Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
Хэргийн индекс | 184/2016/00042/и |
Дугаар | 154 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 154
2016 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 184/ШШ2016/00154 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****
Хариуцагч: *****
Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***** хариуцагч ***** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 онд *****тай танилцаж 2006 оны 10 сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 10 сарын 18-ны өдөр хүү *****төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос салж тус тусдаа амьдралтай болсон. Тэр үеэс хойш хүү минь миний асрамжид өсөн торниж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэгийг авахгүй. Бид цаашид хамтран амьдрахгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Хариуцагч ***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 онд *****тэй танилцаж, 2006 оны 10 сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 10 сарын 18-ны өдөр хүү ***** төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тус тусдаа амьдралтай болсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэгийг гаргуулахгүйгээр харилцан тохиролсон тул гэрлэлт цуцлаж өгнө үү.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
***** нар нь 2002 оны 3 сарын 15-ны өдөр гэр бүл болсоныг 2006 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагын ***** дугаарт бүртгэж ***** дугаартай гэрчилгээ олгожээ.
Гэрлэгчид 2013 оныг хүртэл гэр бүл болон амьдрах хугацаандаа 2013 оны 10 дугаар сарын 18-н хүү *****г төрүүлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,***** дугаартай гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх *****ийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэрлэгчид нь цаашид гэр бүл болон амьдрах боломжгүй, тус тусын амьдралтай болсоноо хамтран илэрхийлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан байх бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид хүүхдүүдийн асрамжийн тухайд харилцан тохиролцож хүү *****ыг эх *****т үлдээхээр, мөн хүүхдийн тэтгэлэг шаардахгүй байхаар тохиролцсон тул 2013 оны 10 сарын 18-нд төрсөн хүү *****ын эх *****ийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
***** хорооны засаг даргын тодорхойлолт болон “*****” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолтууд нь хүүхэд эрүүл өсч торниж байгааг нотлосон баримтууд бөгөөд байгууллагын тамга, тэмдэг, эрх бүхий ажилтны гарын үсгээр баталгаажсан, зохигчдын тайлбараар нотлогдож байх тул үнэн зөв гэж үнэлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дах хэсэгт заасныг баримтлан *****нарын гэрлэлтийг цуцалж, *****ыг эх *****ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг,нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан болохыг тус тус дурдсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ