| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0730/Э |
| Дугаар | 751 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 751
2019 08 08 2019/ШЦТ/751
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч Я.Мөнхзаяа,
Хохирогч Э.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сонор” харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 8, , урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б.М,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 06 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маркю” /Marquee/ баарны гадна иргэн Э.Болор-Эрдэнэтэй маргалдан түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч, маш их гэмшиж байна” гэв.
Хохирогч Э.Болор-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 5 дугаар сарын 25-ны өглөө ажил дээрээ ирээд ажлаа хийж байгаад орой тарсан. Тус бааранд байсан хүмүүсийг гаргаж дуусаад байж байхад ажлын залуучууд Болороо ахаа өнөөдөр Оргилын төрсөн өдөр доошоо караоке руу оръё гэж хэлсэн. Тэгээд тэмдэглэхээр караоке орсон. Бид нар бараг хорин хэдүүлээ хоёр литрийн “Соёрхол” нэртэй архийг хувааж уусан. Би ажил дээрээ ээлжийн ахлах хийдэг. Иймд даргатайгаа ярилцаж байгаад ажилчдаа тараасан. Өрөөндөө эргэж орж ирэхэд Б.М гараагүй өрөөнд сууж байсан. Б.М нь манай байгууллагад ажиллаж байгаад ажлаасаа гарсан тул надад манай ажилчин биш гэсэн ойлголт байсан. Би “Б.М ахын дүү гар, ажил тарсан байна” гэж хэлэхэд гарахгүй байсан. Б.Мийг дуудаад гадаа гарсан. Гэтэл Б.М буцаад ажил руу орох гээд маргалдсан. Би Б.Мийг “чи зайлаач ээ гэж хэлсэн” чинь намайг цохисон. Би хэсэг хугацаанд юу болсон талаар санахгүй байгаа. Эргээд ухаан орохдоо өглөөний 11 цагийн үед сэргэсэн. Тэгээд шууд такси бариад гэртээ иртэл толгой руу лугшиж өвдөөд байхаар нь тухайн өдрөө өвчин намдаах эм ууж гэртээ хоносон. Маргааш нь гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд нүүрний яс хугарсан байсан. Би яс хугарсан талаар мэдээд Б.М рүү холбоо барих гэтэл түүний утасны дугаар олдоогүй. Удалгүй Б.М өөрөө над руу залгаад “ахаа та гайгүй юу, дүү нь өчигдөр муухай зан гаргасан байсан” гээд уучлалт гуйсан. Би “ахынх нь хацарны яс хугарсан байна гэж хэлэхэд “ахаа би бас гэмтсэн” гэж хэлсэн. Тэгээд би “хоёулаа уулзая, чамайг гэмтсэн талаар харъя” гэхэд “одоо таньтай уулзахгүй, та худлаа надаас мөнгө нэхнэ, та намайг уучлахгүй” гэсэн зүйл хэлж байгаад утсаа салгасан...” гэв.
Эрүүгийн хэргээс:
Хохирогч Э.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тухайн үед хүмүүсийг тараах ёстой байсан. Тэгээд Б.Мийг яв гэж хэлсэн чинь явахгүй араас зууралдаад байсан. ...дахиад зууралдаад байхаар нь би гараараа бие рүү нь нэг удаа түлхсэн. ...юм яриад байж байтал гэнэт хажуунаас зүүн хацар руу гараараа нэг удаа цохиход нь ухаан балартаад хэсэг хугацааны дараа сэргэхэд Б.М яваад өгсөн байсан. Тухайн үед хажууд хүн байгаагүй. Ухаан балартсан байх хугацаанд юу болсныг мэдэхгүй байна. ...толгойн томограф зураг “Лазер мед” эмнэлэгт 100.000 төгрөгөөр үзүүлсэн. Эм 8600 төгрөгөөр авсан. Нийт 108.600 төгрөгний зардал гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Э.Болор-Эрдэнийн биед зүүн хоншоор ясны урд хана, зүүн ухархайн доод хананы хугарал, зүүн нүдний зовхи, хацрын дээд хэсгийн цус хуралт, зүүн нүдний алимны гадна буланд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх 6667 дугаартай дүгнэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Болор-Эрдэнийн “Лазер мед” эмнэлэгт үзүүлсэн гэх баримт /хх-ийн 13 дугаар хуудас/,
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-н 53 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Мийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 20 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 21 дүгээр хуудас/, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 26-30 дугаар хуудас/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 06 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маркю” /Marquee/ баарны гадна иргэн Э.Болор-Эрдэнэтэй маргалдан түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Мийн гэмт үйлдлийг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Болор-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардал 108.600 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.М нь хохирогчид нөхөн төлсөн нь хохирогч Э.Болор-Эрдэнийн хүсэлтээр /хх-ийн 53 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Хохирогч Э.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны цалин 518.818 төгрөг нэхэмжилсэн ба цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Б.Мийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Мийг шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Э.Болор-Эрдэнээс нэхэмжилсэн 518.818 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Мээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь хохирогчид 108.600 төгрөг нөхөн төлсөн, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн
шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ