Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/01135

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03647 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 257,981,528 төгрөг гаргуулах, 2021 оны ажлын гүйцэтгэл дээр Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. “*******” ХХК нь “*******” ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр *******/119 тоот Салхит уурхайн шинэ баяжуулах үйлдвэр, тунгаах цех, усан сан, агуулахын барилгын суурь, төмөр карказ, хана, дээврийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Улмаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох барилгын ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн болно. Барилгын ажлыг гүйцэтгэх явцад дэлхий нийтэд ковид-19 цар тахал дэгдэж, улмаар Монгол Улсын хил хаагдаж, ачаа тээвэрлэлт хязгаарлагдсаны улмаас анхны гэрээний төсөвт өртөг илтэд нэмэгдэж, санхүүгийн хямрал бий болсон.

1.2. Цар тахлын улмаас бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийн өсөлт, хилийн хориг, тээвэр логистикийн хүндрэлийн улмаас барилгын гүйцэтгэгч компаниудад бодитой учирсан хохирол, зардлыг багасгах зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагын холбогдох шийдвэрүүд гарч улс орны хэмжээнд нэгдсэн журмаар хэрэглэгдсэн. Манай компани мөн цар тахлын хүнд үед гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зорьж гэрээний санхүүжилтээс гадна өөрийн хөрөнгө, нөөц бололцоог ашиглаж, өр зээл тавьж барилгын ажлыг дуусгахаар эрмэлзэж ажилласан болно.

1.3. “*******” ХХК нь барилгын ажлын үнийн өсөлтийн индекс хийлгэх хүсэлтийг “*******” ХХК-д удаа дараа албан ёсоор хандсан. “*******” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №01/203 тоот албан бичгээр сэндвич хавтангийн төсөвт өртөг нэмэгдсэн эсэх талаар магадлал гаргуулахыг зөвшөөрч, мөн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №01/305 тоот албан бичгээр “2021 оны ажлын гүйцэтгэл дээр бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэхийг манай компанийн зүгээс зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн боловч “******* “ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *******тоот албан бичгээр өмнөх зөвшөөрлөөсөө үндэслэлгүй татгалзаж “барилгын дээврийн сэндвичин хавтангийн ажлын гүйцэтгэл дээр бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэхийг манай зүгээс зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн.

Ингэснээр өмнө өгсөн зөвшөөрлийг тодорхой шалтгаангүйгээр хэрэгжүүлэхээс татгалзаж, улмаар Улсын Их Хурал, Засгийн газар, яамнаас гарсан шийдвэрийг үндэслэлгүй хэрэгжүүлэхгүйгээр илэрхий хууль зөрчсөн үйлдлийг хариуцагч байгууллага гаргаж байна.

 

1.4. Түүнчлэн гэрээгээр тохиролцсоны дагуу барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа гүйцэтгэгч байгууллагад магадалшгүй ажлын зардал болох 257,981,528 төгрөгийг хариуцагч нь өнөөдрийг хүртэл тодорхой шалтгаангүйгээр шийдвэрлэхгүй байгаа болно.

 

1.5. “*******” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор “*******” ХХК-ийн эрх, үүргийг “*******” ХХК-д шилжүүлэх замаар нэгтгэх шийдвэр гаргасан тул хариуцагчийн эрх, үүрэг нь эрх залгамжлагч хуулийн этгээдэд шилжсэн.

 

Иймд ажил гүйцэтгэх гэрээний магадалшгүй ажлын зардал болох 257,981,528 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 2021 оны ажлын гүйцэтгэл дээр Барилга хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу бараа материалын үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч талаас магадалшгүй ажлын зардлыг тохиролцож зөвшилцсөн бичиг баримт үйлдэгдээгүй байх тул 257,981,528 төгрөгийг олгох боломжгүй юм.

 

2.2. Манай байгууллага нь 100 хувь төрийн өмчит компанийн охин компани юм. Өөрөөр хэлбэл, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авахгүй тул барилгын материалын үнийн индексийн өөрчлөлттэй холбоотой тогтоол, шийдвэрийг бид хэрэгжүүлэхдээ тухайн гүйцэтгэгч байгууллагатай байгуулсан барилга угсралтын ажлын гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар харилцан тохиролцож шийдвэрлэхээр байсан.

Ийм учраас манай байгууллагыг дээрх тогтоол, шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан үндэслэлээр захиргааны шүүхэд харьяалагдан шийдвэрлэгдэх боломжгүй, бидэнд тухайн шийдвэрийг биелүүлэхийг даалгах боломжгүй юм.

 

2.3. Ажил гүйцэтгэх гэрээний гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Манайх гүйцэтгэгч байгууллагатай 9,453,885,000 төгрөгийн дүнтэй гэрээг байгуулсан. Мөн дараа нь 2,511,790,850 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт ажлын гэрээ хийсэн. Хоёр гэрээний дагуу ажлыг хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн, нийт хоёр гэрээний үнийн дүн 11,965,675,855 төгрөг байснаас энэ өдрийн байдлаар ажлын хөлс 11,015,488,373 төгрөг олгосон. Гэрээ дүгнэгдсэний дараа 242,366,080 төгрөг олгогдсон. Эндээс 5 хувийн баталгаа, магадалшгүй зардлын нөөц хөрөнгө 235,127,152 төгрөг суусан байсныг олгоогүй.

 

2.4. Аливаа барилгын ажилд магадалшгүй ажил гарч магадгүй гэдэг үндэслэлээр 2 хувиар, үйлдвэрийн барилга бол 3 хувиар тооцож тавигддаг. Нэхэмжлэгч үндсэн гэрээнд магадалшгүй ажлын зардлыг 2 хувиар, нэмэгдэл гэрээнд 3 хувиар тооцсон байдаг. Гэтэл нэмэлт ажил хийгдээгүй, магадалшгүй ажлын зардал гараагүй. Ажлын явцад зураг төсөлд өөрчлөлт орсон зүйлгүй.

 

2.5. Үүнээс гадна нэхэмжлэгчтэй анх гэрээг байгуулахад ковид гарсан байсан тул гэрээ байгуулсны дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгч анх нийт ажлын хөлсний 80 хувийг урьдчилж авсан тул бараа материалаа татах боломжтой байсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт тус тус зааснаар “*******” ХХК-аас 235,127,151 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,854,377 төгрөг болон үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1,518,058 /1,447,858+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1,333,585 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх бараа материалын үнийн индексийг нэмэлт гэрээний шинжтэй буюу төсөв өссөн учраас бичгээр гэрээ байгуулах ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. “*******” ХХК өнөөдрийг хүртэл бараа материалын үнийн өсөлтийн индексийг авч чадаагүй.

Тухайлбал, хариуцагч тал анхан шатны шүүх хуралдааны явцад 160-170 компаниуд тус хөтөлбөрт хамрагдаад үнийн өсөлтийн индексийн зөрүү мөнгөө авсан. Танай компани хамрагдаагүй нь танай буруу гэх тайлбарыг өгдөг. Гэтэл манайхаас шалтгаалж болох бүх нотлох баримтаа өгсөн.

 

4.2. “*******” ХХК нь өнөөдрийг хүртэл хариуцагчийн эс үйлдэхүйгээс болоод төрийн эрх бүхий байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, эрхээ сэргээх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, манай компани их хэмжээний хохирол хүлээсэн. Уг хохирлын зарим хэсгийг үнийн зөрүүгээр олж авах гэхээр хариуцагч тал хөдөлж өгдөггүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч тал “манайх төрийн өмчит байгууллага учраас хамаарахгүй” гэж тайлбарладаг. Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, Барилга хот байгуулалтын сайдын заавар, журмыг харахад өөрөөсөө санхүүждэг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, компаниуд болон улсын төсөвт бүх барилгууд хамаарна.

 

4.3. Төрийн байгууллагууд дээрээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхгүй байгаа учраас хувийн хэвшлийн газар алдагдал хүлээж байна. Гэтэл анхан шатны шүүх уг асуудлын талаар огт дүгнэлт өгөөгүй. Мөн 160-170 барилгын гүйцэтгэгч компани дунд бичгээр гэрээ байгуулсан тохиолдол байхгүй. Бараа материал нь цар тахлын нөхцөл байдалд орсон эсэх, эсхүл тухайн төсөлд хамаарч эсэхийг шалгаад үнийн индексэд хэдэн төгрөгийн зөрүү гарч байгаа талаар хоёр талуудыг байлцуулан тогтоох ёстой.

 

4.4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бууруулан 235,127,151 төгрөг болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь тухайн үед нэмэлт гэрээ хийгдээгүй учраас талуудын маргахгүй байгаа үнийн дүнгээр шийдвэрлэсэнд санал нэг байна гэв.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “талуудын маргахгүй байгаа үнийн дүн” гэж тайлбарласан боловч уг мөнгөн дүнг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг харахад үнийн индексийн магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэх агуулга нь өөрчлөгдөөгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд гурван хэсэгт хуваагдана. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд харилцсан албан бичиг, 2024 онд хийлгүүлсэн магадалшгүй ажлын төсөв, Их Хурлын гаргасан тогтоол, журмууд гэх нотлох баримт хэрэгт авагдсан.

 

5.2. Талуудын хооронд харилцсан албан бичгийг харахад “*******” ХХК-аас 3 удаа хуулийн хугацаандаа зөвшөөрөл олгосон. Нэхэмжлэгч талын зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байсан. Уг албан бичгийг нэхэмжлэгч тал өөрөө гаргаж өгсөн.

Хэрэв анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоолд бүгд “улсын төсвөөс санхүүжих” гэж тусгасан. Харин “*******” ХХК нь улсын төсвөөс санхүүждэггүй. Тодруулбал, “*******” ХХК-ийн охин компани буюу төрийн өмчит компани.

 

5.3. Цар тахал гарсан учраас гүйцэтгэгч байгууллагын ажлыг дэмжиж ажилласан буюу 80 хувийн урьдчилгаа олгосон. Талуудын хооронд гэрээ хэлцэл хийгдэх үед Монгол Улс хөл хориотой байсан. Эрсдэл гэнэт гарч ирээгүй, эрсдэл үүссэн байсныг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Мөн тухайн үед нэхэмжлэгч байгууллага 2022 онд бараа материалаа татаагүй байсан нь хэрэгт авагдсан албан бичгүүдээс тогтоогдоно.

 

5.4. Нэхэмжлэгч тал Барилгын хөгжлийн төвд нэг ч удаа бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй. Төрийн байгууллагатай харьцахдаа албан бичгээр хүсэлтээ өгч албан бичгээр хариугаа авна. Нэхэмжлэгч тал магадалшгүй ажил хийсэн гэж нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч тал манайд 1 хуудас хүсэлт өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээг 2023 онд дүгнэгдээд магадалшгүй ажил хийгдээгүй учраас төлбөр олгогдох боломжгүй гэж хаагдсан. Нэхэмжлэгч тал магадалшгүй ажлын талаар баримт өгөөгүй буюу тухайн ажлыг хийгээгүй учраас хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гаргасан шүүхийн шийдвэрийг үнэн зөв байсан гэж үзэж байна гэв.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Ковид, цар тахлын үеийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж бид гэрээний алданги тооцолгүй, аль болох хийж гүйцэтгэх ажилд нь нэмэр болох, боломжит байдлаар харгалзан тусалцаа үзүүлж, гэрээний үнийн дүнгийн 80 хувийн төлбөрийг гүйцэтгэлээр бус урьдчилсан байдлаар олгож бүх талаар нь дэмжиж ажиллаж байсан.

 

6.2. Нэхэмжлэгч байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар 11,965,675,855 төгрөгийн нийт гэрээний дүнгээс чанарын баталгааны 5 хувь /472,694,250 төгрөг/, магадалшгүй ажил гараагүй, магадалшгүй ажилтай холбоотой ямар ч бичиг баримт бүрдүүлж өгөөгүй учраас магадалшгүй ажлын зардал 2 хувь буюу 235,127,152 төгрөг суутгагдан үлдэж 11,015,488,373 төгрөг олгогдсон. Бид гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

 

6.3. Нэхэмжлэгч байгууллага магадалшгүй ажлын зардлыг нэхэмжилж манай байгууллагад бичгээр хандаж байгаагүй, магадалшгүй ажлын баримт бичгүүдийг бүрдүүлж өгч байгаагүй бөгөөд шүүх хуралдаанаас хойш нэг удаа албан бичиг ирүүлсэн нь ямар ч хавсралтгүй байсан. Хавтаст хэрэгт магадалшгүй ажлын буюу 235,127,152 төгрөгийн зураг төсөлд тусгагдаагүй барилгын ажил гүйцэтгэсэн ямар ч баримт байхгүй. Магадалшгүй ажил гарсан тохиолдолд Барилгын төсөв зохиох дүрмийн 8.4-т заасан магадалшгүй ажлыг санхүүжүүлэх акт үйлдэгддэг. Энэ акт байхгүй, хийгдээгүй. Талуудын хооронд харилцсан албан бичгүүд хавтас хэрэгт байгаа. Эдгээр албан бичгийн алинд нь ч магадалшгүй ажлын талаар агуулга байхгүй.

 

6.4. Шүүх нь шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ажил магадалшгүй ажил мөн эсэх, мөн бол дээрх 5 зардлын алинд хамаарч байгаа, хамаарч байгаа бол хавтаст хэрэгт байгаа ямар ямар баримтаар нотлогдож байгааг тогтоох учиртай. Гэтэл шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдсангүй. Магадалшгүй ажлыг захиалагч тал заавал хүлээн зөвшөөрсөн байх нөхцөлийг шаардсаар байхад шүүх хууль тогтоомжийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан.

 

6.5. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талын өмгөөлөгч шаардлагатай нотлох баримт нэмж гаргаж өгөх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох бичмэл баримтыг шинжлэн судалж байх үед гаргаж шүүгч хуралдааныг засварлуулсан. Гэтэл шүүх хуралдаан засварлаад буцаж ортол шүүхийн шийдвэрийг шууд уншин сонсгосон. Энэ нь хуулийн процессын журам зөрчигдсөн нөхцөл байдлыг үүсгэсэн.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, татгалзлын агуулга:

7.1. Хариуцагч талын тайлбарласан Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу хугацаа дууссан гэдэгт санал нийлэхгүй байна. Захиалагч талын хариуцлагагүй байдлаас буюу хугацаа алдсанаас болж гүйцэтгэгч байгууллага хохирох ёсгүй. Мөн захиалагч тал шүүхэд худал тайлбар их өгдөг. Жишээлбэл, давж заалдах гомдлын 2 дахь талд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ дүгнэсэн актад гүйцэтгэгч тал магадалшгүй ажлын зардлыг өгөөгүй учраас хассан гэж тайлбарласан. Уг актад 235,127,151 төгрөг гэж бичигдсэн байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч талыг магадалшгүй ажлын зардалд маргахгүй гэж үзэн хүсэлт гаргасан. Учир нь төсөвт магадалшгүй ажлын зардлыг орж баталгаажуулан гарын үсэг зурсан байсан.

 

7.2. Мөн анхан шатны шүүхэд магадалшгүй ажлын төсвөөсөө яагаад хэтэрсэн талаар тайлангаа өгсөн. Захиалагч тал гэрээ дүгнэсэн актад магадалшгүй ажлын зардал хийгдсэн гэж гарын үсгээ зурсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад төсөв, гэрээ дүгнэсэн акт болон манайхаас магадалшгүй ажлын явцад гарсан зардлаа нотлох баримтаар өгье гэхэд шүүгч талууд 235,127,151 төгрөгт маргасан учир шаардлагагүй гэж үзсэн. Барилгын хөгжлийн төв рүү зөвхөн нэг талын гарын үсэгтэй баримт бичиг явах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, нэг тал нь үнийн индекс хийлгээд явуулахын бол хүлээж авахгүй. Хариуцагч талын хариу тайлбарт манайх зөвшөөрсөн байхад өөрсдөө материалаа явуулаагүй гэж тайлбарласан.

 

7.3. Талууд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулан гүйцэтгэгч тал 50 хувийн урьдчилгаа мөнгө авсан. 2021 оны 11 дүгээр сард бүх бараа материалаа захиалсан байсан боловч 11 дүгээр сард гэнэт хөл хорио тогтоосноос болж манайх бараа материал авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Захиалагч, захиалагчийн хяналт, зохиогч, гүйцэтгэгч гэх 4 газрын гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулах ёстой байсан. “*******” ХХК-аар гарын үсэг зуруулах гэхээр зурж өгдөггүй. Гэтэл 2022 оны 07 дугаар сард цуцалсан хариу өгсөн.

 

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт буюу магадалшгүй ажлын зардалд 257,981,528 төгрөг гаргуулах, 2021 оны ажлын гүйцэтгэл дээр Барилгын хөгжлийн төвд хандаж, нэмэлт төсвийн индексийн дагуу магадлал хийлгэх зөвшөөрөл олгохыг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч талаас 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар “нотлох баримт нэмэх шаардлагатай” гэж үзэж хүсэлт гаргасан байна. Уг хүсэлттэй холбоотойгоор хариуцагч талын зүгээс тус өдрийн шүүх хуралдаанд “...нотлох баримт гаргуулах үндэслэлээр нэхэмжлэгч талын шүүх хуралдааныг хойшлуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ. /хх118-119/

 

3.1. Улмаар дээрх хүсэлттэй холбоотойгоор шүүх хуралдаан завсарласан байх боловч анхан шатны шүүх хүсэлтийг шийдвэрлэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байна.

Тодруулбал, шүүх хуралдаан хуулиар тогтоосон дэг, дараалал, журмын дагуу явагдах ёстой бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэсний дараа хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргах учиртай.

 

3.2. Хүсэлтийг шүүх хуралдааны хүсэлтийн үе шатанд шийдвэрлэж, энэ талаар шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд зааснаар гаргах ба уг захирамжид хүсэлтийн агуулга, хүсэлтийг хангасан, эсхүл хангахгүй орхисон үндэслэл, захирамжид гомдол гаргах эрхтэй эсэх нь тусгагдсан байх шаардлагатай.

3.3. Түүнээс гадна уг хүсэлттэй холбоотой тайлбарыг хариуцагч талаас авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааны дэгт хамааралтай нэмэлт тайлбарыг хариуцагч талаас аваагүй алдаа гаргасан байна.

 

3.4. Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу ажиллагааг явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцэхгүй, улмаар хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүрэг хангагдсан гэж үзэх боломжгүй.

 

4. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг зөвтгөх, нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй болно.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03647 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч

“*******” ХХК-ийн 70,200 төгрөг, хариуцагч “*******” ХХК-ийн 1,333,590 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

              ШҮҮГЧИД                              Т.БАДРАХ

 

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН