Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01163

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/06090 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

11,125,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 10,800,000 төгрөг, эм тариа, эмчилгээний зардал 325,000 төгрөг, нийт 11,125,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. Гэтэл нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим бүрэн дүүрэн хэрэгжээгүй, талууд шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 631 дугаар шийтгэх тогтоол болон гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, хөдөлмөрийн түр гэрээ, эмчийн магадалгаа зэрэг 20 хуудас бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх ба эдгээр нотлох баримтад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан байна.

 

Гэтэл тухайн байгууллагад хамаарахгүй Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “хуулбар үнэн” тэмдэг дарсан нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Шүүх зөвхөн өөрийн баримт дээр “хуулбар үнэн” тэмдэг дарах журамтай. Мөн шүүхийн баримтад “хуулбар үнэн” дардас дарсан нь нотариатын үүрэг гүйцэтгэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага болох эх хувиар, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй тул эдгээр баримтад үндэслэн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Тухайн нотлох баримт нь өөр хэрэгт авагдсан байгаа тохиолдолд нотариатч үйлдэл хийх бүрэн боломжтой ба хэрэв шүүх нотлох баримтыг шаардлага хангаагүй үндэслэлээр нотлох баримтаас хассан бол нэхэмжлэгч тал нотлох баримтгүй болсны улмаас шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх боломж гарч ирнэ. Гэтэл хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй байна.

 

Хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ мөн адил хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг авах, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлэх, шаардлагатай тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийнэ.

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

4. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/23852 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч *******ын *******ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах талаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.1 дэх хэсэгт “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэгтгэх, тусгаарлах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийгдэхгүй.” гэж заасанд нийцжээ.

 

Нэхэмжлэгч талын “хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй болно.    

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/06090 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

 

              ШҮҮГЧИД                               Т.БАДРАХ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН