| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0759/Э |
| Дугаар | 756 |
| Огноо | 2019-08-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 756
2019 08 12 2019/ШЦТ/756
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Г.Ганбагана,
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эгч, дүү нарын хамт , ял шийтгэлгүй, Б.С,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Б.С нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өглөөний 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7 дугаар гудамжны 381 тоотод хохирогч Ю.Түвшинбаатарын өмдний халааснаас бэлэн 1.433.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... ” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн “...байшингийн хаалга болон цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, зүүн гар талаар хөнжил дэвссэн модон ор байх ба орны толгойн хэсэгт эрэгтэй хүний хувцас, цүнх зэрэг эд зүйлс байна, уг хэсэгт хохирогчийн хэлснээр бэлэн мөнгө байсан алдагдсан гэснийг 1 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 дүгээр хуудас/,
Хохирогч Ю.Түвшинбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн үдээс хойш намайг гэртээ байж байхад Б.С манай гэрт ганцаараа ирж өчигдөр шөнийг хүртэл 5 хоног хамт байж байгаад өнөөдөр өглөө 07 цаг өнгөрч байхад яваад өгсөн. Шөнө унтахдаа өмдөө тайлаад унтсан бөгөөд өмдний халаасаа шалгаж үзэхэд халаасанд байсан мөнгийг маань хулгайлаад явчихсан байсан. Өмдний халаасанд 1.433.000 төгрөг байсан. Би Э.Батболдын хашаанд “Зиг Заг” гэх модон хавтанг зарж амьдарсаар ирсэн ба нийт 17 ширхэг хавтан зарсан байсан. Хавтангийн нэг бүрийн үнэ нь 80.000 төгрөг байдаг. Үүнээс гадна арай бага үнэтэй 73.000 төгрөгийн 1 ширхэг хавтан зарсан бөгөөд нэмээд нийт 1.433.000 төгрөг болж байгаа. Орлогын мөнгөө халаасандаа хийж унтаад өглөө нь Э.Батболдод тушаадаг байсан. Б.Саранцэцэгтэй эр эмийн харьцаатай, манайд 5 хоног амьдрахад н.Дорж мөн хамт байсан. Өчигдөр найз н.Доржийн уулздаг н.Болороо гэх эмэгтэй гэрт ирж хамт хоносон. Өглөө нь Б.Сл байхгүй, яваад өгчихсөн. н.Болороогийн хувцас, цүнхийг нь уудалж үзэхэд ямар нэгэн мөнгө төгрөг гараагүй, тиймээс Б.Сл мөнгө хулгайлаад явчихсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Б.Сарнайцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... төрсөн дүү Б.С нь Ю.Түвшинбаатар гэх хүнтэй хамтран амьдарч байгаа гэж ярьж байгаад сүүлд хамт байхаа больсон гэж хэлж байсан. Б.Сэрхэлсэн тодорхой ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй, найз нөхдийнхөө гэрээр хонож өнжөөд явдаг. Ерөнхийдөө тэнэмэл байдлаар байдаг, архи согтууруулах ундаа хэрэглэдэг архины хамааралтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ю.Түвшинбаатартай танилцсан, уулздаг болсон, гэрт нь хааяа очиж хонодог. 2019 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө хамтран амьдрагч Ю.Түвшинбаатарыг унтаж байх үед нь өмдний баруун халаасанд байсан мөнгийг нь аваад гэрээс нь яваад өгсөн. Уг мөнгийг өөртөө хэрэглээндээ зарцуулсан. Тухайн үед өмсөх хувцас байхгүй, нүүрэндээ түрхэх гоо сайхны хэрэгсэл байхгүй болохоор аргагүй эрхэнд уг мөнгийг аваад үрчихсэн. Би ганцаараа хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.
Шүүхээс шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн өглөөний 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7 дугаар гудамжны 381 тоотод хохирогч Ю.Түвшинбаатарын өмдний халааснаас бэлэн 1.433.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдагдсаныг тодорхой мэдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.433.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С-гийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Иймд Б.С-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Б.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч хохирогч Ю.Түвшинбаатарын хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Саранцэцэгээс нийт 1.433.000 төгрөг гаргуулж хохирогч Ю.Түвшинбаатарт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.С-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.С-ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хйилгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.С-гээс нийт 1.433.000 /нэг сая дөрвөн зуун гучин гурван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Түвшинбаатар /РД:ЗП71072411/-т олгосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ