шүүх хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлаж ... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах байдлаар гаргасан”  гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.  

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь давж заалдах гомдлын шаардлагаа “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж тодорхойлсон атлаа гомдлын шаардлагын үндэслэлээ “...холбогдох нотлох баримтыг үнэлээгүй ... газрын байршил яг хаана байсан, төлөвлөж буй барилга хэрхэн баригдаж, онцгой хамгаалалтын хориглолтын бүсэд орж байгаа эсэхийг өөр байдлаар тогтоогоогүй атлаа буруу тодорхойлсон үзлэгийн баримтаар хууль, журамд нийцээгүй гэж дүгнэсэн ... уг газрын ашиглах эрхийг авахад цаг хугацаа, хөрөнгө мөнгө, нилээдгүй ажлыг хийж гүйцэтгэсэн байдлыг шүүх анхаарч үзэн холбогдох баримтыг үнэлээгүй” хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлийн талаар тайлбарлан маргаж байгаа нь ойлгомжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримтлавал зохих хуулийн заалтыг баримтлаагүй байх тул холбогдох хуулийн заалтыг нэмсэн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 848 дугаар шийдвэрийн Тогтох хэсгийн 1 дэх заалтад “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 2 ...” гэж нэмж, “Усны тухай хуулийн ... 2.2.1,...” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

                                  ШҮҮГЧ                                                                          Ц.САЙХАНТУЯА

                                  ШҮҮГЧ                                                                         Д.БААТАРХҮҮ

 

 


[1]  Хавтаст хэргийн 53 дугаар тал,