| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2024/07222/И |
| Дугаар | 210/МА2025/01294 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/01294
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/05943 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох
Илүү цаг ажилласны хөлс 2,589,014 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ********, ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан илүү цаг ажилласны хөлс 2,589,014 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-тай хөдөлгөөнт хүнд машин механизмын оператораар ажиллах, сарын үндсэн цалин 803.6 ам.доллар, ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног (14/14) болох нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /2хх51-60/
3.1. Нэхэмжлэгч 14 хоногийн турш ажил үүрэг гүйцэтгэхдээ өдрийн 12 цагаар ажилласан үйл баримтыг зохигч маргаагүй. Харин нэхэмжлэгч нь илүү цаг ажилласан гэж, хариуцагч нь нөхөн амраасан гэсэн тайлбар гаргаснаас үзвэл өдөрт илүү цаг ажилласан гэх үйл баримтыг маргаагүй, гагцхүү нэхэмжлэгч нь өдөрт 8 цаг ажиллах хязгаарыг 4 цагаар нэмж 12 цагаар ажиллуулсан тул илүү цагийн хөлс авах эрхтэй гэж үзсэн бол хариуцагч нь ажилтан өдөрт 12 цагаар 14 хоног ажилласан тул 14 хоног амрааж илүү цагийг нөхөн амруулсан, хуулиар тогтоосон уртын ээлжийн зохицуулалтыг зөрчөөгүй, сард 168 цаг ажилласан тул илүү цагийн хөлс олгохгүй гэсэн үндэслэлээр маргасан байна.
4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, тооцоолол болон дүгнэлтийн алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно” гэж, энэ зүйлийн 92.4 дэх хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж тус тус заасан зохицуулалт нь “уртын ээлж” гэх энгийн горимоос ялгаатай онцлог ойлголтыг эрх зүйн хувьд тодорхойлж өгсөн байна. Уг горимыг хэрэглэх ажил олгогч субъект нь уул уурхай, олборлох салбар байхаас гадна түүнд үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэж болохыг дээрх хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заажээ. Хуульд заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох, холбогдох зардлыг ажил олгогч хариуцах эрх зүйн асуудлуудыг мөн дээрх хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.5, 92.6-д тус тус тусгажээ.
4.2. Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж, 14 хоног ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа учраас 14 хоног амраах горим нь уртын ээлжийн өвөрмөц шинж байх ба харин нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна. Учир нь ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасан учраас уртын ээлжээр ажиллуулах тухай хуулийн тусгайлсан зохицуулалт болох тус хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна” гэж хуульчилсан, уг зохицуулалт нь мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасан үндсэн зарчим, хэм хэмжээний агуулгатай уялдсан байна.
4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсэгт “Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна, ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна.” гэж, энэ зүйлийн 84.4 дэх хэсэгт “Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна.” гэж ердийн ажлын цаг болон ажлын цагийн дээд хязгаарыг зохицуулсан бөгөөд 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт “Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно.” гэж ээлжийн ажлын цагийг тусгайлан заажээ.
Хуульд заасан дээрх хэм хэмжээний агуулгаас үзвэл ердийн ажил, уртын ээлжээр ажиллах аль аль тохиолдолд нэг өдөрт ажиллах цаг 8 цаг байна, илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна гэж хуульчилсан нь ердийн эсвэл нэг ээлжийн ажлын цаг 8 цаг байхыг агуулгын хувьд давхар баталгаажуулж, илүү цагийн дээд хэмжээг 4 цагаас хэтрэхгүй болохыг тогтоосон гэж үзнэ.
4.4. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, уртын ээлжээр ажиллах горимд ердийн ажлын нэгэн адил өдрийн 8 цагийг баримтлах бөгөөд “уртын ээлж” гэх ойлголтод 12 цаг ажиллах горим хамаарахгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цаг гэж бус 12 цагаас илүүгүй байна” гэж заасан байна.
4.5. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72/21 дугаар тушаалаар баталсан Ажлын цагийн тухай журмын 9.2.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно.” гэж заажээ.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6-д “Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно.” гэж заасан.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно.” гэж зааснаар ажил олгогч нь нэмэгдэл хөлсийг олгох үүрэгтэй гэж үзнэ.
4.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно.” гэжээ.
Нэхэмжлэгчийн цалин хөлс нь үндсэн цалин, илүү цагийн олговор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, уртын ээлжийн нэмэгдэл, засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны олговор, уурхайн цогцолборт ирэх, буцах цагийн нэмэгдэл зэргээс бүрдсэн байна.
Тус гэрээний шөнийн ээлжийн нэмэгдэл хөлс дундаж цалин хөлсийг 1.2 дахин, уртын ээлжийн ажилтан нийтээр амрах баярын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалинг 2 дахин, уртын ээлжийн нэмэгдэл үндсэн цалингийн 13 хувиар, хоол, унааны нэмэгдэл 1,000,000 төгрөг байхаар тохирсон байна. /2хх60-97/
4.7. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлсийг нэмэгдүүлж олгохдоо тооцооллын хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Нэхэмжлэгч ******* нь илүү цагийн хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/****** дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу илүү цагийн мөнгийг 1.5 хувиар тооцож олгох ёстой гэж үзвэл, нэмэгдлүүд нь бүрэн олгогдсон, 2024 оны 06 дугаар сарын илүү 56 цагийн цалингаас түүний 1 хувийг олгосон байх тул, үлдэх 0.5-ыг тооцвол 863,004 төгрөг болж байхад анхан шатны шүүх 2,589,014 төгрөг илүү цагийн нэмэгдэл хөлсөнд нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,726,009 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгч ******* нь илүү цагийн хөлс олгоогүй талаарх гомдлоо хуулийн хугацаанд гаргасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т тус тус заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2--д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/05943 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 863,004 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,726,009 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 25,262 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,375 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЦОГТСАЙХАН